Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БОНУСТАЙ ЗАЛУУ
2011 оны 6 сарын 30 [Уншсан тоо: 51499]
Эмэгтэйчүүдийн баяр дөхөөд энд тэндгүй бонустай худалдаа зарлажээ. Хүүхнүүд хуйгаараа гүйгээд оччихсон бараанаас нь илүүтэй бонусыг нь сонирхоно. Өөрт хэрэгцээтэй ямар нэг зүйл худалдаж аваад дээрээс нь бас бэлэг хүртэнэ гэдэг аятайхан завшаан билээ. Харин заяаны ханиа хайж яваа бүсгүйчүүдэд “бонус”-тай залуу санал болговол авах болов уу, яах бол?  

Баярын бонус


Баярыг (нэрийг нь өөрчилсөн) царай муутай гэвэл алдас болно, гадаадад доктор хамгаалсан, хувийн байгууллагад ажилладаг, мэргэжлээрээ өсөх ирээдүйтэй. Энэ жил жил орж яваа, амьдралын аахар шаахар нугачаанд хөл алдаад байхааргүй эр, бас дээр нь гурван өрөө байртай, болоогүй бүр машинтай. Ганц гэм нь эхнэргүй. Ийм анкеттай залууг уул нь охид хүүхнүүд зүгээр суулгахгүй. Гол нь Баяр “бонус”-тай, бонус бонусдаа ихээ том бонус. Эд бараа том бонустай бол гүйлгээтэй байдаг атал эр хүний бонус томрох тусмаа ханийн зах зээл дээр үнэ хүрдэггүй ажээ.

Одоогийн хүүхнүүд дагавар хүүхэдтэй эрийг өөр зуураа “бонустай залуу” гэлцдэг юм. Өхөөрдсөн санаатай юм уу даа. Бонустай залууст өхөөрдмөөр ч юм бий, өрөвдмөөр ч юм бий. Ганц бие аавуудад хэнд ч ярьдаггүй зовлон захаас аван байх аж. Монгол улсын нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2 дугаар заалт тэднийг “нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай хүн" гэж тодорхойлжээ. Гэвч тэд нэрэлхүү улс. Хорин жилийн өмнө гурван настай охинтойгоо үлдсэн, өдгөө тавь гарсан нэг эр “алимент (хүүхдийн тэтгэвэр) авдаг аав гэвэл бараг онигоо шиг сонсогдож байгаа биз дээ” гэж байх юм.    

Зар мэдээ сонины www.zarsonin.mn сайтын танилцах буланд анкетаа байршуулсан 1181 (2011 оны хоёрдугаар сарын 23-ны байдлаар) ганц бие эрийн 1113 нь урьд амьдрал зохиож явсан байх бөгөөд 18 нь өөрийгөө хүүхэдтэй гэж тодотгожээ. Тэдний 12 нь ганц хүүхэдтэй, 5 нь хоёр хүүхэдтэй, нэг нь 3 хүүхэдтэй гэжээ. Харин уг сайтад мэдээллээ байршуулсан 702 эмэгтэйн 20 нь л хайж яваа эр хүнээ “хүүхэдтэй байж болно” гэсэн байна. Эдгээр бүсгүйчүүдийн хоёр нь гэрлэж байгаагүй, бусад нь урьд амьдрал зохиож үзсэн, зарим нь бүр “бонус”-тай гэнэ.

Баярын хүү дунд сургуулийн ахлах ангид сурдаг. Эцэг, эх нь мөр мөрөө хөөхөд хүү саналаараа аавтайгаа үлджээ. Эхний хэдэн сар хоёр эр өрхийн төсвөө хэтрүүлж, бэлэн гоймонгоор хооллох үе байсан ч одоо ахуйн жижиг асуудал дээр барьц алдахаа больсон гэнэ. Хүү анхандаа аавыгаа гадагш гарах, утсаар ярихад хардах маягтай байснаа аажмаар тэр зангаа орхижээ. Эцгийгээ эхнэртэй болооч гэж хэлээгүй ч тийм нэг хүн хэзээ нэгтээ ирнэ гэдгийг гадарлаж яваа. Гэхдээ Баяр одоо өөртөө эхнэр, хүүдээ ээж олох учиртай юм. Ийм шаардлага хангах бүсгүй тийм ч элбэг бус. Жилийн өмнө нэг бүсгүйтэй интернэтээр танилцаад сүрхий дотносож гэнэ. Харин нэг өдөр мөнөөх бүсгүй хоёр асуултанд үнэнээр нь хариулахыг хүссэн байна. Асуултууд нь тодорхой, “Урьд амьдрал зохиож үзсэн үү?”, “Хүүхэдтэй юу?”. Хариултыг нь сонссон бүсгүй эргүүлээд “Үнэнээ хэлсэнд баярлалаа, хоёулаа ингээд харьцаагаа тасалъя даа” гэж. Юутай ч Баяр хүүгээ дунд сургуулиа төгстөл эхнэр авахгүй гэж бодох болжээ.

Ганц бие аав


Улсын хэмжээгээр ганц бие аав хичнээн байгаа хийгээд тэдгээрийн талаар мэдээлэл авахаар Монголын үндэсний статистикийн хороогоор ороод ганц ч тоо олсонгүй. Ажилтан нь асуумааргүй юм сонирхсон аятай хариу болгож ердөө л жуумалзав. Ганц бие аавуудыг төр төдийлөн тоодоггүй бололтой юм. Харин Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэгээс баттай бус ч хэдэн тоо олж сонсов. Тус төрийн бус байгууллага 2006 онд БЗД-ийн зарим хорооны өрх толгойлсон аавуудыг нэг дунд сургууль дээр цуглуулахад 200 орчим хүн ирсэн байна. Д.Бадамцэцэг Улаанбаатарын хэмжээнд 7 000 гаран өрх толгойлсон аав байгаа гэдэг цээж тоо ч бас өглөө. Мөн БЗД, СХД-үүд хамгийн олон ганц бие аавтай дүүрэг гэдгийг баттай хэлж байна. Харин арван жилийн өмнө Монголын эмэгтэйчүүдийн холбоо Монголын хэмжээнд 10 000 орчим аав ганцаараа хүүхдүүдээ өсгөж байгаа бөгөөд Баян-Өлгий аймаг энэ үзүүлэлтээр улсад толгой цохидог хэмээн мэдээлж байжээ.

    Ганц бие аавууд ихэвчлэн салалтаас бий болдог. БГД-ийн шүүх 2011 оны хоёрдугаар сарын 21-25-ны хооронд Иргэний шүүх хурал 48-ыг зарласны 10 нь гэр бүл цуцлуулах, хоёр нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай байлаа. Иргэний хэргийн дөрөвний нэгийг эзэлж буй тэдгээр шүүх хурлаас хэдэн аав хүүхдээ өөр дээрээ авсныг мэдэх боломж олдсонгүй. Мөн Нийслэлийн шүүхээс мэдээлэл олж авахаар хандаад бас л хоосон хоцров. Угаас тус газрын архивт Иргэний шүүхээр эдэн онд, төдөн гэр бүл цуцлуулсан гэдэг тоо байхаас хичнээн аав хэдэн хүүхдээ өөр дээрээ авч үлдсэнийг мэдэх аргагүй аж. Үүгээр ганц бие аавуудын тухай албан тоо баримтын эрэл мухардлаа.

    Америкийн антропологич Маргарэт Мид “Эцэг бол биологийн хувьд зайлшгүй зүйл, харин нийгэмд бол зүгээр л тохиолдол” гэжээ. Байгаль дээр эрэгчин сүүн тэжээлтнүүдийн 5 хувь нь л үр төлөө халамжилдаг байна. Гэхдээ ганц бие, хүүхэдтэй эрчүүд хүссэн хүсээгүй эхийн үүргийг өөртөө хүлээн, “байгалийн хууль”-ийг зөрчиж, нийгмийн өмнө хүлээсэн эрхэм хариуцлагаа ухамсарлан эр ганц биедээ арга, билгийг хослуулдаг.

 Эмзэг эрчүүд

Монголын эрчүүд хуйгаараа өөдгүй, арчаагүй, боловсролгүй бас нэмэрт нь архичин гэгддэг боловч хувь заяаны эрхээр бэлэвсэрч хоцорсон аавуудынх ихэнх нь тэс өмнөө улс. Хамгийн бага нь хоёр настай, жил дараалсан шахуу 10 хүүхэдтэй хоцорсон аавд эхнэр олдох нь юу л бол. Тэгээд ч улаан цурав хүүхдүүдээ л гэхээс дахиад нэг хүн бүлдээ нэмбэл асуудал шийдэхээсээ илүү нэмэх магадлалтай. Бас ийм өнөр бүлийн ачааг үүрэх “эм” зориг Цагаан, Ногоон дара эхээс өөр ямар ч эмэгтэйгээс гарахгүй биз. Ганцын зэрэг болж ч дүүрч.

    Б.Цээмээ www.biznetwork.mn сайтад “Бид хойд ээж/аав болоход бэлэн үү” гэдэг сонирхолтой хэлэлцүүлэг өнгөрсөн онд нээсэн байв. Үүнд нийт 101 хариулт өгөгджээ. “Хүний үр тас хар бөөртэй” гэснээс аваад “Маш хэцүү хэн бүхний чаддаг зүйл биш, хайртай гээд сэтгэлийн хөдөлгөөнөөр шийдэх асуудал биш. ...Энд нэг биш гурван хүний амьдралийг шийдэх гэж байгаа шүү дээ” гэдэг ч үг байна. Зарим эрчүүд “хойд эцэг болоход бэлэн” гэсэн бол бүсгүйчүүд ерөнхийдөө “хүүхэд гэдэг ариухан цагаахан амьтан” учир хойд ээж болсон ч яахав гэжээ. Мэдээж эдгээр бүсгүйчүүд амьдрал дээр энэ асуултад хариулаагүй учир итгэхэд бэрх.        

Эрдэнэ (нэрийг нь солив) хоёр настайдаа ээжийгээ алджээ. Тэрээр гэрэл зургаас л тэр хүнийг харсан гэнэ. Харин аав нь түүнд хорвоогийн хамгийн хатуужилтай басхүү хамгийн эмзэг, уяхан хүн шиг санагддаг аж. “Аав ер нь баярлах, гомдох нь амархан. Юманд их эмзэг ханддаг. Мэдээж ганцаараа шийдвэр гаргадаг болохоор зөв шийдвэр гаргах гэж их бухимддаг байх” гэв. Өрх толгойлсон ганц бие эрчүүд зөвлөлдөх хүнгүйн адил басхүү маргалдаж зөрөлдөх хүнгүй билээ. Зарим аавд энэ тал нь амар санагддаг гэнэ. Гэхдээ бэлэвсэн эрчүүдийн олонх нь үгийн хатууд бядгүй байх нь элбэг.

Ханиа алдсан ямар ч эр хүн том зовлонд унадаг. Хайртай хүнээсээ хагацаад зогсохгүй, амьдралын найдвартай чиглүүлэгчгүй болсон захын эр барьц алдана. Улаанбаатар дээд сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Ганц бие аавууд гэр ахуйн жижиг асуудлаа шийдэж чаддаггүй. Тиймээс өөртөө амархан итгэл алдардаг. Тэдний хамгийн том зовлон бол гандаарал” гэлээ. Дээр нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх хариуцлагыг ганц биедээ хүсэлтгүй авна. Гэтэл байгаль түүнд арай өөр үүрэг хүлээлгэсэн байдаг билээ.

Ядруухан орлогч

Хэдийгээр хүний нийгэм эр хүнд эцэг ёсны үүрэг хариуцлага оноодог ч эхийг яахин гүйцэх билээ. Хүний аль ч соёлд эцэг хүн эрх мэдлийн илэрхийлэл, тэжээн тэтгэгч, сахилга сахиулагч, хөвүүддээ бол үлгэр дууриал, эр хүний тал дээр нь сурган хүмүүжүүлэгчийн үүрэгтэй явж ирсэн юм. Нийгэм хөгжих хэрээр гэр бүлээ тэжээхээс гадна хүүхэддээ анхаарал тавьдаг эцэг бий болж л байна. Гэлээ гээд эр хүн эмэгтэй хүнийг бүрэн орлож яагаад ч чадахгүй. Эрчүүд гэдэг улс орны асуудал дээр том дуугарахаас тогоо шанаганы хажууд даанч өчүүхэн амьтад даа.
    Аавууд хэдий амьдралын гол шийдвэрийг гаргадаг ч гэлээ хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүрэг ээжүүдэд оногддог байна. Улаанбаатар дээд сургуулийн Гэр бүл судлалын тэнхимээс 2010 онд хийсэн “Монголын гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааны “Хүүхэддээ хэн нь илүү анхаарал тавьдаг вэ” гэсэн асуултанд ээж нь гэж 45,3 хувь нь хариулсан аав нь гэдэг хариулт 24,8 хувийг л эзэлжээ. Энэ судалгаанаас бас нэг сонирхолтой дүр зураг харагдах аж. Монгол гэр бүлүүдийн 33.8 хувь хамтын шийдвэр гаргахын илүүд үздэг бол нөхөр голлодог нь 9.3 хувь, эхнэр зонхилдог нь 6.3 хувь байна. Тэгэхээр ганц бие аав аливаа асуудлаар шийдвэр гаргая гэвэл дөрвөн бэрх орхихдоо тулдаг бололтой.    
Болдоо (нэрийг нь солив) эхнэрээсээ салаад 10 гаран жил болжээ. Тэд гэрлэлтээ батлуулаагүй байсан тулд шүүх гэлгүй ганц охиноо өөрөө авсан аж. Эхэндээ ч асуудал анзаарагдахгүй явж. Аль ч ганц бие аав нарын жишгээр эмээ өвөөд нь охиноо даатгах маягтай цаг хугацаа өнгөрсөөр нэг л мэдэхэд шилжилтийн насны эгзэгтэй үе нь иржээ. Тэр цагаас л Болдоо эцэг хүнийхээ үүргийг хүссэн хүсээгүй биелүүлж эхэлсэн гэнэ. Охинынх нь биений юм ирэх үед шууд хэлье гээд чадалгүй эмээгээр нь дамжуулж “сургалт” явуулжээ. “Ам эвлэлээ ч туршлагагүй юм чинь хагас дутуу уншиж ойлгосноо там тум ярих байсан” гэнэ.

    Гэхдээ энэ бол хамгийн хялбар шийдэх асуудал байсан нь удалгүй тодорхой болов. Найз хөвүүнтэй болсон охиноо “тагнах” ажил гэнэт нэмэгджээ. Монголчууд “Эцэггүй хүний толгой том, эхгүй хүний бөгс том” гэж ярьдаг хойно санаа зовохоос аргагүй. Ухуулах, загнахын хооронд хэдэн үг хэлээд охиноо гомдоосноосоо хойш бүр ч барьц алдав. Ядаж байхад сонин хэвлэлээр хүний наймаа гэх аюултай сэдэв байнга яригдана. Өдөр бүр яншаад байх хэцүү хойно facebook-ийн хуудас мэтийг нь өдөртөө нэг эргэдэг ажилтай болжээ.

Байгаль өөрт нь оноогоогүй үүргийг биелүүлэх гэж будилж яваа эрсийг бид Ийм нэгэн явдал киноноос сайн мэднэ. Авсан цалин нь хэзээ ч хүрэхгүй, үргэлж мөнгө зээлдэг бүтэлгүй эр Новосельцев хайрлаж дурлаад дарга хүүхнээ эргүүлсэнгүй. Хэдэн цаасны ахиу, цаг нарны тавиуг нь харж тушаал ахихаар оролддог. Хэдий кино ч гэлээ тэнд бас амьдрал бий. Охинтой аавууд, ялангуяа охид нь шилжилтийн насанд хүрсэн бол “хүүхэн шуухан” ёстой бодолтгүй гэнэ. Ядаж байхад үлгэр домог, уран зохиолд дагавар охиноо адаг үзэгч хойд ээжийн дүр нийтлэг болохоор ганц бие аавууд эхнэрийн асуудлаас цэрвэх нь голдуу.

Илүү юманд дурлаад сардаа хэдэн удаа бэлгийн ажил хийж байна даа гэхэд “Ганц шив дээ” гээд инээж суусан. Энэ асуудал тэднийг нэг их зовоодоггүй юм гэж үү? Харин доктор Б.Оюун-Эрдэнэ “Ганц бие аавуудын бас нэг зовлон нь бэлгийн харилцаа. Эр хүн байгалиасаа бэлгийн харилцаанд идэвхтэй байдаг ч боломж нь хязгаарлагдмал болдог. Ингээд уурлаж уцаарлах, архи уух зэргээр хэрэгцээгээ дам нөхөхийг оролддог” гэж байна.

Татлаа түтлээ


Танилцах заруудын “татлаа түтлээгүй” гэдэг тодорхойлолт шууд утгаараа дагавар хүүхэдгүй гэсэн үг. Статистикийн хорооны 2009 оны эмхтгэлд бичсэнээр гэр бүл цуцлалт 2006 онд 1 448 байснаа 2009 онд 60 хувиар нэмэгдэж 2 399 хүрчээ. Эндээс хэдэн “татлаа түтлээ” үлдсэнийг бүү мэд, ямартай ч 2009 оны байдлаар улсын хэмжээнд 41 174 хагас өнчин хүүхэд байсан гэж тус эмхтгэлд бүртгэжээ. Ганц бие аавын талын мэдээлэл Монголын хаанаас ч олдохгүй. Хороо, баг бүрээр явбал яадаг юм гэхээс.

Доктор Б.Оюун-Эрдэнэ “Ганц бие хоцорсон аавууд хамгийн түрүүнд ганцаарддаг, энэ бол тэдэнд учирдаг хамгийн том аюул. Ганцаардлыг гэтлэх гэхдээ яаран гэрлэдэг” гэсэн юм. Улаанбаатар дээд сургууль хэд хэдэн газарт ганц бие аав, ээжүүдэд зориулсан сургалт зарлахад аав нар тун хойрго оролцсон байна. Тун саяхан Монголын эрэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Д.Бадамцэцэг рүү “Хамтарч ганц бие аав нарын үдэшлэг зохиоё” гэж утсаар ярьсан ч тэгсгээд сураг тасарчээ. Ийм л нэрэлхүү улс даа, тэд. Хатуу дарсны ард ч хааяахан ярьдаг зовлонг нь бүтэн сонссон хүн ховор.

    Монголын эрэгтэйчүүдийн холбоо одоохондоо Дэнжийн мянгын албадан саатуулах төв дээр сэтгэлзүйн зөвлөгөө өгөх замаар эрчүүдтэй ажиллаж байгаа гэнэ. Эрчүүдэд хандсан өөр юмаар маруухан байна даа, бид. Харин удахгүй Монгол улсын Засгийн газар “Гэр бүлийн агентлаг”-тай болж, Ерөнхийлөгч Эрэгтэйчүүдийн хөгжлийн үндэсний хөтөлбөр батлах чимээ дуулдав. Тэр цагт ганц бие аав нарыг бүү орхиосой билээ. Хэзээ ч төрд татлаа түтлээ болдоггүй ганц бие аав нарыг татаж чангаахгүй л бол зовлонгоо ярьдаггүй битүү улс. Оросын нэг зохиолын дуунд гардагчилан “Ганц бие аав охин нь эрүүл саруул бол гуньж гутрах улс биш, амьдралын ямар ч нугачаанд хүүхдээ зовоохгүй гэхдээ аль байдгаа өгдөг улс, тэр эр бол аав бас ээж билээ”.  
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn