Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ЗӨН БИЛГИЙН ОРОН ЗАЙ
2011 оны 7 сарын 29 [Уншсан тоо: 92050]
Католик шашны нэг их мэргэн хувраг байж гэнэ. Мэргэн түргэн хувраг маань төрөх хүүхдийн хүйсийг яг таг хэлдгээрээ ихэд алдаршжээ. Удахгүй аав болох гэж байгаа эр сүм дээр ирж ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг асуухад хувраг “хүү” гэж хэлээд өөрийнхөө дэвтэрт “охин” гээд биччихнэ. Харин аавд нь “охин” гэж хэлсэн бол дансан дээрээ яг эсрэгээр нь зөрүүлээд тэмдэглэнэ. Төрсөн хүүхдийн хүйс хуврагийн хэлсэнтэй зөрж, эцэг нь ирж зарга мэдүүлбэл нөгөө мундаг дэвтэрээ үзүүлнэ. “Яалт ч үгүй охин гээд биччихсэн байна даа, чи миний хэлснийг буруу дуулж дээ” гээд л гүйцээ. Хүйс нь таарсан тохиолдолд хэн л хэл ам хийгээд гүйгээд байх билээ. Мөнөөх хуврагийн мэргэн түргэнийг л магтан дуулаад явчихна.  
    
Тавь тавин хувийн боломж

“Монголын саятан” хэмээх асуулт хариултын шоу нэвтрүүлэгт оролцогч асуултын хариуг мэдэхгүй бол тааж бууддаг. Гэхдээ “Хүнтэй утсаар ярих”, “Үзэгчдээс асуух”, “50:50” хэмээх гурван төрлийн хөнгөлөлт эдэлж болно. Асуултанд ээрүүлсэн оролцогч “50:50” боломжоо ашиглах нь элбэг. Энэ тохиолдолд хариултын дөрвөн хувилбараас буруу хоёр нь хасагдаж, цаана нь хоёр хариулт тунаж үлдэнэ. Ийм нөхцөлд ялихгүй зүйл дээр эргэлзэж байсан оролцогч зөв хариулт сонгох нэн хялбар. Асуултын талаар огт мэдэхгүй байлаа ч таах магадлал 50 хувьтай болоод ирэхээр голио азаа үзэхэд алдах юмгүй байдаг аж. Үзмэрч, мэргэчдийг зорих мянга мянган хүн чухам энэхүү “50:50” боломжийг өөр нэгэнд олгож өөрийн тавьсан асуултанд хариулт авахаар очдог билээ. Үзмэрчид очсон хүмүүсийн олонх нь мэргэ төлөг ямар нэг хэмжээгээр таарсан гэдэг сэтгэгдэлтэй буцдаг.

    Үнэн хэрэгтээ хүмүүсийн сэтгэхүйгээр тоглодог энэ болхи үзүүлбэр дараах маягаар явагдана. Цэнгэлийн манлайд хүрч, жаргалдаа бялуурсан хэн ч “Миний жаргалыг цаад шалтгааныг олоод өгөөч” гэж үзмэрчид очдоггүй хойно зовсон зүдэрсэн хүн ирэх нь ойлгомжтой. Хүнд сэтгэгдэл төрүүлэхээр элдэв шидийн юмс эргүүлж тойруулж, хольж хутгаж, шившиж нулимж сүрийг үзүүлээд ярьж гарна. “Танайд нэг том барцад учирч дээ. Гаднаас авсан нэг хар юм авсан байна. Тэрийг л гаргаж хаях хэрэгтэй” гэнэ. Бүхэл бүтэн айл байтугай хүн энэ хорвоод чармай нүцгэн ирсэн хойно төрсөн биеэс бусдыгаа “гаднаас авсан” байх нь гарцаагүй билээ. Бас “ноднин” гэх зэргээр цаг хугацааны тодорхой интервал заах нь ч бий. Амьд хүн л юм бол 365 хоногт ямар нэг “хар юм авсан” л байж таарна. Харин үлдсэн хувь нь үзүүлэгчийн хийсвэр төсөөллөөр баяжин “үнэний үнэр” орно. Үзүүлэгч этгээд үзмэрчийн хэлснийг “үнэн” байна гэж батлах бөгөөд өөрөө зөв хариуг нь мэдэж байсан хэрнээ үзмэрчээсээ “тест авсан” маягтай юм болж хувирна.   

Хаа газрын хүүхнүүд үзмэрчдийн хамгийн сайн үйлчлүүлэгч байдаг билээ. Тэдний тавьдаг асуултууд бараг адил. Хараахан хань бүлтэй болоогүй яваа бол “ханийн заяа” дуудах мэт уламжлалт арга чарга хийлгэнэ. Уул шугамандаа “гунхсан сайханд нь тоогдохгүй, гутлаа чирснийг нь тоохгүй” яваа цэвэр өөрийнх нь асуудал шүү дээ. Гэр бүлтэй хүүхнүүдэд учирдаг нийтлэг зовлон бол нөхрийнх нь явдал суудал. Тэр нь мэдээж нууц амраг. Үзмэрч “амьдралд чинь нэг шар хүүхэн л саад болоод байна” гэхэд л гүйцээ. Мэдээж мэргээ үнэмшилтэй болгохын тулд мөнөөх хүүхний гадаад шинж төрхтэй холбоотой хэдэн бүдэг бадаг мэдээлэл өгнө. Үлдснийг нь үйлчлүүлэгч хүүхэн өөрөө дор нь бодоод олчихно. Статистикийн судалгаагаар гэр бүлтэй хүмүүс бараг хуйгаараа гэр бүлээс гадуур ямар нэг харьцаанд орж амждаг аж. Ингээд эрчээрээ гүйж ирээд нөхрөөсөө “Үнэн үү” гэж асуухад л хангалттай. “Үнээн”.

Бусад тохиолдолд “Та их буянтай хүн байна”, “Таны өмнө сайхан ирээдүй байна”, “Таныг нэг хүн их хайрлаж явдаг юм байна” гэхчлэнгийн ерөнхий хариулт хэлнэ. Хэн л өөрийгөө муу хүн гэж бодох билээ. Хүн бүхэн хэн нэгнийг хайрлаж явдаг нь амьдралын жам, адгийн муу алуурныг ч байг эх нь хайрладаг нь зүй. Энэ мэтээр амьдралын ерөнхий төлөв байдлыг ашиглаж “далдыг мэдэгч”-ийн дүрд тоглодог. Засал гүрэм хийсэн дороо шууд үйлчлэхгүй гэдгийг тэд сануулдаг. Чухамдаа бол энэ амьдрал өгсөж уруудаж явдаг хойно өчигдөр зовлонд дарлуулж явсан хүн өнөөдөр жаргалаар бялхаж суух нь лавтай юм.        

Засаж болдоггүй заяа

Гандангийн дэнж өгсөөд алхаж явахад гудамжны хоёр талаар байх жижиг жижиг мухлагуудын дээр бичсэн “хүний заяа тавиланг үзэж, амьдралд нь учирсан саад тотгорыг нь зайлуулна...” гэх утгатай элдэв хаяг нүднээ тусна. Тиймэрхүү бүүдгэр мухлаг дотор хижээл голдуу насны хүн суучихсан зоос гүйлгэх, эрхи татах, шоо хаях мэтийн аргаар хүний хувь тавиланг тодорхойлон суудаг билээ. Тэтгэвэрт гарсан хойноо амьтан хүнд хал балгүй бол иймэрхүү ажил хийсэн шиг суух нь гудамжинд тамхи ширхгээр зарахаас хавьгүй дээр санагдана. Гэвчиг насны бөгсөнд танихгүй хүний зовлонг нимгэлэхийн төлөө хүний халаас руу харж суухын оронд “өөрөө өөртөө үйлчлээд” өөдтэй амьдраад явчихаж чадахгүй суугааг нь харахаар бас л хачирхмаар. Хошин шогийн жүжигчид үргэлж марзагнаж явдаггүй гэдэгтэй төстэй юм уу даа. 

Улам цааш явбал Гандангийн үүдэнд эвхдэг сандал дэлгээд суучихсан улстай таарна. Эд бас л дээрх аргаар хүмүүсийн заяа тавиланг хэлж өгөхөөр суугаа аж. Эл улсыг хараад, өөрөө чухам ингэж суух заяатай гэдгээ хэзээ мэдсэн бол гэж бодогддог юм. Түмний хөлийн шороонд даруулж, хүн царайчилж суухаар “ганц чаддаг юмаа хийгээд” хувь заяагаа эргүүлчихэж болмоор санагдана. Загасчны морь усгүй байдаг хойно, яая гэхэв. Үзмэрч, төлгөч нарыг хэд хэд ангилж болмоор. Гудамжинд суудаг, гэртээ залардаг, заллагаар морилдог гэж. Мэдээж цөөн хүрээний хүмүүст заллагаар үйлчилдэг нь эдэн дундаа ажлын нөхцөл хийгээд авдаг хэдээрээ ч ахиу. Ийм улсынх нь амьдрал хурдны замаар торох юмгүй давхиж яваа машинтай адил байдаг болов уу гэтэл бас л үгүй юм.

Миний нэг танил бий, сүрхий үзмэрч, засалч. Заллага тасрахгүй. Харин өөрийнх нь амьдрал асуудлаар дүүрэн. Ганц хүү нь эцгийнхээ олж өгсөн хэдийг гарынхаа салаагаар урсгана. Гарзын үүдийг хаадаг шидтэй номоо хүүдээ уншиж өгчихгүй дээ гэж бодмоор. Эсвэл тэр хүү өөрийнх нь төрсөн хүүхэд биш юм уу гэхээр олсон мөнгийг нь үрээд байдаг. Охин нь хойтон жил орох ч хань бүлгүй, ганц бие. Ханийн заяа дууддаг шидээ хэрэглээд баянаа байг гэхэд байдаг л нэг эр хүн олоод өгчихөж болмоор. Даанч үгүй. Хаа хамаагүй хүний зовлонгийн шалтгааныг мэргэлж мэдээд, “засаж янзлаад” гүйгээд л байна. Орлого нь ч харин давгүй шүү. Жилийн нэг машин сольдог хүүдээ хойтон авах шинэ тэрэгний мөнгө цуглуулж, өдий болтол гэрлээгүй охиноо “хүний гар харуулахгүй” тэжээнэ. Товхийтэл амьдардаг гэмээр юм уу даа.

“Бурхад хүмүүний зовлонг усаар угаах адил арилгадаггүй” гэж хичнээн үнэн. Бурхан байлаа гээд ч хүний хүслийг гүйцээж барахгүй энэ хорвоод үйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олдоггүй билээ. Энэ дэлхийн гурван их шашны аль аль нь хувь заяагаа төлөглөж үзүүлэхийг тас хорьдог. Шашин хэмээх нь энэ орчлонгийн талаар өөрийн гэсэн цэгцтэй онол сургаал гаргаад, хувь хүн зуурдын энэхэн насандаа юуг эрхэмлэж, юунаас зугатууштайг тодорхой заадаг. Ингэснээр хүн төрөлхтөний оюун санааг баларлаг харанхуй үеэс нь бүтэн шат ахиулж, амьдралыг нь утга агуулгаар баяжуулсан юм. Буддын шашинтны “Бурханд мөргөе, номд мөргөе, хуврагт” хэмээх мөргөлийн “ном” гэдэг үг нь самгардаар “дарма”. Энэ үг олон утгатай боловч “жам ёс” хэмээх гол агуулгатай. Төрсөн бол үхэх, дүүрсэн бол дундрах, учирсан бол хагацах нь хорвоогийн жам. Гэвч хүмүүс ийм гарцаагүй зүйлстэй эвлэрч чадахгүй, санаан зоргоороо өөрчлөх гэдэг хүсэл нь л мэргэ төлөгч нарт орлогын эх үүсвэр болдог.

Эцсийн бүлэгт


Энэ хорвоо гайхамшгаар дүүрэн. Ньютоны хэлснээр хүн төрөлхтөн ёроол цүнхээлдээ тайлагдаагүй түг түмэн нууцыг хав дарсан их далайн эрэг дээр хясаагаар тоглож суугаа балчир жаал билээ. Бидэнд хараахан таньж мэдээгүй юмс үзэгдэл захаас аван бий. Тэр байтугай хүн өөрийгөө ч гүйцэд таньчихаагүй л явна. Гэхдээ хүн төрөлхтөний сор болсон Будда, Есүс, Мухаммад гурвын хэн нь ч төлөг тавьж суугаагүй бөгөөд гагцхүү явдлаа хичээж, сэтгэлээ засахыг чухалчилан захижээ. Энэ амьдралд ид шидээс илүү эрүүл ухаан хэрэг болдог нь нэгэнт батлагдчихсан зүйл. Гэтэл ганц удаа хэрэглээд хаях элдэв зүйл авахдаа ч баталгаа шаарддаг атлаа хувь заяагаа шийдэхдээ мухар сохор мэргэ төлөгт итгэнэ гэдэг тэнэглэл мөн.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив