Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БИ ЯВЛАА
2011 оны 8 сарын 4 [Уншсан тоо: 485898]
Бурхан Буддагийн Их дүйцсэн өдөрт

Yйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг. Газрын хатуу, тэнгэрийн хол ч яамай. Харин ч хатуу тулдаа хамаг амьтны зовлонг дааж, хол тулдаа л хүн бүрийн гарт өртчихөлгүй тогтож байдаг бизээ. Yүнээс илүү сайхан ертөнцийг төсөөлж болно, бүтээж болохгүй. Чаддаг юм бол тэр матераа өгчих, төгс ертөнц бүтээгээд өгье. Байдаг юм бол тэр эзэн тэнгэрээ дуудчих, гэрээгээ дахин шинэчилье.

Гавлын яс тэвэрсэн Гамлет. Тэнэг хун тайжуудын нэг. Орших уу? Эс орших уу? Шал тэнэг асуулт. Орших-эс орших сүлэлдэн байж орчлон өрөмтөн тогтсон юм. Гэрэлгүй газар сүүдэр тусахыг хаана харсан юм, зайлуул.

Индэр дэрэлсэн илтгэгч. Хөгжил дэвшилд тархи нь эргэсэн эр. Нүүх үү? үлдэх үү? Бүр тэнэг асуулт. Нүглээ үүрээд хаа ч очсон там. Мунхагийн харанхуйд зул асаачихвал энд ч гэсэн диваажин. Сэтгэл нь ханаагүй хүн жаргасан гэж хэзээ сонссон юм, хөөрхий.

Амьдралын ая тух хайсан хүн атомыг задалж, генийг уншсан. Эрх чөлөөг хүссэн олон хаанаа халж, хамжлагыг өндийлгөсөн. Өөр өөрийн үнэнтэй соёлыг баллуурдаж, иргэншил гэдэг ганцхан саравчинд итгэдэг болсон. Хүн бүрийг хүндэлж ардчилал гэдэг лоозон хадсан. Гоё юмаа.

Ширхэг ч холестрингүй, амин дэмээр бүтсэн хоол идэж, халдах халдахгүй өвчний вакцин тариулсан ч хүний зовлон нимгэрсэнгүй. Өөрийнх нь өмнөөс бүхнийг хийдэг машин бүтээн, гамгүй эдэлсэн эрхтнээ шинээр сольдог боллоо ч сэтгэлийн шаналгаа нь арилсангүй. Хог юмаа.

Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд уйлж суухад минь Будда надтай таарсан. XXI зууны сак progressboy учраа мэдэхгүй, нусаа татахад “өөрөө өөртөө зул бол” гэдэг энгийн нэг мессеж өгсөн. Өнөөг хүртэл “ном бол ертөнцийг харах цонх” хэмээн хүний нүдээр орчлонг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.
Одоо надад бусдын бэлэн теором, хүний хуучин үнэн хэрэггүй. Соёл иргэншил цогцсыг минь хучивч оюун санааг минь дарж чадахгүй. Американ бургер гэдэс дүүргэвч сэтгэл цатгахгүй. Академичийн хямсгар царай ой гутааж, сүржин сүжигтэн шооч занг минь хөгжөөхөөс хэтрэхгүй. Хэн нэгэнд энэ бүхэн ихэрхэл, цэцэрхэл шиг санагдаж болно. Харин надад бол залбирал.

Будда намайг яруухан, даруухан амьдралын аянд урьсан. Би явлаа. Баяртай.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn