Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
СОЛОНГОСЫН БЭР
2011 оны 8 сарын 29 [Уншсан тоо: 88032]
Арван лангийн ембүү хараад алгаа тосдог аав, хорин лангийн ембүү үзээд хормойгоо тосдог ээжийн тухай гунигаар эгшиглэсэн ардын дуу бий. Тэр дуунд “Цал буурал баянтай цагийг яаж барах вэ дээ” гэдэг мөр явдаг. Залуу бүсгүйн энэ гуниглал өдгөө цагт андуурал байж мэдэх л юм. Эвгүй нэгэн жишээ татахад, www.targetmap.com сайтад тавигдсанаар Өмнөд Солонгосын эрчүүдийн бэлгэ эрхтний дундаж хэмжээ бусад үндэстний эрчүүдийнхээс бага аж. Гэхдээ тэдний IQ дэлхийд дээгүүрт бичигддэгийг мөн тэндээс харж болно. Солонгосын бэр болж буй бүсгүйчүүд тэдний чухам юунд нь татагдаад байна?  

1.    Худ ургийн түүх


Монгол, солонгосчуудын худ ургийн түүх найман зуун жилийн тэртээгээс яригдана. Юань гүрний үеэс хоёр үндэстэн ураг барилджээ. Хубилай хаан Гүрёо улсыг эрхшээлдээ оруулж өөрийн охин Күтлүгкэлмишийг XXV үеийн хаан Чүнгниэолд нь хатан болгож өгсөн юм. Хубилай Монгол, Солонгосын язгууртнуудыг 80 жил ураг барилдахыг зарлигласан гэдэг. Зарим хүн Чингисийн Хулан хатныг солонгос үндэстэн гэж ойлгодог боловч чухамдаа Хулан бол солон барга овгийн хүн юм билээ. Харин Юань гүрний сүүлчийн хаан Тогоон Төмөрийн хатан Өлзийхутаг бол түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн манай солонгос бэрүүдийн нэг.

Их хааны зарлиг ёсоор олон монгол охин Гүрёогийн бэр болсон байж таарна. Тэдний дундаас Гүрёо улсын XXXI хаан Кон Миний монгол хатан Ванчень (тэрбээр Ванги нэртэй байгаад 1363 онд нэрээ сольсон гэдэг, мөн wikipedia сайтад түүний нэрийг Noguk гэжээ) судар номд бичигджээ. Өдгөө хатны бунхан БНАСАУ-ын өмнөд нутгийн Кэсон хотын ойролцоо бий. Кон Мин хаан 19 насандаа монгол хатан буулгасан бөгөөд хатан нь 36 настайдаа төрөхийн хүндрэлээр 1365 онд нас барахад хаан хайрт хатандаа зориулан Гүрёо улсын түүхэнд холбогдох том бунхныг долоон жилийн турш бариулсан байдаг. Сонирхуулахад Кон Мин хааны үед солонгосчууд Монголын эрхшээлээс гарсан түүхтэй.

Үүнээс хойш 2000 оны гуравдугаар сарын 26-д хоёр улс дипломат харилцаа тогтоох хүртэл худ ургийн явдал хэсэгтээ завсардсан. Гэхдээ басчиг хоосонгүй, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж 1975 онд авааль эхнэрээсээ салан солонгос хүүхэнтэй гэрлэжээ. Түүний гэргий нь Хятадын Чаньчунь нутгийн хүн бөгөөд Солонгосын дүрвэгсдийн үр удам юм. Өнөөдөр Өмнөд Солонгосын бэр болж буй Хятадын харъяатуудын дийлэнхийг эндээс угшилтай буюу Хятадын солонгос үндэстэн эмэгтэйчүүд бүрдүүлдэг.

2.    Баян хадмын бараа

Өнгөрсөн зууны ерээд оноос солонгосчууд гадны олон үндэстэнтэй ураг барилдах их замнал нь эхэлжээ. Урьд гадаадынхантай, тэр дундаа америкчуудтай солонгос бүсгүй гэрлэх явдал мэр сэр байсан. Одоо бол солонгос эрчүүд гаднаас бэр буулгах нь өдрөөр бус цагаар нэмэгдэж буйг БНСУ-ын Хууль зүйн яамны мэдээлэл нотлоно. Өмнөд Солонгосын Пай Чай Их сургуулийн профессор Хиэ-Кюн Лигийн “Олон улсын гэрлэлт ба Өмнөд Солонгос дахь гүрэн” судалгааны ажилд өгүүлснээр 1990 оны арван хоёрдугаар сард Өмнөд Солонгосын Кюнгидо аймгийн хөгшин фермер анх Хятадын солонгос хүүхэнтэй гэрлэсэн байна. Энэ гэрлэлт ерөнхийдөө Хятад дахь цагаач солонгосчуудад дэмжлэг үзүүлэх санаанаас эхтэй. Хятадын солонгос бэр буулгах ажлыг 1992 оноос Өмнөд Солонгосын зарим орон нутгийн захиргаа нь ч эрхлэх болж. Хөдөөгийн фермерүүдийн нийгмийн асуудлыг шийдэх арга “нэг үндэстэн юм хойно давгүй” гэдэг үндэслэлээр газар авчээ. Энэ нь “Солонгосын салхи” нэртэй үзэгдэл болж, яван явсаар тайфуны хэмжээнд хүрээд байна.

     1990-2005 оны хооронд 160 мянган солонгос эр гадаад эхнэр авсны 107 мянга нь Хятадын харъяат байжээ. Харин үлдсэн 17 мянга нь япон, 10 мянга нь вьетнам, зургаан мянга нь филиппин бүсгүйчүүд. Өнөөдөр, БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан статистикаар энэ улсад бүртгүүлж буй хосын 10 хувийг холимог соёлт гэр бүл эзэлдэг болж. Солонгос харчууд сар бүр хэдэн зуугаараа Монгол, Филиппин, Вьетнам, Балба, Узбекстан зэрэг Азийн долоон орон руу ихэвчлэн очиж эхнэр авчирдаг уламжлал нэгэнт тогтов.

Солонгос харчуудад бусдаас давах шид үгүй. Гагцхүү Азийн бар орны иргэн гэдэг нь л нэмэх оноо авчирдаг. 1910 онд тэгийг зааж байсан энэ улсын ДНБ тасралтгүй өсөн тавьхан жилийн дотор хагас их наяд ам.доллар давж, улмаар 2009 онд ДНБ-ээрээ дэлхийд XIV-т бичигдэн гайхалтай амжилт тогтоосон юм. 2009 он гэхэд Өмнөд Солонгосын нэг хүнд ноогдох ДНБ нь 28 000 ам.доллар хүрсэн байлаа. Үүнээс нь хуваалцах гэсэн харийн бүсгүй “цал буурал баянтай цагийг яаж ийгээд бардаг” болжээ. 1988 оны Сөүлийн олимпоос солонгосчууд 12 алт, нийт 33 медалиар энгэрээ мялааж, Баруун Германы өмнө гишгэн тэр үеийн Зөвлөлт, АНУ хоёртой ач тач өрсөлдөх нэгэн гүрэн өндийснийг тунхагласан юм. Энэ бүх амжилт хүүхнүүдийн хараанаас мултраа гэж үү?!  
           
3.    Бэр буулгах суваг

1992 оны зургадугаар сард БНСУ-ын иргэнтэй албан ёсоор гэр бүлээ батлуулсан монгол эмэгтэй Солонгосын монгол бэрүүдээс ууганд тооцогдоно. Гэтэл жилдээ 800 монгол бүсгүй Өмнөд Солонгост бэр ордог гэх тоо гурван жилийн өмнө хэвлэлээр цацагдаж зарим хүний омгийг бадраасан. Ерээд оноос монголчууд гадныхантай ураг барилдах нь элбэгшжээ. Тэр дундаа солонгосчуудтай гэрлэсэн нь жин дарна. Иргэний бүртгэл мэдээллийн төвийн 2006 онд гаргасан статистик мэдээгээр 1998 оны байдлаар найман эмэгтэй Солонгосын бэр болж байсан бол 2006 онд 273 монгол бүсгүй солонгос эртэй гэр бүлээ бүртгүүлжээ. Ташрамд нь дуулгахад Солонгосын хүргэн болсон 55 монгол эр бий. Тэд бүгдээрээ БНСУ-ын иргэншилтэй болоод авсан аж. 

2005 онд Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны хийсэн судалгаагаар гэр болж иргэншил авсан гадаад бэрүүд зуучлах товчоогоор, өөрөө танилцаж, шашны байгууллагаар, хүнээр зуучлуулах замаар нөхөртэйгээ суусныг  тогтоожээ. Энэ дундаас Гэр бүл зуучлах товчоогоор дамжсан нь хамгийн өндөр хувьтай. Албан ёсны зуучлалын хөлс нь 10 сая вон орчимд эргэлддэг гэж МУИС-ын Солонгос судлалын тэнхимийн багш, докторант Б.Дулмаа хэллээ. Харин хувь хүнээр зуучилбал үүнээс арай бага хөлс цаад хүнээс нь авдаг бололтой. Лондонгийн The Independent сонинд зөвхөн ганц жилийн дотор 40 мянган вьетнам эмэгтэй Солонгосын бэр болсон гэжээ. Тэгэхээр энэ бол том бизнес. Монголоос хоёр эмэгтэйг зуучилж гэрлүүлээд олсон мөнгөөрөө энд хөл дээрээ боссон солонгос хүн байдгийг мэдэх нэг нь хэлж байлаа.

Үүнээс гадна христийн шашнаар дамжин гэр бүл бологсод ч цөөнгүй. Өөрийгөө Есүсийн хувилгаан гэж зарласан Сан Мён Мүүний үндэслэсэн “Дэлхийн энх тайвны төлөөх гэр бүлийн холбоо” энд голлох үүрэгтэй явдаг бололтой. Үүнийг профессор Хиэ-Кюн Ли ч судалгаандаа дурьджээ. Шашин, ТББ, компаний аль нь мэдэгдэхгүй энэ байгууллагыг үндэслэгч Мүүн гишүүдийнхээ цуглуулсан хүмүүсийн зургийг хараад л хэнийг хэнтэй гэрлүүлэхийг шийддэг юм гэнэлээ. 1992 оны наймдугаар сарын 25-нд Мүүн Сөүл хотноо 30 000 хүний хуримыг зэрэг хийсэн. 1995 онд дэлхийн 100 улсад нэгэн зэрэг 720 000 хүн гэрлүүлж дээд амжилт тогтоосон. Өмнөд Солонгосын протестант чиглэлийн шашнууудын мэдээлснээр ийм арга хэмжээгээр Мүүн жилдээ 1.3 тэрбум ам. доллар цуглуулдаг гэнэ.

Солонгост ажиллаж буй монголчууд дундаас Солонгосын бэр болох нь ховор. Тэдний ихэнх нь эрчүүд болоод тэр. Харин тэнд суралцаж буй оюутнууд гэрлэх нь түгээмэл болсон байна. МУИС-ийн багш Д.Сайнбилэг, ШУТИС-ын багш Д.Сэрдарам нарын “Хүн амын гадаад шилжих хөдөлгөөний онцлог цаашдын чиг хандлага” өгүүлэлд БНСУ-д 2010 оны байдлаар 3 500 монгол оюутан суралцаж байгааг тэмдэглэжээ. Тэдний дийлэнх нь охид гэдгийг МУИС-ын багш Б.Дулмаа батлаад, монгол оюутан охин солонгос хүнтэй гэрлэбэл сургалтын зардал мэтээ даалгадаг давуу талтайг хэлэв. 2009-2010 онд Монголын их, дээд сургууль төгсөгчдийн 64.7 хувь нь эмэгтэй байснаас үзвэл Өмнөд Солонгост охид олноороо сурч байгаа бололтой. Жил бүр зохиогддог “БНСУ-д суралцацгаая” үзэсгэлэнгээс ирээдүйн олон бэр төрөх нь дамжиггүй. Монголд зориулсан боловсролын бизнесээр Өмнөд Солонгос магнайд явааг дээрх хоёр багшийн өгүүлэлд онцолсон байлаа.

Азийн орнуудаас хамгийн олон солонгос хүргэнтэй нь Вьетнам. Америкт вьетнамаар гардаг Calitoday сонины сэтгүүлч Нам Нгүэн Солонгос руу хүүхнүүд нь хошуурч байгааг “Энэ бол хайр биш харин бизнес” гэж тодорхойлжээ. НҮБ-ын Хүүхдийн сан, Хүйсийн тэгш эрхийн төв, Дэлхийн зөн Монгол байгууллагууд хамтран, 2007 онд “Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан монгол бүсгүйчүүдийн 19 нь Монголын зуучлалын албаар, долоо нь Солонгосын зуучлалын албаар, дөрөв нь хүнээр дамжуулан нөхөрт гарсан аж.   

4.    Хажиг хадам, гажиг нөхөр

Сайн нэртэй хадам нүдний гэм, хэн нь ч адилхан. МУИС-ын Солонгос судлалын тэнхимийн багш Б.Дулмаа “Гадаадын иргэнтэй гэрлэсэн монгол эмэгтэйчүүдийн хэлний болон бусад бэрхшээлийн тухай” өгүүлэлдээ оруулсан нэг судалгааг үзлээ. Монгол хүүхнүүдийн 33.4 хувь нь “ааш зан ялгаатайгаас”, 21.6 хувь нь “амьдралын хэв маяг өөрөөс”, 11.7 хувь нь “эдийн засгийн асуудлаас”, 10.8 хувь нь “архидалтаас” үүдэн солонгос нөхөртэйгээ маргалддаг гэнэ. Харин монгол айл өрхийн 42.2 хувь нь “мөнгө санхүүгээс”, 21.8 хувь нь “архидалтаас” болж тар түр хийдгийг “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” нэртэй бас нэг судалгаанаас харж болно. Тиймээс солонгос хүргэнээ юу юугүй муулаад унаж бас болохгүй. Хэлгүй дүлий хоёр байлаа ч аргыг нь олоод хэрэлддэг л хорвоо. 
  
Гэхдээ солонгос хүргэчүүдийн талаар онцгүй баримт байна байна. Бараг жилийн өмнө нэг монгол хүүхэн хамаатныхаа бүсгүйн солонгос нөхөрт хутгалуулж амиа алдсан. 2008 оны найман сард дөрвөн өдөр, таван шөнө нөхөртөө зодуулан тарчилсан монгол эмэгтэйн талаар KBS телевиз нэвтрүүлэг хийхээр Монголд ирж байлаа. Хэлгүйн улмаас хаана, хэнд хандахаа мэдэхгүй суугаа бүсгүйчүүд цаана нь зөндөө бий. Бүр Солонгосын чухам хаана оршин суугаагаа хэлж мэдэхгүй монгол хүүхнүүд ч  олон.  

“Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгаанд солонгос нөхөртэй 30 эмэгтэй хамрагдсаны 24 нь солонгос хүнтэй гэрлэсэндээ харамсаж явдгаа хэлжээ. Солонгос харчууд архинд дуртай, догшин хэрцгий, хүүхэмсэг дээр нь халамжгүй гэнэ. Харин биечлэн уулзсан солонгос хүнтэй гэр бүл болсон монголчууд эр, эм гэлтгүй бүгд л халамж хайрыг нь онцолж байсныг хэлэлгүй өнгөрч болохгүй ээ.

Энд нэг асуудал байгааг ганц монгол бус бусад бэрүүд ч онцолжээ. Солонгосын бэрүүдийн олонх нь нөхрийнхөө талаар маш бага эсвэл шал худлаа мэдээлэлтэй хадамд очдог. Үүнийг БНСУ-ын Гиэонги аймгийн Гэр бүл, эмэгтэйчүүдийн байнгын хорооын дарга хийж яваа Ли Ра хэмээх монгол бүсгүй баталсан юм. Цээж зургийг нь харчихаад яваад очтол нисэх буудал дээр тэргэнцэртэй хүлээж байсан нөхөр ч бий. Насны хувьд ихэнх солонгос нөхөр гадаад гэргийгээсээ арав хорь ах байх нь хэвийн үзэгдэл. Насны бөгсөнд үнэгүй асрагч олж авах санаатай эрчүүд ч таарна.

Баян айлын бэр болж адаглаад биеэ цаашлаад ар гэрээ тэжээчих санаатай ирсэн гадаад бэрүүд ихэвчлэн орлого багатай, хөдөөгийн голцуу харчууд хүлээж байх юм гэж төсөөлдөггүй. Ядруухан хөдөөгийн фермертэй гэрлэх солонгос хүүхэн олох бэрх. Хэдий Өмнөд Солонгос баян орон ч гэлээ ДНБ-ийхээ гуравхан хувийг хөдөө аж ахуйгаас олдог. Нэг солонгос сэтгүүлчийн бичсэнээр солонгос хүүхнүүд жилдээ 100 мянган ам.доллароос бага орлоготой эрийг бухнаас доор үнэлдэг аж. Дээр нь боловсролын түвшин бас гол хүчин зүйлийн нэг. Их хотын солонгос бүсгүй баянаа байг гэхэд ядаж боловсролтой нөхөр мөрөөдөхөөс хөдөөх эрийг тоохгүй. Энэ нь Улаанбаатарт болсон болоогүй дээд боловсролын үнэмлэх олж авсан хөдөөгийн охин нутгийнхаа малчин залуутай суух магадлалтай тун дөхнө. “Хүн худалдах гэмт хэрэг ба охид, эмэгтэйчүүдийн бэлгийн мөлжлөг” судалгаа мөнөөх 30 бүсгүйн 30 нөхрийн долоо найм нь бүрэн бус дунд боловсролтой, хоёр нь сургууль завсардсан этгээд болохыг илрүүлжээ.
Энэ бүгдээс шалтгаалан Солонгосын бэрүүд дотор тоогоороо дээгүүр ордог Камбожийн Засгийн газар 2010 оны гуравдугаар сараас эхлэн Өмнөд Солонгосын иргэнтэй гэр бүл болохыг хуульчлан хорьжээ. Хүний цөөндөө асуудал бага байгаа Монголын хувьд ийм алхам хийхгүй л болов уу.

5.  Томрох жижиг асуудал

Оросын тэргүүлэх Солонгос судлаач А.Н.Ланьковыг дан ганц үндэстнээс бүрдэх энэ гүрэнд даяаршлын давалгаагаар гадаадын хүргэн, бэрүүд дүүрнэ гэж бичихэд нь олон хүн итгээгүй. Харин өнөөдөр нийгмийн асуудлын хэмжээнд хүрсэн энэ үзэгдэл ерөнхийлөгч Ну Му Хёны тэргүүлж асан Засгийн газрын шийдэх зүйлийн нэг болоод байлаа. 1990 онд 4 710 байсан холимог соёлт гэр бүл 2009 он гэхэд 33 мянгаар тоологджээ. Гэр бүлийн эрхэм нэг гишүүний нэг нь хүүхэд. 

    Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь ч, хүн ард нь ч солонгос эцэгтэй, аль нэг ази эхтэй хүүхдийг “kosian” хэмээн нэрлэж хэвшсэн. Тус улсын Эмнэсти интэрнэшнэл байгууллгын тодорхойлолтоор энэ нэршил арьс өнгөөр ялгаварласан утгатай. “Монголоор бол” бараг “хужаа” юм даа. Одоогоор косиан жаалууд Өмнөд Солонгосын нийт төрөлтийн 0.5 хувийг эзэлж байгаа. Энэ тоо 2020 онд 30 хувьд өлхөн дөхнө гэдгийг статистик нь хэлээд өгч. Олон улсын Пэрл С.Бак интэрнэшнэл байгууллагын мэдээгээр өдгөө Өмнөд Солонгост торниж буй 30 мянган косиан байнга арьс өнгөний үзлийн золиос болдог гэнэ.

    Энэ талаараа солонгос хүмүүс “хужаагийн эрлийз”-д онцгой харшилтай монголчуудтай тун дөхөх бололтой юм. Холимог соёлт гэр бүлийн сэдэвтэй интэрнэт мэдээний дор алба юм шиг тэднийг хараах аж. “Хэдэн жилийн дараа бидний толгой дээр үхэж байвал таарсан косиан суух нь, яана даа” гэдэг өгүүлбэр жижүүрлээстэй. Сургууль дээрээ дээрэлхүүлсээр залхсан монгол ээжтэй косиан хичээлдээ явж байгаа дүртэй олон хоног дэмий тэнэснийг Б.Дулмаа ярьж байлаа. Бас Өмнөд Солонгосын иргэн болох л гэж гэрлэсэн мөн гэр бүлийн дарамтыг тэсэлгүй салсан бэрүүдийн ард олон косиан өнчин хоцрох болжээ.
    Солонгосын анхны хаан Энэтхэгээс хатан залсан гэдэг домогтой. Үнэндээ солонгосчууд гадагшаа бэр мордуулж явснаас буулгаж авсан түүхгүй шахам улс. Монгол, Хятад, Японд эзлэгдсэн үеийн хохирогчид нь солонгос хүүхнүүд байсан гэж өөрсдөө ярих их дуртай. Бидний танил Хонгиль Дон чухамдаа харийнхнаас хүүхнээ харамласан нэг эрийн домог юм. Хүчирхэгжихийнхээ хэрээр үндсэрхэг үзэлд автаж буй энэ үндэстэн дунд эрлийз болж төрөх хүсмээр биш байж ч мэднэ. Одоохондоо цагийн заалт нь эрт байгаа энэ бөмбөг нэг л өдөр тэсрэх магадлалтай.   
                
6.  Монгол бэрүүд

Хэзээнээсээ монгол хүүхнүүд сортоотой улс. Хамгийн шилдэг бэрүүдийг жагсаавал толгойд л зогсоно, гарцаагүй. Нүүдэлчдийн түүхэнд бичигдэх битгий хэл ертөнцийг захирсан хаадыг хүмүүжүүлсэн гавьяатнууд. Ахуйн уламжлалт онцлогоосоо шалтгаалаад монгол эхнэр гэр бүлдээ жанжин нь явж ирсэн билээ. Үүнийг би яриад хүчрэхгүй. Б.Цэнддоогийн Монгол гэрий: Төрөө мэдье гэвэл эрээ мэдэх гэж гаажтай сайхан өгүүллийг л санал болгоё.

    Уулын мод урттай богинотой гэдэг. Хүний газар хормойгоо чирж яваа монгол хүүхэн бий бий. Хүний хүнийг ах дүүстэй нь тэжээж яваа ч монгол бүсгүй байдаг. Тэр бүхнийг нэр устай нь тоочвол магтах гэснээсээ илүү атаачийн амны бай болох биз. Олны мэдэхээс гэвэл ноднин орон нутгийн сонгуульд ялсан, дээр дурьдсан Ли Ра байна. 2003 онд Солонгосын бэр болсон энэ бүсгүй Сөүлийн Цагаачлалын албаны Гэр бүл болсон гадаад эмэгтэйчүүдийн холбоонд монгол төлөөлөгчөөр ажиллаж эхэлжээ. Тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сарын 22-нд “Солонгос дахь монгол эмэгтэчүүдийн холбоо”-г үүсгэн байгуулсан нь ойтойгоо золгох гэж явна.

    Ганц Ли Ра ч бус, олон монгол эмэгтэй БНСУ-ын төрийн болоод хувийн хэвшилд гялалзаж яваа юм. Хар хэл ам миний нутгийн хүүхнүүдээс хол байг, түй түй түй. Хэдэн хүүхний нэр тоочноо, яадгийн. Эмэгтэйчүүд гэр бүлийн яамны Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Лхагва, Гёнги аймгийн Засаг даргын тамгын газрын Холимог соёлт гэр бүлийн хэлтсийн Ариун (анхын гадаад төрийн ажилтан), Сөүл хотын захиргааны Чулуунцэцэг, Гадаад иргэдэд зөвлөгөө өгөх төвийн Ундрах, Инчоны нисэх буудлын гаалийн албанд туслах ажилтан Сайнтуяа, Оюун-Эрдэнэ нар, Хана банкинд Энхжаргал үүнээс гадна Сөүл Гёнги аймгийн бага сургуульд багшилж буй 16 хүн ч бий. Мөн Сөүл болоод Йонсэй их сургуулиудад докторын ажил хийж байгаа бүсгүйчүүдээ ч магтахад үг хорохгүй. Хүний, өөрийн амьтан тэжээж явааг нь тоолбол нуршина.
 
7.  Гэрэлт ирээдүй

Монгол эрс газар газрын хацар гоо охидоор хөнжлөө дүүргэж явсан түүхтэй. Тэр цагт бид сэлэмтэй байж. 1998-2006 онд 35 монгол эр хариас бэр буулгасан нь “хуучны сайхан цаг”-тай харьцуулахад даанч чамлалттай. Бидэнд манж гүнж, орос эхнэртэй байсан ч үе бий, гэхдээ статистикт өртөхөөр үзүүлэлт биш. Өдгөө монгол эрс харь эрд мордсон эмс охидоо хараахаас хэтрэхгүй сууна. Гагцхүү эмэгчинээ харамлах эрэгчин амьтны энэ зөнг орвонгоор нь эргүүлэх түлхүүр манай 76 “ухна”-д бий.

    “Forbes” сэтгүүлийн тоймч Том Майлз, Даниэллэ Марио нар саяхаан “Ойрын жилүүдэд Монгол улс шинэ Дубай болж, эдийн засаг нь өсөх таатай боломж нээгдлээ. Ямар ч байсан Монгол дараагийн арван жилд ДНБ-ий үсрэнгүй өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж, энэ үзүүлэлтээрээ сүүлийн 15 жилийн турш дэлхийд тэргүүлсэн Катарыг ч гүйцнэ” гэжээ. Болтугай, болтугай. Голомт” банкны захирал Жон Финнеган “Монголын ДНБ хамгийн багадаа 70 тэрбум ам.долларт хүрч, одоогийнхоосоо 14 дахин өсөх боломжтой. Катарын 2008 оны ДНБ-ийг 1973 оныхтой нь харьцуулахад 100 дахин өссөн дүн гарчээ. Тэр үед би Катарт ажиллаж байсан болохоор ийм үйл явдал Монголд болох гэж байгааг туршлагаараа мэдэж байна” гэжээ. Туршлага батлагдаасай.

    Тийм цаг ирвэл монгол хүүхнүүд харийг зорихын оронд гадаадаас бэр буулгах гэсэн эрсийнхээ хоншоор дундуур нь ганжин буулгаж суух биз. Хамгийн сайхан өвдөлт гэвэл тэр л байх. Гоё ёоёо болох өдөр уул нь ойрхон байна. Гол нь 76 ухна маань “хүн” болох хэрэгтэй. Улстөрчийг ядаж “хүн шиг” болгох л хэцүү ажил шиг билээ.   

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив