Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НАТО, МӨНГӨ, ЦУС
2011 оны 9 сарын 13 [Уншсан тоо: 64127]
Тухайн үед Колумб Америкийг биш Иракийг нээчихсэн бол Иракийн зовлон нэгээр багасах байлаа. Ганц Ирак гэлтгүй бусдын зовлон ч нимгэрэх байсан биз.
Онигоо
 
НАТО

Энэ бол 1949 оны дөрөдүгээр сарын 4-д Умард Атлантын гэрээгээр байгуулагдсан, хуучин Зөвлөлт Холбоот Улсын эсрэг чиглэсэн цэрэг-улстөрийн эвсэл. Манай дэлхий хоёр туйлтай байх үеийн эд. Өдгөө “амьд бүхнээс амьд” Лениний Зөвлөлт амь тавьж, НАТО амьсгаатайгаар барахгүй хүссэн зоргоороо хүний амь тасалж явна. Уул нь гишүүн улсуудынхаа эрх чөлөө, аюулгүй байдлыг улстөр-цэрэг зэвсгийн хүчээр хангах, энхтайван тогтоох, ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхзүйт төрийн үндсэн дээр бэхжүүлэх сайхан зорилготой. Бурхан нь ч ийм лут цогц зорилго тавиагүй юм гэдэг. Хүйтэн дайнаас хойш энэ эвсэл АНУ-ын дэлхийд жанжлах зорилгыг хэрэгжүүлдэг зэвсэг болжээ. Харин 2001 оны есдүгээр сарын 11-ээс өнөөг хүртэлх 10 жилд АНУ үнэн хэрэгтээ холбоотнуудаа ч хэрэгсэлгүй энэ нэрээр түрий барьж хүссэн газраа дайн хийж ирлээ.

Америкчууд НАТО-г ийм зорилгод ашиглана гэж аль 70 жилийн өмнөөс тооцсон бололтой. 1941 оны нэгдүгээр сарын 28-нд, тухайн үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кордэлл Халл (Cordel Hull) Дэлхийн II дайн шувтрахад АНУ дэлхийн эзэн болсон байхуйц үйл ажиллагааны албан ёсны хөтөлбөрийг гартаа бариад зогсож байлаа. Гол агуулга нь “Grand Area” буюу “Уудам орон зай” хэмээн томъёологдсон ба дэлхийг тэрчигт нь Америкийн атганд оруулах. Уг баримт бичигт АНУ-ын төр Хитлэрийн эсрэг холбоотнуудтай хэрхэн харилцах, хаанаас нь эхлээд яаж дуусгах нь хүртэл нэгд нэгэнгүй багтжээ. Хөтөлбөр бүхэлдээ Франклин.Д.Рүзвэлтийн сэтгэлд асар их нийцэж, Төрийн департаментийн нэгдмэл байр суурь болов. Дайн дуусахаас бараг жилийн өмнө, 1944 онд хөтөлбөрийг “Америкийн оршин тогтнох орон зайг дээд зэргээр хангалаа” гэж үнэлсэн байдаг.

Дайн дуусахад Америкт дэлхийн алтны нөөцийн бараг гуравны хоёр нь төвлөрч, америк доллар Дэлхийн банк, Олон улсын валютын сан (хоёулаа Америкийн үүсгэл санаачилга)-гийн уйгагүй ажиллагааны дүнд даяарын валютаар тодорсон юм. Мөн НАТО-ийн гишүүн болсон орнуудад америк цэргүүд тархан суух болов. Хөтөлбөрийн үндсэн санаа ийм: АНУ аж үйлдвэржсэн болон ашигт малтмал бүхий орнуудын дотоод амьдралд аль болох оролцох мөн ямар нэг улс дэлхийн санхүүгийн системтэй хамтран ажиллахгүй л бол хөгжил дэвшилд амар хүрэхгүй гэдгийг “ухамсарлуулах”. Хамгийн гол нь улстөр, аюулгүй байдлын хувьд шууд хараат байдалд оруулах. Үүн дээр Зөвлөлт ёстой давс нэмсэн дээ, АНУ-ын ерөнхийлөгч асан Р.Рейган Зөвлөлтийг “Ороолонгийн эзэнт гүрэн” гэж цоллосон бөгөөд Америкийг эс дагасан нэгнийг айлгах бэлэн үзүүлэн нь ЗХУ байлаа.   

Өнөөдөр НАТО дорно зүгт, ОХУ-ыг тойрон өргөжиж байгаа мэт харагдавч ачир дээрээ гишүүнчлэлээс цаашгүй юм. Кремлийнхэн хуучин зуршлаараа НАТО-г хардан сурталддаг ч цэрэг, техникийн хувьд өмнөх 20 жилтэй харьцуулшгүй сул болсон гэдгийг “Агентство политической новостей” сайтад А.Храмчихин тодорхой тоогоор харуулсан байна. Тэгээд ч Иракт америк цэрэг довтолсон цагаас Европын холбоо, АНУ хоёрын харилцаа “өөрчлөгдсөн”. Хэрэг дээрээ Афганд америкчуудаас гадна англосаксчууд (англи, канад) л талибуудын бай болж байна. Уг нь НАТО одоо 32 гишүүнтэй. Бүр анх Ромын эзэнт гүрний хуучин нутаг дэвсгэрт “энхтайван тогтоох” НАТО-ийн “Pax Romana” төсөл дээрээс л Европын холбоо, АНУ хоёрын геополитикийн ашиг сонирхлыг зөрчил тодорсон юм. Салъя гэж салах биш.

Эрхэм Кордэлл Халлыг 1944 онд эрүүл мэндийн улмаас ажлаа өгөхөд Ерөнхийлөгч Рүзвэльт “Ганц хүн даян дэлхийд энхтайвныг тогтоосон (1942 оны нэгдүгээр сарын 1-д үүтгэгдсэн НҮБ ч Кордэлл Халлын санаачилга) нь гарцаагүй баримт” хэмээн үнэлж, түүнийг “НҮБ-ын эцэг”-ээр өргөмжилжээ. Хойтон жил нь Халлд Нобэлийн Энхтайвны шагнал олгосон. Гэвч өнөөг хүртэл энэ дэлхийд энх тайван тогтоогүйгээр барахгүй өөр өөрийн дасал болсон зовлонтойгоо “энхтайван” суусан хүмүүсийг америкчууд сургийг нь дуулсан жаргал амлан бусниулдаг жишиг тогтжээ. 

МӨНГӨ

Нэгэнтээ АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган “Энхтайвнаас ч илүү юм бий” гэсэн билээ. Ковбой дүрийн жүжигчин явсан энэ эр тэнэгтээ ингэж хэлсэнгүй. МЭӨ билгүүн ухаант Аристотэл “Дайтах ур чадвар бол боол эзэмших ур чадвар юм” гэж бичиж. Үүнийг нь хожим Томас Гоббс арай дэлгэрүүлж “Хялбар олзонд шунан дурлагсад бусдын газар нутаг, эхнэр хүүхэд, мал хөрөнгөнд эзэн суухын тулд хүч хэрэглэдэг” гэсэн байна. Улстөр, эдийн засаг, техник, технологи зэрэг улс орон оршин тогтнох бүлэг асуудлын хүрээнд дээрх агуулга улам өргөжин тэлнэ. Гэхдээ үндсэн санаа нь огт хаягдахгүй.

Ялгуулсан дайн ялагдагчийн хөрөнгийг ялагчид онооно. Ялагчид тухайн орны байгалийн баялаг, дотоод ба гадаад зах зээл нь эдийн засаг, аж үйлдвэрийн цоо шинэ боломж гаргаж өгнө. Энэ бүхний үрээр ялагч гүрэн шат ахихын дээр бүс нутаг хийгээд дэлхийд байр сууриа бэхжүүлнэ. Онцлог нь энэ аргыг нэг хэрэглээд амташчихвал сална гэж гонж, ахиад л байна. Покерт донтсон хүнээс огт өөрцгүй. Хүн төрөлхтөнд ийм түүх захаас аван бий.

Дэлхийн хоёр их дайны галыг асаасан Герман улс Австри-Прүссийн (1866), Франц-Прүссийн (1870-1871) дайнаар тухайн цагтаа л хөгжил цэцэглэлтийнхээ оргилд хүрсэн байдаг. Франкфүртын энхийн гэрээгээр Франц эзэнт улсынхаа төмрийн хүдрийн 20 хувийг агуулдаг Эльзас, Лотаринги хоёроо алдаад нэмэрт нь дайны нөхөн төлбөр гэж таван тэрбум франк өгсөн юм. Эльзас, Лотаринги нутгийн төмрийн хүдрийг Рэйний нүүрстэй нийлүүлэн Герман төмөрлөгийн үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өнөөх таван тэрбум хөрөнгө оруулалт болох жишээний. 1871-1873 оны хооронд Германд нийлбэр дүнгээрээ 2.7 тэрбум маркийн хөрөнгөтэй 328 хувьцаат компани шинээр байгуулагдсан баримт олж харлаа. Энэ зуур Германы экспортын 70 хувийг бэлэн бүтээгдэхүүн эзэлж, дэлхийн цахилгаан-техникийн зах зээлийн 50 хувийг дангаараа хангах болсны зэрэгцээ 1870-1913 онд гадаад худалдаа нь бараг гурав дахин өссөн аж.

Гэтэл аж үйлдвэржилтийн аугаа ололтын эзэн Герман түүхий эдийн мангас болж хувирав. Дэлхийн I дайны өмнө Германы түүхий эдийн импорт бэлэн бүтээгдэхүүнийхээ экспортоос 600 сая маркаар даваад байлаа. Энэ мэт эдийн засгийн асуудал нь нийгмийн бусад салбартаа нөлөөлж улс орон нь хямарч, даян дэлхийг дахин түймэрдэхгүй л бол болохоо болив. Харин тэр дайнаар нь АНУ үндэсний баялгаа 40 хувь болтол өсгөсөн бол Япон 25 хувьд хүргэжээ. Дэлхийн I дайнаар АНУ цэрэг дайны болон иргэний бараа бүтээгдэхүүн нийлүүлэхэд голлон анхаарсны дүнд дэлхийн алтны талыг цуглууллаа. Үүнийхээ хажуугаар дайнд орж байгаа нэр зүүгээд Англи, Франц зэрэг холбоотон гүрнүүдэд нийт 8.8 тэрбум доллар зээлүүлчихсэн. Сүүлд дайны төлбөрт тооцож авсан мөн зээлүүлсэн мөнгө нь 11 тэрбум хүртлээ өсч 1919-1921 оны хооронд АНУ-ийн эдийн засаг өссөн байна.

Өнөөдөр Америк өрөндөө баригджээ. Банк санхүүгийн систем нь асуудлаар дүүрэн. Ядахад яр гэгчээр байгалийн элдэв гамшиг ч салахаа байлаа. Дэлхийд гайхуулдаг хар ерөнхийлөгч нь гарч ирсэн цагаасаа улсын төсвөө өсгөсөөр рекорд тогтоов. Мань эр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-нд АНУ-ын төсөв-санхүүгийн хөтөлбөрийг сонсоод Үндсэн хуулиар зэвсэгт хүчнээ захирдаг хүний хувьд айхтар үг хэлсэн дээ. “Газар нутгаа хамгаалах чадвар хийгээд даян дэлхий дээрх Америкийн ашиг сонирхлыг гутаасан төсөв танах саналыг би хэзээ ч хүлээн авч чадашгүй”. Уран гоёор ярьсан байж таараа. Түүний энэ санаа бараг өөрийнх нь ч юм биш, 1999 онд хэвлэгдсэн “АНУ-ын үндэсний аюулгүй байдал ирэх зуун жилд” илтгэлд улс гүрнийхээ ашиг тусын тулд зэвсэгт хүчнийг ашиглана гэсэн өгүүлбэр бий. Өөр баримтуудад ч энэ санаа явдаг. Тэгэхээр өмднийхөө гадуур бандаашаа өмсдөг энэ улсууд өлсөөд ирэхээрээ өрөөлийг буудаад хоолыг нь булаана. Энэ ажлаа Ливид эхлүүлчихсэн, их амжилттай явна. Дараагийн олз нь хөөрхий Сири. Диваажингийн сүүдэрт там бүрэлддэг аж.

Жич: Энэ удаа эдийн засаг нь эвгүйтсэн Европын орнууд хүч хавсарч байгаа.

ЦУС

Энэ оны дөрөвдүгээр сарын 26-нд хуучин Рейганы засгийн газрын Сангийн яамны туслах ажилтан асан Пол Крэйг Робэртсон гэдэг нөхөр бурж өглөө. Ираны засгийн газрын санхүүжилттэй, Тэгранд төвтэй Press TV сувагтай тэр утсаар ярилцав. “Вашингтон Ливийн хувьсгалчдыг дэмжиж байгаа гэж үзэж болох уу” гэсэн асуултад “Энэ Ливийн хувьсгалтай гайхалтай. Энэ бол тайван эсэргүүцэл биш, энэ орны дорно зүгт гарсан зэвсэгт бослого. Үүнийг газар дээр нь Тагнуулын төв газар (ТТГ) дэмжиж буйг бид мэдэж байгаа болохоор тэд аль хэдийнэ зэвсэглэгдсэн” гэв. (Ярилцлагыг эндээс http://www.presstv.ir/detail/176776.html). Энэ өвгөн үнэхээр илэн далангүй хүн билээ.

    Тэрбээр “Ливи, Сирийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн бол найруулагчтай. Ливийн дорнод хэсэгт ТТГ хямрал бий болгосон гэдгийг бид яг таг мэдэж байгаа. Сирид үймээн самуун дэгдэхэд америкчууд хутгалдсан болохыг WikiLeaks-ийн материалууд баталсан” хэмээн ярих аж. Америкчууд энхтайван тогтоохын тулд эхлээд үймээн самуун үүсгэх ёстой гэдгийг гадарлахтайгаа улс. Энэ жишгээр бол Хоёр ихрээ өөрсдөө мөргөсөн байж мэдэх нь. Осама бин Ладэн гэгчийг гэрт нь нухаад усанд хаялаа гэсэн. Саяхан түүнийг устгасан Америкийн тусгай хүчний баг бүрэн бүрэлдэхүүнээрээ амь үрэгдлээ л гэсэн. Хайж хайж нэг устгачихаад хүүрийг нь усанд хаядаг нь ч юув. Далайн хав гэдэг тусгай багийнх нь онгоцыг нисэлт дунд нь танкаар буудсан гээгүй байгаа даа. Хүн аалзтай мутацид ороод ялагдашгүй баатар болдог үлгэр бодож олоод мөнгө хийчихдэг улс юу ч гэж чадна даа, тээ?

    Ямартай ч Америкийн “энхтайванч үзэл санаа” түгэх хэрээр цус урсах юм. Стокольмийн энхийн асуудал судлах олон улсын институтийн (SIPRI) үнэлгээгээр 2010 онд дэлхийн хэмжээнд дайны зардал 1.63 их наяд ам.доллар болж байж. Энэ нь 2000 онтой харьцуулахад 50 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. 2001 оноос эхэлсэн Америкийн терроризмтай хийсэн дайнд одоогоор 255 мянган амь эрсдэж, найман сая орчим хүн эх нутгаасаа дүрвэн зугатжээ. Энэ тоог Брауны их сургуулийн эрдэмтэд гаргасан юм. Үүнээс гадна 365 мянган хүн шархдан тахир дутуу болжээ. Үхэгсдийн 172 мянга нь энгийн иргэд бөгөөд 125 мянган ирак, 56 мянган пакистан, 12 мянган афган Америкийн алдааны золионд явсан аж. Ирак цөмийн зэвсэгтэй болчихож гээд л шуугисан, эцэст нь нэг нүхнээс Саддамыг олсондог. Афганистаны Борабора ууланд бэн Ладэн бүгчихээд байгаа гэтэл Ираны нэг хауснаас илрүүлж устгалаа гэж гайхуулсан. Эхлээд хагас жил болох гэж буй Ливийн иргэний дайнд одоогоор 50 мянган хүн үрэгдсэн гэдэг мухар тоо явна. Энэ дайн дуусах яагаа ч үгүй...
   
ЭЗ АЗ

Газрын дундад тэнгисийн өмнөд эргийг гартаа оруулах гэсэн Америк тэргүүтэй НАТО-д багтдаг Европийн хэдэн орны үйлдэл цагаандаа гарлаа. Харин надад ийм бодол төрөв. Тамсагт ойлгойдсон нефть нөөцөөр ч, чанараар ч мааруухан байсан нь аз. Эз нь татвал манийгаа шоглодог хоёр хөрш “минь” Америкийг айлгадаг нь аз (ОХУ цөмийн цэнэг хошуугаараа, БНХАУ эдийн засгийн өсөлтөөрөө).

Сав л хийвэл хувьсгал хийчих гээд явдаг нэг залуу Египетээс туршлага судлаад ирсэн ч монголчууд дэмжээгүй нь ч бас л аз. Эс тэгвэл нөгөө бурдаг өвгөн ийм юм ярьж: “Сири, Ливийн хэрэгт америкчууд гараа дүрсэн, босогчдыг зохион байгуулж, мөнгө өгөх зэргээр тусласан. Худалдагдахад бэлэн эсвэл ямар нэг юм амалчихаж болох сэтгэл хангалуун бус хүмүүс хэзээд олддог”. Чухам хүн амын ийм хэсгийг нь ашиглаж Америк Арабын ертөнцөд дайн дэгдээжээ. Төр маань байдгаа бараад сард иргэн бүртээ 21 000 төгрөг тарааж байгаа нь ч энэ тохиолдолд аз мэт санагдлаа. Аз, эзийн торгон зааг дээр энхтайван тогтож байна уу гэлтэй. Жорж Орвэл “Энхтайван бол дайн” гэжээ. Манайд “Энхтайвны өргөн чөлөө” бий. Тэнд үнэхээр автомашины дайн болдог билээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив