Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МУУ ХҮҮГЭЭ ҮНСЬЕ
2011 оны 10 сарын 12 [Уншсан тоо: 449687]
Багш нь уламжлал бол­сон хэдэн хуурай үгээ хэ­лээд “зовлон”-гоо тоочиж гарав. Хичээлийн нэгдүгээр улирал дуусах дөхсөн ч хүүх­дүүд одоогоор гуравхан сурах бичигтэй байгаа ажээ. Бусад найман хичээлийн ном хэзээ ирэхийг Боловсролын яамны эрхэм албат өөрөө ч мэдэхгүй байна хэмээн гайхуулав. Гайхалтай. Нэг хичээлийн сурах бичгийг хэд хэдэн ху­вил­бараар олон газар хэв­лэсэн гэх ба алийг нь сон­гохоо багш нар шийдэх ёстой ч ачир дээрээ “найраа” хийдэг гэдгийг цухас дурьдлаа. Ца­гаандаа гарчээ, зайлуул.   Түрүүхэнд болж өнгөрсөн ахмадын өдрөөр хүүхэд бү­рээс 500 төгрөг татаж наст­нуудаа баярлуулсан гэж ба­хар­хангуй өгүүлэв. Хүү бид хоёрт огтхон ч хамаагүй “ахмад”-д бид яагаад мөнгө өгснөө ойлгосонгүй. Сургууль 3000 орчим хүүхэдтэй гэж бодвол нэг сая 500 мянган төг­рөг цугларсан байх нь. Тэр хэдэн хөгшин ч тансаглалын дээдийг амсчээ. Гялай гэж. Гэхдээ цайллага сургуулийн гуанзанд даруухан болдгийг туршлагаараа мэдэх юм. За, энэ ч яахав. Ядарсан хэдэн хөгшин ганц өдөр гэдэс гараа л биз. Мөнгө төгрөгийн асуу­дал нарийн шүү гэж ирээд ярих энэ багшийн ухаан хаа­на тэгтлээ “нарийн” ажилладаг нь мэдэгдсэнгүй.

Далим гар­сан дээр нь бас ангийн ху­римтлалд 500 төгрөг нэмж нийт 1000-ыг хураасан боло­хоо шударгаар мэдэгдлээ. Харин үлдсэн мөнгийг нь юунд зар­цуулснаа хэлсэнгүй. Мартаа биз дээ, хөөрхий.   Монголын боловсрол чу­хам юу болоод, хаашаа яваад байгааг эрхэм багш огтхон ч ойлгохгүй байна гэдгээ ил цагаан хэллээ. Энэ үг эцэг, эхчүүдээс дэмжлэг хүлээв. Яамныхаа ажлыг бидэнд та­ниулж, ойлгуулах учиртай ажилтан нь яагаад ингэж “ганцаарчилсан тоглолт” хийж байгааг тааж чадсангүй. 12 жилийн тогтолцоо гэж утга учиргүй юм болж, хөл толгой нь мэдэгдэхээ байсныг яруу сайхан тайлбарлав. Урьд нь болоод л байсан гэж түүнийг санаа алдахад хуучин нийг­мийн бүтээгдэхүүн болсон эцэг, эхчүүд санал нэгдэв. Санаа алдацгаав. Багшлаад хориод жил болоход нь өнөө­гийнх нь шиг ийм “самуун” боловсролын системд нүүр­лээгүй хэмээн цохон тэм­дэглэлээ. Хүүхдүүд маань яана даа гэх бодол бидэнд төрөх учиртай аж.  

Хурлын сэдэв хумигдаж анги дээрээ төвлөрөх янзтай болов. Сахилгагүй байна гэнэ ээ, багачуул маань. Ангиас гарангуутаа пижигнэтэл гүйл­дээд, хашгиралдаад, ноцол­доод унадаг гэнэ. Ардын багш толгой сэгсэрнэ. Намайг су­рагч байхад ч ингэж толгой сэгсэрдэг байсан энэ “ардын багш”. Харин би үүнийг одоо болтол ойлгоогүй л явна. Уул нь хүүхдүүд хичээл тараад оршуулганд ирсэн улс шиг таг дуугүй цувж алхсаар харь­чихвал ёстой гайхаш бармаар юм. Тийм байдал анзаа­рагд­вал бидэнд анхааруулж хэлэх нь түмэн зөв. Багтаж ядсан эрч хүчиндээ дийлдэн бу­жигнах нь тэдний хувьд эрүүл үзэгдэл шүү дээ. Зарим нэг нөхдийг нэр цохож байна. Миний хүүгийн нэр дуулдлаа. Би саяхан л хөвгүүн явсан. Харин хүү маань над шиг “сахилгагүйтэж” чаддаггүй байх гэж бодож явсан минь ташаа байжээ. Овоо доо, миний хүү бусдын нь л адил хүүхэд юм байна. Санаа амрав.  Охидын эцэг, эхэд хүргэх ”хов” ч багшид бэлэн ажээ. Аальгүйтэх нь урьд жилийн­хээс нэмэгдсэн гэнэ. Энэ багш өөрөө жарвалзсан ааль­гүй охин яваагүй байж болох ч хүүхдийн жам ёсны хөгж­лийг хүлээн зөвшөөрөх ухаан суусан баймаар. Тэгээд ч багш болохдоо хүүхдийн сэт­гэлзүйн тухай жаахан юм дуулсан л байх учиртай. Хөв­гүүд охидыгоо шоглох нэг шалтгаан өөрсдөөс нь үүдэл­тэй хэмээн батлав. Чухал нээлт хийжээ, янз нь. Өдий насныхан нэг нэгийгээ сонир­хоод эхэлдэг ч санаагаа буруу илэрхийлдэг гэмтэй улс. Хөвгүүд охидыг шоглоод байнаа гэдэг чинь цаагуураа “сэтгэлээ илчилж” буй хэрэг. Гэтэл багшид бол “зодоод” байгаа мэт харагддаг ажээ. Хориод жил багшилсан гэхэд даанч анзааргагүй явж дээ, зайлуул.  

Яриа нэлээн “задгайрч” халуухан сэдэв хөндөх янз­тай болоод ирлээ. Нэг жаал ангийнхаа охины хормойг сөхсөн гэнэ. Бас цээжний чинь булчин яагаад томроод байна гэж асуусан сурагтай. Хүүгийн нэрийг олонд зар­лалаа. Тэмүүлэнгийн аав нүүр хийх газаргүй болов. Ичсэндээ арга хэмжээ ава­хаа мэдэгдээд хийсэн хэр­гийг нь зүйл ангиар нь тэмдэг­лэлийн дэвтэртээ бичиж бай­гаа харагдана. Тэмүүлэн турсагаа хуулуулах нь тодор­хой болов. Ичсэн хүн хүн алдаг. Хөөрхий хүүгийн өм­нөөс хонгоны мах хорсов. Надаас бусад нь ямар явсныг бүү мэд. Би нэгэн цагт Тэмүү­лэн шиг л охидын хормой сөхөж, энгэр заамыг нь со­нир­хож явсан билээ. Огт охин сонирхдоггүй хөвгүүд ирээ­дүйд ижил хүйстэн болох нь элбэг. Амьдрал ийм юм. Гэхдээ Тэмүүлэнгийн аав “хүмүүжил”-тэй хүү явсан бололтой.   Хурал тулгамдаад байгаа чухал асуудлаар шувтрах шинжиндээ орлоо. Удахгүй Нийслэлийн боловсролын газраас шалгалт авах гэнэ. Математик, монгол хэл хоё­рын аль нэг нь сугалаагаар таарах ажээ. Тэгэхээр аль алинд нь л бэлтгэх хэрэгтэй болов. Нэгэнт ихэнх хичээ­лийн сурах бичиг ирээгүй байгаа тул хүүхдүүд маань сар гаран хоёрхон л хичээл үзэж байгааг олж мэдлээ. Уул нь хүүхэд бүр математикч болох албагүй гэдэг үндэс­лэлээр дээрх хоёр хичээлийн цагийг илт багасгасан байна. Гэвч ардын багш өдөржин хүүхдэд маань хоёрхон хи­чээл зааж байгаа аж. Миний хувьд энэ багшийг “садист” гэмээр санагдав. Бүтэн зур­гаан цаг тоо бодохын зовлонг мэдэхгүй хүн байхгүй байлгүй дээ.  Шалгалтын тухай яриа нарийн ширийн зүйл рүүгээ орлоо. Урьд ангийнх нь багш өөрөө шалгалт аваад, өөрөө засаад, өөрөө дүгнэдэг бай­хад амар байж хэмээн нууцаа дэлгэлээ. Аргалж болдог бай­жээ. Энэ удаагийн шалгалтыг хөндлөнгийн хүн авна, засна, дүгнэнэ. Арга саам байхгүй гэнээ. Асуудлын зангилаа үүнд л байв. “Танай хүүхдүүд муу авчихвий...” гэж ирээд багш санаа зовно. Нийслэлийн боловсролын газар миний хүүг шалгах гээгүй. Ямар тэдний өмнө үүрэг хүлээсэн биш.

Харин үргэлж л цалин нэмүүлэх тухай ярьж, ду­туугаа биднээр нөхүүлдэг эрхэм багшийн ажлыг дүгнэх юм. Гэвч багш асуудлыг өөр талаас нь тавьж манийг хүч хавсраач гэж хүслээ. Хүний ажлыг “сайн” дүгнүүлэх гэж би хүүхдээ “тамлах” хэрэгтэй болов. Ардын багш бидний хүүхдийг муу авчихвий гэх­дээ амралтын цагаасаа ху­гас­лан давтлага өгөх болжээ. Тэр нь нэг их биш төлбөртэй.   Хичээлээ хүүхдэд ойл­гуулж чадаагүй ардын баг­шаас мөнгө нэхэх “ухаан” өлхөн гарах юм. Энэ бүгдийг би эцэг, эхийн хурал дээр хэлсэн бол миний хүүгийн амьдрал бүрхэг болно. Үүнийг ойлгох ухаан надад бий. Туршлага ч хангалттай. Би ч гэсэн ардын багшийн “гарын шүүс” болж муугаа үзсэн. Ангийн маань хүүхдийг тоо бодож чадаагүй гэдэг шалт­гаанаар ангиас гаргалгүй байсаар өмдөнд нь “хүнд­рүүлж” амьдралыг нь нэгмө­сөн алсныг сайн санаж байна. Хүүхдүүд түүнийг гоочилсоор сургуулиасаа гарч эгнэгт нийгмийн шаар шавхруу бол­сон билээ. Түрүүхэн амиа хорлосон дуулдсан. Ум мани бадмэ хум.  Эцэг эхийн хурал дуус­лаа. Элэг эмтэрлээ. Миний хүү энэ багшийн төлөө тоглох цагаа хасуулна. Аав нь бас мөнгөө өгнө. Дээрээс нь миний хүүг эргүү тэнэгээр нь дуудна. Намайг дам дором­жилно. Мэднээ, мэднэ “ардын багш” ийм л байдаг юм. Харин аав нь хүүгээ хүний өмнөөс зодохгүй ээ. Хангалттай зо­дож байгаа чамайг, энэ эмэг­тэй. Хүүд минь урмын үг бурамнаас илүү хэрэгтэй. Хариад муу хүүгээ нэг сайн үнсье, байз. Хүүгээ хайрлах шалтгаан нэгээр нэмсэн ар­дын багшид баярлалаа.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив