Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
НУУЦЫН ГАМШИГ, ҮНЭНИЙ УРШИГ
2011 оны 10 сарын 20 [Уншсан тоо: 40719]
Нууц хадгалж чадахгүй амьтад л нууцад учиргүй дуртай байдаг.
         Чарльз Коптон

Бага насанд аль балрахыг тэр гэх вэ. Юмны наад цаадахыг мэдэхгүй нусгай “нууц” гээчийг найз нарынхаа хүрээгээр ойлгож, “үнэн” гэдгийг Пионерийн үнэн-ийхээ энгээр сэтгэж явлаа. Зуныхаа амралтыг гол дээр өнгөрөөдөг зангаараа дэгээ барьчихсан бургасаар тэнэж яваад найзынхаа ээжийг олж хардаг юм байна. Ээж ганцаараа байсангүй, бас нэг хүүхдийн аавтай. Ямархуу байдалтай харагдсаныг нь яриад юу гэхэв. Би ч хар гүйхээрээ найз дээрээ очоод үзэж харсанаа нэмэр хачиргүй ярьчихсан. Найз маань сонсож дуусгалгүй “худлаа ...” гэчихээд яваад өглөө. Оройхон найзын маань аавын дуу байраар нэг хадаж, ээжийнх нь нүд булуу болчихсон, харин найз минь уйлчихсан байгаа харагдсан юм. Үүнээс хойш найз маань надтай огт дугаралгүй нэгмөсөн нүүр буруулсан даа.        

Энэ оны арваннэгдүгээр сарын 28-аас эхлэн 250 000 илүү АНУ-ын албаны мэдээллийг интернэтээр цацсан ВикиЛикс сайт хэвлэл мэдээллийн ертөнцийн түүхэнд хамгийн том шуугиан тарилаа. Нэг нь л задрахад “үндэсний аюулгүй байдалд асар том аюул учруулна” гэж АНУ-ын засгийн газраас тодорхойлж байсан маш нууцын зэрэглэлтэй 11 000 баримт бичиг ч тэдэн дунд багтжээ. Энэ шуугианы эзэн Жулиан Ассанж өнгөрсөн долоо хоногт хүчингийн хэргээр Их Британий цагдаагийн газарт баривчлагдаж, америкчууд сая нэг амьсгаа авав. Хорвоогийн бүх эрчүүдийг ганц энэ хэргийн улмаас л яллах “бүрэн боломжтой” байдаг хойно хэрэг явдал жамаараа болжээ.

Нууц баримт бичгүүд нийтэд ил болсноор АНУ-ын Цэргийн тагнуулын алба болон бусад агентлагуудын хооронд мэдээлэл солилцох тал дээр хатуу арга хэмжээ авчээ. Тэр дундаа цахим хэлбэрээр хадгалагдсан нууц мэдээллүүдийг хянах шинэ арга бодож олох хэрэг гарав. Дэлгэгдсэн мэдээллээс үүдэн дэлхийн бусад орнуудын АНУ-д итгэх итгэл алдрахвий гэхдээ төрийн жижиг албан тушаалтнаас нь эхлээд төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон нь хүртэл бажиг авсан даа. 

ВикиЛиксээс хүн төрөлхтөн олон зүйл олж уншсан. Хойд Солонгосын удирдагч Ким Чэн Ир өнө эртний түнш, цорын ганц өмгөөлөгч Хятад нь улс орныг нь Өмнөд Солонгостой нэгтгэхээс сийхгүй явааг мэдэж авлаа. Буруу ишилсэн сүх шиг Ки Чэн Ир гомдохдоо цөмийн пуужингаа харваж ч мэднэ. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинэжад хөрш Арабын Нэгдсэн Эмират нь нүүрэн дээрээ инээд цацруулавч ар хударгаар нь АНУ-тай Тегераны цөмийн хөтөлбөрийн эсрэг төлөвлөгөө боловсруулж суусныг олж мэдэв. Ираны цухалдуу удирдагч үнсэнд хаягдсан шалз шиг үлдсэндээ уурлаад яаж ч мэднэ. Энэ бүхэн ямархан үр дагавар авчирахыг манай гарагийнхан амьсгаа даран хүлээж сууна. ВикиЛиксийн цацсан мэдээллүүд Хойд Солонгос, Иран гэлтгүй бусад улс орны ч түүхийг өөрчлөхүйц байсан юм.

Гэхдээ ил болсон нууцууд бүгдээрээ уршиг авчрахаар юм бас биш. Ухаан нь, Ливи улсын удирдагч Муаммар Каддафи шаргал үст украин сувилагч хүүхний зургийг хадгалж явдаг аж. АНУ-ын нэг дипломатч Ким Чэн Ирийг “үхээнц амьтан” гэж үздэг бол бас нэг дипломатч нь ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведевийг “утсан хүүхэлдэй” гэсэн байна. Их Британий залуу хунтайжууд өөд уруугүй хараал урсгадаг гэх мэт авгай хүүхний хов шиг олон “нууц” хүмүүсийн сонирхлыг татжээ. Цацагдсан мэдээлэл болгон манай гарагийн амгалан амьдралд аюул учруулахгүй. Харин бид “нууц” гэгчээ л зөв тодорхойлчихвол жинхэнэ нууцсыг хадгалахад хялбар болно гэдгийг ойлгож авлаа.

Сүүлийн хэдэн жилд АНУ-ын засгийн газар маш олон мэдээллийг нууцын зэрэглэлд багтаасан аж. АНУ-ын Мэдээлэл хамгаалалтын албаны судалгаагаар 1996 онд нууцад хамааруулсан баримт бичгийн тоо 105 163 байсан бол, 2009 онд 183 224 хүрч 75 хувиар нэмэгджээ. Үүнтэй шууд уялдаад тэдгээр нууцтай ажиллах, ашиглах хүмүүс нь даруй 10 дахин өсч, 1996 онд 5 685 462 байснаа 2009 онд 54 651 765 болсон байна. Нууц мэдээлэл гарт нь ороод ирэхээр “чулуу болгох” хүсэлтэй улсын тоо ч тэр хэмжээгээрээ өсөх нь тодорхой. Зөвхөн Пентагоны 630 000 хүн нууц мэдээлэлд нэвтрэх эрх мэдэл олгосныг АНУ-ын засгийн газар 2008 онд олж мэдэж байсан ажээ. Хэдий олон хүн нууц мэдээлэлд нэвтэрнэ төдий хэмжээгээр хянахад ч хэцүү болдог. Бас нууцын зэрэглэл нь ч утгаа алдана.

Жулиан Ассанжийн үйл ажиллагааг АНУ-ын засгийн газар асуудал болгон авч үзэхээсээ илүүтэй гайхшаа баржээ. Австрали гаралтай, бутач залуу дэлхийн супер гүрний нууцын авдарт яаж нэвтэрснийг ойлгосонгүй. Харин удалгүй Брэдли Мэннинг гэгч гарч ирсэн юм. Өдгөө 22 настай, Америкийн цэргийн тагнуулын мэдээний шинжээч Брэдли Мэннинг ноднин Багдад руу томилогдсон байна. Мань эр өнгөрсөн хавраас албан тушаалынхаа дагуу Дэлхийн тагнуулын холбооны систем, Интернет нууц протоколийн сүлжээнд нэвтэрчээ.

Брэдли Мэннинг 2009 оны арваннэгдүгээр сараас 2010 оны дөрөвдүгээр сар хүртэл Иракт алба хаахдаа 260 000 орчим мэдээлэл CD-RW дискэнд хуулж авсан аж. Түүнийг энэ оны таван сард баривчилсан бөгөөд цэргийн шоронд хоёр сар хорьсны эцэст АНУ-ын Цэргийн хуулийн 92 ба 134 зүйл ангиар хэрэг үүсгэжээ. Брэдлигийн гэм буруу нотлогдвол 52 жил хоригдох ял авах юм. Брэдли Мэннинг олж авсан бүх мэдээллээ ВикиЛикс сайтад өгсөн гэж мэдүүлсэн байна.

Уг сайтад тавигдсан мэдээлэл “хавтгай дэлхий”-н нэгээхэн хэсэг Монголд ч нөлөөлж эхэллээ. Монголын дипломат төлөөлөгчид 2009 оны наймдугаар сарын 11-ний өдөр Хойд Солонгостой хийсэн нууцын зэрэглэлтэй уулзалтын мэдээллийг тухайн үед ГХЯ-ны Азийн асуудал хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Ж.Сүхээг АНУ-ын тусгай албаныханд дамжуулсан гэдэг үндэслэлээр ТЕГ-ынхан шалгаж эхэлсэн сурагтай. Тэрээр өдгөө БНСУ-д Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамны зөвлөхөөр ажилладаг аж. Өнгөрсөн зун Монголд бас нэг зөвлөхтэй холбоотой хэрэг гарсан билээ.    

УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Ц.Жаргалсайханыг 2010 оны зургадугаар сард нэгэн бааранд ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтан Василий Лавреневтай хамт байхад нь баривчилсан юм. Тагнуулынхан Ц.Жаргалсйаханы гэр болон ажлын өрөөнд тагнах чагнах төхөөрөмж суулгаж, нилээд удаан мөрдөж шалгасны эцэст баривчилсан гэдэг. Түүнийг “УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн БНХАУ-ын Ерөнхий сайд Вэнь Зябаотой хийх уулзалт ярианы сэдвийг Василий Лавреневт дамжуулсан”, “Ерөнхий сайд С.Батболд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин нарын уулзалтын талаарх мэдээллийг бусдад өгсөн”, “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын талаарх мэдээлэл”, “УИХ-ын дарга  Д.Дэмбэрэлийн ОХУ-д хийх айлчлалын талаарх хөтөлбөр зэргийг дамжуулсан” хэмээн буруутгаж Эрүүгийн хуулийн 79.1 зүйлд заас­­наар “эх орноосоо урвасан” хэмээх ялын дүгнэлт хийжээ. Түүний ялыг хоёр ч шатны шүүхээр хэвээр батлаад байна.

Ц.Жаргалсайханы эцэг Д.Цахилгаан хүүгээ улстөрийн золиос боллоо гэж удаа дараа мэдэгдэж байсан боловч цаад учрыг нь хараахан дэлгээгүй байна. Монголд сүүлийн хорин жилд төрийн нууц задруулсан гэх хэрэг хэд хэд гарсны дотор хоёр хүн ял эдэлжээ. Тэд хоёулаа өөрсдийгөө дээрхийн адил “улстөрийн золиос” гэж үздэг. Мөн чухам яагаад улстөрийн золиос гэж үзэж буйгаа ч тайлбарладаг.

Монголын Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатар 2000 онд төрийн дээд байгууллагад хувийн өргөдөл бичжээ. Өргөдөлдөө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 1990, 1991 онуудад Бээжинд БНХАУ-ын тусгай албадтай уулзаж, ууж идэж, бэлэг сэлт авсан тухай баримтаар өгүүлээд, түүнийг шалгаж өгөхийг хүссэн байна. Ингээд УИХ-аас ажлын хэсэг байгуулжээ. Асуудал шийдэгдэлгүй нэлээд удааширч, Засгийн газрын төвшинд ч яригдах болсноор барахгүй энэ тухай мэдээлэл Хүмүүс сонинд хэвлэгдсэн юм. Сөрөг хүчин нь ч асуудлыг шүүрэн авч, асуудал улам даамжирсан нь мэдээж. Ингээд Ж.Баатарт “Ц.Нямдоржийг гүтгэсэн, нэр хүндийг нь унагасан. Ц.Нямдоржтой холбоотой 45 хуудас материалыг сонинд өгсөн” гэдэг үндэслэлээр долоон жилийн ял оноосон бөгөөд яллагдагч үүнийхээ гурван жилийг биеэр эдэлсэн байна. Энэ хэрэгт мөн УИХ-ын Л.Гүндалай холбогдсон ч тэс өөр шалтгаанаар Ганц худагт хоригджээ. Харин нийтлэлч Баабар “Нямдорж тагнуулч биш” гэж бичсэн хэргээр цагдаад дуудагдаж байлаа. Тэр үед МАХН дангаараа төр барьж байсан бөгөөд Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд болоод байсан юм.

Одоо олны анхаарлын төвд байгаа Б.Хурцын хэрэг 2003 оны тавдугаар сарын 18-25-ны өдрүүдэд үйлдэгджээ. С.Зоригийн хэрэг сонгуулийн ялалтыг шийдэх түлхүүр болчихоод байх үед Б.Хурц нарын тусгай албаны дөрвөн ажилтан уг хэрэгт холбогдуулан Д.Энхбат гэгчийг Францаас авчирсан юм. Ингэхдээ Д.Энхбатыг цохиж унагаад, ямар нэг шингэн уулган ухаан алдуулж Франц, Бельги, Германы нутгаар мэдэгдэлгүй авч явсаар Монголд авчирсан байдаг. Тухайн үед тусгай албаныхан сэжигтнийг Интэрполын шугамаар барьж ирсэн гэж ярьж байсан. Гэвч НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн хүрээнд хоригдолтой харьцах олон хэм хэмжээг ноцтой зөрчсөн болох нь Б.Хурцын хэргээр тодорхой боллоо. Гэхдээ Б.Хурцыг хэн зааж өгөв гэдэг өдгөө “төрийн нууц”-д хамаарч байна.

Харин Д.Энхбатын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Л.Санжаасүрэнгийн өмгөөллийн эрхийг 2004 онд зогсоосон бөгөөд улмаар “төрийн нууц” задруулсан хэргээр нэг жил зургаан сарын ял сонсгожээ. Л.Санжаасүрэн Монголын тусгай албаныхан хүн хулгайлсан, мөн сэжигтнийг эрүүдэн шүүсэн гэдгийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан юм. Түүнийг олон улсын хүний эрхийн “Эмнэсти интэрнэшнл” байгууллага улстөрийн хоригдол хэмээн үзэж суллахыг шаардсан удаатай.

Жулиан Ассанж баригдсан хэдий ч түүнийг “төрийн нууц”-ын холбогдуулан яллана гэдэг ярвигтай. Австралийн энэ хакер АНУ-ын төрийн нууцыг хариуцсан албан тушаалтан огт биш тул нууц хадгалах үүрэггүй этгээд. Тиймдээ ч тэр “Хүчин чармайлтынхаа үр дүнд өдөр бүр шинэ, баримттай мэдээллийг хоёр минут тутамд нийтлэж байгаа” хэмээн бардамнаж “АНУ-ын засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгслийг тандаж, хэтэрхий сүржин хандаж байгааг нь ойлгоход бэрх байна” гэжээ. Хэрэг явдал дөнгөж эхэлж байна. АНУ-ын албадын мэдээллэж буйгаар бол гол мөрдлөг Мэннинг дээр төвлөрөнө.

2001 оны есдүгээр сарын 1-нд АНУ-ын тусгай албад нууц мэдээллээ хуваалцаагүйн гайгаар ихээхэн хохирол амссан юм. Ингээд Төрийн дэпартмэнт Net-Centric Diplomacy мэдээллийн сан байгуулжээ. Уг мэдээллийн санд нууцад хамаарах мэдээлэл, баримт бичгүүд хадгалагддаг. Засгийн газрын агентлагууд өөрсдийн сүлжээгээр нэвтэрч төрийн нууц мэдээллийг авах боломжтой. Мөн ерөнхийлөгч асан Билл Клинтон 1995 онд улсын ерөнхийлөгчтэй нийлээд эрх бүхий 20 албан тушаалтанд нууцын зэрэглэл тогтоох эрх мэдэл олгосон захирамж гаргасан байна. Засгийн газрын олон албан тушаалтан нууцын ангилалыг тодорхойлох эрх мэдэлтэй болох хэрээр нууцын тоо болон тийшээ нэвтрэх эрхтэй хүмүүс ч нэмэгджээ. Улмаар нууц мэдээлэл хэт хавтгайрч хүмүүс тэр болгоныг “төрийн нууц” гэдэгт эргэлзэх болоод ирж. Яв явсаар АНУ-ын Засгийн газрын хамаг юмаа хав дардаг зан л “төрийн нууц”-ыг инфляцад оруулсан байна.

Уул нь Барак Обама бараг л энэ бүхнийг урьдчилан харжээ. Ажлаа авсан анхны өдрөө засгийн газар болон агентлагуудад үйл ажиллагаагаа илүү нээлттэй, ил тод явуулахыг сануулсан албан бичиг явуулсан юм. Ерөнхийлөгчийн гаргасан тушаалд зуу зуун мянгаар тоологдох нууцын зэрэг тогтоогчдыг баримт бичиг ангилах албан ёсны сургалтанд хамруулах шаардлага ч дурьдагджээ. Эдгээр ажлыг энэ оны сүүл гэхэд хэрэгжүүлж дуусахыг бас шаардсан. Гэвч Жулиан Ассанж төрийн хүнд суртлаас хавьгүй хурдтай байж, АНУ-г ганц сайн дөнгөлөө.

Арван нэгэн мянган маш нууц баримт бичиг нь дэлхийгээр нэг цацагдахад АНУ-ын засгийн газар нүүр хийх газаргүй болсон нь мэдээж. Адаглаад л хүн чанарын хувьд онцгүй зүйлс олон гарсан. Өөрсдөө ичихээ байг гэхэд манай гарагийн энх амгаланг ч бусниулж мэдэх нууц дэлгэгдлээ. Хамаг юмыг нууцад хамруулаад ирэхээр нууц юм үлдэхээ болих нь логикийн энгийн гаргалгаа. Харин одоо алийг нь нууц, алийг нь ил тод байлгахаа зөв шийдэж, засгийн газрынхаа үйл ажиллагааг сайжруулах нь Обамагийн чухал зорилго боллоо. Гадуур нь улаан бадааш өмссөн супермэний өмдний бөгс цоорхой бол өөрийнх нь асуудал. Харин улаан бандааш нь шувтраад унахад өмднийх нь цоорхойгоор өнөөх нь гараад ирвэл дэлхий нийтийн асуудал. 

Үндэстний ТОЙМ, №46, 2010.12.13
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn