Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
ДАЛАЙ ЛАМ, МОНГОЛ, ХОЙД ДҮР
2011 оны 11 сарын 1 [Уншсан тоо: 177548]
Өнөөдөр манай гариг дээр 3 000 орчим ренбүчи, нэжгээд Далай лам, Банчин, Богд  мөн олон тооны хувилгаан бий. Эд бүгд хүний төрөл зүйлд хамаарах боловч нэгэн насны амьдрал нь орчлонгийн жамаар төгсөхөд шашны замаар сүнс нь өөр биед “шилжиж төрдөг” онцгой төрөлтөн юм. Энэтхэгээс үүсэлтэй олон шашинд цэгцтэй номлол болтлоо хөгжсөн “хойд төрөл”-ийн тухай ойлголт хүний хүсэл тачаалыг илэрхийлдэг яруу сайхан гүн ухаан билээ. Хүний шуналаар түлхүүр хийсэн энэ номлол үхэхийн цагт хаяад одох хөрөнгө мөнгө, эрх мэдлээсээ чаргууцалдсан сэтгэлээс өөр агуулгагүй мэт өөрт санагддаг.

Ойрмогхон XIV Далай ламын хойд төрлийн талаар яриа гараад намжлаа. Ганц Далай лам гэлтгүй хүн бүхэнд ахиад ядаж ганц удаа эргээд хүн болж төрөхсөн гэдэг хүсэл бий. Харин Далай ламын хойд дүр бол Данзанжамцаас гадна улс төрийн өргөн агуулгатай юм.

Улстөр

Ландармаас хойш хаант улсын түүх нь замарсан Түвдийн ард түмэн мянга орчим жил теократ төртэй явж иржээ. Төр, шашныг хослуулдаг ийм институцийн толгойд хувраг сууна. Төрийн эрх мэдлийн төлөө хуврагууд хүч үзнэ. Шид амлан амь зуугчид өрсөлдөхдөө харин тарни шившлэг ашиглахын оронд зэвсэг агссан хүчтэй холбоотон хайж олоод нэгнийхээ эсрэг тавихыг эрхэмлэдэг байж. Газарзүйн байрлал болоод соёлын хувьд ойр монголчууд үүнд асар их хутгалджээ. Дэлхийн тавцанд оройлон гарсан Монголын хаадад нэгдсэн улсаа тогтоон барих үзэл суртал буюу шашин хэрэгтэй байсан нь түвдүүдтэй зууралдах шалтгаан болсон байх.

    Анх Гүюг хааны хүү Годон 1245 онд түвдийн шашны сажава урсгалынхантай холбоо тогтоосон түүхтэй. Үүнээс хойш гармавагийнхан Мөнх хаанд тал олсон бол Хубилай 1261 онд сажавагийн Пагва ламыг Улсын багшаар өргөмжилжээ. Монголчуудын ивээлд орсон урсгал Цастын орондоо зонхилдог уламжлал дундад зуунаас ийн эхлэв. Гармавагийн тэргүүн 1253 онд Хархорум хотноо Хубилай, Аригбөх нартай уулзахад нь хар малгай өгөөд буцааж. Малгай авсан ч тамгагүй хоцорсон гармавагийнхан хожим Тогоонтөмөр хааны ивээлийг олжээ. Их Монгол улс задарсан хойно ч Түвдийн улстөр монголчуудаас шалтгаалдаг хэвээр байсан бөгөөд Түмэдийн Алтан хан 1578 онд гэлэгвагийн Содномжамцад “Далай лам” цол олгон, монголчуудын төрт ёсны бэлгэдэл-тамга бэлэглэв. Хэрэг дээрээ түвдүүдэд төрийг илэрхийлэх титэм, хаан сэнтий мэтийн ойлголт байгаагүй бөгөөд “тамга” хэмээх монгол үг түвд хэлэнд ингэж орсон байна. Мөн энэ цагаас шарын шашин гэгдэх гэлэгвагийнхан Түвдэд эзэн суужээ.
           
Хойд дүр

Энэтхэг соёлын хөрсөнд ургасан буддын шашинд хувилгаан дүр анхнаасаа чухал үүрэгтэй байсан. Харин түүхэн хүнийг “дахин төрүүлэх”-ийн ашиг тусыг түвдүүд гярхай олж харжээ. Хаан ширээгээ хүүхэддээ залгамжлуулдаг язгууртан бус хатуу чанд сахилтай хувраг захирдаг нийгэмд хойд дүр бол эрх мэдлийг үе уламжлан барих сайн механизм юм.

    Түвдэд хойд дүр тодруулах явдал эх захаа алдаж өнөөгийн манай бөөгийн хэмжээнд хүрчээ. Ямартаа ч гэлэгвагийн ёсыг үндэслэгч Богд Зонхов “Миний хойд дүрийг бүү тодруулаарай” гэж захисан аж. Шавь нар нь багшийнхаа үгийг өнөө хэр чандлан дагаж яваа ч Зонховын аав, ээж гэх мэтээр түүний садан төрлүүдийн хойд дүрийг бараг бүгдийг нь тодруулсан гэхэд хилс болохгүй. Мөн анх “Далай лам” цол хүртсэн Содномцамж өөрийн биеийг Далай ламын гуравдугаар дүрээр зарласан бол өөрөөс нь даруй 69 жилийн өмнө аж төрж асан Гэндэндүв анхдагч нь болжээ.   

    Шарын шашныхан XVII зуунд монголчуудын шууд оролцоогоор Түвдийн төрийн эрхэнд гарч үе үеийн Далай ламаараа дамжуулан төр барьсаар 1959 онтой золгосон байна. Хойд дүр тодруулах тусгай шалгуур хийгээд комисс маягийн юм байдаг ч хэрэг гарвал хаанаас ч, хэнийг ч гаргаад ирж болдог нэгэн зүйл улстөрийн тоглоом болжээ. Ухаандаа, III Далай лам Алтан ханы ачийг хариулахын сацуу, цаашдын зорилгоо бодолцож Монголд төрсөн байдаг. Үүнээс ч сонин жишээ бий. V Далай лам Лувсанжамцын нас барсаныг түүний Ерөнхий сайд Санжаажамц 15 жил нууж, талийгаачийн өмнөөс Манжийн Энх-Амгалан хаантай харилцжээ. Бүтэн 15 жил хаагуур, юу хийж явсан нь үл мэдэгдэх Далай ламын сүнс эргэж төрсөн төдийгүй одоогийн XIV Далай лам өөрийгөө V Далай ламын хойд дүр гэдэгт итгэл төгс явдгаа зарладаг. Дээрхийн гэгээнтэн мөн 1992 онд Энэтхэгийн The Times of India сонинд “Буддын шашны уламжлалаар миний хойд дүр гагцхүү Түвдээс өөр газар төрөх ёстой” хэмээн ярьсан нь ч бий.

Үүрэг гүйцэтгэгч

Хэдий ахин дахин төрөх шидтэй боловч эхийн хэвлийд олдохоос аваад үхэж дуусдаг хүний биеийг олдог учир Далай ламууд төрмөгцөө төрийн хэрэг удирдаж чаддаггүй. Иймээс улаан цурав удирдагчийг ухаан суух хүртэл Түвдийн эрх мэдлийг атгах субьектийн хэрэгцээ гарна. Гэлэгвагийнхан үүнийг дорх нь шийдсэн ба тэр нь Банчин лам билээ. Анхны амьд Банчин лам шарын шашныхан төр атгасан XVII зуунд төрсөн байх нь зүй. Бусад дүрүүдийг харин түүх хөөн урагшлуулж тодруулжээ.

    Гэлэгвагийн ёсоор Банчин лам нь Далай ламын ард эрэмбэлэгддэг бөгөөд нэг нэгнээ соёрхон батлахын дээр эзгүй буюу хараахан нас биед хүрээгүй цагт нь төрийн тамгыг атгана. Онолын хувьд ийм боловч түүхэн бие хүмүүс нь хоорондоо таарамжгүй эсвэл нэгнээ үгүйсгэсэн явдал ч бий. Ялангуяа X Банчин богд, XIII Далай лам хоёр сүм хийдийн татварын асуудал дээр ам мурийж, 1923 онд Банчин лам Монголыг зүглэн гарсан боловч зорьсон газарт нь төр, шашныг зааглачихсан байжээ. Ингээд Хятадын хойд нутгаар “аялж” явахдаа Гоминьданы засагтай харилцаа тогтоосон байна. Гучаад онд Монголд ардын бослого гарах үеэр түүнийг Дундад иргэн улс ашиглах гэж оролдсон ч явдал гарсан.

    Хожим Түвдийг хятадууд эзлэхэд XIV Далай лам Энэтхэг рүү зугатан гарч, харин X Банчин лам нутагтаа үлдсэн байна. Түүнийг долоон жилийн дараа Хятадын шоронд хорьж байгаад 1977 онд суллан Бээжин хотноо гэрийн хорионд суулгажээ. Тэрбээр “гэртээ суусан” боловч хятад эхнэр авч охинтой болсон нь гэлэгвагийн ёсонд харш явдал юм. Түүнийг 51 насандаа 1989 онд жанч халснаас зургаан жилийн дараа XIV Далай лам хойд дүрийг нь тодруулсан гэдэг ч Хятадын засгийн газар бас нэг зургаан настай хүүг XI Банчин ламаар зарлажээ. Далай ламын тодруулсан хүү эцэг эхийн хамт ор сураггүй алга болсон ба түвдүүд өдгөө Хятадын Банчин богдыг “хуурамч Дамбийжаа” гэж үздэг.    
               
Геополитик

Монголчуудын эзэгнэлийн үе дуусахад Түвдийн өндөрлөг тусгаар улс болсон гэхэд болно. Гэхдээ Мин династи анхаарлынхаа гадна орхиогүй нь мэдээж. Төрийн хэрэгт нь шууд оролцохгүй боловч гэлэгвагийн тэргүүн лам нарт элдэв дээдийн цол хэргэм хайрласан нь чамгүй. Олонх судлаачид Мингийн үед Түвд түүний нэг хэсэг байгаагүй гэдэг дээр санал нийлдэг. Харин манжууд Төв Азийн голлон тоглогч болсон үеэсээ Дэлхийн дээврийг ихэд сонирхон, шарын шашныг монголчуудыг номхтгох зэвсэг болгон ашиглаж эхэлснийг Баабар Монголчууд: Нүүдэл, суудал номдоо тодорхой өгүүлсэн буй. Мөн Зүүн гарыг дарах гол багаж болгосон тухай Д.Дашбадрах Монгол-Түвэдийн улс төр, шашны харилцааны түүх судалгааны бүтээлдээ түвд хэл дээрх олон сурвалж ашиглан харуулсан байдаг.

    Хятад, Энэтхэгийн дунд орших энэ орныг XX зууны эхэнд Greet game-ийн хүрээнд Орос, Их Британи хоёр зэрэг сонирхож эхэлсэнээр европчууд Түвдийг илүү мэдэх болжээ. Манжийн Чин династи суларсанаар түвд, хүн сарлаг хоёр амьдрах боломжтой гэж яригддаг нутгийн зүг хөршүүд нь хараа хандуулсан юм. Өдгөө Египетэд Монголы улсыг төлөөлөн суугаа Элчин сайд Д.Баярхүү “Түвдийн газар орны байршил, залгаа нутгууд нь Хятадтай илүү ойр дөт байх ёстой атал тиймгүй, харин урагшаа барууншаа Энэтхэг, Балбатай нягт харилцаатай явж ирсэн нь түвдчүүд зам харилцаагаа хааш нь чиглүүлж түлхүү хөгжүүлсэн, шашнаа хаанаас авч ямар хэмжээнд хөгжүүлж чадсан зэргээс үүдэлтэй, нөгөө талаас Энэтхэг Сиккимээр дамжин Түвд хүрэх стратегийн ашигтай зурвастай байсны үр дүн... Тэгэхээр Түвдийн геополитикийг англи-энэтхэгчүүд тодорхойлж иржээ гэсэн үг. Тэгвэл ДИУ-д ч, БНХАУ-д ийм давуу байдал байсангүй” гэжээ.

    Харин Хятадын эх газарт эрх мэдлээ тогтоомогцоо Мао Зэдун Энэтхэгтэй шууд хиллэж ашиг сонирхлын зурвасаа тэлэхээр шийдэн 1959 онд теократ төртэй феодалын улсад эзэн суув. Мөн оны гуравдугаар сарын 10-нд Түвдэд бослого гарсан ч дорхноо дарагдсан төдийгүй тэмцэл толгойлогчдын олонх нь Хятадын коммунист намын боловсон хүчин болсон юм. Тэдний нэг, цагтаа XIV Далай ламын томилсон Батлан хамгаалахын сайд асан Наваан Жигмэг Хятадын төв хэвлэл хожим “Хятадын бага үндэстнээс тодорсон авъяаслаг удирдагч” гэж тодорхойлж байлаа.    
              
Энэтхэг

Өдгөө Энэтхэгийн Химчал Парадэш мужийн Дарамсала хотод XIV Далай лам болон Түвдийн дүрвэгсэд голлон суудаг ба Түвдийн төв захиргаа гэх цагаачлалын засгийн газар маягтай байгууллага тэнд үйл ажиллагаа явуулдаг. Ж.Неру Дээрхийн гэгээн тэргүүтэй цагаачдыг нутагтаа орогнуулах 50 жилийн гэрээ хийсэн нь хоёр жилийн өмнө дууссан байна. Гэхдээ Энэтхэгийн засгийн газар гэрээний хугацааг онцлон авч үзсэнгүй бололтой. Хүйтэн дайны үед Энэтхэг улс коммунист Хятадтай хилийн маргаанаас үүдэн хоёронтаа буудалцсан бөгөөд үүнээс хойш Түвдийн дүрвэгсэд Энэтхэгийн гол хөзөр болжээ.

Хүйтэн дайн өнгөрсөн ч нөхцөл байдалд онц өөрчлөлт гарсангүй. Стратеги судлалын хүрээлэнгийн дэд захирал О.Машбат “Бүс нутагтаа зах зээлийн багтаамжаараа энэ зэрэгцэх Энэтхэг, Хятад хоёр сөргөлдөхгүй гэхэд өрсөлдөнө. Мөн энэтхэгчүүд Хятадын баруун бүс нутаг тэр дундаа Түвд, Шинжаанд хөрөнгө оруулах сонирхолтой байгаа. Гэхдээ энэ асуудал хятадуудад халтай” гэдгийг хэлж байна.

Энэ бүхнээс илүү Монголд хандах Энэтхэгийн байр суурь сонирхол татдаг. Монголд Ардчилсан хувьсгал ялж, шүтэн бишрэх эрх чөлөө сэргэсэн тэр жил Энэтхэг Монголд суух Элчин сайдаараа Бакула ренбүчи хэмээх Ладакийн хувилгааныг томилсон нь 10 жил манайд суусан билээ. Тэрбээр устаж үгүй болсон шарын шашныг Монголд сэргээсний дээр цагаач түвд лам нар Монголд олноор ирэх их замын шанг татжээ. Өдгөө Улаанбаатарт Ладак мужийн харьяаны Бэтүб  хийд үйл ажиллагаа явуулж байгаа.  

Хятад

Олон улсын тавцанд Хятадыг ганцаардуулах Америкийн гол зэвсгийн нэг нь XIV Далай лам болсоор ирсэн билээ. Харин теократ уламжлалаа өнөө хэр дээдлэдэг түвдүүдийг дуулгавартай байлгах ганц асуудал Хятадын толгойн өвчин. Шулуухан хэлэхэд хятадууд өнөөг хүртэл түвд лам нарыг хүч хэрэглэн тогтоож байгаа юм. Гэхдээ тэдэнд өөр нэг арга бий. Дэлхийн том шашнуудын омгийг дардаг ганц асуудал, бага насны хөвүүдийг эмлэх явдал түвдийн шашинд эртний үзэгдэл. Үүнийг баримтжуулаад хорвоогоор нэг цацахад л өөрийгөө шатаасан түвд ламын төлөө маани хэлж суусан хүн тэднийг адгийн муугаар хараах нь гарцаагүй.

    Дээрхийн гэгээний баталдгаар хятадууд өөрийнх нь үхлийг отон суугаа бөгөөд өмнөх аргаараа хойд дүрийг нь тодруулж аваад асрамжиндаа оруулчихна. Тэр цагт XV Далай лам коммунист үзэл номлох нь зайлбаргүй. Хятадын Засгийн газар сүүлийн жилүүдэд Түвдэд хөрөнгө оруулах нь эрс нэмэгдэж, тэр хэрээр ард түмнийх нь сэтгэл ахуйгаа дагаад аажим боловч эргэжээ. Улам бүр хүчээ мэдэрч буй Хятад ганц Монгол гэлтгүй бусад газарт ч XIV Далай ламыг хөл тавиулахаа больж буй нь саяхан Өмнөд Африк түүнд виз өгөөгүйгээс тод харагдлаа. Цагийн эрхэнд Дэрхийн гэгээн тэргүүтэй Энэтхэг дэх түвд дүрвэгсэд бүрэн тусгаар тогтнол гэдэг санаанаасаа нэгэнт няцжээ.

    Монголчууд XIV Далай ламыг шашны хувилгаан гэдэг утгаар хүлээн авдаг боловч түүнд 1990 онд Нобелийн Энхтайвны шагнал олгосон юм. Улс төрчдөд энэ шагналыг олгодог юм гэвэл Дээрхийн гэгээн маань бусад хүнд итгэл бишрэлийн зул биш улстөрчийн төрхөөр харагддаг нь ойлгогдоно.

Түвдийн төв захиргаа

Цагаач түвдүүд засгийн газрын статустай гэж ойлгогдох байгууллагадаа доромж нэр өгсөн мэт. Гэхдээ “Түвдийн төв захиргаа” гэдэг нэрийг Ж.Неру бодож олсон ч байж мэднэ. Өнгөрөгч зун XIV Далай лам улстөрийн үүргээ Харвард төгссөн Лувсан Сэнгээ гэх залууд шилжүүлсэнээ мэдэгдэв. Одоо л тэрбээр монголчуудын хардаг тэр байр суурин дээр ирлээ. Гэхдээ Түвдийн төв захиргаа цагаач болоод нутагтаа суугаа түвдүүдийн хувьд үнэ цэнэгүй зүйл болж хувирав. Дэлхий нийт огт танихгүй, ямар ч нөлөөгүй, бас огт нэр хүндгүй, америк боловсролтой залуугаар толгойлуулсан засгийн газар нь хаа сайгүй байж л байдаг цагаачдын төрийн бус байгууллагын хэмжээнд хүрлээ.

    Бүтэн 52 жил дэлхийн тавцанд амжилттай улстөр хийж ирсэн Данзанжамц яагаад ийм шийдвэр гаргасан нь тодорхойгүй байна. Харын сэтгэлээр бодвол Энэтхэгийн Засгийн газар л ийм алхам руу шахсан болов уу. Улсынхаа дотор улстай, тэр нь хэзээний өстэй Хятадтай нь ам хэлээ ололцоход гол саад болж байгааг энэтхэг хүн олж харахгүй байв гэж үү?!

    Дарамсалад идээшсэн цагаач түвдүүд гэлтгүй дэлхий дахинд гэлэгвагийн нөлөө аажим буурч, гармавагийнхан тэдний байрыг эзлэх болжээ. XIV Далай лам түвд хүний хувьд тусгаар тогтнолынхоо төлөө амиа өргөх цор ганц шалтгаан нь байсан. Одоо чухам юундаа залбирч, хэндээ итгэж өөрийгөө амьдаар нь шатаах билээ. Мөн өнгөрсөн зууны сүүлээр Энэтхэгт амьдарч буй гэлэгвагийнхан дотроо хагаралдан цус урсгасан явдал ч Далай ламын нэр хүндийг цагаач нарын дотор үлэмж унагасан юм.

Түншилт

Үндэсний шуудан сонин дээр XIV Далай ламын хойд дүрээр есөн настай монгол хүү тодорсон тухай жижиг хэмжээний нийтлэл өнгөрсөн сард гарч, www.news.mn сайтад тавигдсан. Тус нийтлэлд нийт 227 сэтгэгдэл үлдээсний бараг 90 хувь нь сөрөг хандлагатай байна. Нэг үгэндээ монголчуудын олонх нь Далай ламдаа алсаас мөргөөд л суухыг хүсдэг бололтой. Дээрх мэдээлэл гарснаас тав хоногийн дараа Дарамсалад түвдийн шашны голлох дөрвөн урсгалын тэргүүн болон уламжлалт бон шашны төлөөлөгч оролцсон 11 дэх удаагийн зөвлөгөөн болжээ. Энэ үеэр XIV Далай лам өөрийн хойд дүрийг 90 нас хүрээд зарлана гэж мэдэгдсэн байна. Харин Үндэсний шуудан сонинд хэвлэгдсэн мэдээллийн талаар тодруулсан сурвалжлагчийн асуултад Далай ламын нарийн бичгийн дарга “ор үндэсгүй зүйл” гэдэг хариу өгчээ.

    Одоо ийм мэдээлэл хаанаас олсоныг нь сэтгүүлч Х.Түвшинтөгсөөс асуух л үлдэв. Гэхдээ нэг таамаглал байна. Нийтлэлч А.Баатархуягийн аравдугаар сарын 11-д www.baabar.mn сайтад тавигдсан Үндэсний үзэл ба панмонголизмын шинэ боломжууд нийтлэлд “Хятадын хувьд Монголын шашны нөлөө маш том асуудал болж хувирлаа. Далай лам залгамжлагчаа Монголоос тодруулсны дараа бүр ч төвөгтэй болж байна” гэсэн нь буй. Хүсвэл тун ханатай анализ хийдэг нийтлэлч яагаад XIV Далай ламын байр суурийг огт сонирхсонгүй вэ?  Хариу нь хажууханд байгаа мэт. Анхнаасаа эвсэх нь тодорхой байсан МАХН, МҮАН хоёр үндсэрхэг үзэл нэвт шингэсэн амлалтаар ирэх сонгуульд орох нь нэгэнт тодорхой харагдаж байгаа бөгөөд А.Баатархуяг тэдний байр суурин дээр зогсоог бодолцъё. Зарим монгол хүний сэтгэлийг хөдөлгөж, ихэнхийх нь дургүйг хүргэсэн энэ мэдээлэл МАХН, МҮАН хоёроос гарвалтай, сонгуультай нягт холбогдох түншилт байсан байж болох нь. Санаа нь ард түмнээс дэмжлэг авах эсэхийг шалгадаг шалгарсан энэ технологи Америкаас үүдэлтэй. Үүний нэг жишээ нь цөмийн хаягдлын асуудал байсан билээ. Бид хариуг нь өгсөн, Ерөнхийлөгч маань рейтингээ өсгөөд авсан.

    Хэнээс ч эхтэй байлаа энэ мэдээ ердөө түншилт байсан. Бид зохих хариуг нь өглөө. Монголчууд улам бүр ухаажин хэрсүүжиж яваад баярлууштай. Монголын хүний саруул ухаан улам тэлэх болтугай.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив