Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хорьдугаар тогтоол
2011 оны 12 сарын 20 [Уншсан тоо: 89306]
Чоно ба долоон ишиг
-    Тог тог...
-    Хэн бэ?
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд,
-    Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ гэж майлалдаж гэнэ.
Чоно “Гайгүй ээ, та нарыг дээ” гэж үглэснээ хүнсний мухлаг руу харайлгажээ. Мухлагаас тэр түүхий өндөг авч уугаад дуугаа шингэрүүлж гэнэ. Чоно эргэж очоод хаалгыг нь тогшиж,
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэж шингэн дуугаар хэлжээ...

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, өдгөө хүн төрөлхтөн шударга гэж үзэж буй тэр зарчмаар ширээнээсээ ширвүүлчихсэн Н.Энхбаяр дуугаа шингэрүүлж, савраа сольчихоод байн байн хаалга тогшиж байна. Түүний мэх түмэн янз. Мартсан бүгдийг сануулахаас аваад мартаагүйг ч замхруулах гэнэ. Саяхан Н.Энхбаярын Зууны мэдээ сонинд “Зэсийн үнэ унавал Хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтай ярилцлага гарлаа. Харин Монголбанкны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Лхагважав огт ийм зүйл яриагүй гэдгээ батлахын сацуу “...Гэхдээ миний бодлоор хэн нэгний эрх ашигт нийцээд байсан учраас “Мөнгөний ханш унана” гэсэн цуу яриаг тараасан болов уу гэж бодож байна. Сонгууль, улс төртэй ч холбоотой байж магадгүй. Ард түмний санаа сэтгэлийг сандраах, “пааник”-т оруулах гэх мэтээр...” гэж хэлээд ажлаа өгөхөөр өргөдөл гаргаснаа хэлжээ.

Н.Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үзэхээр Монголд биш тамд төрчихжээ гэмээр сэтгэгдэл төрдөг болоод удаж байна. Гэхдээ амьдрал сэтгэгдэл бол биш. Бид урагшилж л явна. Н.Энхбаяр хэдий буддын шашинтан ч Шамбалын дайнд оройлох Майдар бус, нүглийн ихийг ухамсартайгаар үүрч яваа байдаг л нэг улстөрч. Эх болсон зургаан зүйл амьтны нэгд төрсөн тэрбээр сул иргэн болоод хоёрхон оныг үдэж байна.    

Сэтгэлд хоногшсон тогтоол

1991 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ын Засгийн Газрын 20 дугаар тогтоол гарчээ. Засгийн газар тогтоолынхоо төслийг Улсын Бага Хурал (УБХ)-д урьдчилан танилцуулж, тухайн асуудлаар УБХ хаалттай хуралдаан хийсэн байдаг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоол нийт 18 заалт, хоёр хавсралттай юм.

    Өнгөрсөн 20 жилд Монголын Засгийн газар түг түмэн тогтоол гаргасан ч ганц үүнийг монголчууд өнөө хэр санаж явдаг. Олсоноосоо илүү алдсанаа санаж явдаг хүний сэтгэхүйн онцлог байж ч мэднэ. Сэтгэхүйн талыг нь орхиод хар баримт харъя.

“Аваанз” гэж яриад хэвшчихсэн цалингийн урьдчилгаа буусны маргааш бүх юмны үнэ хоёр дахин нэмэгдчихээр хэнд ч хүнд тусна. Иддэг хоолных нь талыг “Хорьдугаар тогтоол” аваад явчихсан шүү дээ. Тэр үед хүмүүсийн гар дээр 742 сая төгрөг эргэлдэж байсан гэдэг Монголбанкны тооцоо байна. Олсон хэдэн цаасаа гудсан доороо дарж хэвтсэн хүн бүхэн гомдсон. Голдоо ортол гомдсон. Дээрх тоонд банкны хадгаламж багтахгүй харин байгууллагын кассын мөнгө оржээ.

Ардчиллын буяныг анхлан хүртэгч-ганзагчдын гар дээрээ хадгалж байсан бэлэн мөнгө үүнд өртсөн. Тэд маань бүүр их гомдсон. Тэдний хөрөнгө энгийн иргэд амьддаа ч хараагүй тийм их бэлэн мөнгө байсан. Хадгаламжийн дэвтэртээ 50 000 төгрөөс мөнгөтэй бүх хүний доорх газар цөмөрсөн. Гэхдээ хамрах хүрээ нь харьцангуй бага, ердөө л 651 хүн. Харин хөрөнгө мөнгийг үзэн ядагч нийгэмд 50 000-аас дээш төгрөгтэй улсын олонх нь нийгэмд нөлөөтэй хэсэг нь байжээ. Товчхондоо дарга даамлууд, тэр дундаа улс төрийн шийдвэр гаргагчид. Хэдэн дарга л даа. Харин хоёрхон хүний хувьд галав юүлэх шиг санагдсан байх. Мань хоёр саяас дээш төгрөгийн хадгаламжтай байж. Чухам хэн гэдгийг нь мэдэх учиртай БНМАУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэр хэлсэнгүй. Гэхдээ Ардын уран зохиолч Л.Түдэв, Дархан аварга Х.Баянмөнх, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гэх мэт хүмүүсийн нэр олны дунд явдаг.

Бас нэг хэсэг нь үүнийг мартах учиргүй. “Иргэдээс банкинд хадгалуулсан мөнгөний үлдэгдлийн 10 000 төгрөг хүртэлх хэсгийг 2 дахин нэмэгдүүлж, зөрүүг улсаас нөхөн олгох” заалт тус тогтоолд орсон юм. Иргэдийн ихэнх нь энэ индекст хамаарч байсан тул хэдэн цаас нь хоёр нугарсан. Гэхдээ “...мөн, бүх төрлийн барааны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифыг 2 дахин нэмэгдүүлэх” учир дүндээ дүн. Өнгөц харахад Манай цэцэрлэг тоо заасан гэдэг хүүхдийн дуу шиг энэ тогтоол Уяхан замбативийн наран адил уртын урт шалтгаантай.   

 Нэг шалтгаан


Тухайн үеийн Монголд Зөвлөлтийн 110 000 цэрэг бас дээр нь 20 000 мэргэжилтэн байжээ. Тэд төгрөгөөр цалинжина. Зөвлөлтийн нэг мэргэжилтэн дэлхийн жишгээр цалинжих ба багцаагаар 9 000 төгрөг. Монголчуудын гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний бараг дөрөвний нэгтэй тэнцэх атлаа Монголбанкнаас гадуур явах учир энэ мөнгө огт хяналтгүй. “Орос ах нар” монгол төгрөгийг Ленинградын Гознакад хэвлээд бидэнд авчирч өгнө. Чухам хэдий хэмжээний төгрөг хэвлэсэн, манайд ажиллаж байгаа иргэддээ хичнээнийг нь цалин болгоод тараасныг мэдэх монгол ганц ч үгүй.

    Хятадтай тохироо хийсэн М.Горбачев 1988 онд Монголоос цэргээ гаргахаа зарлав. Хойтонгоос нь орос цэргүүд нутгийн зүг жолоо заллаа. Д.Бямбасүрэн ажлаа аваад улсынхаа балансыг харахад Монгол 1990 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 3.3 тэрбум төгрөгийн барааны нөөцтэй байсан аж. Харин хоёр сарын дараа энэ нөөц 1.6 тэрбум төгрөгийн болтлоо хорогджээ. Эндээс Д.Бямбасүрэн хар авсан гэнэ. Монголчуудын гар дээр байгаа бэлэн мөнгөнөөс хоёр дахин их бараа хаашаа алга болсныг тагнуулын шугамаар шалгуулав. Орос цэргийн цувааны зэвсэг гэсэн хаягтай вагон ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа гэх мэт Монгол импортоор авдаг бүхнээр дүүрчээ.

    Зөвлөлтөөс коммунизм тийш дуудсан марш сонстохоо болиод удаж байлаа. Барааны хомсдолоо шийдэхийн тулд чанамал хиамныхаа 30 хувийг шар буурцгаар дүүргэдэг болоод бүр уджээ. 1989 онд Эрхүү, Ангарск хоёрт хүнсний талоноор нэг удаа 1 кг мах, 300 гр цөцгийн тос, 1 кг саахар, нэг шил архи авч байжээ. Ийм нөхцөлд бууны оронд хүнс авч яваа оросуудыг хүнийх нь хувьд ойлгож болно. Гэхдээ өөрсдөө хоосон хоцорч болохгүй. Зөвлөлтийн Элчингийн Монголбанкинд байх Тусгай төгрөгийн 111 дүгээр дансанд тухайн үед 400 гаруй сая төгрөг хуримтлагдчихсан байсан нь манай эдийн засгийн бараг 1/10 тэнцэх аж. Зөвлөлт хэвлэсэн төгрөгөө цацахаар зэхсэн бололтой. Ийм нөхцөлд барааныхаа нөөцийг авч үлдэхийн тулд цалин тэтгэвэр болоод барааныхаа үнийг хоёр дахин нэмчихсэн аж.

Нөгөө шалтгаан 

Социализмыг сайжруулах зорилготой эхэлсэн ерэн оны жагсаал гуравдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн Зөвлөлтийн өр зээл, Зөвлөлтийн хараат байдлын талаар хөндөх болжээ. Үүнээс хойш Зөвлөлт монголчуудад их жихүүн ханддаг болсныг “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” хочтой явсан Д.Бямбасүрэн дурсаж сууна.

    Ерэн онд манай импорт экспортоосоо 130 хувиар давчихсан байжээ. Монгол гадаад худалдааныхаа 85 хувийг Зөвлөлттэй, 10 хувийг СЭВ-ийн орнуудтай хийж ирж. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага СЭВ 1990 оны аравдугаар сарын 25-нд таржээ. Ингээд Зүүн Европын орнууд өөрийн эрхгүй цаашаа хараад суучихлаа. Монголд ганц Зөвлөлт үлдэв. Гэтэл 1990 оны 12 дугаар сарын 26-нд ЗХУКН ТХ-ны Улстөрийн товчооны хурлаар Монголын тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг хуралд Гадаад яам, КГБ хоёр нь материал бэлдэж өгсөн байдаг. Хурлаас “Маш нууц 79/13” гэх тогтоол гаргасан. Ингээд тэр сарынхаа 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гараад манайтай хийж байсан бартерийн худалдаагаа бүрэн зогсоов. Улмаар мөн оныхоо арванхоёрдугаар сарын 31-нд бүх хилээ хаагаад авлаа.  

    Нефтийн үнэ унасан, архины эсрэг кампани явуулсан дээр нь Чернобылийн аюулыг арилгах болон Афганы дайнд асар их зардал гаргасан Зөвлөлтийн эдийн засаг 1986 оноос суларч эхэлсэн юм. Улс орноо зах зээлд оруулахаар ерэн оны намар эхлүүлсэн “500 өдрийн хөтөлбөр”-ийнхөө хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Мөн тэр намартаа Зөвлөлтийн Дээд зөвлөл тогтоол гаргаад Засгийн газартаа гадаад орнуудад зээл тусламж үзүүлэхийг бүрмөсөн хорив. 

     Одоо монголчууд өөрсдийгөө тэжээх, тэр дундаа дэлхийн зах зээлтэй халз тулаад гиперинфляцид өртсөн посткоммунист ертөнцийн хувь заяаг туулах учиртай болжээ. Чухам энэ үед үндэсний валютынхаа худалдан авах чадварыг хоёр дахин унагаж инфляцийн цохилтыг тэр хэрээрээ багасгах эдийн засгийн арга хэрэглэсэн байна. Гиперинфляци ид оволзож байхад ийм алхам хийснээ Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд нэгэнт унаад эхэлсэн эдийн засгийн явцыг урьдчилан харсны үндсэн дээр төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах үүднээс барааны үнэтэй хамт нэмсэн гэж тайлбарлалаа. Харин Д.Бямбасүрэн арай хялбараар “Их түймрийн өмнөөс тавьсан бага түймэр, түймрийг цурманд оруулах монгол ухаан” хэмээн ойлгууллаа.
     
Өөр шалтгаан

Дашийн Бямбасүрэн 1976 оны хоёрдугаар хагасаас Үнэ стандартын хороон дарга болжээ. Бараа таваарын үнэ ханшийг тогтоох институцийг олон жил толгойлсон хүний хувьд тэрбээр үнийн талаар өөрийн бодолтой үлдсэн байна. Ямар ч байсан социализмын материал техникийн бааз байгуулж явна гэж хөөрч байхдаа Монгол үнийн системгүй, зөвхөн татаац дээр тогтож байж. 1990 онд түүнийг Ерөнхий сайд болоход улсын төсөв 4.4 тэрбум төгрөг, түүнийхээ 1.7 тэрбумыг үйлдвэрийн алдагдал хаахад зориулж байсан аж. Бүх юм хатуу үнэтэй гэхдээ бүгд татаацтай, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр хүртэл татаацтай. Ийм нөхцөлд чөлөөт үнэд орвол гиперинфляцид орох байж. Д.Бямбасүрэн үүнийг алсаас тайлбарлав.
Египет, Сири хоёр 1973 оны аравдугаар сарын 6-нд хавсайдан Израил руу дайрч 18 хоногийн дараа ялагдаад дууссан энэ явдлыг “Арван сарын дайн” гэх нь бий. Арабын хоёр улс Галоны өндөрлөгт жүүдүүдэд балбуулж байхад ОПЕК-ийн орнууд Израйлыг дэмжигч АНУ болон Баруун Европын улсуудад нефть экспортлохоо зогсоов. Ингээд удалгүй, баррель нь гурван ам.доллар байсан нефтийн үнэ 12 болтлоо өсчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон иргэддээ шатахуун хэрхэн хэмнэх тухай зааж байхад Зөвлөлт Баруун Европ руу гаргах нефтээ үлэмж нэмж суулаа. Ингээд 1980 он гэхэд зөвлөлтүүд дэлхийн зах зээл дээрх нөлөөтэй тоглоч болов.   

Үүнийг ашиглаад Зөвлөлт социалист орнуудад өөрийн нөлөөг нэмэгдүүлэх үүднээс үнийнхээ системд оруулж, дэлхийн зах зээлээс салгах бодлого явуулсан гэж Д.Бямбасүрэн үзэж байна. Мөн энэ үеэс социалист системийн үнэ, санхүүгийн хямарч эхэлсэн гэв. Хуучин социалист орнууд хоорондоо наймаа хийхдээ тав таван жилээр үнээ тохирдог байж. Гэтэл 1976 оноос эхлээд жил бүр үнээ тогтоодог болсон байна. Тэгтэл экспортын хэдхэн бараатай Монголыг зөвлөлтүүд “Та нар үнээ битгий өөрчил. Бид буцалтгүй тусламжаар үнийн зөрүүг хаая” гэжээ. Гэхдээ урьд нийлүүлж байсан барааг хуучин үнээр, харин шинэ бол тухай бүрд нь үнээ тохирно гэж. Бас урьд нийлүүлж байсан барааны жижиглэнгийн үнийг дотооддоо барь гэдэг хатуу үүрэг өгсөн байна.   

Гэтэл оросууд тракторынхаа нэг үсгийг өөрчлөөд урьд 4 000 ам.доллар байсныг 14 000 ам.доллароор оруулж ирдэг болсон аж. Нэг барааныхаа өнгийг сольчихоод л шинэ бараа тул үнийн зөрүүг нь хаахгүй гэнэ. Ингээд 1976-1980 онд Монголын үнийг хамгаалах нэрээр 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж өгчээ. Харин 1981-1985 онд буцалтгүй тусламж бус 1.1 тэрбум шилжих рублийн зээлээр манай үнийн зөрүүг хаалаа гэх болжээ. Чухам юуг, яаж хаагаад байгаагаа монголчуудад огт тайлбарлахгүй. Энэ мэтээр явсаар Монгол дэлхийн зах зээлийн үнээс салж, Зөвлөлтийн дотоодын үнэ рүү орж эхэлсэн байна. Бүр Зөвлөлтийн үнийн системд оръё гэдэг санал манай талаас гарч, энэ талаар Зөвлөлттэй ярьж тохир гэсэн боловч Д.Бямбасүрэн таг чиг явсаар 1984 онд ажлаасаа хусагдаж барилгын салбар руу хөөгджээ.

Ингэсээр бүх талаар Зөвлөлттэй ойртон нягтарч явсан Монголын үнийн систем 1980-аад оны дунд үе гэхэд бүхэлдээ эвдэрсэн байна. Бүх барааны бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ даваад гарчихжээ. Ийм гажиг нөхцөлд Хорьдугаар тогтоолыг гаргасан байна. Жижиглэнгийн үнэ бөөний үнээ давчихсан байсан тул ингэж хоёр дахин нугалсанаар үйлдвэрүүд нэг муухан амьсгалаад байх боломжтой болно гэж үзэж. Цалин тэтгэвэрээ нэмээд, үнээ өсгөчихөөр жижиглэнгийн үнэ бөөний үнээс дээшээ гарна.

Д.Бямбасүрэн нарын тооцоогоор барааны өөрийн өртөг 47 хувь өсөх байсан нь 0.1 хувийн ч алдаа гараагүй гэнэ. Ингээд монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон Хорьдугаар тогтоолын ачаар манай улс хямралыг Зүүн Европын орнуудтай харьцуулбал 5-6 дахин бага инфляцитай давсан. Харин Аугаа СССР-ийг өвлөсөн Оростой харьцуулахад 40 дахин бага инфляцитай гарсан ажээ. Мөн үндсэн хөрөнгийн үнийг нэмээгүй байсан болохоор өмч хувьчлал ч үүнд асар их нэмэр оруулсан гэдгийг Да.Ганболд тэмдэглэж байсан юм.
 
Бас бус явдал

Хорьдугаар тогтоолын нууц задарч, хувийнхаа хэдэн төгрөгийг аварч үлдэх улмаар арвижуулах гэсэн оролдлого ч гарчээ. Засгийн газрын нэр бүхий гурван гишүүн, мөн УБХ-ын дөрвөн нөхрийг энд нэрлэж болох юм.

    Харин сонгууль сонгуулиар МАХН Д.Бямбасүрэнг гиперинфляци эхлүүлсэн гэж хүмүүст ойлгуулдаг, ардчилсан хүчин төрд гарвал дахиад л ийм болно шүү гэж айлгах дуртай. Уул нь түүний энэ алхмыг гадаадын эдийн засгийн сурах бичигт оруулчихсан юм билээ л дээ. Аж үйлдвэржсэн мундаг орнууд нуран унасан инфляцийг монголчууд аюул багатай давсан түүх ийм. БНМАУ-ын сүүлийн Ерөнхий сайдын албыг хашсан Дашийн Бямбасүрэн гэх буурал эр үүрэгт ажлаа өгөөд ажин түжин суусаар хорин жилийг үджээ. 2009 онд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр...”-ийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Чингис хаан одонгоор шагнасан юм.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив