Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Манай хужаа нар
2012 оны 2 сарын 20 [Уншсан тоо: 111181]
Хужаа олон. Судлаачдын тооцоогоор дэлхий даяар тэд 40 саяд хүрдэг. “Хуацяо” буюу хужаа нь хятад цагаач гэдэг утгатай. Хонконг, Макаогийн уугуул хятад байсан ч харьд очоод хужаа л болно. Монголд 2011 оны наймдугаар сарын 5-ны байдлаар БНХАУ-ын харьяат 29 340 байсны 1 948 нь удаан хугацаагаар сууж байгаа улс аж. Хужаа гэж ойлгож болно. Харин албан хэргээр Монголд суугаа гадаадынхны 80 хувь нь хятадууд байгааг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын мэдээнээс үзлээ. Товчхондоо, Монгол улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 28.1 хэсэгт заасанчлан “Монгол улсад оршин суух үнэмлэх” бүхий хятад хүн манай хужаа болох юм.

Дэлхийн хужаа


Хан үндэстэн арилжаа наймаагаар далай тэнгисийг гаталж эхэлсэн цагаас хужаа нарын түүх эхэлдэг. Тэдний нэг, Мин улсын алдарт аялагч Хэ Жэ (Zhen He)-ийн тухай монголчууд түүх шаштиртаа дурьдсан нь ч бий. Харин зургаан зууны дараах хятад “аянчид”-аас дэлхий жийрхэх болжээ. XX зуунаас асар хурдтай өндийсөн, шороон түмэн хүнтэй, тэр чинээгээрээ өсч үржихдээ хурдан Азийн ард түмнээс эмээсэн “шар аюул” гэдэг томъёоллыг хужаа нарт хамаатуулан ойлгох нь зөв.

Хятадын уламжлалт ойлголтоор аль улсын иргэншилтэй байх нь онц биш, харин өвөг дээдсийнх нь гарал угсаа чухал. Тиймээс хятад хүн хужаа нарыгаа амьдралын эрхээр харьд одсон төрлөө гэж үзнэ. Хужаа нар нь ч тэгж сэтгэнэ. Үүнийг газар сайгүй байх хэдэн зууныг элээсэн ч хэл, соёл, уламжлалаа өнөө хэр хадгалсан “чайнатаун”-аас бэлхэнээ харж болно. Мөн 1983 онд Монголоос явсан 2 300 гаран хужааг нутагтаа очиход хятад хүн эх орондоо эргэн ирлээ хэмээн Засгийн газрын хэмжээнд хүлээн авсныг ШУА-ийн ОУСХ-ийн Хятадын секторын эрхлэгч Л.Бэгзжав ярьсан юм. Гуулин хөгжимтэй угтаад зогсохгүй заримыг нь Цагаачдын их сургууль (Хуа цяо да сүэ)-д сургаж мэргэжил эзэмшүүлсэн байна. Хэдэн үе өнгөрөөгөөд очсон ч хужаа нар энэ мэт хүндлэл хүлээнэ.

Энэ хорвоогийн хаана ч суудаг байлаа хужаа нар эх нутагтайгаа холбоотой. БНХАУ-д хужаа нараа судалдаг сайн дурын холбоо, нийгэмлэгээс гадна төрийн байгууллага ч бий. 1970-аад оны сүүлээс Хятадын засгийн газар цагаач иргэдтэйгээ холбоотой бодлого явуулж, хууль баталж эхэлжээ. Уг хуульд мөнөөх хятад хүн дэлхийн хаана ч байсан эх орон нь Хятад улс гэдэг уламжлалт ойлголтыг хуульчилсан байна. Энэ хууль “Эх орондоо эргэж ирэхдээ зөгий цэцэгсийн балыг үүрэндээ цуглуулахын адил тухайн газарт буй шинжлэх ухаан-технологийн ололт, мэдлэг туршлагыг авчирч нэвтрүүлэх” заалттай гэж Л.Бэгзжав сонирхууллаа. Хятадын үсрэнгүй хөгжлийн нууцыг хужаа нартай нь холбон тайлбарлах явдал түгээмэл байдгийг бодолцвол хууль нь сайн хэрэгжиж байгаа бололтой.  

Хужаа нараас Монгол гэлтгүй дэлхий эмээдэг. Ихэнх нь эрчүүд учир хүн амыг эрлийзжүүлдэг, цуглуулсан хөрөнгөө тухайн орондоо оруулдаггүй, хэл-соёл нь огт өөрчлөгдөлгүй хятад хэвээрээ үлддэг. Мөн хаа газрын хужаа нар триад хэмээх мафитайгаа нягт холбоотой учир хар тамхи, авилгыг цэцэглүүлдэг. Гэхдээ энэ бүгд төдийлөн айдас хүргэх зүйл биш. Гол нь хужаа нар хаа ч очсон орчин нөхцөл голохгүй, хамгийн бага цалингаар бүтээмжтэй ажилладаг. Иймээс дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр хятад ажилчид эрэлт ихтэй. Харин тэд нэгэнт тухайн орны хилийг давсан л бол нутагших магадлал өндөр. Энэ бүгд үнэндээ бол давуу чанар. Энэ гаригийн аль ч үндэстэнээс хавьгүй илүү амьдрах чадвартай хятадууд бусаддаа муухай бас дээр нь аюултай санагддаг. Гэвч тэд тийм ч “муухай” улс биш. 1997 онд People сэтгүүлээс нэрлэсэн дэлхийн царайлаг 50 хүний нэг, Гейшагийн дурсамж зэрэг олон кинонд тоглосон Мишэл Йео Малайзын хужаа шүү дээ.         
                     
Монголын хужаа     

Дэлхийн олон хужаагаас Монголын хужаа “хужаа” гэж дуудуулдгаараа ялгаатай. Гэхдээ мэдээж өөрийн түүх цадигтай. Зүүнгарынхантай тулалдаж байсан Манжийн цэргийг хүнсний ногоогоор хангах зорилготой ногоочин хятадууд 1725 оноос Монголд суурьшиж эхэлсэн гэж олон судлаач үздэг. Үүнээс хойш Цайны зам даган хятадууд орж ирэх болсныг “Монгол дахь гадаадын иргэдийн асуудал” илтгэлд өгүүлжээ. Монголын хужаа нарын 70 хувь нь Шаньси, үлдсэн нь Бээжингийн угшилтай гэдэг нь Луугаруудын түүх номд бий. Олон сурвалжаас харахад Шинэ засгийн бодлогоос хойш Монгол газар хятадууд олноор суурьшсан байна. 1906 онд “Хятад иргэдийг Монголд нүүлгэх товчоо”-г Бээжинд байгуулжээ. Өмнө нь ангамал говийг давалгүй ширгэж байсан хужаагийн урсгал төрийнхөө зассан шуудуугаар хангай тийш урсах болов.

Синьхайн хувьсгал гарч, монголчууд тусгаар тогтнолоо зарлах үед Хүрээнд 30 000 орчим хужаа байсныг Ц.Батбаяр Олноо өргөгдсөн Монгол улсын гадаад харилцаа бүтээлдээ дурьджээ. XX зууны эхэн үеийн Монголд байсан хужаа нарын тоо тодорхойгүй ч гадны хүмүүсийн тойм төдий хэдэн тоо үлдээсэн байна. Жишээ нь, Азийн морин дивизийн штабын дарга М.Г.Торновский 1920 онд Хүрээнд 25 000-30 000 хятад, дээр нь 12 000-15 000 гамин цэрэг байсан гэж тооцсон аж.  



Гэнэт ирсэн Барон Унгерн гамингаас Монголыг чөлөөлснөөр хоёр жилийн дотор тэд 8 000 болтлоо буурсан гэдэг. Гэхдээ энэ бүхэн яг таг баримт хараахан биш. Харин 1925 онд болсон БНМАУ-ын II хурлын баримтад “Хятадын харьяат 28 118... үүнээс Улаанбаатарт 23 919” гэсэн байна. Хужаа нар Бароноос хойш борооны дараах мөөг шиг үржсэн бололтой юм. Хэзээнээсээ дотор хүмүүст дургүй монголчууд Зөвлөлтийн сургаар тэднээс салахын түүс болж, зөвлөлтүүд ч хятадуудын худалдаа арилжааг гартаа оруулахыг хичээлээ. Үүний дүнд хужаа нарын тоо илтэд буурсан байна. 1922 оны Гадаад, дотоодын хүн амын бүртгэлээр Нийслэл Хүрээний нэг ангид 4825 эрэгтэй, 18 эмэгтэй хужаа тоологдсон бол ердөө 11 эмэгтэй байжээ. Хүрээний монгол эрчүүдийн дийлэнх нь лам атлаа эмэгтэйчүүдээсээ тоогоор бага байсан тул Ванлий, Тоохуар, Янлинхуар, Юндэн гөөгөө (хятадаар: ах буюу залуу эр) төрөх нөхцөл бүрджээ.   

Гадаад явдлын яам 1926 онд “Тус улсын дотор суугаа гадаад улсын харьяат нарыг дагуулан авах тухай тогтоосон дүрэм” батласнаар олон жил Монголд суусан ба монгол эхнэртэй хужаа нарыг цагаачаар бүртгэж эхэлжээ. Гэсэн ч тэр бүрийг бүртгээд байгаагүй бололтой. Х.Мэндсайхан Монгол улс дахь гадаадын иргэдийн харьяаллын асуудал бүтээлдээ “Дундад улсын иргэн Ху Гу Шань монгол эмэгтэй Долгортой ханьцан суусаар 61 нас хүрсэн... төрүүлсэн хүүхэд 6 бас хөрөнгө малын татварыг өгсөөр...” атал түдгэлзсэн хариу авсан баримтыг оруулсан байна. Харин 1929 онд БНМАУ хятад худалдаачдын монголчуудаас авах өрийг хүчингүй болгох шийдвэр гаргаснаар хужаа нар олноороо нутаг буцжээ.

Үүнээс хойш 1945 онд нэлээд тоогоор Монголд орж ирсэн аж. Гэхдээ 1949 онд БНХАУ байгуулагдаж, манай хоёр орон социализмаар жигүүрлэсэн он жилүүдэд хятад ажилчдын тоо эрс нэмэгдэв. Ю.Цэдэнбал, Мао хоёр хэдхэн жилийн дараа нэгнээ үзэхээ болихоо огт мэдэлгүй Монголыг Хятадын ажиллах хүчнээр дэмжих хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингээд 1955 оны тавдугаар сард эхний ээлжийн ажиллах хүчин ирсэн юм. Монголчууд өөрсдийгөө “Орос, Хятад хоёр ахтай” хэмээн ярьж байх цагт манай нийслэл орос, хятад, монгол гурван хэлээр хаягждаг байсныг Улаанбаатар хотын музейд очоод үзэж болно. Хоёр ах маань хоорондоо муудалцахад Улаанбаатарын ихэнхийг барьсан хятад ажилчдыг манайх хөөгөөд гаргав. Тэднээс бараг хүн үлдээгүй гэдэг.

Маймаачин буюу одоогийн Ботаник хавийн хужаа нарын үр сад тавь жараад оны үед Урт цагаан, Усны гудамжаар төвлөрч байгаад Улаанбаатар хотжихын хэрээр хойш түрэгдсээр одоогийн Хоёр, Гурван буудал орсон бололтой. Соёлын хувьсгалын үеэр тэднээс нэлээдийг нь бас нутаг руу нь хөөж, өнөө хужаа нар ч зүгээр явалгүй үймээн гарсан гэдэг. Үүнээс хойш хужаа нар албан ёсоор ажил хийлгүй амьдарсаар наяад онтой золгожээ. Хужаа нар одоогийнхоор бол хувиараа бизнес эрхэлдэг байсан ч тухайн цагт тэр нь хориотой байлаа. Бас олонх нь мөрийтэй тоглож нийгэмд нэмэргүй байсан аж. 1983 онд нам засаг хужаа нарыг Сэлэнгэ, Төв аймагт очиж газар тариалан эрхэл, тийш явах замын зардал зэргийг хариуцана гэсэн ч олонх нь нутаг буцах шийд гаргасан байна. Гэтэл Монголд суугаа БНХАУ-ын Элчин сайд манай Гадаад яаманд хандан манай иргэдийг хөөлөө гэх утгатай нот гардуулсан байдаг. Үүний хариуд манай Гадаад яам бас нэг нот бичсэн нь Үнэн сонины 1983 оны долдугаар сарын 7-ны дугаарт хэвлэгджээ. Хужаа нар бүгд гараад явчихсангүй, 2250 хүн үлдсэн гэдэг тоо олж үзсэн.

Ардчиллаас хойш наяад онд гарсан хужаа нар эргээд ирсэн. Монгол  тэдний төрсөн нутаг л даа. Гэхдээ тооны хувьд бараг хоёр дахин нэмэгдээд ирсэн аж. Бас бүгд буцаад ирчихээгүй. Монголчууд Бээжинд очихдоо буудаг Жангумэн зэрэг хэд хэдэн буудлыг манай хужаа нар эрхэлдэг. Монголын хужаа нар Хятадын цагаач иргэдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгтэй, ил гараад байх нь үгүй ч үйл ажиллагаа нь сайн гэнэлээ. Юутай ч www.runsky.com сайтаас өнгөрөгч 10 дугаар сарын 1-нд Элчин сайдын яамандаа төлөөлөл нь цуглан баяраа тэмдэглэж, эх орноо магтан дуулсан гэдэг мэдээ олж үзлээ. Дэлхийн оронд болгонд шахуу Наадам, Цагаан сараа хийдэг манай хэдээс ялгаа юу байхав.

Монголчууд хужаа нарт дургүй. Зөвхөн эдэнтэй тэмцэх зорилготой гэх сүрхий нэртэй, багт наадмынх шиг өмсгөлтэй залуус бий. Биднээс хавьгүй эрт нийгэмшиж, нэгдэж нягтрах, амин зуулга залгуулах лут ухаантай хужаа нарыг үнэндээ манай шалдан банди нар байтугай нь зогсоож дийлэхгүй. Харин хятад хүн гэж хэн юм бэ гэдгийг сайн судалмаар санагдана. Ядаж Муухай хятад гэдэг номыг олоод орчуулчихсан. Манай хятад судлаачид биеэ барьсан, үгээ цэнэсэн улс байх юм. Хятадын хөрөнгөөр сурсан, тэдний мөнгөөр хоолоо залгуулж байж элдэв юм ярих нь ядаж л хүн чанарт муухай л даа. Харин төрөөс Хятад судлалд хөрөнгө хаямаар юм билээ. Хужаа нарыг бид хөөгөөд явуулж болохгүй, нүүгээд холдож чадахгүй шүү дээ.    

Төгсгөл

Дэлхийн аль ч гүрэнд цагаач бий. Тэдний олонх нь хужаа. Малайз, Таиланд, Индонезид тус бүр 7 сая гаран хужаа суугаа бол Америкт 3.7 сая, харин дэлхийн хаалттай улсын нэг Кубад 114 242 хужаа байгаа гэнэ. Манай албан ёсны тоогоор Монголын хужаа нар манай хүн амын 1 хувьд хараахан хүрэхгүй байгаа ч амьдрал дээр асар өөр тоо гарна гэдгийг уулзсан хятад судлаачид нэгэн дуугаар баталж байлаа. Аль өнгөрсөн зууны хориод оноос хужаа нарыг цөөрүүлэх ажлын гараагаа эхлүүлсэн Монголын төр 100 жил өнгөрсөн ч тэдний тоог яг таг мэдэхгүй л явна. Умард Хятадын ардын дуунд “Чийрэг монголчуудаас айж Циньши Хуанди Цагаан хэрмийг босгов” гэж дуулдаг гэнэлээ. Өдгөө хужаа нараас дэлхий болгоомжилдог болжээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn