Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улс төржүүлэхийн утга
2012 оны 4 сарын 2 [Уншсан тоо: 40593]
Улстөрчид бол хүний адаг. Би ингэж боддог. Аливаа асуудлыг улс төржүүлбэл замхрах нь хялбархан байдаг. Бид үүнийг мэддэг.

Долоодугаар сарын 1-ний хэрэгт холбоотой Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарын шүүх хурлыг хийх гэж Монголын шүүх аргаа барж сууна. Харин тэр өдрийн үймээнд оролцсон нэрээр цагдаа нар дөрвөн хүнийг буудаж алаад, 800 орчмыг нь хомроглон баривчилж, 200 гаранд нь Эрүүгийн хуулийн нэг зүйл ангийг тулган, гялалзтал ялласан.

Тэр өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Онц байдал тогтоох тухай 194 дүгээр зарлигаа гаргажээ. Онц байдлын тухай хуулийн 5.3-т “Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч Онц байдал зарлах тухай зарлиг гаргана” гэдэг заалт бий. Бүрэн эрх нь дуусгавар болоогүй УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хөдөөгийн тойргуудаар “санал луйвардах” ажилтай явсан болохоор ийм л гарц байжээ.  Хуулийн дагуу л ажиллаж. Харин өдгөө мань эр “С.Баярын шахалтаар” зарлиг гаргасан гэх болсон, улс төржүүлж байгаа юм.



Онц байдал тогтоох дээрх зарлигийн 9 дэх заалт ёсоор тухайн үеийн ХЗДХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Онц байдлын штабыг толгойлжээ. Тэрбээр мөн л дээрх хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8-д заасны дагуу томилогдож, хуулиар онцгой бүрэн эрх эдэлсэн аж. Гэхдээ онцгой эрх билээ гээд хүн алахыг хуулиар огт зөвшөөрөөгүй. Харин ч мөнөөх хуулийн 5 дугаар бүлэг тэр чигтээ “Онц байдлын үед иргэдийн эрх, эрх чөлөөг хязгаарлах хүрээ”-г зүйлчилж өгсөн байдаг. Онц байдал нэрээр аль таарсанаа нохой шиг бууддаг ёс соёлт хүний нийгэм, тэр дундаа хүмүүнлэг, ардчилсан баримжаатай манайд үгүй. Харин “...хүний эрх, эрх чөлөөний хязгаарлалт нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү  шүүлт  тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон Үндсэн хуулийн заалтыг үл хөндөнө” гээд тэр хуульд дурайтал биччихсэн байгаа. Шүүх хуралд гэрчээр дуудагдсан Ц.Мөнх-Оргил гэтэл “шүүх хурлын дараа ярих юм бий” гэж сэтгүүлч нарт “жоороо” гайхууллаа. Хуульд зааснаас өөр юу ч гаргаж ирээд хэнд ч нэмэр боломгүй юм. Улстөржүүлэх гэж байгаа ёр нь, зайлуул.

Сүхбаатарын талбай буюу үймээн болсон талбар бүхэлдээ ил харагдахаар сууцны ганц байшин бий. Тэнд Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярынх амьдарч байсан аж (одоо байгаа эсэхийг бүү мэд). Түүний хүүгийн гар утсаар хийсэн бололтой бичлэг youtube сайт дээр тавигдсан. Тэндээс харвал цагдаа нар аль таарснаа хүссэнээрээ зодож нүдэх нь тодхон үзэгддэг. Цагдаагийн эрхэм дарга нарын асуудал бүр эндээс эхлэх учиртай. Онц байдлын хуулийг зөрчсөн үйлдлийг баримтжуулсан залууг харин цагдаа дуудаж уулзсан гэдэг. Тэдэнтэй нүүр тулсан хүн дахиад өөр хүнтэй нүүр тулахаас айдаг болчихдог тул тэр залуу ааваасаа өөр хүнтэй лав ахин “нүүр тулаагүй” биз. Аав нь асуудлаа “улс төржүүлж” ядаж явахад хүү нь “улс төр”-тэй хутгалдах яагаад ч сайн зүйл бус.

Дөрвөн хүн буудуулж үхсэн. Хурц гэрэлтэй, гялгар хар машинаар хөөж байгаад Нэгдүгээр эмнэлгийн гудманд буудсан. Эмч нар үүнийг ярьсан. Буудуулаад амьд үлдсэн Ж.Батзаяа ч цагдаа буудсаныг нотолно гэсэн. Онцгой байдлын тухай хуулийг зөрчин, албан тушаалаа хэтрүүлсэн цагдаагийн дарга нар шүүгдэх ёстой. Цагдаагийн дарга нар зөвшөөрөл өгч, үүрэг болгоогүй бол жирийн цагдаа хаанаас буу, сум аваад “хүн агнаад” явах билээ. Үймээнийг далимдуулаад “мэргэжлийн хүмүүс” хүн буудаж тоглосон гэж ойлгуулахаар оролдож нэг үзсэн. Машины давхил дунд чоно алж хийморио сэргээдэг монгол эрсийн хэн нь ч эрхийг нь өгчихвөл ямбий тэргээр ч хамаагүй хөөж яваад хүн буудах уул нь юухан байхав. Одоо болохоор өмгөөлөгч нар нь ялын зүйлчлэл буруу гэдэг шалтгаанаар Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Улс төржүүлэх гэж оролдож байгаа нь царай нь.

Дэлхийн II дайны дараа 1945 оны 11 дүгээр сарын 20-ноос 1946 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл Гитлерийн Германы хуучин удирдагч нарыг Нюрнберг хотноо Олон улсын цэргийн шүүхээр шүүсэн. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг зэрэг дөрвөн зүйлээр буруутгагдсан 22 хүнээс магадгүй ганц нь ч өөрийн гараар хүн алаагүй байх. Гэхдээ тэд жүүдүүдийг хомроглон утсгахаас аваад хүнтэй хүмүүн бусаар харьцах бүх үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан улс. Ядахдаа тийм эрх мэдэлтэй явсан. Тэднээс 12 нь цаазын ял сонсож, гурав нь гэм буруугүй болох нь тогтоогдсон юм. Цагдаагийн дарга нарын хэрэг үүнтэй тун төстэй. Тэднийг хүн буудсан хэргээр шүүх гээгүй юм шүү дээ. Дотоодын цэргийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “Монгол Улсын цагдаагийн төв байгууллагын дарга нь дотоодын цэргийн дарга байна” гээд заачихсан байгаа. Тэгэхээр Ч.Амарболдыг өмгөөлж асан өмгөөлөгч О.Алтангэрэл улстөржүүлэхийг л оролдож.           

Сүхбаатар дүүргийн Шүүх танхимд болсон хурал түргэн тусламж дуудсанаар өндөрлөж, сэжигтнүүд даралт ихэссэн шалтгаанаар Сэхээн амьдруулах тасагт хоргодсон. Эцэстээ өөрсдийн хүсэлтээр урьдчилан хорих газар руу явцгаасан. Цагдаа уул нь хууль сахиулах үүрэгтэй. Хуульд заагаагүйг үйлдсэн эсэхийг нь шалгаад шүүгээд үнэн мөнийг нь тогтооё гэхээр шүүгчийн өөдөөс “салаавч” үзүүлээд таахалзах юм. Эхнэр хүүхэд, ар гэрийнхэнд нь мэдээж хэцүү байгаа. Энэ бол хүний ёс. Цагдаагийн эхнэр бүү хэл хүн алчихсан гэдэг нь эргэлзээгүй нотлогдсон залуугийн эх, эмээ хоёр саяхан Нийслэлийн шүүхийн үүдэнд өлсгөлөн зарласан. Улс төржүүлбэл ялаас мултарч болно гэдэг ойлголт нийгэмд нэгэнт тогтжээ.

Өмгөөлөгч гэж мэргэжил бий. Өмөөрөх гэдэг үйл бий. Цагдаагийн дарга нарын өмгөөлөгчид үүргээсээ татгалзлаа. Хэргийг хэрэгсэхгүй болгох эсвэл улс төржүүлж замхруулах тактик эхнээсээ барьсан тэд өөрсдөө шүүхэд дуудагдав. Гэсэн ч өмгөөлөгч нар очихгүй гэнэлээ. Харин цагдаагийн ар гэрийнхэн өмөөрсөн хэвээрээ. Яамны сайд нь цаад нөхцөл шалтгааныг нь хөөж олох хэрэгтэй гэдэг шаардлага тавьж байгаа. Эд хогшил, хүний амь хоёрыг нэг жин дээр тавихаас гадна бүр асуудлын эхлэл дээр очихыг зөвлөжээ. Шударга ёсыг хуулиар тогтоохоос бус улс төржүүлээд, улмаар цааш нь филисофижуулбал эцэстээ энэ хэргийн эзэн тодорхой л доо. Ухаан нь нэг иймэрхүү, согтуугаар хүн алсан нөхөр хамаг буруугаа архины үйлдвэр рүү чихээд, архины үйлдвэр цаашаа водканы орцыг бодож олсон Д.И.Менделевийг заагаад, эрдэмтэн харин эцэг рүүгээ явуулаад, эцэг нь аав руугаа гүтгээд... Ингэсээр эцэстээ Бурхан л буруутна. Гэвч Бурхан хууль зохиодог болохоос Бурханд хууль үйлчилдэггүй юм даа.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn