Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэргүүн хатагтайн сургууль
2012 оны 4 сарын 10 [Уншсан тоо: 46536]
Монголд 329 сум бий. Сум болгон шахуу сургуультай. Харин сургууль бүхэн захиралтай байх нь гарцаагүй. Захирал мэдээж эхнэртэй. Захирлын эхнэр хэн ч байлаа сургуулийн тэргүүн хатагтай болдог “номтой” аж.

Өнгөрсөн зууны наяад онд Эвлэлийн илгээлт өвөртлөөд хөдөөг зорьсон багшийн дээдийн дипломтой хоёр залуу өдгөө сумын сургуульд эзэн суужээ. Хүүдээ мэргэжлээ өвлүүлээд дэргэдээ татаж авчраад сургуульдаа багшлуулчихна. Боловсролын хууль ёсоор хөдөө таван жил ажилласан багшид зургаан сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж гээд хоёр сая орчим төгрөг зүгээр өгч байхад алдвал “нүгэл” болно.

Сумын сургуулиуд багадаа 120, ихдээ 800 орчим хүүхэдтэй ч багшийн хүрэлцээ муугаас нэг багш нэлээд хэдэн хичээл заачихна. Тэр бүрийнхээ цалинг мэдээж авна, шударга хэрэг л дээ. Байгалийн шинжлэх ухаанд хамаатай бүхнийг нэг хүн, нийгмийн шинжлэх ухааныхыг бас нэг багш гэх мэт. Сумын сургууль дунджаар 9-10 багштай. Бага, дунд, анхлах ангийн багш бүгд нийлээд шүү дээ. Захирлын эхнэр монгол эмэгтэйн уламжлал ёсоор нөхөртөө асар нөлөөтэй тул үнэндээ сумын сургуулийг захирна. Сургууль тэрчигтээ захирлын эхнэрийн ба нөгөө тал гэж хоёр хуваагдана. Бэрээ хаанаас сургуулийн гадна үлдээв гэж, багшийн дипломгүй байлаа ч ажилд авчихна. Ядахдаа цаас хайлчилж наах мэтийг хүүхдэд заагаад байж дөнгөнө шүү дээ, насанд хүрсэн хүн чинь. Захирлын бага охин жилийн жилд шилдэг сурагчаар шалгарахгүй юм бол ёстой алдас болно.



Ерөөс сумын төвийн цөөхөн хүн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, тамгын газартаа ямар нэг байдлаар алба хашна. Төрөөс төсөв авдаг таван байгууллага нь эд аж. Харин энэ таваасаа хамгийн их төсөвтэй нь сургууль. Багцаагаар сумын даргаасаа 2-3 дахин их мөнгөний мэдэлтэй. Хөдөөгийн сургууль хойно дотуур байртай. Үүнд л төсвийн дийлэнх зориулагдсан байдаг. 2010 оны статистикаар манай улсын хэмжээнд нийт 119 588 хүүхэд дотуур байранд суужээ. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлаар тооцогдох сургуулиудын төсөв харилцан адилгүй ч захирал бүхэн хувийн машинаараа ижилсэнэ. Хүүхдүүд тэжээж байгаа хойно мах, гурилаас өгсүүлээд юм бүхэн л хэрэгтэй. Жишээ нь, Булган аймгийн Хутаг Өндөр сумын сургуулийн өнгөрсөн жилийн төсөв 800 гаран сая төгрөг байжээ. Эдний дотуур байр 200 хүүхэдтэй гэнэлээ.

Амьдрал дээр сумын засаг даргатайгаа хэл амаа ололцдог сургуулийн захирал үнэндээ ховор. Төсвийн мөнгөний нэр захирал дээр ч сумын даргын гарын үсгээр гүйлгээ хийдэг аж. Өнгөрдөг хэдэн жилд Завхан аймгийн сумдын засаг дарга нар солигдох тоолондоо сургуулийн захирал, цэцэрлэг, соёлын төвийн эрхлэгч нараа солиод байсан даа. Учир нь ердөө л төсөв. БСШУЯ төсвөөрөө НХХЯ-ны ард ордог болохоор сумын засаг дарга эндээс л овоо хэдэн төгрөг “зохицуулах” боломжтой. Зарим тохиол шиг нөхөр нь сумын засаг дарга, эхнэр нь сургуулийн захирал бол ёстой нэг лус баясгана даа. Гэхдээ 2013 оны нэгдүгээр сараас сумын төсвийн бүх эрх мэдэл засаг даргад очно. Тэр цагт эдний эв найрын эхлэл тавигдана.

Захиралд орлогын өөр ч суваг бас бий. Өөрийнх нь хүүхэд, хүргэн, бэр нь биш бол ажилд авахдаа адаглаад идэшний үхэр харна. 2005 онд Архангайн нэг сумын захиралд 150 литр айраг, 150 000 төгрөг өгч байж сая ажилтай золгожээ. Одоо энэ ханш суманд 500 000-д хүрчээ. Эрдэнэтийн жишгээр бол багш ажилд орохдоо 1-2 саяыг өгдөг байна. Ерөөс бүх нийтийн практикийг харах юм бол эхний гурван сарын цалинтайгаа тэнцэх хэмжээний хахууль өгдөг жишиг тогтжээ. Туршлагатай захирлууд залуу үедээ “Төрд ажиллаж байгаа хүн өөрийгөө мартаж болохгүй шүү. (Төсвийн) 80 хувь төрд, 20 хувь өөртөө байх хэрэгтэй. Харин “тэрэн” шиг 20 хувь төрд, 80 хувийг нь өөртөө авч болохгүй” гэж сургах нь үнэнхүү шударгуу сонсогдоно. Үүн дээр албан бус сургалт нэрийн дор сургуульд суугаагүй малчдын хүүхдэд гэрчилгээ олж өгөх ашигтай бизнес бас бий. Овсгоотой аавын хүү сумын захирал болоод авбал нүдэн дээр л өнгө орно.

Захирал эхэндээ багш байсан юм. Түүнийг шалгаруулдаг журам гэж бий. Аймгийн Боловсрол соёлын газар сумын сургуулийн захиралд хэдэн хүн шалгаруулаад нэр дэвшүүлэхэд сумын засаг дарга нь сонгох учиртай аж. Боловсрол соёлын газрын шалгаруулах комиссыг толйголж байгаа хүнд идэшний үхрээс аваад машин хүртэл санал болгодог байна. Гэвч үнэн хэрэгтээ аймгийн засаг дарга л сумын сургуулийн захирлыг томилдог гэнэлээ. Ингэхээр шалгаруулах комиссын ажил бас нэг жүжиг юм. Шалгаруулах комиссынхон аль болох шударга хандахыг эрхэмлэдэг аж. Идэхээс өөр ид шидгүй нөхөртэй дөрвөн жил хамтарч ажиллахыг хэн хүсэх билээ. Сурагчдын сурлагын чанар захиралд огтоос хамаагүй, түүний ажлыг үүгээр дүгнэдэггүй юм. Харин дотуур байрны хэдэн хүүхдийн хоол унд, сургуулийн засвар гээд санаа зовох зүйл захиралд арвин. Сургуулийн тэргүүн хатагтай харин захирлыг “маллах” ганцхан ажилтай. Захирлыг атгасан байхад сургууль тэр чигтээ түүний мэдэлд ороод ирэх хойно доо. Хол явах шаардлагагүй сумын сургуулийн тэргүүн хатагтай гэж... 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив