Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Буяны тарга булай болжээ…
2012 оны 4 сарын 25 [Уншсан тоо: 51849]

Алдарт гэрэл зурагчин Хэлмут Ньютон 1961 оноос Францын VOGUE сэтгүүлтэй “Sex  sells”  буюу “секс зарагдана” зарчмаар хамтран ажиллаж ихээхэн амжилт олсон юм. Түүний  1981 онд гарсан “They are coming” бүтээлд загварын ертөнцийн жишиг болсон урт хөлтэй, туранхай бүсгүйчүүд дүрслэгджээ.

ТАРГА ТАМ БОЛЖЭЭ

Ажлын газрын маань хэдэн бүсгүй үдийн цай ууж ирчихээд буу халлаа. Саяын идсэн хоолноос эхэлсэн яриа нь аажим таргалалт руу шилжив. Нэг нь өнгөрсөн зун ээж болсон бүсгүй, нөгөө нь мөн л ноднин гэхдээ хоёр дахиа амаржсан, гурав дахь нь ид гоёж гооддог дээрээ яваа жаалхан бүсгүй. Бие биенийхээ энд тэндээс барьж үзэж байна, тэгснээ шогширч байна. Тэр нь энэ нь гэлтгүй бүгд л жин нэмээд байгаа гэнэ. Яриа удалгүй турах арга чарга руу оров. Хоолны дэглэм, биеийн тамир гэж байснаа тураах эм тан болоод явчихлаа. Хүүхнүүдийн яриаг сонсоогүй царайлан чагнаж суусан эрчүүд ч биеэ сэм шинжиж байна. Бид ч дээрдэх юм алга. Хэт таргалалт хаа сайгүй хавтгайрчээ. Хүүхдүүд хүртэл эрт нэмсэн жиндээ түүртэн энд тэнд амьсгаадан явах болж. 

Хэвлэл мэдээллээр ард түмэн турж үхэх нь халаггүй байна гэдэг ч олонхын маань амьдрал их өөр дүр зурагтай байгаа юм. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Хоол судлалын төв хамтран 2003 онд Улаанбаатар хотод хийсэн судалгаанд оролцогчдын 40.7 хувь нь Биеийн жингийн индексээр жингийн илүүдэлтэй, 47.7 хувь нь таргалах хандлагатай гэж гарчээ. Аль л муу муухай статистикаар лоозон хийж улс төрөөр хичээллэгчид маань одоохондоо эдгээр тоог “ойлгох” сөхөөгүй л явна. Гэхдээ бид тэдэнтэй тэдэнгүй амьдрах нь үнэн билээ.      
 
ТАРГА БУЯН БАЙСАН ЦАГ

Хуучин цагт сайхан юм олон байсаан. Адаглаад л хүүхнүүд харвингаасаа салах гэж санаа зовох нь харьцангуй бага. Нас дагаж мариа сууж яваа нэгнээ “Чи чинь таргалаад бүр өнгө засчихжээ” гэж цаанаа л нэг атаархангуй үг хаядагсан. 

Дэлгүүрийн лангуу хоосон биш ч гэлээ тэр бүр авчихаар юм ховор. Наад захын мах, масло олох гэж өдрийн хагасыг оочирт өнгөрөөнө. Айл бүр өглөөний цайгаа талх, саахар, гэрийн боорцгоор аргална. Үдийн цайгаар гуанзанд орох нь ховор. Хаа нэг байх тоотой хэдэн гуанзны хоол гэж авах юмгүй, гуанзны хүүхнүүд нь хоолноосоо ч муухай ааштай. Оройн хоолонд гурилтай шөл, цуйван хоёр жижүүрлэнэ. Цагаан будаа тансаг хэрэглээнд багтаж байлаа шүү дээ. Хавар үнэ нь жаахан нэмэгддэг ч төмс, манжин, лууванг хайвал ер нь олж болдогсон. Харин чихэр жимсний талаар ярилтгүй дээ. Октябрийн баяраар алим, ёолкоор мандарины бараа жилдээ ганц л харна. Нийслэл салаат гэж майонезод хутгасан нүнжигтэй эдийг найрын ширээнэээс амсана. Шоколад гэж сонссоноос гартаа барьж, амандаа хийдэг хүн тоотой хэд.

Эрэл сурал болж, арын хаалгаар олддог энэ бүх хоол гол нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн байлаа. Сүүнд ус нэмэхээс меламин, гормон мэт химийн элемент хийж “чадахгүй”. Масло нь үнэр, амт оруулсан гоё хайрцагтай шавар биш модон торхтой жинхэнэ цөцгийн тос. Бүр хөгцөрдөг гээч. Хүнсний ногоо нэр төрлөөр муухан ч гэлээ эх орны минь эрүүл хөрсөнд ургана. Энэ мэтээр нь үнэлбэл одоогийн лангуу хотойтол өрсөн бараатай харьцуулшгүй. Хомсхон жаахан хоол нь жинхэнэ байгалийн цэвэр, эрүүл бүтээгдэхүүн.

Хоолны хомсоос гадна хөдөлгөөн гэдэг хэвийн жингээ хадгалаад явахад мөн их нэмэр болдогсон. Даргын авгай, түргэний эмч хүүхэн хоёр л машинаар сүнгэнүүлдэг байв шүү дээ. Өглөө, оройдоо автобусанд сууна гэдэг барагтайхан сумын наадамд ноцолдсоноос ч илүү хүч шавхана. Автобус буудал өнгөрч зогсох нь уу, дутуу эргэх нь үү гэдгийг анаж байгаад хар хурдаараа гүйж очоод зүүгдээд авна. Гартаа бас тортой юмтай гэж байгаа. Нэгэнт хавчуулагдаад авсан бол бяр тэнхээгээ шавхаад орох л учиртай. Дараагийн автобус хэзээ ч ирээ билээ. Хоёр гурванхан буудал газар нийтийн унаанд суудаг цамаан хүн ховор, адаглаад бууж суух нь төвөгтэй, хоёр зээрдээрээ л таваргачихна.

Хоол нь багадаад тураалд орчихгүй, биеийн тамир хийгээд сүйд болохгүй ч таргалаад баларчихдаггүй сайхан цаг байжээ. “Бүдүүн”, “тарган” гэдэг хочтой хүн хаа нэг таарна. Жингийн илүүдэлтэй иргэд, хөдөлмөрчид нүдний гэм болоод тэр. Ховор юмаар хүн гайхуулна. Тэр цагт “буяны тарга” гэж бахархам сайхан ойлголт байлаа.

ТАРГА ЗОВЛОН БОЛСОН ҮЕ

Бид өдгөө бусдын дайтай амьдарч яваа. Гаднаа супермаркеттай, супермаркет нь элдэв бараагаар чигжээтэй. Мөнгө нь байвал хөргөгчөө дүүргэх шиг амархан ажил алга. Голцуу гадаадаас оруулж ирсэн хүнс хэрэглэж байна, хуучин цагт бол зүүдэнд ч орохгүй. Дээр үеийн орос дэлгүүртэй зүйрлэх юм биш. Баглаа боодол нь нүд булааж, нэр төрөл нь толгой эргүүлнэ. Ёстой нөгөө дуунд гардаг шиг “хүний хэрэгцээ цөм хангагдсан” сайхан цаг. Тэрэг түрж ороод л бөөн бөөн калори овоолоод байна. Хүний дайтай амьдрах хэрэгтэй биз дээ.

Энэ улс оронд болж байгаа юм нэг ч алга гэж бураад л чихэж байна, бид. Улс нийгэмд болохгүй юм бишгүй л бий. Гэхдээ бидний амьдралын хэв маяг бүр нэг биш болжээ. Монголчуудыг нөгөө ертөнц рүү авч оддог олон шалтгаанаас зүрх судасны өвчин толгойд байдаг. Тэр нь илүүдэл жин, хэт таргалалтаас үүдэлтэй. 1950 онд нас барагсдын 7,1 хувийг зүрх судасны өвчнөөр орчлонг орхигсод эзэлж байсан бол 2000 он гэхэд 38 хувь хүрчихжээ.

Оросын эрдэмтэд амьтны гаралтай өөх тос, нүүрс ус их хэрэглэбэл таргалалт нэмэгддэг болохыг тогтоожээ. Гэхдээ бид тарган мах идлээ гээд таргалаад сүйд болчихолгүй болоод л ирсэн улс. Ази болон Номхон далайн баруун эргийн улс орнууд хөгжил нь буурай, уламжлалт хоолоо хэрэглэж байх цагтаа бараг таргалалтгүй байж. Харин улс орон нь хөгжөөд, хэрэглэдэг хүнс нь европжоод ирэхэд хүн амынх нь бараг тэн хагас нь жингийн илүүдэлтэй болж ирснийг ажиглалтаар тогтоосон байх юм. Бидний таргалалтын шалтгаан өөх мах гэхээсээ үүнд л байгаа болов уу.

Өнөөдөр дэлхий нийтэд таргалалт тахлын хэмжээнд хүрчихсэн. Манай гараг дээр таргалалтаас үүдэлтэй чихрийн шижин өвчтэй 170 сая хүн байна. Энэ тоо 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэх гэнэ. Түүн дотроо манай мэтийн хөгжиж буй орнуудад өвчлөгдсийн тоо шууд 45 хувиар нэмэгдэх хандлагатай аж. Архиар 1.8 сая хүн, тамхиар 5 сая хүн цагаасаа эрт хорвоог орхиж байхад цусан дахь холестерины хэмжээнээсээ болж 4 сая хүн жил бүр үхэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоо шүү дээ.

Монгол бол хөгжиж байгаа орон. Улам л сайхан болно, идэж уух нь бүр л нэмэгдэнэ. Сүүлийн 10 гаруйхан жилийн дотор бидний хоол хүнс, амьдралын хэв маяг тэс өмнөө болжээ. Адаглаад л автобусанд хүн суулгах гэж урьж залах нь халаг болчихсон. Нийтийн унааг өвгөд хөгшид, оюутнууд голцуу ашиглаж байна даа. Бусад нь А цэгээс Б цэг рүү хувийн тэргээрээ хүрнэ. Сандарвал такси дуудчихна. Хөдөлгөөний дутагдал томчуул байтугай багачуудын дунд ч хавтгайрлаа. Бондойсон тарган жаал харахад өхөөрдөм ч амь нас нь хутганы ирэн дээр яваа амьтан шүү, зайлуул.

Хүүхдийн таргалалт удамших нь бий, гэхдээ хөдөлгөөний хомсдол, элдэв амттан цаг наргүй иддэгээс улбаатай. Эрхлүүлж байгаа нь энэ гээд харсан бүхнийг авч өгдөг аав, ээжүүд хүүхдээ зугуухан хорлож байна. Хэмжээнээсээ хэтэрсэн жинтэй хөвүүдийн даралт ихсэж, чихрийн шижин тусамтгай болдог бол охидын сарын тэмдгийн мөчлөг алдагдаж, даамжраад үргүйдэх ч аюултай. Хүүхдээ хөхүүлэхийн оронд концентраци өндөртэй чихэрлэг тэжээл өгсөөр байгаад нялхаас нь амттанд дуртай болгож орхино. Ингээд багын мяраалаг, унаган махтай болдог. Багадаа авсан ийм тарга насан хүрээд таргалснаас илүү хортой, жин нь барагтаа л хасагддаггүй. Нялхаасаа таргалсан хүний өөхөн эдийн тоо нь том болоод тарга суусан хүнийхэс хавьгүй их байдагт учир нь байна.   

УУЛ НЬ ИХ ЭНГИЙН

Дэлхийн хамаг амьтан язартлаа таргалчихаагүй ээ. Өнөөдөр 900 сая орчим хүн өлбөрч үхэхийн ирмэг дээр явна, гэтэл түүнээс хамаагүй олон 1.1 тэрбум хүн өөхөндөө баригдаад шаналж сууна. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага турж үхэх гэж байгааг нь бус хөдөлж чадахаа байтлаа таргалсан хэсэгт нь илүү анхаарал хандуулж, мөнгө зарцуулахдаа тулжээ. Таргалалтад хэдэн л шалтгаан байдаг. Азаар манайд тансаг хэрэглээ төдий байгаа Америк маягийн түргэн хоол, хийжүүлсэн ундаа мэдээж учир замбараагүй идэх тэгээд хөдөлгөөний дутагдал.

Уул нь эмчилгээ нь их энгийн. Илчлэг багатай хоол тодорхой цагт идэх. Тогтмол эрчимтэй хөдлөх. Таны хоолоор авсан бүх калори бүрэн шатаж дуусахаар хөдөлгөөн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол калори хуримтлагдаад тарга болоод байгаа юм.Юу идвэл хэдэн калори болдог, ямар хөдөлгөөн хийвэл хэдэн калори шатдгийг бичсэн ном сэтгүүл захаас аван бий. Аминдаа жаахан арчаатай байцгаа л даа, таминь. Ганц юм захихад хэдхэн хоногийн дотор тураах элдэв ам бэлдмэл зүгээр олдсон ч битгий уугаарай. Эд эрхтнийг чинь сүйд хийгээд хаяна. Өнөөдөр анагаах ухаан идэж уухаа өөрөө зохицуулж чадахаа байсан өвчтөний ходоодных нь амыг боож байгаа. Энэ гэхдээ аргаа барсан л эмчилгээ. 


Хэлмут Ньютоны зартай гэрэл зургийн маягаар Америкийн жүжигчин, гэрэл зурагчин Лэонард Нимой “Full Body Project” нэртэй цуврал зураг авсан нь эх зургаасаа дутахгүй амжилт авчирсан юм. Таргалалт, илүүдэл жин аюул болоод байгаа манай эриний дүр дүрхийг бүрэн илэрхийлдэг.

"Үндэстний ТОЙМ" сэтгүүл. 2010. №09









"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив