Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тоогоор наадахуй
2012 оны 5 сарын 7 [Уншсан тоо: 51926]
Манай хэвлэл мэдээллээр дүүрэн тоо. Том том тоо, ихнаяд гэдгээс буухаа ч байж. Сонсоод цатгалдмаар нь ч таарна, дуулангуутаа муурч унамаар ч юм бишгүй бий. Улстөрийн зорилгоор хэлэгддэг тоонуудад үнэндээ үнэ цэнэ гэж үгүй.

Манай улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ өнгөрсөн онд 4.8 ихнаяд төгрөгт хүрч, 17.3 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Мөн мөнгөний нийлүүлэлт ч огцом нэмэгдсэн юм байна. Өнгөрсөн жилийн байдлаар мөнгөний нийлүүлэлт 6.4 ихнаяд төгрөгт хүрч, 2010 оныхоос 37.3 хувиар өссөн гэнэ. Мундаг тоо байгаа биз. Гэвч уул уурхайн хөрөнгө оруулалт л ДНБ өсөлттэй харагдахад голлох үүрэг гүйцэтгэжээ. Гадаадын хөрөнгө оруулалтын 85 хувь, манай экспортын 95 хувь нь мөн энэ салбарынх.

Монголчуудад уул нь ДНБ биш Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ) гэдгийн л өсөлт хамаатай юм. ҮНБ гэдэг нь монголчуудын хийж бүтээсэн үйлдвэрлэл, үйлчилгээ. Харин ДНБ гэж гадныхан болон монголчуудын Монгол улсын нутаг дэвсгэр дээр бүтээсэн үйлдвэрлэл (үүнд мэдээж уул уурхайн олборлолт багтана), үйлчилгээг хэлдэг аж. Тэгэхээр ДНБ гэдэг ойлголтыг манайх, танайхаар нь ялгаж байж л сая бидэнд наалдаж хоцрох тоо гарах учиртай юм байна.

Гэтэл хүн сонсоод цатгалдмаар дээрх хоёр тоо харин яагаад монгол хүн бүрт хүртээлгүй байна гэдгийг ойлгомжтой хэлээд өгөх ухаантан ховор. Чухамдаа бол манай уул уурхайн салбарыг гадныхан эзэмшиж байгаа үед ашиг нь тэдэн рүү л явж таарна. Манайхан өөрсдөө хөрөнгө оруулаад байгаа юм бага болохоор бидэнд наалдах нь тэр хэрээрээ өчүүхэн. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Б.Эрдэнэбат “ҮНБ учиргүй өссөн юм байхгүй, 2008 оны түвшиндээ л байгаа байх даа” гэлээ. Нэг хүнд ногдох 2005 оны үнээрх ҮНБ 2008 онд 1 444 700 төгрөг байжээ.

Та “Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 1996 онд 512 ам.доллар буюу бага орлоготой орон гэж ангилагдаж байсан бол 2010 оны байдлаар энэ нь 2 252 ам.долларт хүрч сүүлийн 15 жилд дөрөв дахин өсөж, дундаж орлоготой орны ангилалд багтах болжээ” гэдэг сайхан мэдээ сонссон л байх. Мөн энэ тоо удахгүй 5 000 ам.долларт хүрнэ гэж ярьж буй улстөрчийг зурагтаар харсан нь гарцаагүй. Ялангуяа засаг барьж байгаа хэсэг одоо энэ тоогоор их наадаж байгаа. Гэвч ДНБ-ий нэг хүнд ногдох хэмжээ 3 000 ам.доллар хүрнэ гэдэг бол үнэндээ нэг нь 5 600 ам.доллар, нөгөө нь 400 ам.долларын орлоготой хоёр хүний орлогыг хооронд нь нэмчихээд буцаагаад хоёрт хуваасан цэвэр арифметик үйлдлийн хариу юм.

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Н.Золжаргалын хэлсэнчлэн “банк санхүүгийн өсөлт дундаж давхаргадаа бус өндөр орлоготнуудад наалдаад байгаа” бөгөөд баячууд маань баяжих хэрээр бидний орлого нэмэгдсэн мэт статистик дүн гараад байдаг байх нь. Н.Золжаргал баян болон нийгмийн дунд ангийн хадгаламжийн хэмжээг 22 дахин зөрүүтэй байна гэж Үндэсний эдийн засгийн аюулгүй байдлын семинар дээр ярьж байлаа. Ийм зөрүүтэй хоёр цифрийг хооронд нэмээд дундажлаад үзүүлэхээр мань мэтийн борчууд давгүй “чинээлэг” харагдаж таарна. Гэтэл энэ тоог улстөрчид ямар сурмаг ашиглана гээч, ёстой жонглёрдож өгнө дөө.

Жишээ нь, Тавантолгойн тодорхой хувийг Монголын аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой гэдэг “эх оронч” санаагаа батлахын тулд өнөө үйлийн үртэй ДНБ гэгчийг ашиглаж, тоон тоглоомоо үргэжлүүлнэ. Манай ДНБ-ий 70-80 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа гэж Ж.Батзандан Өдрийн сонин-д ярьсан байдаг. Үнэн хэрэгтээ бол адаглаад 51-ээс дээш хувь нь Монголын эзэмшилтэй аж ахуйн нэгжийг бид “манай” гэж ярих учиртай. Монголд бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээг олж тогтооно гэдэг туйлын хэцүү. Тэгээд ч аж ахуйн нэгжийн эзэмшил гэдэг холигдож солигдох, зарагдаж үрэгдэхдээ амархан эд. Яг эндээс үүдэлтэй хэрүүл одоо хэвлэлийн гол сэдэв болж байгаа тул орхиё.  
Гол асуудал бол ДНБ-ий 70-80 хувь гэдэг тоо.  Үндэсний статистикийн хорооны 2010 оны эмхэтгэлд энэ тоог 73.4 хувь гэсэн байгаа. Тэгээд ч энэ эмхтгэлийн “хувийн хэвшил” гэдэгт ойлголтод монгол эзэмшигчтэй юу, эсвэл гадаад эзэмшигчтэй юу гэдгийг нь  огт ялгаагүй байдаг. Түүнээс гадна 2010 оны байдлаар нийт хөрөнгө оруулалтын 69.2 хувь нь гадаад эх үүсвэрээс, зөвхөн 14,4 хувь нь Монголоос, төрийн бус секторуудаас хийгдсэн гэдэг дүн байна. Тэгэхээр ДНБ-ий хэдэн хувийг гадныхан бүтээж байгааг харж болохоор. Гэхдээ манай улстөрчид үүнийг өөрсдөө ойлгохгүй ч нэг тоо хальт мулт тогтоож аваад түүгээрээ наадаж гарна. Мэдээж зөвхөн өөртөө ашигтайгаар, тэрийгээ харин ч сайн мэддэг улс.

Нэг хэсэг 40 000 айлын орон сууц гэж жаал ярьж байгаад саяхнаас энэ тоогоо 2.5 дахин нэмэгдүүлж 100 000 айлыг зургаан хувийн хүүтэй, хорин жилийн хугацаатай зээлээр орон сууцжуулах юм яриад унасан. Бүр хөтөлбөрийнхөө үр дүнг урьдчилаад харчихсан Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар “Байрны үнэ буурна, ялангуяа 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжээд эхлэхээр бүр хоёр дахин буурна” хэмээн амлаж байлаа. Гэтэл зөвхөн энэ оны хоёрдугаар улиралд байрны дундаж үнэ 30 хувь өсч, ам метр нь 1.2 сая төгрөг болчихоод байна.

Үнэндээ бол зэх зээлийн зарчмаараа хүлээлт нь эрэлт үүсгэж, улмаар байрны үнэ баригдахаасаа өмнө өсчихөөд байгаа юм. Түүнээс гадна 100 000 айлын орон сууц хөтөлбөрийн журамд орон сууцны урьдчилгаа төлбөр нь байрны үнийнхээ 10 хувьтай тэнцүү байхаар заажээ. Байр хайж яваа, урьдчилгаа төлбөргүй шахам хүний хорхой хөдөлгөсөн тоо байгаа биз. Гэвч үнэн хэрэгтээ Монголбанк урьдчилгаа төлбөр нь 30 хувиас доош төлөгдсөн байрны зээлийг 100 хувийн эрсдэлд тооцдог журамтай. Бас дээр нь байрны төлбөрийн зөрүүнд өгөх мөнгөгүй болохоороо банкуудыг өөрийн эх үүсвэрээс зээл олго гэж шахаж эхэлсэн. Гэтэл Банк өөрийн эх үүсвэрээр орон сууцны зээл олговол жилд 2-3 хувийн ашиг гарна. Тэгэхээр банкны жилийн хадгаламжид 15 хувийн хүү төлж байгаа үед гурван хувийн ашигтай бизнес хийх банк үнэндээ гарахгүй. Тиймээс улстөрчид сурсан зангаараа бас л тоогоороо наадаж байгаа хэрэг. Том тоо байх тусмаа л тэд түүгээр дуртайяа тоглодог нөхөд.

Саяхнаас бас нэг сайхан тоогоор жонглёрддог болжээ. Ядуурал 9 хувиар буурчихаж гэнэ. Зөвхөн өнгөрсөн жилд 733 тэрбумыг “Эх орны хишиг” нэрээр тараачихсан байтал ядуурал буурахгүй бол “болохгүй”. 2006 онд 100 хүрэхгүй тэрбум төгрөг халамжинд зориулж байсан бол 2011 онд 900 тэрбумыг төсөвлөсөн билээ. Тэгэхээр ядуурал “буурахгүй хаачих билээ”. Энэ логикоор л дээрх тоог гарсан байх магадлал тун өндөр. Инфляци 17 хувьтай, хүнсний үнийн өсөлт 28 хувь шүргэж байхад хүн амын дундаж давхаргад 20-30 хувийн эдийн засгийн дарамт үүсдэг гэнэ. Нэн ядуу иргэд орлогынхоо 80 хувийг хүнсэнд өгдөг бол баячууд өдөр бүр үнэтэй ресторанд зоог бариад ч орлогынхоо нэг орчим хувийг л зарцуулдаг байна. Гэтэл манай иргэдийн олонх нь өдөртөө 2-20 ам.доллар хүртэл орлоготой байгаа, харин дэлхийн жишгээр өдөрт 20 ам.доллароос дээш орлого олдог хүнийг дундаж ангид тооцдог гэвэл манайд дундаж анги бүрдээгүй байна. Тэгэхээр ядуурал буурсан гэдэг нь худлаа л болж таарна.

Өөр олон сайхан тоонууд бий. Тоочоод тоолоод барах юм биш. Харин манай хэд эгнэж зогсоод хоороороо урамтай гэгч нь дуулна даа:

Манай цэцэрлэг тоо заасан
Маш сайн сураарай гэсэн
Манай багш тоо заасан
Маргааш өглөө асууна гэсэн
Хоёр хоёрын дөрөв дөө
Нэгийг хасаад гурав даа
Хоёр гурвын зургаа даа
Нэгийг нэмээд долоо доо...


Жич: Долоогийн тоог монголчууд дордохын цондон гэж үздэг.      


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив