Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Бидний халаасыг хөнгөлөгчид
2012 оны 5 сарын 14 [Уншсан тоо: 54040]
Боб Арно гэж швед эр байх. “Халаасны хулгайн хаан” цолтой. Халаасандаа хийсэн түрүүвч, бугуйндаа байгаа цаг, хүзүүндээ зүүсэн зангиа, өмдний татуурга бүр тэлээгээ огт мэдэлгүй түүнд алдчихсан улсууд алмайран инээд алдаж, алга ташицгаана. Энэ бол Лас Вегасын алдартай шоуны нэг. Харин “5 шар-МУИС” чиглэлийн автобусанд хуучин гар утсаа алдсан оюутан нүдэндээ гомдлын нулимстай хоцорно. Аль аль нь адилхан үйлдэл атал хүнд үлдээдэг сэтгэгдэл нь харин чанх эсрэг.


Өврөөс халаас

Халаасны хулгай 2008-2011 онд улсын хэмжээгээр 418 бүртгэгдсэний 85.1 хувь нь нийслэлд үйлдэгджээ. Харин 2011 онд 169 бүртгэгдэж, өмнөх оныхоос 4.5 хувиар буурсан гэж Гэмт явдалтай тэмцэх асуудал сэтгүүлд бичсэн байна. 

Халаасны хулгай хотшилын дүнд бий болсон, Монголд шинэд тооцогдох гэмт хэрэг. Анхны гэж болох тохиолдол 1937 онд бүртгэгджээ. Гандангийн ламын өврөөсөө алдсан хөөргийг Ховдод өөр хүний гар дээрээс олсон гэнэ. Тухайн цагт энэ төрлийн хэрэг “өвөр, түрийний хулгай” гэгдэж байлаа. Монгол дээл, ээтэн гуталтай хүмүүс мөнгөө өвөртлөөд, гаансаа түрийлж явсан үе.

Халаасны хулгай Монголд тавиад оноос хөгжлийн замдаа гарчээ. Олон хүн бужигнасан Өндөр хоршоо, Голын цэнгэлдэх, шугамын автобустай болж энэ төрлийн гэмт хэрэг гарах нөхцөл бүрдээд ирж. Гэхдээ цорын ганц шалтгаан нь бас биш. Тэр цагаас монголчууд дотно, гаднаа халаастай европ хувцас өмсөж эхэлсэн тул тийшээ гар дүрэх боломж бүрдсэн байна. Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн дэд хурандаа Л.Лхагва сургалтад зориулсан бүтээлдээ материал цуглуулахад 50-аад оноос баримтууд олноор олджээ. Тухайн цагтаа халаасны хулгай гэмт хэргийн нэн шинэ төрөл байлаа. Тойрох хуудас, Улаанбаатарт байгаа миний аавд, Сэтгэлийн дуудлагаар зэрэг 60-аад оны уран сайхны кинонуудад шинэ тутам буй болсон халаасны хулгайчийн дүр гардаг. Ийн манай халаасны хулгайч нарын өрнүүн түүх эхэлжээ.

Гэхдээ нэг асуулт байна. Халаасны хулгай хаанаас манайд орж ирсэн байж болох вэ? XVII-XVIII зуунд энэ төрлийн хулгай Францад дэлгэрч, XIX зуунд Америк тивд хүрээд, XX зууны эхээр Орос руу түгсэн гэдэг түүхчдийн зураглал бий. 1905, 1917 оны хувьсгалаар орос хүн буутай болсон ч хоолгүй байлаа. Дээрэм тонуул эх захаа алдаж, хэрмэл тэнүүлчдээр дүүрсэн “Улаан Орос”-т халаасны хулгай мэргэшил болж, дэлхийн эрүүгийн ертөнцөд “вор в законе” гэдэг үзэгдэл үүслээ. Анхдугаар “ясны хулгайч” Мишка “япончик”-ийн журамт анд Н.А.Френкелийг чекстүүдийн эцэг Ф.Э.Дзержинский ГУЛАГ-ийн “гүйцэтгэх захирал”-аар томилж, рецидив гэмт хэрэгтнүүд хувьсгалд хүчээ өгч эхлэв. Уулаасаа эрх баригчид нь рецидивүүд байлаа. Эх орны дайнаас хойш халаасны хулгай улам цэцэглэж, Ураалын нуруу даван ид төвлөрч эхэлсэн Улаанбаатарт орж ирсэн болов уу.

Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын даргын тушаалаар 1974 онд Эргүүл ротоос энгийн хувцастай 10 цагдааг үзвэр үйлчилгээний газруудаар явуулж халаасны хулгайтай тэмцэх тушаал гарчээ. Улаанбаатарын хүн ам нэмэгдэх тусам халаасны хулгай ихэсч Хотын цагдаагийн Эрэн сурвалжлах хэлтэс уг хэрэг дээр тодорхой улсуудыг дагнан мэргэшүүлэх шаардлага гарсан байна. Өнгөрсөн зууны далаад оны дунд үеэс эрчээ авсан халаас суйлагчид ерээд онд хөгжил цэцэглэлтийнхээ оргилд гарч зохион байгуулалтад орж.

Дэд хурандаа Л.Лхагва нарын олж тогтоосноор өдгөө 3-12 хүний бүрэлдэхүүнтэй халаасны хулгайн 36 орчим бүлэг яваа гэнэ. Гэхдээ энэ харьцангуй тоо. Нэг бүлгийн зарим гишүүн хоригдоход бусад нь тараад нөгөөдөө нийлэх, эргэж задраад шинэ бүлэг үүсэх гээд амьд ертөнцийн бүх процесс тэнд өрнөнө. Тус тасгийнхан хамгийн олондоо 11 хүнтэй бүлэглэлийг илрүүлсэн тул дээрх тоог гишүүдийн дээд хязгаар гэж үзээд байгаа аж.

Зэмгүй гэм

Бүлэглэлүүд нутаг дэвсгэрээ хуваан эзэмшиж, тэндээ л “үйл ажиллагаа” явуулна. Энэ нь хулгайч нарын хатуу дүрэм гэхээсээ илүү дасал болоогүй нөхцөлд “ажиллах” чадвар дутагдаад л дошоо захидаг байна. Жишээ нь, Нарантуул захын сэлүүн орон зайд дассан халаасчин автобусанд давчуу атлаа нягтралтай орчинд “ажиллах” хэрэг гарна. Нарантуулын ямар ч “сайн эр”-ийг автобусанд оруулсан хоосон буугаад ирнэ гэсэн үг. Мөн “нутгийн хулгайч” нар нь “зочид”-ыг хараад цагдаад матах магадлал өндөр тул өөр газар ажилладаггүй. Гудамж талбайд хүний явдал дунд нь цүнх ухдаг нөхөд харин зах дээр давгүй ажиллачихна. 

Бусдын халаас хөнгөлөх хэргийн 28.9 хувь нь хүмүүс бужигнасан гудамж талбайд, 23.4 хувь нь зах болон дэлгүүрт, 11.2 хувь нь нийтийн тээвэрт гарсан бол 59.1 хувь нь 14-19 цагийн хооронд үйлдэгджээ. Өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээгээр бүртгэгдсэн халаасны хулгайн 23.7 хувийг илрүүлсэн нь бүх төрлийн хулгайн илрүүлэлтээс 23.3 пунктээр доогуур аж. Халаасаа суйлуулсан 390 иргэн 264.5 сая төгрөгөөр хохирсоны 29.2 хувийг л нөхөн төлүүлсэн гэнэ. Энэ бүх үзүүлэлт доогуур байгаа хэд хэдэн шалтгаан бий, “адгийн зарга арав хоног” гэж тээршаах, “гарах юм гараа биз” гэх мухар сүсэг үүнд зонхилно. Түүнээс гадна бүртгэгдсэн халаасны хулгайн 94.5 хувь нь хөнгөн ангиллын хэрэгт тооцогдон захиргааны арга хэмжээ төдийгөөр өнгөрчээ. Гэхдээ Эрүүгийн хуулийн 145.2 зүйл ангиар 10 жилийн ял авсан нэг эр Мөнгөнморьтод мөн нэг эмэгтэй хорих газар суугаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэгчээс доогуур үнэлэгдэх зүйл хулгайлсан бол ер нь хулгайд тооцдоггүй ажээ. “Номын хулгай” гэдэг шиг юм уу даа.   

Сонин хачин

Халаасчдын ертөнц эрээвэр хураавар басхүү хачин сонин. Гэр бүлээрээ, бүр гурван үеэрээ Халаасны хулгайн тасагт хувийн хэрэг нээлгэсэн “сурвалжтанууд” бий. Эцэг, хүү хоёрын чухам хэн нь хэнийгээ батлан дааж авах гээд байгаа нь үл ойлгогдох явдал тохиолдох нь элбэг. Эдний хамгийн ахмад нь 68 настай Уламбаяр гэгч байгаа бол залуу нь естэй жаал. Тэдний 25.3 хувь нь эмэгтэй бөгөөд Бадарч гэгч эмгэн хоёр зуун дамнан энэ салбарт “зүтгэжээ”. Харин 62.2 хувь нь 18-30 насныхан бол 87.6 хувь нь зөвхөн үүгээрээ дагнасан, 11.6 хувь нь урьд ял шийтгэгдсэн гэж Цагдаагийн ерөнхий газар, ДХИС-ийн хамтарсан судалгааны тайланд дурджээ.

Одоохондоо бугуйн цаг мулталчихдаг монгол “мэргэжилтэн” цагдаад баригдаагүй байна. Харин чихнээс ээмэг авчихдаг аавын хүү ганц нэгийн зэрэг бий. Манайхан гадагшаа явж хулгай хийх болжээ. Гэхдээ шилдэг нь гадагшаа гардаг гэсэн үг хараахан биш. Зүгээр л замын зардалтай бас дээр нь гадаад паспорттой нь Бээжин, Эрээн, Гуанжоу, Хонконг, Турк, Орос, Чех зэрэг өндөр хөгжилтэй оронд “ажиллаж, амьдарч” байна.

Зөвлөгөөний оронд

Халаасны хулгайчийн үйлдлийг харвал нүдийг нь сахлын хутгаар зүсдэг гэх яриа гэрчийн зүрхийг үхүүлэх зорилготой цуурхал гэнэлээ. Туршлагатай цагдаагийн ажилтны яриагаар бол халаасчид гэмт хэргийн ертөнц дотроо хамгийн хулчгар хүмүүс ажээ. Гэтэл бид тэднээс айдаг тул одоо толгой дээр маань шээж явна. Халаасаа хүнээр ухуулахгүй байя гэвэл сонор сэрэмж хэрэгтэй. Хоёр гурваараа хошуу нийлүүлэхээрээ хөхийг нь тэмтэрч байсан ч мэдэхээ байдаг хүүхнүүд голчлон золиос болно. Олны газар таны анхаарлыг сарниулахыг гэж оролдвол халаасаа нэг дараад үзэхэд гэмгүй. Харин царай муутай, дорой хувцастай болгон халаас ухдаг нөхөр байх албагүй. Гэхдээ харцанд нь “Би халаасны хулгайч” гэсэн титр урсаж байдаг гэж Л.Лхагва дэд хурандаа зөвлөсөн. Хүн бүр иргэний зоригтой аваас халаасны хулгайч шээс алдана. Нэг нь нийтийн төлөө нийт нь төлөө сэтгэдэг нийгэмд зовлон бага байдаг гэнэлээ.     
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn