Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Манлай уяачдын маапаан
2012 оны 7 сарын 5 [Уншсан тоо: 106645]
Саях сонгуулиар АН-ын нэг уяач бүдэрсэн бол АН-аас Дундговьд нэр дэвшигч бас нэг уяач Б.Наранхүү үнэмлэхүй ялалт байгуулав. Тод манлай уяач Г.Батхүү монголчуудын дуртай Толин хул дууны шүлгийг зохиосон гэгддэг, харин Аймгийн алдарт уяач Б.Наранхүү өнгөрдөг жил дөрвөн хөлтэй адгуус гэхэд арай дэндүү үнээр хурдан морь худалдан авсан дуулианы эзэн. МАН-д ч уяач нар мундахгүй, хотын уугуул М.Энхболд адуунд дуртай болоод зогсохгүй уяач алдарт хүрсэн. Түүнтэй хосолж Төв аймгаас байнга сонгогдохын одонд төрсөн Су.Батболд бол жинхэнэ удам залгасан уяач. МАХН-даа буцаад элссэн Ч.Улаан ёстой Манлай уяач. Энэ мэт УИХ-д сууж л байх заяатай олон уяач бий. Монголын морин спорт уяачдын холбоо (ММСУХ)-ны Дэд ерөнхийлөгч А.Баярмагнай нэгэн ярилцлагадаа “Морь уядаггүй хүн нэр дэвшээд нэмэргүй аймаг олон бий” гэжээ. Улстөрчид уяач болдгийн нууц үүнд оршдог. Өөр ч олон нууц байдаг аж.

Монгол адуу хэмээх ойлголт

Ноднин хавар улс, бүсийн наадамд эрлийз морь буюу шинэ монгол адууг уралдуулахгүй гэдэг шийдвэр гаргалаа. Гадны цус холилдсон адуу Монгол наадмыг гутааж байна гэдэг хямдхан тайлбартай. Ингээд Уяачдын баяраар эрлийз хурлийз гурван насны морийг тусад нь уралдуулав. Арьс өнгөөр ялгаварлуулж байгаагаа адуу даанч мэдээгүй өнгөрсөн дөө, зайлуул. Адууны талаарх олон улсад зөвшөөрөгдсөн сурах бичгүүдийн ихэнхэд нь монгол адууны талаар огт дурьдаагүй байдаг аж. Тэгэхээр манай хоёр сая гаран адуу дэлхийд дансгүй гэсэн үг. Чухамдаа бид өнөөдрийг хүртэл адууны тухай дуу л зохиож явснаас адууныхаа үүлдэр угсааг тодорхойлоод данслуулах тал дээр юу ч хийгээгүй. Ингэхээр “жинхэнэ монгол адуу” гэдэг ойлголт нь өөрөө ч бүрхэг юм.

Наадмын морины комисс өнөөхөндөө монгол адууны мундааг 145 см байх учиртай гэж үзжээ. Ингээд биерхүү төрсөн жинхэнэ монгол гүүний унага ч наадамд тоосоо өргөхөд төвөгтэй болж ирэв. Энэ нь монгол эр хүн 165 см өндөртэй байна гэсэн шиг заалт. Үүгээр бол Г.Өсөхбаяр тэргүүтэн чацтай эрчүүд наадмаар барилдах эрхгүй гэсэн үг. Монгол адуу гэж ярихын тулд “монгол адуу” гэдэг тодорхойлолт юу юунаас түрүүнд хэрэгтэй аж. Эс тэгвээс Хурдан морины комиссын гишүүн Д.Самданжамц ноднингийн наадмаар “Бурхан халдун” группийн ерөнхийлөгч Н.Мөнхдашийн цэвэр цусны адууг монгол гэж барьсан шиг явдал үргэлж гарах болно. Монгол адуугаа яг таг тодорхойлж чадаагүй Монгол наадам маань хаяанд иржээ.

“Но”-той монгол адуу


Наадмын хурдан морины уралдааныг хоёр тусад нь хийх санааг Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Зууны манлай уяач Д.Даваахүү анхлан гаргажээ. Улсын наадамд хамгийн олон айраг, түрүү авсан түүний амжилт англи, араб цэвэр цусны морьд наадмын түрүүг авч эхлэхтэй зэрэгцэн ганхсан нь гарцаагүй. Араб, англи адуу нь зөвхөн уралдуулах л гэж гаргаж авсан хүн төрөлхтөний сор бүтээлийн юм хойно урдаа улаан хөлтэй амьтан гишгүүлэхгүй нь мэдээж. Уг санал нэлээд эрт гарсан ч ноднин л Монгол Улсын шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч, Наадмын комиссын “мөнхийн дарга” М.Энхболдын зүтгэлээр цаасанд буужээ.

Монголд хурдны хэд хэдэн угшил байдаг. Алдарт Галшараас гадна Жаргалант адуу, Тойруулгын адуу гэж өнгөрсөн зууны хамаг айраг түрүүг хамсан удам бий. Гэхдээ тэдний гарал үүсэл бүгд “но”-той. Жинхэнэ монгол адуу бол зөвхөн ачлага уналгын зориулалттай амьтан тул уралдуулахын тулд цэвэр цусанд нь “но” оруулахаас болохгүй. Хардал бэйсийн гаргаж авсан Галшар угшлын адууны соруудын нэг Өлгөр хүрэнгийн зурмал зургийг үзсэн морь шинжээчид яах аргагүй эрлийз шинжтэй гэдэг. Харин XX зуунд бий болсон хоёр адууны түүх бичээтэй бий. Энэ хоёр хурдан удам хоёул Төв аймагт төвлөрч байсан тул өнөө цагийн алдарт уяачдын олонх энэ аймгаас төрсөн байдаг. Ядаж л улстөрч нь уяач байх учиртай нутгийн нэг бол Төв аймаг.

Жаргалант адуу

Дэлхийн II дайны дохио ороод ирэхийн үест цэрэг дайны талаар харилцан туслалцах гэрээтэй Зөвлөлт манай армийг үзжээ. Монголын армийн гол цөм морин цэрэг байтал намхан давжаа морьтой учир Зөвлөлтийн мэргэжилтнүүдэд гологдов. Ядаж байхад тахтай морь ганц ч таараагүй гэдэг. Бүр 1945 онд ч манай морьдыг голж байсан тухай С.Равдан генералын дуртгалд бий. Ингээд 1930-аад оны дунд үед Сөгнөгөр, Баянголын аманд Цэргийн яамны харъяанд моринд завод байгуулж Дон, Орлов үүлдрийн 40-50 азарга оруулж ирэн Галшарын феодалуудаас хураагдсан адуунаас авчирч нийлүүлсэн байна. Зөвлөлтийн эрдэмтэд, цэргийн мэргэжилтнүүдийн удирдлага дор ажилласан Морин заводыг дайн эхлэхэд Жаргалантын сангийн аж ахуй (САА)-н нутаг Талбулагт шилжүүлжээ. Их ажлын эхний үр дүн ч гарч, бэлчээрээр амьдрах чадвартай, том биетэй шинэ сүрэг дөнгөж бүрэлдээд байлаа.
   
Төдөлгүй дайн шувтарч Морин заводын хэрэг ч дуусав. Энэ үеэс монголчууд Жаргалантаас төрсөн хүлгүүдээ наадамд сойж эхэлсэн юм. Эхлээд Дон, Орлов үүлдрийн Зориг, Мандухай дуудлагатай азарга, тэдний зарим төлийг уралдуулсан ч төдийлөн амжилт үзүүлээгүй аж. Гэхдээ 1949 онд Гоё нэртэй бэлбэсэн улаан хээр азарга улсын наадамд түрүүлжээ. Энэ бол наадмын түрүү авсан Жаргалант адууны анхдагч. Мэдээж цэвэр цусны монгол адуу биш. Жаргалант адуу улмаар маршал Х.Чойбалсанд бэлэглэсэн тахиар цус сэлбэгдэж, Орлов үүлдрийн Дукат хэмээх хээр халзан азарганы төл нь 1956 онд хязааландаа наадамд түрүүлжээ. Хойтон жил нь морин заводын хээр соёолон, борлог хязаалан хоёр түрүүлж, нэг хээр даага айрагт давхисан байна. Энэ зуур 30 жил өнгөрч Жаргалантын гэх хурдан буян бүрдсэн гэж мэргэжилтнүүд үздэг. Төр засгийн бодлого, хөрөнгө хүч, шинжлэх ухааны байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнд өнгөрсөн зууны дунд үеэр бүрэлдэн бий болсон Жаргалантын хурдан удмын адуу сүүлийн 30 орчим жилд Монголын үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд илт давамгайлж, 100 гаруй түрүү, 300 гаруй айраг авсан гэж Тод магнай сэтгүүлд бичсэн байна.

Морин тойруулгын адуу


Морин заводыг маршал Х.Чойбалсан үгүй хийх тун дургүй байсан гэх бөгөөд түүнийг нас барснаас хойш 1957 онд тараажээ. Гэхдээ Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дэргэдэх Морин тойруулгад шилмэл 200 адууг нь шилжүүлсэн байна. Тэр дунд тахийн нэг азарга, хоёр гүү, Орлов, Дон үүлдрийн азарга, гүү гээд улсын наадамд түрүүлж, айрагдсан бүх адуу орсон юм. Мөн Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдад ч тодорхой тооны адуу ногдсон байна. Харин Жаргалантын САА-д 1 000 орчим адуу үлдсэн гэдэг. Морин тойруулгын дарга, малын эмч, хурандаа Д.Даш Зөвлөлтөөс Зубр, Тросс, Колизей дуудлагатай азаргууд худалдан авч сүргээ улам чанаржуулах ажил ч хийжээ. 1970-80 онд улсын наадамд түрүүлж айрагдсан морин тойруулгын морьдын ихэнх нь энэ азаргануудын үр төл юм. Өдгөө алдар цолоо дуудуулсан уяач нар энэ л морин тойруулгын шилдэг хүлгүүдийн хөлсийг хусаж явсан улс. Ямар ч хурдан ажнай байгаад сайн уяачгүй бол давхихгүй шиг сайн уяачид шилмэл хүлэг ч бас хэрэгтэй билээ.
   
1971 оноос хойших улсын наадмын хамаг түрүүг морин тойруулгын ажнай хүлгүүд хамсан байдаг. 1973, 1992 оныхоос бусад наадмын айраг түрүүг энэ угшлын морьд хүртэж одоогоор нийт 22 түрүү, 40 айраг аваад байгаа гэж www.mongol.moriton.net блогт бичжээ. Тод манлай уяач Д.Даваахүү, манлай уяач Д.Гарамжав, С.Самдан, Т.Даваадорж, Г.Батчулуун нар олон түмэн эхийг чухам энэ сүргээс торгон жолоог нь өргүүлсэн юм. Бүр тодруулбал Д.Даваахүү 13 түрүү, 28 айраг, Д.Гарамжав хоёр түрүү, дөрвөн айраг, С.Самдан дөрвөн түрүү, таван айраг, Г.Батчулуун хоёр түрүү, хоёр айраг тус тус хүртсэн байдаг.     
   
Ерөөс дотоод шаталтын хөдөлгүүр гармагц морь уналга ачлагаас шахагдан зөвхөн зугаа цэнгээний зориулалттай болохын хамт үүссэн морин тойруулга манайд 1927 онд бий болсон гэж А.Барямагнай гуай хуучиллаа. Орос-Зөвлөлтийн малын эмч н.Грехов, Цэргийн яамны түшмэл Цэен бэйс, академич Ш.Бираагийн эцэг Бөөгийн Шагдар нар нийлж хувийн хөрөнгөөрөө морин тойруулга үүсгэсэн аж. Яармагийн гүүрний баруун хойно байсан морин тойруулгыг монголчууд “дугуй хашааны уралдаан” гэж нэрлэжээ. Анхны уралдаанд одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Самбуу, мөн аймгийн Баянсувд гэж хүний морьд түрүүлсэн баримт нь архивт ч бий. Гэвч 1929 онд феодалын хөрөнгө хураахад морин тойруулга тэгсгээд мөхжээ.
   
Ерээд оныг хүртэл наадмын түрүү магнайг булаалдсан морин тойруулгын сүргийн цөм бараг устсан гэж Төв аймгийн Лүн сумын харьяат Манлай уяач Б.Билэгдэмбэрэл харуусаж сууна. Морь мэдэхгүй маньд лав морин тойруулгын хүлэг гэж дуулдахгүй болсоор удаж байгаа юмдаг.



Шинэ монгол адуу

Хоёр мянган он гарсаар моринд дуртай, хөрөнгө чинээтэй залуус цэвэр цусны адууг олноор нь оруулж ирэх боллоо. Гэвч тэднийг хэвлэлээр харааж зүхэх нь элбэг. Гэтэл нэгэнт нь л уралдаж байгаа хойно айраг, түрүү авахыг хичээх нь зүй ёсны хэрэг билээ. Иймээс тэдгээр залуусыг буруутгах ямар нэг үндэслэл би л хувьдаа олж харахгүй байна. Учиргүй үнэтэй араб азарга аваад байгаа явдал ховор байдаг ажээ. Голчлон Оросоос цэвэр цусны морьд оруулж ирдэг ба аль болох хямдыг авчих санаа өвөрлөх нь наймаачны зан юм. Гэхдээ цэвэр цусны мөртөө хөл нь доголсон зэрэг шалтгаанаар уралдах боломжгүй болсон ч үзүүлэлтээрээ дээгүүрт бичигдсэн азарга авчирч үржлийн журмаар ашигладаг гэнэ.
   
Өнгөрсөн зууны ажнай хүлгүүдийг төрүүлсэн Жаргалант, Тойруулгын адуу хоёр ямар ч бодлогогүй хаягдсанаас энэ цагт хурд хүч нь буурсан тул ингэж цус сэлбэхээс өөр аргагүй юм. Монголчууд эртнээс адуугаа эрлийзжүүлэн сайжруулж байсныг эрдэмтэд ч баталж байлаа. 1905 оны Орос-Японы дайнаар Манжуурын төмөр замыг авсан оросууд хамгаалалтын зорилгоор хоёр талаар нь морин цэрэг байрлуулсан аж. Тэдэнтэй монголчууд, ялангуяа баргууд голчон агтны наймаа панз үсэргэдэг байсныг А.Баярмагнай нотолж байна. Цэвэр цусны адууг монголчууд “аргамаг” гэдэг байснаа хожим Монголоо зорьсон Сумьяа бэйс тэргүүтэй монголчуудын Томскийн морин заводоос худалдаж авсан мориор “томск” гэх болсон аж.
   
Шинэ монгол адуу гэх нэршил зохисон эсэхийг бүү мэд. Ямартай ч манай залуу уяачид англи адуунаас араб нь илүү Монголын нөхцөлд тохирч байгааг энэ хооронд амьдралаас олоод мэдчихсэн сууж байна. Нэг морины тэжээлд жилдээ 1.5-2 сая төгрөг зарна гэдгийг www.change.moriton.net сайтаас бэлээхэн харж болохоор юм. Жирийн нэг адуу биш учраас илүү их арчилгаа маллагаа шаарддаг, тэр хэрээрээ амжилт ч үзүүлдэг байна. Түүнээс гадна уралдаад ирсэн адуу шингэнээ алддаг тул түүнийг нь нөхөх шаардлага ч гардаг. Үүнийг зарим сэтгүүлч допинг хэрэглэдэг мэтээр бичдэг гэнэлээ. Ер нь л хурдан моринд хорхойтой бол хэдэн төгрөг яалт ч үгүй хэрэгтэй болох нь. Түүнээс ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч гавьтай хол явахгүй.

Ардын наадам       

Монголчууд хэзээнээсээ л аймаг хошуугаараа цуглан наадаж ирсэн улс. Хурдан морь ч түүний гол уралдаан. Гэхдээ аль шандаст хурдан хүлгүүд эртнээс л хаад ноёд, хөрөнгө чинээтэй хүмүүсийнх байжээ. Гол нь тэд хурдан моринд зориулах цаг зав, бас дээр нь хөрөнгө чинээтэй л байсан хэрэг. Хамгийн сонгодог жишээ нь, Чингисийн алтан ургийн хүн Өвгөн ноён гэгдэх Хардал бэйс юм.

Хамуутай хар даага нь гуурст хурдан хүлэг болох явдал үлгэрт л гардаг байснаа социализмын үеэс бодит хэрэг болох шахжээ. Феодалын хөрөнгө хураахад агтын бараа харсан монголчууд Ардын наадамд уралддаг уламжлал тогтоод 100 орчим жилийг үзсэний учир өнөөгийн хэдэн уяач-бизнесмэнийг бид ад үзэх болтлоо галзуурчээ. Малыг нийгэмчилсэн гээд ч нэгдлийн сүргээс хурдан ажнай төрсөн нь ховор. Малчин гэсэн ч хүн л юм хойно аль хурдтай иртэй адууг нь нэр дээрээ уяж уралдуулахаа хэнээр ч заалгахгүй. Ардын наадмын түүхэнд нэгдлээс бараг ганцхан хурдан буян төрсөн нь Нийгмийн хонгор л байх даа.
   
Өнөөдөр Сүхбаатарын, Галшарын хурдан хүлгүүд улс, бүсийн наадмын түрүү магнайг авахгүй байгааг гагцхүү санаачлагагүй байдалтай холбон тайлбарлаж болно. Хэдхэн жилийн өмнө энэ сүрэгт л цэвэр цусны азарга тавьж хурдан угшил гаргаж авсныг энэ нутгийнхан ор тас мартсан бололтой юм. Харин цэвэр монгол адууг нь баячууд хэрхэн бузарлаж байгаа тухай хэдэн цагаар ч хамаагүй ярих биз. Жаахан л санаачлагатай бол уул нь хоёр гурваараа нийлээд ч болтугай үржил селекцийн ажил хийх нэг их хэцүү биш л баймаар.
   
Ардын наадамд ардууд л уралдах сайхан боломж нээгдсэн ч удам сайтай хурдан хүлгүүд чадах чадахгүй хүмүүсийн гар дээр тарсан нь харин ч Монголын шилмэл угшлыг үгүй хийхэд хүргэжээ. Мөн хувийн малын тоо хязгаартай хойно хурдны адууг дагнан үржүүлэх боломж ч нэг талаар хаалттай болсон биз. Үнэндээ бол ардын наадам нэртэй боловч өнгөрсөн жилдүүдэд бас л улсаас тусгай лан харж үзсэн шилмэл сүргээс л түрүү магнай төрж байсныг дээр хэлсэн билээ.

Төвд төвлөрсөн хурд

Өнөөдөр Төв аймгийнхан улсын наадмаас авсан айраг түрүүгээрээ бусдыгаа холоо хаяна. Морин завод, морин тойруулгын буянаар шандаст хурдан хүлэгтэй болсон энэ нутгийнхан санаачлага сайтай ажээ. Ардчилсан хувьсгалаас ч өмнө 1989 онд Төв аймгийнхан цөмтэй Монгол адуу нийгэмлэг байгуулагдсан байна. Үүсгэн байгуулагчдын ганцаас бусад нь нэг нутгийнхан. Өнөөгийн ММСУХ-г ч энэ аймгийнхан байгуулсан юм. Адуугаар дамжиж улс төр хийгддэг нутгийн нэг бол яах аргагүй Төв аймаг.
   
Энэ газар хурдан угшил төвлөрснөөс гадна бараг дэргэд нь улсын наадам болдог тул уяачид нь ч түлхүү наадаж иржээ. Мөн наадам болох газарт шахуу уяа сойлгоо тааруулдаг тул адуунд нь давуу талтай бололтой юм. Үүнийг газар ойр Бээжинд болсон Олимпоос монголчууд олон медаль хүртсэнтэй зүйрлэсэн ч болно. Нэрээ хэлэхгүй байхыг хүссэн хэд хэдэн уяач харин ММСУХ-г М.Энхболд толгойлох болсноор маш их улс төржсөн газар болсон гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн сонгуулийн сурталчилгааны үеэр Улстөрийн тойм сонины сэтгүүлч Б.Оюунгэрэл Шадар сайд М.Энхболдыг “Сайхан наадам-Миний сурталчилгаа” гэдэг бодолтой явдаг байх гэсэн нь таамаг бус бодит үнэн юм. Төвд хурд төвлөрч байхад тэрбээр сайхан наадаад л байвал элдэв сурталчилгааны хэрэг юусан билээ.  
   
Олонх сонгогч нь уяач, дээр нь ихэнх нь монгол адуутай тул наадамд эрлийз адуу уралдуулахгүй гэдэг шийдвэр гаргасан нь түүнд хишгээ өгч дахин сонгогдлоо. Ямрыг нь монгол, ямрыг нь эрлийз гэхийг баттай тодорхойлж чадахгүй ч улстөрч хүний хувьд сонгогчдод л таалагдах хэрэгтэй билээ. Хэрэвзээ мань хүн Монголын олимпийн шигшээг бүрдүүлэх замаар сонгогчиддоо таалагдах байсан бол Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг багаас нь хасч ч мэдэх нь. Монгол газар хөл дээрээ тэнцсэн хурдан хүлгийг эрлийз хурлийзаар ялгаж байгааг нь хараа биз дээ. Хувийн жижигхэн бодолдоо хөтлөгдсөн алдартай уяач, хувьсгалын нэрээр шийдвэр гаргадаг дарга хоёр шинэ монгол адууг хэдий болтол хавчихыг харж л суухаас.  


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn