Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шамбалд зорчсон тэмдэглэл
2012 оны 7 сарын 17 [Уншсан тоо: 72212]

Шамбалын эзэн. Зөвлөлт-Оросын зураач, эрдэмтэн, филосифич, нийгмийн зүтгэлтэн, зохиолч, аялагч Н.К.Рерих 1927 онд Төв Азийн экспедицийн аянаараа Монгол газраар дайран өнгөрчээ. Түүний манай Судар бичгийн хүрээлэнгийн Ц.Жамсранов бодисадын замналаар явагч хэмээн бичсэн байдаг юм. Н.К.Рерих коммунизмыг буддизмтай нийлэгжүүлэн ойлгогч байсан бөгөөд Улаан хүлэг баатар баатар буюу Шамбалын эзэн зургаа манайд бэлэглэсэн өдгөө Уран зургийн галарейд хадгалагдаж байна.

МЭ X зуунаас эхтэй гэж судлаачид үздэг Цагийн хүрдний тантарт Шамбалын хаан Сучандра Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний сургаалын авшиг хүртсэн хэмээн өгүүлжээ. Шамбалын орны тухай анхны мэдээ сэлт гэвэл энэ. Николай Рерих эхнэрийн хамт аяндаа амгалан жаргалан бүрддэг энэ орныг хайн Төв Азиар 1924-1928 оны хооронд аяласан юм. Зууртаа Монголоор дайрсан ч хайж явсан газрынхаа хажуугаар нь зөрөөд өнгөрсөнөө огт мэдээгүй ажээ. Өдгөө Улаанбаатараас 521 км-ийн зайд өнөөх Шамбалын орон нь бий гэдгийг захын монгол жаал заахаар болжээ. Гэхдээ XXI зууны хэлээр түүнийг “Энергийн төв” гэлцэх болсон байна.

Шамбал хүрэх замд

Галттэргээр Шамбалд хүрвэл биед амар, зардал ч бага. Гол нь хоёр талын тийзээ нэгмөсөн авсан нь дээр. Эсбөгөөс Сайншандад ч хонож мэднэ. Хэдий дээдийн жаргалант орны хажууханд ч гэлээ иргэншилд хордсон орчин цагийн хүн тэнд удаан тэсэх нь юу л бол?! Аль ч галттэргээр очсон бай Сайншанд өртөөн дээр таныг микроавтобус болон жижиг тэрэгтэй аяллын хөтөч нар хүлээж байгаа. Энх мэндийн оронд олуулаа микроавтобусаар хүрнэ гэвэл нэг хүний 15 000 төгрөг, харин жижиг тэрэг бол өдрийн 70 000 орчим төгрөг. Хараахан Бурхны оронд хүрчихээгүй тул үнээ тохирч бас болно. Харин бэлтэй чадалтай нэг нь жийпээр заларсан ч сонголт бий. Хөлс нь л арай ахиу. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Хамарын хийд төвтэй, 110 км орчим урттай маршрутаар өнөөгийн байдлаар том бага нийлсэн 180 орчим машин үйлчилгээ үзүүлж байгаа гэж тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Ганбаатар ярилаа.


Ач холбогдол. Хуучин Зөвлөлтийн олон цэрэг байрлаж байхад Сайншанд өртөө хотшсон газар болжээ. Зах зээлийн үед зорчигчид дамжин өнгөрөх газар болж хувирсан ч шинэ зууны эхнээс дотоодын жуулчдын томоохон урсгалд дарагдаад байна.

Та тэр дороо Сайншандаас Хамарын хийдийн дэргэд байх гэр буудлын хотхонд хүрнэ. Энэ жил аймгаас нь 17 тэрбум төгрөгийн төсөв гаргаж 45 км хатуу хучилттай зам барьж байгаа тул ирэх жилээс замдаа алжаахгүй. Гэр буудлын үнэ 25 мянган төгрөгт эргэлдэнэ. Дээд тал нь арван тавуулаа нэг дор орох боловч хүн тутамд ногдох зардал нь багасах сайн талтай. Шамбалд хүрэх гэж байхад ганц шөнө “шпротлоод” хонох юу ч биш. Нутгийн залуугийн яриагаар нийт долоон айл гэр буудал, гэр гуанз, гэр дэлгүүрээр үйлчилдэг ажээ.


Хийц. Хамарын хийдийн цогцолборт ноднин 2.4 тэрбум төгрөгөөр босгосон Өвгөн суварга 40 метр өндөртэй. Хуучин уламжлалыг орчин цагийн өнгө төрхөөр сүлсэн энэ байгууламж дотроо саруулхан болоод цэвэрхэн. Улааны шашныг үндэслэгч Ловон Бадамжунайгийн найман дүрээр туургыг нь чимсний дээр голд нь монголчуудын бэлгэдэл Эвтэй дөрвөн амьтан зэргийг дүрсэлжээ. Энэ бүх хөрөнгийг сүсэгтэн олон гаргасан бөгөөд нээлээр нь аймгийн төсвөөс 16 сая төгрөг гаргаж цам буулгажээ.


Үйлчилгээний төв. Гэр үйлчилгээг нүүлгэх шийдвэр гараагүй бол Х.Сугарбадам хэдэн гэр болоод саравчныхаа гадуур хайс барьж улам тохижуулах бодолтой байжээ.


Үл хөдлөх хөрөнгө. Гэрээс гадна иймэрхүү жижигхэн байшинхан ганц нэг бий. Худалаа арилжаанаас гадна гар утас цэнэлэх, нэгж зарах зэрэг үйлчилгээ үзүүлдэг аж.


Тахилын зүйлс. Х.Сугарбадамын зөвлөсөн дагуу худалдаж авсан эдгээр зүйлс гурван хүнд зориулагдсан бөгөөд бүгд аяллын замд хэрэг болно. Нийт үнэ нь 13 950 төгрөг болсон юм.


Супервүүмэн. Супермаркет, гуанз, гэр орон хосолсон гэрийн эзэгтэй Х.Сугарбадам бүх үйлчилгээгээ өөрөө гардан хийдэг ажээ. Хийдийн орчин төвийн эрчим хүчний шугамд холбогдсон нь энэ хавийн үйлчилгээний газруудад томоохон боломж олгосон харагдав.

Мөн дээрх бүх үйлчилгээг нэгтгэсэн жуулчны баазууд ч бий. Хамгийн том нь “Таван дохио”, удаах нь саяын сонгуулиар МАН-аас нэр дэвшиж ялсан Ж.Батсуурийнх, отгон нь “Говийн өглөө”. Эдгээр баазууд өдрийн гурван хоолон дээр аяллын унааны зардлыг нэмээд хүн тус бүрээс 40-50 мянган төгрөгийн хөлс авдаг. Цэвэр бохирын шугамд холбогдсон тул гэр буудлуудаас хавьгүй тохитой. Хаа ч хоносон байлаа Шамбалд хүрэх гараа ургахын улаан нартай зэрэгцэн эхэлдэг номтой.

Багш байсан “захирал”

Хийдийн дэргэдэх гэр буудлууд дунд энэ газар зургаан жил болж, хөлөө олчихсон нэгэн эмэгтэй таарлаа. Аж ахуйн нэгж бус хувиараа хөдөлмөр эрхлэгчийн статусаар сар болгон аймагтаа 36 000 төгрөгийн татвар төлдөг Х.Сугарбадам хэмээх жаатай эзэгтэй цуйвангаа мах үнэд орсны учир 3 800 төгрөг болгожээ. Бууз нь 500, гурилтай шөл нь 3 500 төгрөг. Таана амтагдсан махтай аль ч хоол нь салахын аргагүй. Аймгаас зөвшөөрсөн дээд хэмжээгээр зургаан гэрээр үйлчилдэг Х.Сугарбадам өөрөө хамаг ажлаа хийхээс гадна тус дэм болдог хоёр хүнээ сарын 200 мянган төгрөгөөр цалинжуулдаг гэв. Гал тогоо, дэлгүүр хосолсон гэрийнх нь зуухан дээр цуйван, цахилгаан жигнүүрт бууз цагаа хүлээнэ.


Аргагүй байдал.Агуйн цогцолборын Умай хадаар ороод гарсан жуулид доош буухдаа гар гараасаа хөтөлдөг. Газрын бартаанаас үүдэн ингэхээс өөр аргагүй бөгөөд харин эсэн мэнд буусан хойноо “Монголчууд, эвтэй байхдаа хүчтэй” гэдэг уриа хэлэн хөтлөлцсөн гараа дээш өргөнө.
   
Түүний гэрийг хараад төв газрын супермаркетууд хэтэрхий том талбай эзэлдэг юм уу даа гэх бодол хар аяндаа төрөв. Орж ирсэн хүний асуусан бүхэн зэхээтэй. Ус ундаа, оо сойз, арц хүжнээс гадна яаралтай үед гар дор байх учиртай Наалдан-пад ч харагдана. Хойморт нь Ноён хутагт Данзанравжаагийн хөрөг залаатай, залгаад эд бараа өрөөтэй. Ханын толгой, унийг хүртэл барааны тавиурт ашигласан нь монгол гэрийн багтаамжийг илтгэхээс гадна эзэгтэйн эмх цэгцийг бэлхнээ харуулна.


Сүсэгтэн. Хамарын хийдээс эхлэх замыг сүсэгтнүүд машинаар туулах нь элбэг. Гэхдээ явган туулбал илүү их буян хураадаг гэх тул чулуу цувуулан тэмдэглэсэн замыг даган явагсад ч олон.
   
Гурван хүүхэдтэй Х.Сугарбадам зах зээл эхлэхэд л ажлаасаа гарч арилжаа наймаа хөөжээ, хажуугаар нь 1997 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг ня-богийн бакалавр зэрэгтэй төгссөн байна. Бага хүүхдээ одоо Бээжинд жилийн 12 сая төгрөгийн төлбөртэй дээд сургуульд сургаж байгаа аж. Энэ болоод бусад зардлаа бизнесээрээ өлхөн олдог бололтой юм. Тэр хавийн улс түүнийг “захирал” гэж дуудах боловч өөрөө “намайгаа цаашлуулж байгаа юм” гэлээ. Дулааны улиралд хөл тасрахаа больсон Хамарын хийдийн дэргэдээс олон ам бүл амьдралаа залгуулж, улмаар өвөлдөө захиалгаар цөөн ч болов жуулчин авах болжээ. Харин тэднийг удахгүй хийдээс холдуулан нүүлгэх гэж байгаад бүгд дурамчхан байлаа. Энэ хавьд ер нь л ариун цэвэр, салхилга бат, стандарт зэрэг орчин цагийн зүйлс тун маруухан гэж аймгийн удирдлагууд онцолсон юмдаг. Шамбалын орноос ч стандарт нэхдэг “цөвүүн цаг” юм хойно яая гэхэв дээ.


Авхаалж.Шамбалын орны хаалган дээр ганцхан дэлгүүр байх бөгөөд тэнд зарагдаж буй энерги шингээсэн гэх бугуйвч гүйлгээтэй эдийн нэг. Шамбалыг хүртэл өндөр хүчдлийн шугам хэзээний татсан нь цаашид улам өргөжин тэлэхийн бэлгэдэл гэлтэй санагдсан юм.

Хөтөч ба хөтлүүлэгч

Бид урьд Хамарын хийдийн лам байсан Төмөрөөг хөтчөөр авлаа. Үнэ хөлсийг нь асуутал “сүжиг л мэднэ” гэдэг ханш хэлсэн нь Шамбалд ойрхон ирснийг илтгэх мэт санагдав. Микроавтобустай ирсэн жуулчин тус бүрээс 500 төгрөгийн хөлс авдаг хөтөч маань биднээр 10 000 төгрөг гэж хэлүүлээд урам зоригтой ажилдаа орсон юм. Шамбалын орныг өдий хүртэл босгосон “Таван дохио” ТББ-ын хөтөчийн дамжаанд сууж, үнэмлэх гардаагүй ч нутгийн хүүгийн хувиар үзэж харах ёстой бүхнийг дуржигнатал тайлбарлаж явлаа. Зарим нэг хөтөч санаан зоргоор тайлбарлах болсон тул зориудаар тийм нэгэн сургалт явуулжээ.


Учиртай сэржим. Хүслийн уулын оройд байх хоёр овоог тойрох эрх зөвхөн эрчүүдэд олдоод зогсохгүй чин сүсгээрээ сархад зооглох онцгой ямба ч эдэлдэг. Энэ удаа тэд зөвхөн өөрсдөө цэнгэлийн манлайд хүрэхийн тулд бус гэр бүл, ах дүү, амраг садныхаа төлөө умдааны дээдийг хүртэж байгаа хойно хариуцлага нь хавьгүй өндөр юм.
   
Бид хэн болохоо хэлсэн болоод ч тэр үү манай Төмөрөө учиргүй дэгсдүүлээгүй байж мэднэ. Гэхдээ Японы ханхүү Акишино 2009 онд гүнжийн хамт ирсэн түүхийг арай л давсалчих шиг санагдсан. Гурван охин төрүүлсэн Кико гүнж Хүслийн хар уулнаас нуган үр гуйчихаад 14 хоногийн дараа жирэмсний хордлого өгсөн гэж эгээ л дэргэдийн эмч нь аятай хэлж билээ. Өдий зэргийн хэтрүүлэг үнэндээ бага хэрэг гэдгийг Догшин хутагтын эд өлгийн зүйлсийг долоон үеэрээ хадгалсан тахилч З.Алтангэрэл инээд алдан хуучилсан юм.


Эрх.Хүслийн уулын оргилд сэржим өргөх хувь дутсан ч эмэгтэйчүүд нэ газар өөрийн овоо бас шүтээнтэй юм. Гагцхүү бүсгүй заяанд хамаатай хүсэлт гуйлтаа хүсэх эрхийг нь хасуулаагүй Ноён хутагтад ч эмэгтэйчүүд давхар залбирах учиртай билээ.

Нийлүүлэлт нь эрэлтээ дагадаг хойно хөтөч нар хад чулууг ч жуулчны хэрэгцээнд зохицуулан тайлбарладаг бололтой. Аяллын замд таарах элгэн улаан хад зуны үдийн наранд халаад ирэхэд урьдын хөгшчүүл доороос даарсан өвчиндөө жин тавих байдлаар налан ашигладаг байсан аж. Үнэндээ түүнд өөр шид үгүй гэнэ. Харин бидэнд бөөр, нуруу ер нь аль ч өвдсөн эрхтэнд маш сайн гэж хэлсэн юм. Бас нэг овгор хад дээр нь мордоод сайн оцогновол хүүхэд олно гэдэг тайлбартай. Иймэрхүү жишээ ганц энд бус өөр газар ч таардаг. Өмнөговийн Бадрангуй нэрт бясалгалын агуй өнөөдөр “Баяжихын” болж өөрчлөгдөөд очсон хүн түрийвчээ үрж, мөнгө тавьдаг заншилтай болсон нь бий. Хөрөнгө мөнгийг хөсөр хаях гэсэн бясалгаачийн орон мөнгө олшруулдаг шид орсон нь цагийн аяс юм даа.


Хөрөнгө оруулалт.Хүслийн уулын бэлээс оргил хүртэл тавьсан шат болоод гүүрийг хандиваар санхүүжүүлжээ. Тэгэхдээ гурван сая төгрөгт 33 гишгүүр, хоёр сая төгрөгт 22 гишгүүр, нэг сая төгрөгт 11 гишгүүр гэхчлэн оноож өргөл авсан байна.

Эр хүн жаргах оргил

Аяллын төгсгөл нь өдгөө “Хүслийн хар уул” гэгдэх болсон Хан Баянзүрх хайрхан. Сүүлд дурдвал зохих ч жуулчдын хувьд ялангуяа эрчүүдэд хамгийн чухал тул эхэлж ярья. Нэгэн цагт өмнөх дүрийн Ноён хутагт эцгийн нүглээр Эрлэгт дуудагдан шүүгдээд эргэж иртэл цогцосыг нь занданшуулсан байжээ. Ингээд биегүй хоцорсон сүнс хамаг амьтны хүслийг биелүүлэх тангараг тавиад энэ уулнаа шингэсэн домогтой гэнэ. Харин говь газар өндөрт орох шажигнасан хар чулуутай хайрхны хормойд хутагтыг оршуулсан учир “Шарил тайлин” алдартай болсон хэмээн нутгийн залуу Б.Төртогтох ярьж өглөө.


Буянтан.Б.Төртогтох (зүүн гар тал) оргилоос бэл хүртэлх архи шил, хуванцар савыг ноднингоос эхлэн сайн дураараа цэвэрлэж заншжээ. Урьд нь тэрбээр Оюутолгойд ажиллах байсан бөгөөд одоо Хамарын хийд орчмын тохижилтод гар бие оролцож байгаа гэнэ.

Шинэ цагийн жуулчид чухамдаа энэ газрыг л зорьдог. Хэлсэн, шивнэсэн, цаасан дээр бичсэн алив хүслийг нь биелүүлэх ерөөлтэй гэх яриа юу ч хийлгүй жаргах гэсэн хүний сэтгэлийг эрхгүй татна. Уулын дунд биеэс дээш эм хүн алхдаггүй жаягтай. Жендерийн ялгаатай овоондоо хүүхнүүд аминчлан мөргөж идээ будаагаа цацан, хүслээ шивнэнэ. Харин эрс оргил дээр гарч овоонд нанчид өргөхийн ялдамд өөрсдөө дориухан хүртэх хуультай. “Архинд дуртай” хоч авсан уулыг зорьсон холын жуулчид хамаатан садныхаа дайсан сархадын талыг өргөж, үлдсэнд нь “шидэт оруулаад” эргүүлэн авч явна. Тиймээс зарим хүн үүргэвчиндээ чамгүй хүнд ачаатай өөдөө амьсгаадан мацна.


Буян.Гүүрийн хашлага дээр байрлуулсан хүрдэнд сүсэгтэн хүсвэл тодорхой үнээр дурсгалын самбар байрлуулж болох аж. Энэ мөнгөөр гүүр бүтэж Хүслийн уулын оргилд хүрэх гэсэн бусад сүсэгтэнд буян болж байна.

Урьд энэ ууланд хэн хүн гардаггүй байсан гэнэ. Яалт ч үгүй зовлонд унасан нэгэн оргилд нь гарч сархадаар сэтгэлээ засдаг байсан гэдгийг Б.Төртогтох хүүрнэв. Харууц сайтай энэ газар зуны халуунд ч салхи сэвэлзээд үнэхээр сэтгэл онгойх юм билээ. Өдгөө эрчүүд ёс төртэй сэржимдэж, доор хүлээх эхнэрийнхээ бүрэн зөвшөөрлөөр гэр бүлийнхээ хүсэл зорилгын өмнөөс овоохон дугтрах аж. Бидний хөтөч Төмөрөө газрын холоос энд ирчихээд хаа яваагаа мэдэхгүй болтлоо согтсон хүн олон таардаг гэж халагласан. Харин Б.Төртогтох жуулчид ихээр ирэх болсны дээр цементэн шатанд даруулаад хамаагүй нэрийг нь дуудаж болдоггүй хайрхан минь “царай алдсан” гэлээ. Тэрхүү шат зэрэг бусад бүтээн байгуулалтад ухаалаг маркетинг шингэсэн юм билээ. Шинэ цагийн маркетинг ядаж л халамцсан эрсэд түшигтэй санагдсан.


Арга.Хол зам туулан ирсэн сүсэгтэн ганц өөрөө буян заяагаа дэлгэрүүлж, аз хийморио дарцаглуулахыг үл хүсэх аж. Алсад суугаа нэгэн рүүгээ гар утсаар залган Хүслийн уулын оргил тийш хандуулахад нөгөө талаас ууланд хандан чин хүслээ шивнэх боломж бас бий.

Биелэсэн Шамбал

Аяллын гол хэсэг бол Шамбалын орон. Унаган соёлоо ухаж төнхөж уйдаад айлын авдраас алт эрдэнэс хайсан Өрнийн голцуу далд чанадад дурлагсдын зүтгэлээр газрын зураг дээр байдаг шигээр ойлгогдох болсон Шамбал уг нь мунхагийн харанхуй, аминч үзлийн гохыг тасалж гэгээрэлд хүргэх ёгт агуулгатай билээ. Тийм дээрээс ч хэн бүхний өмнө бурхан номын үйл нээлттэйг нотлох гэж насаа барсан Ноён хутагт Данзанравжаа энэ газрыг цогцлоожээ. Цагийн хүрдний мандалын тиг ёсоор бүтээсэн ариуслын хүрээг материалист чөмөгтэй барууныхан зэлүүд Говьд бий гэсэн нь өнөөдөр биелэлээ олсон байна.


Хуваарилалт.108 суваргаар хүрээлүүлсэн Шамбалын орон гурван хаалгатай. Урд  зүгийн хаалгаар жирийн ард, баруун хаалгаар нь төрийн түшмэд, зүүн хаалгаар нь лам хуврагууд залрах учиртай гэнэлээ. энд Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Сү.Батболд нар бүгд ирсэн байна. Харин шарын шашныхан тэр бүр ирээд байдаггүй бол тайваньчууд байнга олноороо ирэх болжээ. Мөн солонгос, япончууд ч сүүлийн жилүүдэд зочилж тогтмол байна.

Энэ газрын түүхийг багаас мэдэх З.Алтангэрэл 1999 онд Японд элчин зөвлөх байсан П.Ганхуягийг амралтаараа ирэхэд уулзаж хүсэл зорилгоо ярин газар орныг үзүүлжээ. З.Алтангэрэл түүнээс Японы хандивын болоод шашны байгууллагуудтай холбож өгөөч гэж хүссэн хэрэг л дээ. Тэгэхэд П.Ганхуяг түүнд “Зураг төслөө сайн хий, бүр макет бэлтгэ. Хүн харах юм бэлд” гэдэг зөвлөгөө өгсөн аж. Мөн Японд харсан зүйлээ ч ярьсан байна. Нэг сүмийн үүдний бэлэг дурсгалын дэлгүүрт ортол хаалганы хоёр талд дөрвөлжин зэс хавтан хураалттай байж. Нэг талынх нь бүгд ардаа бичигтэй байх юм гэнэ. Учрыг асуутал уг сүмийн дээвэр 300 жилийн настай эд. Одоо нэгэнт солих болчихсон. Харин та эндээс хавтан худалдаж аваад ар дээр нь хүслээ бичвэл манай сүм таны төлөө лавтайяа 300 жил залбирна гэжээ. Энэ түүхээс үлгэр авсан З.Алтангэрэл Шамбалын орныг хүрээлэх 108 суврагаа тус бүрийг нь нэг сая нэг зуун наян мянган төгрөгөөр үнэлсэн нь төдөлгүй эзэндээ очсон байна. Суваргатай болох гэсэн хүмүүс цаана нь үлдэхэд ахин 17 хөтөлгөө суварга ч босгосон гэнэ.


Харьцахуй.Шамбалын орны төвд байх гурван тойргийн нэг дээр гарч суух, хэвтэх зэргээр хүрэлцвэл энерги авдаг гэж сүсэгтнүүд үзэх болжээ. Өөрсдөө суусан батарей шиг цэнэглэгдэхээс гадна алсад суугаа нэгэндээ гар утасны долгион ашиглан “цэнэг” дамжуулна.

Буян хийх гэсэн хүний сэтгэл хэзээ ч мөхөхгүй, харин баригдахуйц зүйл хийдэг нь ховор хойно З.Алтангэрэлийн үйлс дорхноо бүтсэн хэрэг. Үүнд орон нутгийнх нь засаг захиргааны тус ч үлэмж дэм өгчээ. Шамбалын орон бүрэн боссон 2007 оноос хүний хөлд дарагдаж эхэлсэн ажээ. Буяны нэртэй орныг монголчууд олноороо зорьж байгаа нь юутай сайхан үйл. Энэ буянт үйлсийн эхийг Дорноговийн аймгийн орон нутгийг судлах музейн эрхлэгч Цагаандариум, Зүүнбаянд суугаа Зоригтбаатар, Хамарын хийдийн хамба лам Дөш нар тавилцсан байна.     

Орон нутгийн брэнд

Хэрэглэгчдийн хүслээр “Энергийн төв” нэрийг олсон орон нутгийн аялал жуучлалын энэ бүтээгдэхүүн жилдээ хоёронтаа эрэлтээ дийлж яддаг. Эхнийх нь тавдугаар сарын эхээр аяллын маршрут дагуух “сакура” цэцэглэхэд. Говьд ургасан бүйлсийн нэг төрөл нь сакура тул ингэж нэрлэхэд ер нь гэмгүй. Өнгөрдөг хавар Шамбалын орны мянган төгрөгийн тасалбар өдөртөө 2 500 ширхэг зарагдаж дээд амжилт тогтоожээ. Монголын төмөр зам 2009 оноос энэ үеэр хуваарьт хоёр галттэрэг дээрээ нэгийг нэмж гаргадаг болоод байна.


Нууцын авдар.Үзмэрийн чухал хэсгийн нэг бол судаг дагаж бүйлс ургасан агуй юм. Ноён хутагт өөрөө болон хар шар гэлтгүй шавь нар нь бясалгал үйлддэг байсан нямбаны өргөө хэд хэд бий. 108 хоногийн бясалгал хийгээд гарч ирсэн шавиа хутагт тусгай аргаар сорьдог байсан гэнэ. Мөн гарч ирээгүй насан эцэслэсэн нэгний агуйн жижг амыг таглаг орхидог байжээ. Дотроо шарил бүхий агуй нэлээд байгаа гэх бөгөөд удахгүй нээх юм гэнэ.

Нөгөө нь есдүгээр сарын 10. Энэ өдөр 1937 онд юу ч үгүй болтлоо сүйтгэгдээд сэргээгдсэн Хамарын хийдийн хуврагууд Хэлмэгдэгсдийн өдрөөр хэлмэгдсэн хүмүүст хойтын буян үйлддэг. Мөн сүүлийн жилүүдэд энэ өдөр дэлхийн бурхан шашинтнуудын цугларалт болдог уламжлал тогтжээ. Өнгөрдөг жилийн намар есөн орны хувраг чуулсан гэнэ. Ноднингийн байдлаар 40 гаран мянган жуулчин ирсэн нь 2008 оныхоос хоёр дахин нэмэгдсэн гэж Г.Ганбаатар хэлэв. Биелэсэн Шамбалын орон өдгөө хүний хөлд дарагдаад байна. 2010 оны байдлаар Монголд гадаадын 456 090 жуулчин ирсэн гэж Үндэсний статистикийн хорооны эмхтгэлд дурджээ. Гэтэл ганцхан аймаг жилдээ үүний ес орчим хувьтай тэнцэх жуулчин хүлээн авна гэдэг аварга амжилт.


Шинэ үе. Төвийн эрчим хүчний системд холбогдсон Шамбалын орон ирэх цагийн эргэл мөргөлийн газрын жишиг болохуйц цэвэр үзэмжтэй байлаа.

Үүнээс олсон ашгийг гадаадын жуулчлалтай зүйрлэх аргагүй, гэхдээ Аймгийн Засаг дарга П.Ганхуяг ядаж дөрөв хоногийн аяллын хөтөлбөр боловсруулна гэлээ. Тэр ёсоор бол ирсэн жуулчны халаасыг юу ч үгүй “суйлах” юм. Ингэж гэмээн нь сая аялал жуулчлалын төгс бүтээгдэхүүнтэй боллоо гэж үзэх учиртай. Иргэдийн хурал нь ноднин Аялалын жуулчлалын хөтөлбөр баталж Хамарын хийдийн мастер төлөвлөгөөг ч гаргажээ. Лавтай дөрвөн жилийн өмнөхөөс эрс өөр өнгө төрхийг олсон Энергийн төвд илүү ирээдүй бий. Монголд цуутай хутагт, амиа өрөн авч үлдсэн өв, домог хууч, давс хужир орсон зан үйл, дэд бүтэц бас дээр нь овжин маркетинг Хамарын хийдэд цогцолжээ. Ноён хутагт хоёр зууны өмнө “газрын тамиртай” гэсэн дэвсэг өнөөдөр “Дэлхийн энергийн төв” гуншинтай болж, даяарт танигдсаар...   

Домог амилахад ирэх ашиг

Данзанравжаагийн эхээс унасан газар, Дорноговийн Шувуун шандад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга асан Ч.Сүрэнгийн хүүхдүүд аялал жуулчлалын томоохон бааз байгуулж байгаа. Цаахан нь Өмнөговийн Ханбогд сум, тэнд Ноён хутагтын босгосон Дэмчогийн хийдийн туурь ч бий. Хамарын хийдтэй харьцуулахад басчиг баригдах юмтай газар. Энэ гурвыг холбож Данзанравжаагийн намтар түүхийг өгүүлэх аялал жуулчлалын Алтан гурвалжин үүсгэх бүрэн боломжтой юм. Гол нь хэл амаа ололцох.


Уламжлал.Аяллын замын туршид байх үзмэрүүдийг арчилж торддог нь илт харагдана. Гэвч сүсэгтнүүд сурсан зангаараа тахил шүтээнд өөх тос түрхэн халтартуулж, чихэр будаагаа хаа сайгүй цацсан харагдав.        

Монголын ганц энэ аймаг хутагттай бус. Энд л гагц домог хууч ярьдаггүй. Тэнд л зөвхөн эд өлөг хадгалагдаагүй. Хачир оруулчихаж болох зан үйл Монголын хаанаас ч олдоно. Эвийг нь харж, эеэ олохгүй яваа орон нутаг захаас аван гарна биз дээ. Түүнээс домог амилбал ашиг унадаг эринд бид амьдарч явна. Харин Сайншандын аж үйлдвэрийн парк л үхэх төрөхөөс бусад нь худлаа улстөрчдийн амаар ороод шинэ цагийн домог болж үлдэхвий.

Энүүхэн Эрээн онгоцны буудал барьчихаад жилдээ нэг сая жуулчин хүлээж аваад ханхайж сууна. Эрээний хужаа нар биднийгээ “шулж” ханаад одоо хуурай газрын хил үзээгүй нутаг нэгтнийхээ халаас руу “гар дүржээ”, муухай хогнууд шүү. Хамгийн ойр хилийн багана дээр зургаа татуулаад буцах зочдоо хайр наргүй хоосолдог гэнэлээ, балиар амьтад. Тэднийг зочин хужаа нарыг хараахын оронд сэтгэлийг нь татаж дөнгөвөл зах зээлийн хорин жилд “алдсанаа” эргүүлээд авах юухан байхав дээ, уул нь.             

Ердөө л энэ...

Шинэ газар нутаг үзэх, эргэл мөргөл хийх, нанчид өргөх, дуулж хуурдах бүхэн нэгэн дор хуран бүтсэн Энергийн төв үнэхээр сайхан аяллын зам. Шамбалын орны өмнө зүгт орших Алтан гавал толгой сэтгэлийн буртгийг арилгах шидгүй ч гэлээ орой дээр нь гараад үнэн сэтгэлээсээ хоолой мэдэн дуулбал аяндаа л дотор онгойх юм билээ. Гавлын овоо гэх намхан довцог дээрээс сүжгийн сэтгэлээр халиахад бусад толгод намхан харагддаг ажгуу.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn