Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ноён
2012 оны 7 сарын 24 [Уншсан тоо: 72527]
Төв аймгийн Зуунмод суманд нэг ноёнтой таарлаа. Чингисийн алтан ургийн хүн. Зурагтаар хааяа гардаг, өөрийгөө өргөмжилсөн хийтэй нөхдийн өрөөсөн дугуй биш. 1997 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан Улсын төв номын сангийн архивт хадгалагдаж байгаа Чингисийн алтан ургийн бичгийн хуулбарыг түүнд гардуулжээ. Морь судлаач, түүхийн ухааны доктор А.Баярмагнай Галшар угшлыг цогцлоолсон Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын үр хойчийг судалсаны дүнд үүнийг магадтай нотолсон байна. Ерээд оны эхэнд хичнээн ч олон Чингисийн алтан ургийн хүн “тодров” доо. Одоо явж явж Чингис хааны академийн П.Давааням үлдэж. Зөвхөн Монголоос бус хилийн чанадаас ч “Би хааны чинь удам байна” гээд хэд хэдээрээ ирж билээ. 



Бидний уулзсан хүнийг Гомбосүрэнгийн Бямбаа гэнэ. 1968 онд дөрөвдүгээр ангиасаа сургуулиа орхиж мал дээр гарчихаагүй бол “Өдийд нэг техникум, ТМС төгсчихсөн байхгүй юу. Их сургууль нь ч яамай зүгээр” гэж суугаа Г.Бямбаа Хэнтийн Галшир сумын уугуул. Нэгдлийн мал хариулсаар 37 хүрдэг жилээ, 1991 онд Төв аймагт хань ижилтэй болох санаатай ирсэн гэнэ. Нэгдлийн хэдэн мал хариулаад зав олдоогүй. Бас зам явахгүй бол нэг сумаас нөгөө сум руу явуулдаггүй байсан болохоор ингэж орой гэрлэсэн гэв. Манийгаа дамшиглаа биз дээ. Г.Бямбаа эцэг эхээс наймуулаа, дөрөв хүү, дөрөв охинтой айлын ууган нь.

Түүний эцэг Пунцагнамжилын Гомбосүрэн 1923 онд төрсөн бөгөөд нутагтаа эцгийнхээ хэргэм зэргээр “Гүний Гомбосүрэн” хэмээн нэршсэн аж. 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож ирээд маршал Х.Чойбалсангийн жолоочоор 1949 он хүртэл ажиллажээ. Гэвч ялд унан таван жил шоронд суусан гэнэ. Багадаа ааваасаа яагаад ял авсныг нь асуухаар “Драмын театрын үүдэнд машинаа орхиод бүжгэнд орчихоод гараад иртэл машиныг маань хулгай авчихсан байсан” гэдэг байж. Юу гэж тийм юм байхав дээ. Улсын хэмжээгээр гарын хуруунд багтахаар, тэмээнээс тэмдэгтэй хэдхэн машинтай байтал хулгайлна гэдэг худлаа л даа. Тэгээд бүр маршалын машиныг шүү. Ноднин харин зуу шахаж яваа нутгийнх нь Ширнэн гэж өвгөн “Юу гэж тэгэх вэ дээ. Аав чинь, Х.Чойбалсанг алгадаад шоронд орсон хүн байхгүй юу” гэжээ. П.Гомбосүрэн шоронгоос суллагдаад нутагтаа очиж малчин, жолооч, клубын уран сайхны удирдаач хийж явжээ.

П.Гомбосүрэнгийн эцэг агь гүн Пунцагнамжил нь 1897 онд мэндэлжээ. Тэрбээр Богдын лүндэнгээр гүн цол шагнагдаж явсан ч эсэргүүний жил буюу 1938 онд хилс хэрэгт баривчлагдан цаазлагдсан байна. Энэ бүх түүхийг А.Баярмагнай Хардэл жанжин бэйс номдоо архивын баримт сэлтээр нь нотолжээ. Харин Пунцагнамжил бол жанжин Д.Сүхбаатарт Цэргийн яамны тамгыг хадаг сүүний хамт гардуулсан Бишрэлт чин ван П.Доржцэрэн юм.



Г.Бямбааг нутгийнхан нь язгуур угсаатай хүн гэдгийг мэдэх хэдий ч ил ярьдаггүй байсаар ерэн оноос ил цагаан “ноён” гэж дуудах болсон байна. Галшарын хөгшчүүл Г.Бямбааг залууд үснээс чинь авч тоонондоо уяна “аянга, цахилгааны аюул зайлуулдаг” гэлцэнэ. Г.Бямбаа ч дамшиглаад байна гэж бодоод өнгөрчээ. Бас “тэнгэр язгууртай, хаан цагаан ястай” гэж ярина. Харин энэ бүхэн түүний дээд өвөг Минжүүрдоржоос үүдэлтэй юм байж болох юм. Нутгийнхан дунд ийм нэгэн домог яригддаг.

Дарь илдэн жонон бэйс үр хүүхэдгүй явсаар нас өндөр болоход багш ламаасаа арга чарга асууж гэнэ. Тэгэхэд лам ноён, хатан хоёрын хамт Галшар уулыг тахижээ. Хатан хормой тосож суун, ламтан ном унштал хэсэгхэн үүлнээс мөндөр асгарч хатны хормойд хэдэн мөндөр тогтон үлдэж. Ингээд удалгүй агь төрсөн нь ширүүн бэйс Минжүүрдорж юм гэнэ. Багадаа өдөрт хувцасыг нь хоёр солиод байхад л бөөс нь гадуураа гүйдэг хүүхэд байсан аж. Харин бөөсийг нь алахаар адуун сүргээс нь заавал хорогдоно. Ингээд түүнийг адууны буянтай гэж үзэх болжээ. Мөн Минжүүрдорж дал нуруугаараа дагасан үстэй төрсөн юмсанж. Чухам эндээс “Хардэл” гэх алдар гарсан байх магадлалтай. Минжүүрдорж бол алдарт Өвгөн ноён Д.Пүрэвжавын эцэг юм.

Г.Бямбаагийн хойморт Хардэл бэйсийн дэргэдийн сүргийн тамга залаатай байлаа. Гадна сүргийн тамга нь ланз гэнэ. Одоо ч Өвгөн ноёны гал голомт дээр галгүй ланзан тамга нь бий. Харин галтай ланзыг нь Намхай гэдэг хүн феодалын хөрөнгө хураах үед авч үлдээд хадгалжээ. Тэр нь Хажуу-Улаанд байгааг Г.Бямбаа өөрийн биеэр очиж үзсэн байна. Хэдэн үеэрээ уламжлан хадгалж ирсэн зүйлсийг нь хоёр удаагийн хөрөнгө хураалтаар юу ч үгүй хамжээ. Уул нь ланз тамга нь зандан иштэй байсан ч жараад онд агуулж байсан амбаар нь түймэрт автаж иш нь шатсан гэнэ. Бас Өвгөн ноёны отго жинстэй малгай ч тэр галд өртөж, харин малгайных нь залаа их гэрт нь байгаа гэв. Г.Бямбаа Галшарт байгаа эцгийнхээ голомтыг “их гэр” гэж ярих аж.

Одоо нутгийнхан нь түүнийг айхтар хүндлэх болжээ. Уржнангийн цагаан сараар ная гарсан өвгөн “Ноёнтойгоо золгоно” гэсээр мөнгө барьж ирээд Г.Бямбааг сандаргажээ. Харин Төв аймагт бол түүнийг “Галшар” Бямбаа гэдэг. Та ер нь төр засагтаа хандаж байв уу гэхэд “Намайг ийм тийм гээд яриад явбал амьтан, энэ солиорчихож гэнэ шүү дээ. Мөрөөрөө салгалж явсан дээр. Сайн хүний үр болж төрсөн сайхан л юм гэж бодоод явдаг” хэмээн хариулав. Улсын төв номын санд байгаа ургийн бичгийнхээ эх хувийг өнөө хэр тэр үзээгүй гэсэн. Тэнд агь ноён Пунцагнамжил хүртэл байдаг аж. Харин А.Баярмагнай ургийн бичигт Г.Бямбаагийн хоёр хүү Улсболд, Төрболд хоёрыг хүртэл бичжээ.

Г.Бямбааг хараахан гэртээ ирээгүй байхад нь орж явчихсан бид хүүгээс нь удам судрыг нь шалгаагаад “Аав л мэднэ” гэдэг хариулт авсан юм. Тэгээд Г.Бямбаагаас хоёр хүүдээ удам судраа ярьж өгдөггүй юм уу гэтэл “Ярьж өгөлгүй яахав дээ, бэлээхэн ном нь ч байна даг” гэлээ. Тэгээд “Би ганцаараа л Чингисийн удам байна гэж юу байхав дээ. Өчнөөн л олон хаад ноёд байсан, тэдний үр удам гээд олон хүн хүн байх ёстой. Дөрвөн ханы дөрвөн хүүхэд байх л ёстой” гэж номчирхлоо.

Г.Бямбаа “Хардэл жанжин бэйс” сантай боловч хэдэн жил чухам юу хийхээ мэдэхгүй явжээ. Гэтэл Манлай уяач Б.Билэгдэмбэрэл санг нь хөдөлгөж нутагт нь ноднин Өвгөн ноёны хөшөөг босгожээ. Мэдээж моринд дуртай олны дэмээр энэ бүх ажил бүтсэн. Одоо Б.Лхагвасүрэн гуай Өвгөн ноёны тухай кино зохиол бичиж байгаа гэнэ. Тэгсэнээ “Хэрвээ би хөдөө хэдэн мал дагаад гүйж явсан бол энэ хэрийн юм хийгээч үү, үгүй ч үү. Яг үнэндээ Б.Билэгдэмбэрэл л энэ сангийн ажлыг явуулж байна. Би яахав “ноён” энэ тэр гэж дуудуулж хүндлүүлээд солиорч яваа хүн” хэмээн өөрийгөө чамлав.

Хардэл жанжин бэйс гэж олноо алдаршсан М.Пүрэвжав бол Сэцэнхан Шолойгийн удмын хүн бөгөөд Шолой нь Муруй Буймагийн, Муруй Буйма нь Аминдураалын, Аминдураал нь Гэрсэнзийн, Гэрсэнз нь Батмөнх даян хааны хөвүүн юм. Энэ сурвалж явсаар Чингисийн хүүд Тулуйд хүрч очдгийг бид биднэ. Г.Бямбаа харин Чингисийн 45 дахь үеийн залгамж. Тэрбээр хэзээ хойно Хэнтийгээс Төв аймагт ирсэнээ “Цус холдуулах гэж бодсон л доо” хэмээн наргиа болгов. Гэхдээ эхнэр Н.Энхтуяа нь Хэнтийн уугуул юм билээ. Ноён Г.Бямбаа одоо адуу маллахын хажуугаар гэрээрээ монгол гутал урладаг. Хамгийн дээд тал нь гурван саяар бүтээлээ зарсан гэнэлээ. Сүүлд нэгэн үзэсгэлэн яармаг дээр өнөөх гутлыг нь 10 саяар үнэлээд тавьчихсан байхтай таарчээ. Ноён Г.Бямбаа гэж ийм нэг эртэй товчхон хуучилсан минь энэ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив