Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Соёлын үрийг таригсад
2012 оны 8 сарын 9 [Уншсан тоо: 85302]
Өнгөрсөн долоо хоногт Монгол шилтгээнд болсон PLAY TIME 2012 амьд хөгжмийн наадамд нийт 52 хамтлаг ая дуугаа өргөлөө. Эдгээр хамтлагуудын аль нь ч төр засгийн  шийдвэрээр байгуулагдаагүй бөгөөд нийгмийн өмнө ямар нэг хариуцлага хүлээгээгүй юм. Хамтлагуудын ес нь л монгол нэртэйгээс гадна “үзэл суртал”-д нийцэхээр нь ч ховор. Хос сүх, Бэрд, Нисванис, Аяараас чанга... Чухам юу бодож ийм нэр сонгосныг нь асуугаад ч өдөөтэй “ухаалаг” хариулт лавтай сонсохгүй. Жишээ нь, Нисванисынхан анх сонинд ярилцлага өгөхдөө нэрээ мартчихаад үүсгэн байгуулагч Б.Галсансүхээсээ утсаар асууж явсан түүхтэй улс. PLAY TIME-ийг уралдаан зохиох дуртай гэж өөрийгөө тодорхойлдог МУСГЗ Д.Ухнаагаар шүүлгэвэл тэнцэх юм ганц ч гарахгүй. Харин тэрбээр дээрх залуусын үлгэр дууриал, өв хөрөнгө болсон Соёл-Эрдэнийг Монголын ард түмнийг хүмүүжүүлсэн, цэнэглэсэн гэж бахтай ярьдаг. Universe best songs шоунд оролцогчдын хувцас хунарт санаа тавьдаг эрхэм шүүгч Д.Ухнаа маань 1975 оны аравдугаар сарын 27-д болсон Улсын филармонийн зөвлөлийн хурал дээр Соёл-Эрдэнийн Га.Жаргалсайханаас “Зөвлөлт, Францын хооронд ямар хэлэлцээр болсон бэ, и хаана?” гэж асуугаад унагаж л явсан эр. Одоогийн хамтлагууд улсынхаа ерөнхийлөгчийг танихгүй байсан ч дурны хэрэг. Дөчин жилийн өмнө байгуулагдсан Соёл-Эрдэнэ хамтлагт даваагүй даваа, үзээгүй зовлон үгүй.

Төрийн хамтлаг

Манжаас салж Зөвлөлтийн гарт орсон ч гэлээ монгол хүн бүрийн сэтгэлд улсын дайтай улс болох хүсэл хэзээд асаатай явжээ. 1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ. Тусгаар улс л юм бол рок дуулах учиртай байлаа. Гэвч бүх зүйл санаан зоргоор бүтчихээгүй ээ. Ардчилсан Солонгосын мэргэжилтнээр ятга заалгасан дөрвөн залуу цахилгаан гитар, бөмбөр сурах ажил гарав. Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор урлагийн шинэ бүтээл гаргахыг эрмэлзсэн Соёлын сайд С.Сосорбарам хөөцөлдөж явсаар Японоос YAMAHA фирмийн хөгжмийн хэрэгсэлтэй ч болгоод өгч. 

Энэ хооронд залуус дээр дуучин Б.Нандинцэцэг, Л.Амарсанаа хоёр дуулаачаар нэмэгдэж харин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од нар явжээ. Үүгээр Соёл-Эрдэнэ хамтлаг уран бүтээлчдийн дамжин гардаг, гарахдаа гаргууд мэргэшдэг их түүх эхэлсэн аж. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийг бол насаар эгчмэд гээд болиулсан гэдэг. Төрөл жанр ч гэж тэгэхэд юу байлаа. “Битлз”, “Ролинг Стоунз” сонсдог залууст соло гитарч, бөмбөрчин хоёр нь гологдоод болсонгүй. Ингээд Нийтийн бүжгийн хамтлагт тоглож байсан Д.Галсанбатыг соло гитарчаар, Хөгжим бүжгийн дундын Га.Жаргалсайханыг бөмбөрчнөөр авчээ. Их ойд үзүүлэх тоглолтоо бэлтгэж гарлаа. “Хүүш Дамдин”, “Хэдэн гялаан хонь” болон Б.Наранбаатарын “Орхон нутаг”, “Авгын цагаан уул” зэрэг дуун дээр нь Ардын жүжигчин А.Долгор ахай бүжиглэнэ. Хамтлагийн найруулагч нь Г.Цэрэндорж. Түүнийг Чингис хаан хамтлагийн Д.Жаргалсайхан Соёл-Эрдэнийн загалмайлсан эцэг хэмээн нэрлэжээ.

Засгийн мөнгөөр тэтгүүлж байгаа хойно хүслийг нь гүйцэлдүүлэх үүрэгтэй. Улаанбаатарт тоглолт хийхээсээ өмнө бие халаах маягаар улсынхаа хойд хилээс урд хил хүртэл сурталчилгааны галттэрэгтэй “аялан тоглолт” хийсэн гэдэг. Үүнээс хойш жил бүр Соёлын яамнаас өгсөн даалгаврын дагуу бүх аймаг сумдаар явж филармоныхоо хамаг орлогыг бүрдүүлэх болсон байна. 1986 онд долоон аймаг 103 сум, 1987 онд есөн аймаг 52 сум, 1988 онд мөн л есөн аймаг 107 суманд тоглосноо Соёл-Эрдэнийн хоёрдахь бөмбөрчин Б.Цолмон тэмдэглэжээ. Удалгүй Монголын нам-засаг Соёл-Эрдэнээр мөнгө хийгээд зогсохгүй гадаадад нүүр тахлах болсон юм. 1973 онд Зүүн Германы Берлин хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны X наадмаас Алтан медаль хүртсэн Соёл-Эрдэнийн аялал омгоор дүүрэн байлаа. Тэдэнд медалиас гадна бусад орны рок хамтлагуудыг сонсох нь юу юунаас илүү чухал байгаа болов уу. Ийнхүү Б.Наранбаатар нэрийг нь хайрласан Соёл-Эрдэнэ Монголын төрд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Түмний шүтээн

Албан ёсны анхны тоглолтоо 1971 оны арваннэгдүгээр сард Драмын театр хийсэн Соёл-Эрдэнэ тэр дороо монгол залуусын шүтээн болов. Дуу хуур, үс засалт, хувцаслалтаас нь аваад тэднийг дуурайгсад үеийн үед байлаа. МУСГЗ Д.Ухнаагийн тооцоогоор тухайн үед цахилгаан хөгжимтэй дөчөөд хамтлаг байсан аж. Хөгжмийн зэмсэг худалдаад авчих бэнчин байлаа ч хүссэн зоргоор нь зарахгүй тул залуус аль нэг үйлдвэр завод бараадан хамтлаг байгуулдаг байсан хэмээн Хонхын Н.Энхбаяр хуучилсан юм. Н.Энхбаяр өөрөө ч гурван нөхрийн хамт Гадаад явдлын яамны хөгжмөөр нойроо хасан бэлтгэл хийдэг байсан бөгөөд тэднийг “Хөгжим бүжгийн дөрөв” гэвэл тэр цагийнхан андахгүй.

Барууны соёлын бэлэн дууриал болсон Соёл-Эрдэнийг чухам мөнөөх “эстрад”-аа тоглож байна уу, үгүй гэж эргэлзэх ч үе гарна. Ядахад орц бүхэнд банзан гитар балбасан залуус дүүрч, шөнөжин дуулалдах болсон тул нойрондоо харам дарга даамлууд таагүй хандана. Харин СГЗ Ж.Бадраа гуай “Хоорондоо зодолдож байснаас гитар балбаж байсан нь дээр” гэж өмөөрсөн гэдэг. Харин Чингис хааны Д.Жаргалсайхан “Шинээр бий болсон гитарчдын арми ямар ч л байсан орц бохирдуулж байсан архичдыг шахан зайлуулсан нь үнэн билээ” гэжээ.

1976 оны арванхоёрдугаар сард хийсэн Соёл-Эрдэнийн “Эх нутгийн дуу” концерт үзэгдэл болжээ. Хоёрхон удаа тоглосон концертийн билет олдоц муутайгаас гадна Драмын театр руу дайрч орох гэсэн хүмүүсийг нохойтой цагдаа ч зохицуулж дийлээгүй аж. Ингээд гал унтраах хоёр машин авчирч идэр есийн хүйтэн усаар шүршиж байж сая нэг муухан журамд оруулсан байна. ер нь л эдний тоглолтыг үзнэ гэдэг хамаг товчоо тасдахаас аваад хувцасаа хүртэл гээдэг халуухан тулаан. Өдөр ирэх бүр эрчээ авч байсан энэ хамтлаг 1975 онд анхныхаа пянзны бичлэгт орсон хэмээн Д.Жаргалсайхан Үл тасрах аялгуу номдоо тэмдэглэсэн байна. Хаа нэг зурагтаар гардаг Монгол телевизийн найруулагч Д.Жамъянгийн “Учралын уянга” кино концерт тэр үедээ клип юм даа.

Филармонийхоо цалинг олж ирэх даалгавартай сум сум дамжин тоглодог Соёл-Эрдэнийн тоглолтыг дагаж явдаг үзэгч бишгүй. 1988 онд Д.Галсанбат вагон дотор зохиогоод Сайншандад шууд тоглосон Тэмээн жингийн цуваа дууных нь үеэр хоёр нөхөр тайзны өмнө тэмээ болсон аж. Ингээд дүрдээ орсон уу, яасан Замын-Үүд хүртэл хамт явж “тэмээ хийсэн” нь ч гарсан. Соёл-Эрдэнэ анхнаасаа л цахилгаан хөгжмийг ардын хөгжимтэй хослуулахын зэрэгцээ ардын дуунуудыг орчин цагийн хэлбэрээр дуулж гарч ирсэн. Тэгээд ч өөр олон хамтлаггүй учир ийм тийм стиль барина гэх юмгүй, дээрээс нь уран сайхны зөвлөл гэж арван таван толгойтой мангасыг давсан бүтээл нь тоглогддог тул дуунууд нь чамбай басхүү “ардын” болж байлаа. Долоон нотны отгон хүүг Соёл-Эрдэнэ уламжлалт таван хөгөөрөө тал нутагтаа идээшүүлсэн билээ.

Үзэл суртлын гай

Урт үс, өргөн өмдөөр үлгэрлэгч Соёл-Эрдэнийг чухам тэр бүхнийг шүүмжилсэн “Цэвэрлэгч” бүжгийн ард тоглуулсан нь шийтгэл үү, сануулга уу бүү мэд. 1973 онд Дэлхийн Залуучууд Оюутны X наадамд явахад нь Соёлын яам сүр сүлд болсон урт үсийг нь тожийтол зассаныг санаа тавьсан гэхэд ч хаашаа юм. Тэр үед УГЗ, хөгжмийн зохиолч Д.Дугарсүрэн “Энэ хэдэн хүүхэд ямар ч том нэр сонгоо вэ” гэж байсныг МУСГЗ Б.Наранбаатар дурссан байна. Ядаад л сонгосон нэр нь хүртэл чих халууцуулдаг цаг байж.

Эхэндээ залуусыг МАХН-ын төв хорооны үзэл суртлын ажилтнууд, Соёлын яамны коллеги болон алдартай дуучдаас бүрдсэн комисс сонсоод давгүй үнэлжээ. УГЖ Ж.Дорждагва “Тоглолтыг үзээд баярлаж байна. Манай Наранбаатар ч баатар хүн юм даа. Мэргэжлийн хүн биш гэхэд овоо хүү байна” гэсэн нь шагнал шахуу үг. Ж.Бадраа гуай дэмждгээрээ дэмжиж. Төрийн шагналт Ц.Сэвжид гуай ч ам сайтай. Гэтэл ердөө жилийн дараа хуралдсан Улсын филармонийн уран сайхны зөвлөл ба хариуцлагатны зөвлөлөөс тус хамтлагийн гишүүдийн биеэ авч явах байдлыг авч хэлэлцжээ. Д.Ухнаа эрхэм маань З.Зундарийг “Найрамдлын сэдэвтэй дуу дуулж байхдаа чи яагаад дунд нь хашгирч байна” гэсэн нь протоколд үлдсэн байна. З.Зундарь учир утгагүй орилоогүй нь лавтай. Мэдээж өнөө үс гэзэгний асуудал бас боссон. Хамтлагийн гишүүдийн урт гэзэг Б.Наранбаатартай холбоотойг үзэл суртлын коллеги дорх нь олж тогтоосон ч байх шиг.

Соёл-Эрдэнэ нэрд гарах хэрээр энэ мэт үзэл суртлын шүүлтүүр улам нарийсч ирснийг харж болно. Жил бүр уламжлал болоод байсан “Мөнгөн чавхдас” тоглолтын 1982 оныхыг урьдчилан үзсэн Д.Лувсаншарав “Соёл-Эрдэнэ хамтлаг намын, улс төрийн шугам баривал чухал үүрэг гүйцэтгэнэ” гэснийг одоогийн амьд хөгжмийн хамтлагууд ойлгохоор үг биш. Бид өнөө хэр сонсох дуртай “Төрсөн өдрийн дуу, Үйлчин бүсгүй хоёрыг дуулахгүй байлаа гэхэд ертөнц юугаар ч дутахгүй” хэмээсэн байна. Харин тухайн цагт нам-засгийн захиалгаар хийгдсэн Хөдөөнөөс бичсэн захидал, Нэгдэлч түмний өргөө, Миний нэр МХЗЭ, Ямаачин, Малчны амьдрал мэтийн дууг нь санах хүн байвал аялаарай.

Үзэл суртал ямар ч сайхан дуу “зохиосон” залуус түүнийг нь гуйвуулж хариугаа авахаа хэнээр ч заалгаж байгаагүй билээ. З.Зундарийн Сайхан жавхаа дууны “албан бус” хувилбарыг одоо ч гэсэн хэн хүнгүй санах биз. Үзэл сурталчид өөрсдийгөө дийлж байгаа мэтээр сэтгэн маадгар суусан ч үнэндээ амьдрал дээр далаараа тавиулж байлаа. ...Илгээлтийн эзэд илжгээ унаад ишиг хургаа чононд идүүлээд нэгдлийн даргад нэг амбаардуулаад нийслэлийн зүг талийж одлоо... Үнэн сайхан аялгууг гутаасных нь хариу энэ.  Энэ бүхнээс шалтгаалан Б.Наранбаатар, З.Зундарь зэрэг олон авъяастан хамтлагаа орхижээ.
          
Уран бүтээлийн фабрик

Соёл-Эрдэнээс урлагийн гараагаа эхлүүлсэн МУГЖ Д.Жаргалсайханы тооцоогоор энэ хамтлаг 300 орчим уран бүтээл хийсний дотор Шалзад баахан шарга рок мюзикл ч багтана. Монголын аль өнгөтэй өөдтэй яруу найрагч, зохиолчдын уран бүтээлийг Соёл-Эрдэнэ амилуулсан. Үл тасрах аялгуу номд тоочсноор бол 47 элбэг хүрч байна. Эндээс төрсөн уран бүтээлчдийнх нь нэрс уртаас урт жагсаалт болно. Б.Наранбаатар “Соёл-Эрдэнэ бол Монголын рок попын их сургууль байсан гэж би хэлэх дуртай” гэсэн нь чухам үнэн. Эндээс салаалж салбарласан хамтлагууд ч олон. Мөнгөн хүрхрээ, Хөх тэнгэр, Чингис хаан, Никитон... Ж.Батбаяр, Д.Жагдаг, Ш.Гүрбазар, Д.Ухнаа нарын олон хөтлөгчийг ч Соёл-Эрдэнэ л олонд таниулсан юм.

Инээмсэглэлийн Б.Долгион “Монголын эстрад түүн дотроо рок дод хөгжмийн хуудас Соёл-Эрднэ чуулга 1971 онд байгуулагдсанаараа нээгдсэн гэж үздэг. Цоо шинэ үзэгдэл болж гарч ирсэн энэ хамтлагийн эхний тоглолтууд Монголд рок соёл нэвтэрч биеллээ олохын эхлэл байсан. Энэ хамтлаг Монголын рок поп хөгжмийн бүхэл бүтэн армийг бий болгосон” хэмээн дүгнэсэн нь бид бүхний санааг л илэрхийлсэн хэрэг. Соёл-Эрдэнэ бол рокийн аугаа их ай сав руу цутгасан монгол аялгуу билээ. Зөвхөн өөрсдөөс нь амжилт ололт нь шалтгаалах эрх чөлөөний эринд болж буй PLAY TIME-д оролцогчид 25 жил тасралтгүй тоглосон Соёл-Эрдэнэд зун зундаа хүндэтгэл үзүүлдэг болбол юутай сайхан.   

   Рокийн уурхай. Соёл-Эрдэн хамтлагийг эцгийн хайраар хатуухан хүмүүжүүлсэн АЖ, Төрийн шагналт Ц.Намсрайжав, олон тоглолтыг хөтөлж чамгүйд нь туслах найруулагчаар нь ажилласан Д.Ухнаа нар залуустайгаа сууж байна. Монголын рок попын том төлөөлөгч З.Зундарь, байгалиас заяаасан цаглашгүй авъяаслаг Б.Наранбаатар нар уран бүтээлээрээ ил цагаан уралддаг байжээ. Мөн Никитоны Б.Батчулууны аав Ж.Батсайхан Соёл-Эрдэнийн анхны гишүүн бол Б.Наранбаатарын хүү нь өнөөгийн хөгжмийн лут найруулагч Н.Халиун юм. Б.Баярын хүү Б.Хонгорыг монголчууд ерээд оноос мэдэх бол Д.Жаргалсайханы хүү Ж.Замлинг Сүнс хамтлагаар таних билээ.


Цус сэлбэлт. Залуусыг нь цэрэг тэсгээхгүй басхүү нийгэм “хөнгөн хөгжим” гэж хөнгөхөн нэрлэх тул зарим нь сургууль соёлын мөр хөөснөөр Д.Дуламсүрэн, Ж.Уранчимэг, Алтанцэцэг, Ичинхорлоо нарын олон бүсгүй Соёл-Эрдэнэд  дуулсан юм. Соёл-Эрдэнийн Б.Нандинцэцэгийн Мартагдашгүй намар, Суварган цэнхэр уулс зэрэг дэлгэцийн бүтээлд дуулагджээ.
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn