Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тусгай зөвшөөрлийн тусдаа утга
2012 оны 8 сарын 14 [Уншсан тоо: 54579]
Өнгөрсөн УИХ-д өөрийгөө ухаантай гэж боддоггүй хүн цөөхөн байлаа. Тэдний нэг нь жудаггүй Д.Балдан-Очирт араараа тавиулсан Ш.Сайхансамбуу. Өнгөрөгч долоо хоногт Ш.Сайхансамбуугийн “Нарантуул Шейл Ойл” брокер-диллерийн компанийн тусгай зөвшөөрлийг бүрмөсөн цуцалсан гэдэг мэдээ явлаа. Чухам юуны учир Санхүүгийн зохицуулах хороо ийм шийдвэр гаргасан нь ганц ч хэвлэлд бичигдсэнгүй. Просто так...

УИХ-д хоёр дахиа Ховдоос сонгогдсон, МАН-ын гишүүн С.Бямбацогт гэж залуу бий. Уул нь бизнесмен хүн. Гэтэл анх УИХ-д сонгогдсон дороо Валютын гүйлгээг зохицуулах хууль санаачлан боловсруулжээ. Хуулийн агуулга нь орж, гарч байгаа валютын урсгалыг хянахын сацуу валютаар арилжаа хийх тусгай эрх бий болгох. Хууль тогтоох байгууллагад орж ирээд ганц чуулганы хугацаа өнгөрөөхдөө мань эр чөлөөт зах зээлийн дайсан болон төлөвшиж амжжээ. Улаанбаатар таймс сонинд 2009 оны нэгдүгээр сарын 29-нд өгсөн ярилцлагадаа “Хэн дуртай нь валютын ханшийг тогтоож, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна шүү дээ. Үүнийг тодорхой хэмжээгээр журамлаж, валютаар гүйлгээ хийх тусгай зөвшөөрөл олгодог болъё гэж байгаа юм” гэжээ. Валютын ханшийг хэд байгааг зарладаг болохоос хэн дуртай нь тогтоож дийлдэг эд биш. Энэ нөхөр тийм л сүрхий юм бол ам.доллар-төгрөгийн харьцааг 1:1 болгох хууль батлахгүй яагаав?!?

Төрийнхний тэжээл

Монголыг эзэлж, коммунист үндсэн хуультай болгомогцоо зөвлөлтүүд 1924 онд архины үйлдвэрлэлд улсын монополь эрх тогтоохыг зөвлөжээ. (88 жилийн ой нь энэ долоо хоногт тохиож буй) Хаант Оросын үеэс л архины үйлдвэрлэлээс төсвийнхөө тодорхой хувийг бүрдүүлж ирсэн туршлагаа хэрэгжүүлсэн нь тэр. Ингээд монголчууд цагаан архийг “манахуал” гэх болов. Чөлөөт зах зээлд шилжсэн Монголын төр архины монополь эрхээ алдсан ч архи үйлдвэрлэх “тусгай зөвшөөрөл” гэгчийг бодож олоод, онцгой татвар дээрээ нэмээд ахиад хэдэн төгрөг авдаг боллоо. Архи үйлдвэрлэх онцгой эрх мэдээж хүссэнд нь олдохгүй. Харин яндаад барахгүй авилгын уурхай болж хувирлаа. Эндээс төр гэхээсээ илүү төрийн албан хаагч, бүр ганцхан гэр бүл овоо хөлжсөн гэдэг. Удалгүй архи дарс борлуулах тусгай зөвшөөрөл гэгчийг ч төрийнхөн бодож олсон доо. Тэндээс харин олон төрийн албан хаагч хүн шиг амьдрах гараандаа гарчээ.

Ерөөс 2001 онд баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль чухамдаа төрийн албан хаагчийг хүн шиг амьдруулах шавхагдашгүй ундаргын нүдийг олж хатгажээ. Хуулийн зорилт нь тунчиг бүрхэг. “Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл... шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг... зохицуулах”. Нийтийн ашиг сонирхол гэдэгт нь нийтийн жорлон ч багтах юм хойно ямар ч бизнест зориулсан тусгай зөвшөөрөл гаргаад ирж дөнгөнө.



Төрийнхний тусгай зөвшөөрөл тогтоох торгон мэдрэмж гайхалтай хөгжсөн байдаг, бараг төрийн албан хаагчийн удамшлын онцлог гэлтэй. Ахиухан ашиг өгч буй аливаа бизнес тэр мэдрэмжийн тэмтрүүлд нь өртөн эзнийхээ халаасыг юүлүүлнэ. Энэ дээрмийн баримт бичгийг салбарын сайд бүхэн дураараа тушаал гарган зарах боломжтой учир тоо хэмжээг нь тогтоох аргагүй. Сайдын суудал сая саяар үнэлэгдэх болсны нэг нууц ч энд бий. “Тусгай” л юм болсон хойно ховор. Тэр хэрээрээ авилгажина. Олгосон байгууллага нь бараг өөрийн үзэмжээр түдгэлзүүлж, цуцалдаг хуулийн зохицуулалттай тул өлссөн үедээ гүйж очоод шантаажлаад хэвтчихнэ. Нүдийг нь олж тусгай зөвшөөрөл тогтоосон тушаал гаргана гэдэг сайдын торгон мэдрэмжийн асуудал юм даа. Энэ хуулийн “Тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааны төрөл” хэмээх 15 дугаар зүйл мөн ч олон өөрчлөгдсөн байдаг юм. Хамгийн сүүлд, өнгөрөгч оны эхээр “шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд орчуулгын ажил эрхлэх” болон “Монгол улсын хууль, хууль тогтоомжийн эмхтгэл хэвлэх” гэснээс гадна төрийн хамгаалалтад байдаг малтай маань холбоотой хоёр ч заалтыг нь хасчихжээ. Бодоожоор унацгүй бизнес байсан бололтой. Ерөөс хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс Монголд бизнесийн ямар салбар хөгжиж байна, аль нь өөдлөхгүй байгааг харчихаж болохоор аж.
 
Төрийнхний тушаа

Нэгэнт тусгай зөвшөөрлийн дагуу, тодорхой стандартаар үйлдвэрлэсэн архи дэлгүүрийн лангуун дээр очихоороо хүний эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүн болчихдог мэт агуулгатай энэ хуулиар эрх олж авсан байгууллагууд нь харин хариуцлага хүлээх эрх зүйн зохицуулалт огт үгүй. Ерөөсөө төрд хүлээдэг хариуцлага гэж байдаггүй аж. Дөрвөн жилийн өмнө “Азийн чоно” архинд хордсон Багануурын харчуул бараг хуйгаараа нөгөө ертөнцөд явчих шахаж, хэрэг явдал долоон хүнд ял оноосноор шувтарсан. Харин өнөө тусгай зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагаас нь ганц ч албан хаагч шүүхийн танхимд дуудагдсангүй. Галаар наадахыг нь зөвшөөрсөн байтлаа түймэр тавьчихаар нь хаяад алга болно гэдэг ядаж хүн чанаргүй хэрэг юм даа.    
Монголын төр зарим үүргээ Төрийн бус байгууллагуудад шилжүүлж байгаа мэтээр сурталдах авч ачир дээрээ тэдний хийх ёстой ажлыг булааж авсаар л байна. Ингэснээр төрд эрх мэдэл улам ихээр төвлөрч, тэр чинээгээрээ иргэдийг айлгах, дарангуйлах боломж олж авдаг. Ийм нөхцөлд төрийн албан хаагч гэдэг хамраа сөхсөн хүмүүний дээд төрөлтөнд тооцогдох ажээ. Дэлгүүртээ тамхи зарах тусгай зөвшөөрөл 250 мянгаар авах гэж үүдийг нь сахиж суугаа татвар төлөгч төрийн албан хаагчид өртэй мэт сэтгэгдэлтэй. Нэгэнт зөвшөөрөөд, татварыг нь аваад хил гаалиараа нэвтрүүлчихсэн атлаа лангуун дээр очихын тулд дахиад нэг зөвшөөрөл шаарддаг янжуур бүхний хайрцаг дээр “Тамхи бэлгийн сулралд оруулна” гэдэг бэлгэгүй үг ч бас бий л дээ.

Бусад улс оронд дээрх шиг тусгай зөвшөөрлийг төр нь бус мэргэжлийн холбоод нь эрхлан олгож ирсэн уртын урт түүхтэй. Гуанз рестораны холбоод нь гишүүн болох гэсэн болгоныг шалгаж, үнэлээд тусгай зөвшөөрөл “маягийн” гэрчилгээ олгодог аж. Хэн нэг хүн аль нэг гуазны хоолонд хордвол тэр газрыг байгууллагаасаа хөөх төдийгүй холбооноос хохирогчид нөхөн олговор ч өгнө. Энэ мэт зүйлд зориулагдсан эрсдлийн сангаа гишүүнчлэлийн татвараасаа бүрдүүлдэг аж. Манай яамдын өгдөг тусгай зөвшөөрлийг  бодвол ядаж хоолонд хордоод үхлээ гэхэд оршуулгын зардал олдох нь байна шүү дээ.

Энэ талын хачин жишээ ч бишгүй. Америкийн дэслэгч Кларк Бартоломейгийн 2010 онд Delta компанийн агаарын тээврийн онгоцонд идсэн Burger King дотроос зүү гарч бөөн шуугиан тарьжээ. Залуу офицерийн ходоодоос хоёр ч зүү гарсан бөгөөд шүүх цагдаадаа ч тулж хэрэг газар авчээ. Ингээд түргэн хоолны тухайн холбооноос Кларк Бартоломейн бүх хохирлыг барагдуулаад зогсохгүй алба хаадаг ангийнх нь нутаг дэвсгэрт түргэн хоолны цэг байгуулж өгчээ. Манайхаар бол цэргийн ангийн хашаанд хуушуурын гуанз нээсэнтэй дүйх хэрэг. Сохорсон биш завшив гэгчээр өдгөө Хавайн хуурай цэргийн анги ганцаархнаа дотроо түргэн хоолны ресторантай цэргийн анги болжээ. Бас ийм хэрэглэгчийг дээдэлсэн хандлагыг нь ашиглаж мөнгө олох гээд бүдэрсэн явдал ч байна. 2005 онд Анна Айяла гэгч Wendy сүлжээ рестораны Сан-Хосегийн салбарын хоолон дотроос хүний хуруу гарлаа гэж шуугиулав. Харин уг ресторан хүний хуруу яаж тавагтай хоолонд орсон байж болохыг нотлочих хүн гарвал 50 000 ам.доллар өгнө гэж сөрөөд ам гарч. Яв явсаар Айяла нөхөртэйгөө нийлж тус рестораныг гөрдсөн болох нь тогтоогдоод есөн жилийн ялтай салсан байна.

Энэ бүхэн ганц л зүйлийг хэлнэ. Нэг удаа хэдэн цаас салгаад зайлах авилгач түшмэлтэй төрөөс илүүтэй ашиг харсан мэргэжлийн холбоод ядаад нэрэндээ хайртай байдаг аж. Яг энэ зарчим дээр тусгай зөвшөөрөл мэт, тухайлбал зочид буудлуудад од хэмээх зэрэглэл олгодог жишиг дэлхий дахинд нэгэнт тогтжээ. Манай яамдын тусгай зөвшөөрөл хэрэг дээрээ авилгын сурвалж болохоос гадна чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг л боодог. Гэвч үнэндээ хэрэглэгч гэж амьтан идсэн уусан бүхнийхээ эрсдлийг өөртөө хүлээх үйлтэй билээ. Ухаан нь, өндөр зэрэглэлтэй ресторанд зоог барина уу, байшингийн буланд зарж байгаа хуушуур иднэ үү дур юм. Гол нь чи юу идэж байгаагаа өөрөө мэдэж л байх ёстой. Хөндлөнгөөс хөлөө гэгчээр төр тэд уул нь илүүц. Харин төрд хамаг эрх үүргээ булаалгачихсан мэргэжлийн холбоодыг өнөөдөр гишүүд нь үйлдвэрчний эвлэлийн дайнд л явна.

Төр тусгай зөвшөөрлийн тухай хуулиа цуцлаад өгвөл олон зовлонгоос нь бага боловч хорогдох учиртай ч чухам түүгээр л хоолоо олж иддэг төрийн албан хаагчид турж үхэхгүйн төлөө тоог нь улам олшруулах байх даа. Харин төрд нэр хүндээ булаалгасан мэргэжлийн холбоод хэдэн өргөмжлөлтэйгөө насыг барна даа. Тусгай зөвшөөрөл гэдэг тусгай амьдрах эх булаг билээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив