Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Үүрэглэсэн үхэр & Хүрхэрсэн луу
2012 оны 9 сарын 4 [Уншсан тоо: 73927]
Хятадын Чалко компани иргэн бүр нь хувьцааг эзэмшинэ гэж бодож суугаа Монголын Эрдэнэс Тавантолгойд гэрээгээр хяналт тогтоогоод ханалгүй Саут Гоби Сэндсийг авахаар шуугиан дэгдээсэн. Харин Винсвей нь өнгөрөгч сарын 20-ны өдөр Монголоос төмрийн хүдэр нийлүүлэх урт хугацааны стратегийн гэрээг Лунг Минг групптэй байгуулсан болохоо сайтаараа зарласан байна. Өвөр Монголын олон мужтай нягт хамтран ажилладаг, тээврийн сүлжээтэй Винсвейг цаад тал нь олзуурхан харсан байж таарна.

Энержи Ресурс компани энэ оны эхний хагас жилд нийт 4.1 сая тонн нүүрс олборлож борлуулалтын орлого нь 233 ам.долларт болж, цэвэр ашиг нь 31 сая ам.доллар хүрснийг тус компани тайландаа тусгажээ. Ухаахудагаас 3.7 сая тонн, Баруун Нарангаас 0.4 сая тонн нүүрс олборлож 2.4 сая тонныг нь борлуулаад олсон ашиг нь энэ гэнэ. Компанийн борлуулалт өнгөрсөн оны өнөө үетэй харьцуулбал 71 хувиар өссөн аж. Харин Монгол улс бүхэлдээ зургаан сарын дотор 10.1 сая тонн нүүрс экспортлосны бараг 80 хувийг Хятадын Чалко компани дангаараа худалдан авчээ. Дэлхийн түүхий эдийн зах зээлийн ханшаар бол Энержи Ресурс болон манай бусад нүүрс олборлогчид дээрхээс хэд дахин илүү их ашиг хүртэх, тэр хэрээрээ бусаддаа наах нь ч ахиу байх байлаа. Гэтэл...



Хятадын Винсвэй компани 2009 онд дангаараа Монголын нүүрсний экспортын 90 хувийг, 2010 онд 50 хувийг нь хянаж байсан юм. 2007 онд Виржинийн арал дээр байгуулагдсан коксжих нүүрс борлуулж, боловсруулахаас гадна тээврийн бүхэл бүтэн бүтэц эзэмшдэг энэ компанийн 29.9 хувийг Эрдэнэс Тавантолгойн гол борлуулагч болох Чалко худалдан авснаар Монголын нүүрс хятадуудын гарт бүрэн орсон юм. Манайтай байгуулсан гэрээ ёсоор Чалко дор хаяж 2018 хүртэл Монголын нүүрсний үйлдвэрлэлийн 80 хувийг ямар ч үгийн солиогүй эзэмших бүрэн эрхтэй. Харин Винсвей нь Өвөр Монголын гааль, хилээр гаргах хэмжээ, импортын тариф, үнэ зэргийг гартаа оруулсан хилийн гол боомтууд дээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн тоглогч. Ингээд Монголын нүүрсэн дээр олигопол байсан Чалко өдгөө монополи болж хувирсан байна. Нүүрс борлуулагчийн ашиг дэлхийн хэмжээнд ойролцоогоор 8-10 ам.доллар байгаа бол Монголоос нүүрс импортолж байгаа Хятадын компанийн ашиг тонн тутамдаа 60-100 ам.доллар хүрчихлээ. Эрдэнэс Тавантолгойн нүүрс хил дээр тонн нь 137 ам.доллар байхад гэрээнд заасан үнээр тонн нь 70 ам.доллар. Тэгэхээр Чалко дангаараа тонн тутмаас нь ямар ч эрсдэлгүйгээр 27 ам.доллароос илүү ашиг олж байна. Харин Винсвэйг худалдан авснаар Хятадын талдаа зарсан ашгийг нь оролцуулан тооцвол тонн нүүрснээс огтын зовлонгүйгээр доод тал нь 62 ам.доллар хүртэж сууна.

Хөл гараа олох гэж яваа Н.Алтанхуягийн Засгийн газар ирэх жилүүдэд эдийн засгаа өсгөе гэвэл нүүрстэй холбоотой бодлогоо эргэж харахаас аргагүй юм. Олон улсын шинжээчдийн үзэж буйгаар ирэх таван жилд Монголын экспортын 70-аас дээш хувийг коксжсон нүүрс бүрдүүлнэ. Гэтэл дээр дурдсан баримтаас харвал байгалийн баялаг, эдийн засгийн хараат бус байдал алдагдах аюул аль хэдийнэ нүүрлэчихжээ. Монголын нүүрсний үйлдвэрлэл, үнэ ханш болон борлуулах хэмжээг гадны ганц компани хяналтандаа баттай оруулсан байна. Монголын уурхайнууд эцсийн худалдан авагчдад хүрэх боломжоо алдсан болохоор манайх жил бүр нүүрснийхээ экспортоос олж болох хэдэн тэрбум ам.доллароо алдана. Нэгэнт бүтээгдэхүүнийхээ 80 хувийг бусдад алдчихсан болохоор үлдсэн 20 хувь дээр нь тоглож үнээ өсгөх ямар ч боломж Монголд алга. Монголын уурхайнууд Хятадын боомтууд, зах зээлд гарах гарцгүй, нэмэрт нь Хятадад үйл ажиллагаагаа явуулах дэд бүтэц ч үгүй. Манайхан өөрсдөө Хятадтай хиллэдэг боомтууд руу гарах оролдлого хийсэн ч Хятадын талын борлуулагч болоод төрөөс нь саад хийж байсан удаатай. Энэ мэтээс үүдээд үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой Эрдэнэс Тавантолгойн төсөл үнэгүйдэж, бүтээгдэхүүн борлуулах онцмуу гэрээнээсээ үүдээд Эрдэнэс Тавантолгойн IPO-ийн өртөг ч өсөхгүй. Нэг үгэндээ хувьцаа нь төдийлөн үнэ хүрэхгүй. Тэгэхээр монголчуудад олдох 1072 ширхэг хувьцаа гэдэг нь сонгуулийн сурталчилгааны материал шиг хэнд ч хэрэггүй эрээн цааснаас өөрцгүй болно.

Үүн дээр манай нүүрс үнийн индексгүй, мөн манай уурхайнууд илүү ашигтай өөр арга зам хайхын оронд урьдчилгаа төлбөрт хэдхэн цаас аваад борлуулах талдаа нүүрсээ нийлүүлдэг “бэлэн мөнгөний эдийн засагтай”. Тэгэхээр уурхайнууд маань хэдхэн хүний ногдол ашгийг нэмэхөөс бус эх орныхоо эдийн засгийг өсгөөд шалихгүй. Өдгөө Хятадын тал гэрээ ёсоор Энержи ресурсээс л жаахан нүүрс авч байгаа бөгөөд манай бусад импортлогчид олборлолтоо бараг зогсоосон байна. Монголын хөгжлийн түлхүүр болсон коксжих нүүрс хэзээ хятадуудад хэрэг болох юм бүү мэд. АН “Хүүхэд бүхэнд сар бүр 20 000 төгрөг өгнө” гэж хийрхсэний хариуд МАН “Хүн бүхэнд сар болгон 21 000-ыг өг” гэж хадуурлаа. Өнөө маргаашгүй идэх хоолгүй болох гэж байгаагаа ард түмнээс нууж байгаа ухаан юм байх даа. Сүх далайтал үхэр амар гэж юутай үнэн. Манай экспорт огцом унасанаас үүдээд валютын ханш цаг минутаар чангарч байгааг уул нь бүгдээрээ харж л баймаар.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив