Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Богдыг тойрсон будлиан
2012 оны 12 сарын 21 [Уншсан тоо: 156534]
Монголын шарын шашинтнууд IX Богдоо хүлээн суух зуурт VIII Богдын зурагтай холбоотой яриа Улаанбатар хотын музейн захирал, гэрэл зурагчин С.Цацралтаас гарлаа. Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Хорьдугаар зууны Монгол гэрэл зурагт ном болон National Geographic-ийн монгол сэтгүүлд хэвлэгдсэн VIII Богдын бага насны гэх гэрэл зураг андуурагджээ. Уг зургийг VIII Богд Жавзандамбын залуу цагийн зурагтай харьцуулахад ташаарсан болох нь илт мэдэгдэж байна.

Ялгааг ол. Хоёр зураг дээрх хүн нэг биш, харин нэг орчинд байгаа юм. Уншигч та ч бас арван хэдэн жил огт байрнаасаа “хөдлөөгүй” зүйлсийг хайж олоорой. http://nationalgeographic.mn/mod-15/i-185/

БҮДЭГ ТҮҮХ

Богдын хүрээнд чухам хэдийд гэрэл зургийн газар нээгдсэн тухай тодорхой баримт алга. Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын төв (КГЗДАБТ)-д хадгалагдаж буй шилэн негативууд дунд VIII Богд Жавзандамбын хорь гаруй насны нэгэн зураг хадгалагдаж байна. Мөн энэ үеэс арай насаар бага гэмээр өөр зураг ч бий. Түүнийг хуудас төмөр дээр хөөмөлдөн өнгөөр ялгасан байдаг нь өдгөө нүдний гэм болжээ. Хорьдугаар зууны эхэн үеийн хүн амын нэгэн тооллогоор Хүрээнд хятад эзэнтэй дөрөв, орос эзэнтэй нэг гэрэл зургийн газар ажиллаж байсан тухай мэдээ бий. Ямар ч болов КГЗДАБТ-ийн фондод байгаа зургуудыг ажиглахад хятад, орос гэрэл зургийн газруудын ялгаа илэрхий харагдах юм билээ. Зарим зургийн дээд буланд үнэн алдартны шашны жижигхэн икон тод үзэгддэг. Харин хятад студийн арын дэвсгэр дорнын өнгө аястай аж.

Өнгөрсөн зууны хориод онд Хүрээнд гэрэл зургийн газар ажиллуулж байсан оросыг Александр Дмитриевич Шапов гэдэг байсан нь гэрчтэй юм. Хүрээний үнэн алдартны сүм буюу одоо Кино үйлдвэрийн өмнө этгээдэд орших Троицкая церковийн ахлах консул байгаад хожим Азийн морин дивизийн штабын дарга болсон М.Г.Торновский Монголчуудтайгаа байхад Лиссабон ч хүрнэ номдоо А.Д.Шаповыг дурдсан байдаг. Мөн 1912 онд Эрдэнэзууд байх чулууны бичээсийг тайлж уншсан В.Л.Котвичийн Монголд авахуулсан зургууд дээр А.Шаповын хувийн дардас бий гэж С.Цацралт ярьсан юм. Улсын гэрэл зургийн газрын дарга асан Ш.Алтансүх 1981 онд Монголд нэг сар болсон National Geographic-ийн дөрвөн судлаачид орчуулга хийж явахдаа Американ дэнж дээр Пауэрс хэмээх гэрэл зурагчин байсан гэж ярихыг нь сонссон гэнэ. Харин монголчууд Судар бичгийн хүрээлэнгийн дэргэд анх гэрэл зургийн газар байгуулсан болов уу гэж Ш.Алтансүх ярилаа.


Нотолгоо. Зураг дээр VIII Богд өөрийн багш Ёнзонхамба, Дондогдулам болон хоёр үл таних хүүгийн хамт сууж байна. Богд хэт хутга зүүснээс гадна зүүн гарын ядам хуруундаа бөгжгүй байна. Харин Дондогдулам эгэл монгол эмэгтэй журмаар хувцаслажээ. Өвгөн Жамбал “Бадруулт төрийн 25-26 оны орчим, Өндөр гэгээний хийд Амарбаясгалантад Богдыг залрахад жонон ван Цогбадрахын өвөг эцэг, хатны хамт дагалдан явав. Хатны аягачаар Дондогдулам явжээ.


МАГАДЛАЛТАЙ ЗҮЙЛ

Ш.Алтансүх VIII Богд мөн болох нь маргаангүй зургийг 15 насандаа 1904 онд америк зурагчин Паурэсээр авахуулсан байж болох юм гэлээ. Гэхдээ 1869 онд мэндэлсэн хүн 1904 онд 35 настай байх тул энэ мэдээлэл батгүй болж таарав. Харин төмөр дээр хөөмөлдсөн зургийн нас үүнтэй дүйхээр байгаа юм. Мөнөөх маргаан дэгдээсэн зургийг Богдын ногоон ордон буюу одоогийн Богд хааны ордон музейд авсан байж болно. Ногоон ордныг 1893-1903 оны хооронд барьж дуусгасан гэдгийг тус газрын менежер Г.Баттогтох хэлэв. Бид дээрх зургийг хаана авахуулсан байж болохыг мэдэх зорилготой явлаа. Зураг дээр тод харагдах хаалганы хээгээр баримжаалсаар Г.Баттогтох биднийг VIII Богдын мөргөл хийдэг байсан Лаврин сүмд дагуулж ирэв. Тухайн үед байгалийн гэрэлд зураг авдаг байсан тул ямар нэг байшингийн хаалган дээр авсан гэж таамагласан юм. А.Шаповын студи таазандаа гэгээвчтэй байсан гэдэг.

Лаврин сүмийн хаалгыг гаднаас харвал гүйдэг хаалга нь цаанаа дотогш онгойдог хоёр хавтастай давхар хаалгатай аж. Бид сүмийн гадна талын гүйдэг хаалганд төөрөлдөөд урам муутайхан тэндээс буцав. Харин ирсэн хойноо сүмийн дотроос гадагш авсан зургаа хуучинтай нь харьцуулан хараад хавтастай хаалганы хээ зураг дээрхтэй мөргөж байгааг олж мэдлээ. Гэтэл он цагийн асуудал гарч ирэв. Гэхдээ бүгдийг нэг амиар барьчихаагүй, нийт 10 жил зарцуулсан тул Лаврин сүмийг 1895-1896 онд барьчихсан байсан гэвэл зурган дээрх VIII Богдын настай дөхөхөөр байгаа юм. Таамаг үнэн бол Богд Жавзандамба Лаврин сүмийн үүдэн дээр 26-27 настай сууж байсан байж болох юм.

БОДИТ БАРИМТ

Харин VIII Богдыг таван настайд нь Түвдээс залж авчраад Бээжингээс хоёр зурагчин урьж авчраад 1875 онд татуулсан гэдэг тайлбартай хэвлэгдэх болсон зураг дээрх хүү чухам хэн болохыг тодруулж чадсангүй. Харин зургийг Нисэфор Ниэпсэ тогтмол гэрэл зураг авч эхлэснээс хойш хагас зуун өнгөрч байхад буулгасан тул хятад зурагчин гэдэг “домог” одоохондоо үнэмшилтэйд тооцъё. Эдвард Мейбриж хөдөлгөөнт дүрс буулгах чадвартай өндөр хурдны гэрэл сүүдрийн аппаратаа бүтээхэд гуравхан жил дутуу байсан болохоор Манж Дачин гүрэнд энэ технологи дэлгэрсэн байсан гэе. Гэрэл зургийн түүхэн хөгжлөөс харвал зураг дээх жаал VIII Богд байх магадлал бий.

Гэвч гэрэл сүүдрийн энэхүү бүтээлийг нарийн ажиглабал хоёр зураг нэг өдөр, нэг газар шилэн негативт буусан болох нь амархан нотлогдоно. Зургуудын зүүн дээд хэсэгт харагдах цонхны муутуу цаасны цоорхойнууд дэс дараалаг давхцаж байна. Тэр цонхны доод талын ширээн тавьсан цагаан гүц байрнаасаа хөдлөлгүй хорь, за бүр байг арван хэдэн жил болох уу?! Мөн баруун талд нь туссан цонхны гэрэл ч хоорондоо яг таг тарч байгаа юм. Обьектийн том жижгээс шалтгаалаад дурангаа тохируулсан тул цонхны сүүдэр нэг дээр нь арай бүдэг гарчээ. Мөн жаахан хүүгийн зургийг авахдаа зурагчин ракусаа жаахан өөрчилсөн тул түүний цаад талын цонхоор халзтай гэрийн орой тод харагдаж байна. Одоо хойморт нь Өндөр гэгээний суумал бүрийг залсан Лаврин сүм урьд нь тийм ийм цонхтой байсан гэдгийг Г.Баттогтох баталж байлаа. Лаврин сүм нь байгууламжийн хамгийн хойд хэсэг бөгөөд хэрэм энэ хоёрын дунд гэр барих хэмжээний зай байна.



БАС НЭГ ТААМАГ

Тэрбээр зүүн гарын ядам хуруундаа бөгжтэй байгаа тул гэр бүл болсныг нь гэрчилнэ. Ц.Дамдинсүрэнгийн 1959 онд хэвлүүлсэн Өвгөн Жамбалын яриа-гаар бол энэ зураг дээр 36 орчим настай байх учиртай юм. Гэхдээ үүнийг орхиод Өвгөн Жамбалыг яриа  КГЗДАБТ-д хадгалагдаж буй хэдэн зурагтай холбоотой байж болох эсэхийг магадлая.

Өвгөн Жамбал “Ширнэн вангийн эцэг Цэрэндорж гүнгийн хатан Норовтой Богд залуудаа ханилжээ. Тэр гүнгийн хашаа байшингийн ор, Гачууртын адагт одоо ч байдаг. Олноос далд Богд Норовтой ханилж байв. Нэг охин төрсөн юм. Сайхан хүүхэн байсан. Түүнийг зүүн аймгийн нэг ноёнд хатан болгосон юм. Тэр хүүхнийг би үзсэн. Богдтой адилхан залуухан бор хатан байсан. Гэдэс нь дүүрч байгаад залуудаа нас барсан болно. Энэ бол Богдын хаан суухын урьдын хэрэг билээ” гэж ярьсан байдаг.

Харин зарим нэг номд Норов хатан гэдэг тайлбартай эмэгтэйтэй хамт суугаа өсвөр насны охин эрхгүй сонирхол татаж байна. Хэрэв энэ мариалаг эмэгтэй Норов хатан аваас охин нь Жамбалын ярьсан VIII Богдын охин мөн болж таарах юм. Зүгээр л сониуч зангаар түүний уруул болоод чихийг VIII Богдынхтой харьцуулж харна уу. Энэ эцсийн баталгаа нотолгоо огтоос биш, мэргэжилтнүүдийн цаашид судлах зүйл тул бид энд хүрээд орхиж байна. Эргэлзээ, таамаглалаас үнэн мөн тодрох учиртай тул VIII Богдын бага насны зурагтай холбоотой хөөцөлдлөгөтөө үүнийг С.Цацралтын таамгаар нэмж оруулсан болно.  


Таамаг. Норов хатан хэмээгчтэй хамт зургаа татуулсан энэ охины нүд, ам, хамар, чихийг та VIII Богдынхтой харьцуулж харна уу!
 
   


   

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив