Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Цаагүй цаатан байх уу?
2013 оны 2 сарын 25 [Уншсан тоо: 83531]
Хажуунаас нь хараад үзвэл ханан хээтэй Самгалдай
Хажуунаас нь хараагүй хүн хад чулуутай л гэх байх даа
                                      
Цаатан ардын дуу

С.Лхагвагийн зочид буудал Цагааннуур сумын нэрийг тахална. Цаатан иргэдийн Соёлын төв нэрээр баригдаж 1960 онд ашиглалт орсон энэ дүнзэн байшин нэг хэсэг орон нутгийн музей байсан аж. Буудлын эзэн С.Лхагва бидний гурван эрийг угтаж аваад нэгийг нь ховсдож тайгын хүүхэнд авч өгнө гэлээ. Ерөөс энэ нутагт ирсэн гадны хүнийг эр, эм ялгалгүй тайгадаа үлдээнэ гэж наргиа хийдэг уламжлал хэзээ ч юм тогтжээ. Чухам хэд байгаа нь тодорхойгүй цаатан хэмээх духачууд иргэншлийн эринд тэсэж үлдэх хар зөнгөөрөө ийм яриа гаргадаг бололтой юм. 2007 оны байдлаар 75 цаатан өрхийн 34 нь эмэгтэй тэргүүнтэй байсан дүн Засгийн газрын 255 дугаар тогтоолын хавсралтад байна. Өдөр шөнө тэнцэх цагаар Ц.Элбэгдорж тайгад хоносон нэвтрүүлэгт цаатан өрхийн тоо гурван өөрөөр хэлэгджээ. Цаа оторлож таг руу гарсан цагаар хийдэг мал тооллогын дүн ч эргэлзээтэй аж.    
              
ЗУУН ЖИЛИЙН ГАНЦААРДАЛ

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын цаатнууд хуучин харъяанд нь явсан Ренчинлхүмбэ сум руугаа явдаг ч билүү гэж өнгөрдөг намар дотроо хэсэг яриад намжжээ. Монгол Улсын Засгийн газраас “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хоёр шат бүхий төсөл 2007 онд баталсан боловч тайгад хаялга нь бага туссан бололтой. 1985 онд Улаан-Уул, Ренчинлхүмбэ сумдын цаатнуудыг нэгтгэн үүтгэсэн Цагааннуур сумын 1 400 гаруй хүн амын 24 орчим хувь нь цаачин иргэд. Өнгөрдөг жилээс цаа бүхий хүнийг “цаатан” гэж үзэх болсон тул дансан дээрх тоо хорогдоно. Энэ шинэ тодорхойлолт талд бууж ирсэн духачуудад огт таалагдсангүй. Социализмын үеэс төр, засаг тусгайлан анхаарч ирсэн тул духа бус “цаатан” гэгдэх нь тэдэнд бага боловч тустай юм. Амьдралынхаа 34 жилийг тайгын эмч хийж өнгөрөөсөн “Доктор” Т.Ганбат “Талд байна уу, тайгад байна уу, ямар хамаа байна. Энэ цаа чинь бидний өвөг дээдсийн хөрөнгө мөн биз дээ” гэлээ. XX зууны эх хүртэл Тагна Урианхай хэмээгдэн Улиастайн амбанд захирагдаж явсан духачуудыг социализмын үед Үнэн сонин “цаатан” гэж бичих болсноор энэ нэр томъёо үүссэн юм.

“Гэрийн тэжээвэр цаа бугын удмын сан, эрүүл мэндийг нь хамгаалж өсгөх” зорилготой Засгийн газрын хөтөлбөрийн нэгдүгээр шат 2011 онд дуусах байсан тул урьд жил нь Цагааннуурт “Мянган цааны баяр” хийжээ. Харин олон жил цаатны ахлагч явсан Д.Гомбо гуай “Одоо цаа үнэндээ мянга хүрэхтэй үгүйтэй. Дансан дээр 1 351 гэж бий. Тоог амаар авдаг. Ямар ч цаагүй хүн найман цаатай гэж хэлэхийг сонсоод дотроо ичиж байлаа” хэмээн ярьж сууна. Цаа буга эдийн засгийн хувьд ашигтай мал биш. Сүүлийн жилүүдэд год хэмээх боривны арьсыг нь 40 мянган төгрөгөөр зардаг болжээ. Өвөлдөө л цааг идшинд хэрэглэдэг тул годоор нь жилдээ 160 мянган төгрөгийн ашиг олно. Цусан эвэр бэлтгэхээ больсон тул ясан эврээр нь бэлэг дурсгалын зүйл хийж жуулчдад тав арван төгрөгөөр борлуулна. Үүнээс өөр мөнгө болох зүйл бараг үгүй.

Нам сэлгэж МАН-аас Сумын засаг дарга болсон Х.Мягмаржав “Зүүн, Баруун тайга нийлээд 4 000 цааны бэлчээрийн даацтай. Цаа ядаж 2 500 болчихвол таваарын эргэлтэд оруулж болно” гэлээ. Сая Ерөнхийлөгч зочлохдоо цаа маллаж буй өрхийн том хүнд сар бүр 100 мянга, хүүхдэд 50 мянган төгрөгийн тэтгэлэг олгох санаа гаргасан нь цаатнуудад ихэд таалагдаж байна. Гэхдээ ямаа шиг цааны толгой тутамд мөнгө олговол төлөө мэнд бойжуулахаар чармайхаас гадна цаа маллах сонирхол нэмэгдэнэ гэж настайчууд нь найдаж сууна. Юутай ч эхлээд тоогоо яс тогтоох нь зүй биз. Харин 2015 онд дуусах Засгийн газрын хөтөлбөрийн 624 сая төгрөгийн эхний хэсэг тайгад тун бага хүртжээ. Ер нь цаа, цаатан хоёрт зориулсан хандив тусламж сумын төв хүрээд дундарсан жишээ олныг сонслоо. Тасгийн эрхлэгч, улсын байцаагч Б.Баяраа энэ жил гуураас сэргийлэх тарилга цаанд огт хийгээгүй гэнэ. Гэхдээ нэг литрийг тарьсан мэтээр тайлан бичсэн хэмээн ярих хүнтэй таарлаа. Б.Баяраа бол Засаг дарга Х.Мягмаржавын нөхөр юм.

ТУС БОЛООГҮЙ ТУСЛАМЖ

Дээрх хөтөлбөрийн хүрээнд цаатнуудад нарны зай, брезент, ямаа, адуу өгчээ. Нарны зай, брезент тайгад хэрэгтэй. Харин 52 өрхөд арав арав ногдсон 520 ямаа бүгд хаврын бараа хараагүй гэнэ. Цаанаас өөр мал тайгад маллах аргагүй учир талын айлуудад хөлсийг нь өгч харуулсан боловч тэр жилийн зуданд хиарчээ. Байгалийн гамшгаас гадна төрийн албан хаагчдын гар ч ямаанд хүрсэн байна. Хэдэн сумын нутаг дамжиж ирсэн ямааг замд нь хольж сольсноос гадна ишгийг нь өгөлгүй суман дээр авч үлдсэн гэнэ. Бас 64 адуу өгнө гэж дуулдсанаас хорь л тайгад иржээ. Энэ үед Сумын засаг даргаар АН-ын гишүүн Ч.Давааням ажиллаж байсан юм.            

Шалгүй нэг гэрийг сая гаран төгрөгөөр үнэлж 2009 онд өгсөн гэх боловч Мөрөнгөөс ачиж ирсэн эсгий нь хөлдүү байсан тул хавар гэсээд бутарч дууссан байна. Ямар ч болов Зүүн тайгад гэртэй айл харагдсангүй. Уул нь 67 гэрийг нарны зайтай хамт өгөх учиртай байж. Гэвч хэрэг дээрээ 17 ширхэг нарны зай өгсөн гэж Ч.Давааням яриад “Цагааннуураас аймгийн ИТХ-д сонгогдсон Эрдэнэ-Уул тайлан дээрээ 67 гэр, нарны зайтай өгсөн мэтээр бичсэн” гэж нэмлээ.

Энэ хөтөлбөрт цаатан иргэдийн хүүхэд их, дээд сургуульд орвол сургалтын төлбөрийг нь улсаас даахаар туссан юм байна. Үүний үрээр сэхээтэн цаатны тоо нэмэгджээ. Гэвч сүүлийн үед сургалтын төлбөр буруу замаар явсан гэдэг хардлага Ч.Даваанямд байна. Түүний хардлага ортой болов уу. Зүүн тайгад бидний зочилсон Буянтогтохын ХААИС-д сурдаг охин сургалтын төлбөр, байрны мөнгөгүй учир жилийн чөлөө авчихсан гээд гэртээ сууж байлаа. Яг ийм шалтгаантай хэд хэдэн оюутан тайгадаа эргээд иржээ.

Мөн Зүүн, Баруун тайгад тус бүр дөрвөн айл суух хоёр орон сууц баригдах учиртай байж. Гэтэл 2009 онд тендерт ялсан гэх нэг компани Мөрөнгөөс ирж Хармайн эхэнд ганц л байшин барьжээ. Цааны бэлчээрээс хол баригдсан хоёр айлын сууц одоо эзгүй бөгөөд хаа нэг явуулын хүн түр буудаг төлбөргүй дэн буудал болж хавирсан байна. Энэ мэтчилэн шат шатандаа хумсалдаг заншлаар Улаанбаатараас тайга хүрэхдээ хөтөлбөрийн мөнгө үрэгдээд дуусчээ. Нутгийн нэгэн иргэний хэлснээр “Тамга дарж, тайлан бичдэг луйварчид хэнд ч дийлддэггүй” аж.

ИРГЭНШИЛ ДАГАСАН НҮҮДЭЛ

Авдаг авилгаараа “Бярууны”, “Шүдлэнгийн”, “Годон гутлын” зэрэг цол хүртсэн төрийн албан хаагчидтай энэ сумынхан дарга нартаа зориулж хошин дуу зохиосон боловч үг хэлэхээс эмээдэг аж. Тэгэхээр дарга даамлуудын гар харж суудаг цаатнууд хаанаас ам нээх билээ. Хүний эрхийн үндэсний комиссоос 2011 онд “Үндэстний цөөнхийг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад багтаах” зөвлөмж хүргүүлсэн ч сумын ИТХ-д цаатны төлөөлөл алга. Тайгын төлөөллийг Дэлхийн цаа маллагч иргэдийн хуралд урьсан бол цаатнуудын дуу хоолой сумынхаа удирдлагад хүрдэггүй аж. Зүүн тайгаас сумын төв хүртэл хорь орчим километр зайтай. Хөвсгөлийн тайгаас улсын нийслэл хүртэл мянга гаран километр.

Өдөр ирэх бүр залуус тайгаасаа холдож байгаад настайчууд нь харамсавч зэмлэж эс зүрхэлнэ. “Залуучууд маань Улаанбаатарт очоод зурагт үзээд суух үзэлд ихээр орлоо. Нэг янзагаа бойжуулсан залуу айлд мөнгө өгвөл урамшина” гэж Д.Гомбо гуай ярилаа. Залуусаа тайгад тогтоох арга сүвэгчилж суугаа нь энэ. Хүүхдүүд зургаан настай сургуульд ордог болсноор залуу гэр бүл сумын төв бараадах нь нэмэгджээ. Дотуур байрны багтаамж хэтэрч хүүхдүүд нэг өрөөнд арван хэдээрээ суухдаа тулсан байна. Иймээс хэн хүнгүй хүүхдээ дагаад төв орон бараадахаас өөр аргагүй болж. Мөнөөх хөтөлбөрт сургуульд тува хэл заахаар тусгасан ч хоёр жил л хэрэгжжээ. Хүүхдийн өөрийн сонголтоор хичээлд суулгатал багачууд “Би тува биш” гэж шалтаглан хичээлээс зугатсан гэнэ. Одоо 45-аас доош насныхан бараг эх хэлээрээ ярьж чадахаа больжээ. Д.Гомбо гуай тува хэлийг зун тайгадаа соёлтой нь хослуулан заавал дээр гэж үздэг байна.

2000 оны үеэс цаатнуудын амьдралын хэвшил эрс өөрчлөгджээ. Орлогын эх үүсвэр-жуулчид ихээр ирэх болсон тул бараг суурин шахуу амьдардаг болсон аж. Мөн цаагаа өвөл дагаж явахын оронд цас их унасан таг руу эзэнгүй оторлуулах болжээ. 1956 онд Зүүн тайгаас орж ирэн Засагны аж ахуйд насаараа ажилласан Солной “Хуучин цаагаа дагаад оторлодог байхад их өсдөг байсан”-ыг дурслаа. Харин тайгын бэр болсон Улаанбатарын бүсгүй Б.Золзаяа үүнийг буруу биш гэж үздэг. Ц.Өвгөдорж нэгдэлжүүлэх хөдөлгөөн цааны өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн гээд “Энэ маягаар 10 жил явбал цаа, цаатан хоёр мөхөх тийшээ хандана” гэв. Дээр нь цаатнууд бүгд төрөл болчихсонд санаа зовж явдаг байна. Тэрбээр “Ураг төрөлтэйгөө суухгүйн тулд халх юм уу, дархад хүнтэй гэрлэнэ. Тэгээд л уусаад алга болно” хэмээн санаа алдав. Харин “Доктор” Т.Ганбат “Увс, Ховд, Баян-Өлгийгөөс урианхайчуудыг бодлогоор дэмжин тайгад авчирч цус сэлбэж болох юм” гэлээ. “Доктор” эх хэл, соёл нь мөхөж буйд харамссан утгатай шүлэг бичсэнээ уншиж сонирхуулсан юм. Тэрбээр дархад бүсгүйтэй ханилж хүү, охин хоёртой болсон бөгөөд хүүхдүүд нь Дархан, Зүүн-Хараад амьдардаг.

Шинэ айл болоход 20 орчим шургааг, 70 метр гаран брезент л хэрэг болдог; сардаа 50 мянган төгрөг зарцуулдаг тайгын даруухан амьдралаас залуус сургууль соёлын мөр даган холдсоор. Малын эмч “Цагаан” С.Ганбатын охин Г.Наран өнгөрсөн хавар ХААИС-ийг малын эмчээр төгсөөд одоо гэртээ суугаа боловч цалин сайтай ажил олдвол төв газар амьдрах бодолтой явдаг. Соёл дагасан энэ урсгалыг зогсооё гэвэл тайгад хот байгуулах хэрэгтэй гэж Норвегид болсон Дэлхийн цаатны хуралд суугаад ирсэн Д.Гомбо гуай хэлээд цаа бугыг дэмждэг гадаадын саятнуудын арга эвийг олбол эх соёлоо аварч үлдэнэ гэлээ.
 
Одоо урц бүхэн нарны зайн гэрэлтүүлэгтэй болж зарим айл тавган антеннаар зурагт үзнэ. Зүүн тайгад Улцан, С.Ганбат хоёрынх дүнзэн байшинд суудаг. Зарим жуулчин тайгад ирээд “Иргэншсэн цаатан үзэх гэж мөнгө төлөөгүй” хэмээн гомдоллосон сураг ч бий. Энэ байдлаас үүдээд тайгад нь жуулчин ирэхээ больчихвол яана гэхэд “Цагаан” С.Ганбат “Амьдрал суурин болж байгаа ч цаатны соёлд сөрөг нөлөөгүй” гээд “Жуулчин ирэхээ больдог юм уу?” гэж асуултаар хариулав. Тэрбээр зундаа эврээр гар урлал хийж борлуулдаг гэнэ. Харин Засаг дарга Х.Мягмаржав “Ноднин зун Зүүн тайгынхан жуулчдаасаа зугатаад орж ирсэн. Хөл дарахаар цаатнуудын хэвийн амьдрах нөхцөл алдагдаад бүх айл дуран дор амьдрахаар болдог” гэж байлаа. Гэхдээ тайгын айлууд тэр дундаа багачууд нь бэлэг сэлт өгдөг жуулчдад дуртай ажээ. Цаатнуудын нэр нэгийг хэлэх мэт. Хамгийн ахмад настан Солной-урианхай нэртэй, арай насаар бага Д.Гомбо-төвөд нэртэй, хижээл эр С.Ганбат-социалист нэртэй, түүний охин С.Наран орчин цагийн нэртэй. Харин С.Наран хүүхэдтэй болохоороо хэн гэж нэр өгөх бол?
    
ӨӨРӨӨР ХАРМААР ТАЙГА

Тайгынхан хүн ховсдож үлдээдэггүй гэцгээж байлаа. Харин Шанхайн их сургууль төгссөн Б.Золзаяа цаатан залуутай амьдралаа холбожээ. Ерөнхийлөгчийн нэвтрүүлгийн шигтгээ болсон энэ бүсгүй бол ховор тохиолдол. Гэхдээ гадны зарим бүсгүй цаатан эрчүүдтэй холбогдсон түүх сонслоо. Хоёрын зэрэг япон бүсгүй хэдэн жил дараалан тайгад зуссан гэнэ. Мөн Францын хүн судлаач Магали Шнейдэр хэмээх эмэгтэй ноднин зун 10 болон зургаан настай хоёр хүүгээ дагуулан ирж эцэгтэй нь танилцуулжээ. Тэр бүсгүй 1997 онд Монголын говийн тухай Le Dйsert du Gobi:Carnet de voyages en Mongolie номоо хэвлүүлсэн бол Зүүн тайгад тасралтгүй 13 жил ирсэн гэнэ. Магали Шнейдэр тайгад хийсэн ажлаараа докторын зэрэг хамгаалсан бөгөөд ажилд нь “тусалсан” П.Пүрэвжавыг 90 хоногийн визээр хоёронтаа нутагтаа урьжээ.

Хэдэн жилийн өмнө тал цус харавсан П.Пүрэвжав цагтаа мундаг анчин явсан ба шархадсан баавгайтай хоёр ч тулахдаа бараг л буугаараа чичиж байгаад тулгаж буудсан гэнэ. “Би юу, чи юу гэж байхад сандарч болдоггүй юм” хэмээн хуучлах түүний яриа энгүүн. Францад “Том далай үзсэн. Далайгаас амсаад орхиё гээд уусан цул давс” гэхээр нь “Ямар далай үзсэн бэ?” гэвэл “Том далай” гэж товчхон хариуллаа. Ер хоногийн виз хурдхан дуусаасай гэж хүн бүрийн хүслэн болсон Франц оронд бүгчимдэж суусан П.Пүрэвжав “Матар хочтой Данди”-г эрхгүй санагдуулна. Түүний том охин П.Хонгорзул 21 настай. Хоёр хүүхэд нь нөгөө хөтөлбөрийн буянаар Дархан, Улаанбаатарт анагаахын чиглэлээр суралцаж байгаа. П.Пүрэвжавын гэр бүлийн хүнд нэгэнт “хүлээн зөвшөөрөгдсөн” Магали багачуултай нь Францаас ярьдаг гэнэлээ. Танай эрчүүдийг гадны хүүхнүүд сонирхоод байгаагийн нууц юу вэ гэж үгэнд дурлахад “Эхээс төрсөн зан ааш нь хэвээрээ эрчүүд” гэж С.Лхагва додигор хариулав.

“Амьдарч суугаа газар нутгийг маань улсын тусгай хамгаалалтын газар нутаг болгосон. Нүүдэл суудлыг маань бүрэн хорих гээд байгаа. Дархан газрын хууль дүрмээр далайлгаад” гэж суугаа цаатнуудын ан хийх эрх 1995 онд баталсан Ан агнуурын тухай хуулиар хязгаарлагдсан байна. Суурин иргэншлийн гял цалд бүдгэрч буй цаатны хэвшил хууль дүрмээр ч боогджээ. Битүү тайгаар нүүдэллэн явахдаа ганц ч түймэр алдаагүй цаатнууд байгаль сүйтгэхгүй харин ч хамгаална гэдгийг төрийнхөн нэгийг бодно биз ээ. Дэлхийн цаа маллагч иргэдтэй уулзаж туршлага судлаад ирсэн Д.Гомбо “Цаа маллаж байгаа хүний амьдралыг илүү анхаардаг. Дараа нь цаанд анхаарал хандуулдаг юм байна. Газар нутаг гаргаж өгнө, цааны чанар чансааг харна. Тайгад амьдралыг нь чөлөөтэй тавьж өгдөг. Цаа маллах боловсролыг дээшлүүлэх, газар орондоо амьдрах ухааныг зааж өгдөг юм байна” хэмээн үзсэн, дуулснаа хуучиллаа.

Самгалдай гэж цаатан ардын дуу бий. Аль талаас нь харахаас болоод амьдрал өөр өөр харагддаг гэх утгатай дууг нь бид ч бас нэг сонсмоор оргив. Ханан хээтэй Самгалдайг хажуунаас нь харах хэрэг бид бүгдэд байна. Цаагүй цаатан гэж хаанаас байх билээ. Цаатангүй болчихвол Монголын нэгэн өвөрмөц хээ үгүй болно. 



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn