Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Мүүнийх болох Чингис
2013 оны 4 сарын 8 [Уншсан тоо: 477848]
Олон улсын хэвлэл мэдээллийн ажилтны XI их хурлаар далимдуулан 1990 онд ЗСБНХУ-д айлчилсан Сан Мён Мүүн М.С.Горбачёвт “Танай улс гуравхан үсгийн алдаа гаргасан, одоо К, О, М гурвыгаа аваад хаячихвал МУНИЗМ үлдэнэ” хэмээн айлджээ. Тэрбээр энэ үгээрээ зэвсэглэн нуран унасан СССР-ыг байлдан дагуулах аугаа аянаа эхлүүлсэн юм.

Өнгөрснийг нэхэн сануулахад

Монголын гэх бүх юм Мүүний эзэмшилд орчихжээ. “Хүн гүрэн”, “Дэлхийн” монгол угсаатан, “Энх тайван”-ы өргөн чөлөө, “Хөх толбо”, “Үндэсний” Олон Нийтийн Телевиз, дэнж хотойлгох “Наадам”, бүх шатны “Боловсрол”, нийгмийн үндэс суурь болсон “Гэр бүл”, саран гоо “Эмэгтэйчүүд”, биднийг ”Залгамжлагч” нар, дээр нь “Залуучуудын холбоо”, “Оюутны холбоо”... Айл гэр болж амжилгүй цовдлуулчихсан Есүсийн алдааг залруулах нэрээр хэд хэдэн эхнэр сольсон талийгаач Мүүн маш овтой эр... байсаан.

Түүний үүсгэсэн сүм, нам, компани, төрийн бус байгууллагын алин болох нь үл ойлгогдох даяарыг хэрсэн эзэнт гүрэн НҮБ-тай ч хамтарч ажилладаг. Өөрийгөө Бурханаас дээгүүр тавьдаг эр бүх шашин болоод соёлын зааг ялгааг арилган энэ гариг дээр энх тайван тогтоохоор нэгэн жарныг туулахдаа асар их хөрөнгийн эзэн болжээ. Хүн бүрийн хүслэн болсон “ариун хайр”, “бат бөх гэр бүл”, “утга учиртай амьдрал”, “эв нэгдэл” мэтийн ойлголтыг загасны халбага шиг сольж зүсээ хараагүй мянга мянган хосыг гэрлүүлэн татаас авахаас гадна амь таслах зэвсэг, өвчин анагаах хүн орхоодойноос хүртэл хөрөнгөө арвижуулсан юм. Сайхан үгсээ хүнд нь тааруулж сольдог түүний түмэн арга эзэнтэйгээ хамт нөгөө ертөнц рүү яваагүй ээ.


Жич:    Үндэстний ТОЙМ 2011.08.22
    №33 дугаараас дэлгэрэнгүй үзэж болно

Үлгэр жишээ Мүүний гүрэн

Үндэсний гэх юм бүхний эрэлт эрс өссөн 1994 онд япон эр Кобаяши Игүчигийн анх дэлгэрүүлсэн Эв нэгдлийн хөдөлгөөн ирэх жил хорин нас хүрэх нь. Энэ зуур манай төрийн тэргүүнүүд, улс төрчид бүгд сайхан тодотголтой хурал чуулганд нь суун газар үзэж, галуу шувууны мах иджээ. Хувь хүн ямар шашин шүтэх нь юуны хамаа, Жинхэнэ эцэг Сан Мён Мүүн, Жинхэнэ эх Хан Хаг Жа хоёроо уухайлан “мансай” гэж орилоод явна биз. Харин сүүлийн жилүүдэд шашин шүтлэгээ төрийн ажилтай хутгах нь хэрээс хэтэрлээ. “Фортуна” Н.Батбаяр төрийн ордонд гал өрдсөн жишгээр хүн бүр сүсэг бишрэлээ төрийн бодлого мэт дэлгэрүүлэхийг хичээх болж.

Ухамсарт амьдралаа Мүүний судраар хөтлүүлсэн эмэгтэй Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилогдов. Одоо ямар шид үзүүлэх бол? 2008 онд УИХ-ын сонгуулиар Орхон аймагт ҮШН-аас нэр дэвшиж явсан “Ертөнц дахины энх тайвны холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Насанбаяр БШУЯ-наас хэрэгжүүлэх “Зөв монгол хүн” бодлогын шинэчлэлийн багт багтжээ. Хөдөөнөөс хотод хөл тавьсан оюутныг Эв нэгдлийн сүмдээ элсүүлэх ажил гардан гүйцэтгэж ирсэн Б.Насанбаяр манай сэтгүүлд Сан Мён Мүүн болоод хүүтэй нь холбоотой ажилладгаа хүлээн зөвшөөрсөн удаатай.

ОХУ-д Мүүний шашин нэвтрэхдээ дунд сургуулийн багш нартай ажиллаж эхэлсэн байдаг. Байгалийн үзэсгэлэнд, элбэг дэлбэг хоол ундтай, сайхан нэртэй семинарт суусан багш эргэж ирээд сурагчиддаа Мүүнийг сурталчлах учиртай байж. Мөн Эв нэгдлийн сүмийг мөнөөх л хайр, гэр бүл, эв нэгдэл мэтээрээ дамжуулан ухуулсан “Мой мир и я” нэртэй сурах бичгийг дунд сургуулиудад нь үнэгүй тараасан. Өдгөө манайд яг энэ технологио ашигладаг. Амьдралын утга учрыг ид хайж яваа насныханд зориулсан олон гоё хичээл сургалт, ном товхимол бий. Уншсан хүн уйлж байж л дотор нь онгойх Зүрх сэтгэлийн дуулал сонинг сургуулиудаар үнэгүй тарааж, Фейсбүүкт “Үнэн үг” хэмээх сургаал үгстэй хуудас нээжээ. Дарга удирдагч л болчихвол сайхан амьдарна гэж гэнэн ойлгосон залууст Лидер бэлтгэх дамжаа, гадаад явахын мөн болсон бүлэгт нь “дэлхийн”, “олон улсын” тодотголтой хурал чуулган хангалттай бодоод олчихсон. Энэ бүх урхины үзүүрт суудаг Б.Насанбаяр өдгөө Монголын боловсролын салбарын “хар хайрцаг”-ны түлхүүрийг атгажээ. Монголыг Эв нэгдлийн сүмийн үлгэр жишээ улс болгох мүүнчдийн санаа биелэлээ олох нь. Улсын ерөнхийлөгч нь “Монгол ёсолгоо” нэрээр Мүүний заншлыг дэлгэрүүлж яваа хойно үйл явц улам хурдсана.

Бөгснөөс толгой руу

Төрийн бус байгууллага бодож олохдоо гарамгай асан талийгаач Сан Мён Мүүн 2004 онд Хөх толботны холбоогоо тунхаглажээ. Шинжлэх ухаанд Mongolian blue spot нэрээр орсон ойлголт түүний удаах өгөөш аж. Тус холбоог одоо Мүүнтэй анхнаас нь хамт зүтгэсэн Пак Бу Хи толгойлдог. Өнгөрсөн жил “Дэлхийн энх тайвны төлөөх хөх толбот монгол угсаатны холбоо”-ны ерөнхийлөгч Чингис зочид буудалд “Хүсэл мөрөөдөл өнөөдрөөс эхэлнэ” нэртэй лекц уншсан нь Олхонууд Шаабарын сэтгэлийг их хөдөлгөсөн гэнэ. Тэрбээр эмч хүн атлаа “дэлхийн хүн амын 74 хувь нь төрөхдөө өгзгөн дээрээ хөх толботой байдаг. Хөх толбо зөвхөн монгол хүний генд байх удамшлын код болохыг судлаачид тогтоосон. Монголчууд хүн төрөлхтөний анхны өвөг дээдэс” гэсэн ухуулгад нь автжээ.

Хонгоны хөх толбоноос аваад Хүннү гүрэн ч Мүүнтэй холбогдоод явчихсан. Монголын ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж Монгол судлаач эрдэмтдийн X Их хурал дээр “Монгол, Солонгос үндэстэн Хүннүтэй угсаа гарвал нэг болохыг ДНХ-ээр нотолсон”. Тэр үеэр Мүүний хүү Ерөнхийлөгчийн тамгийн газартай хамтран “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-ыг Төрийн ордонд сүрлэг нээж One family under god магтуугаа дуулсан нь эгээ л христийн цуглаан мэт харагдсан. Өнгөрдөг жил DOZ энтертаймент Хөх толбот хүмүүс бүтээлээ Төрийн ордонд нээсэн нь энэ бүхэнтэй ямар нэг сэжмээр холбоотой мэт. Тэд саяхан хагас тэрбум орчим төгрөгөөр Өмнөд Солонгост кино хийсэн нь бүр ч сэжигтэй. Ген ярьдаг археологч уул нь хөх толбоо л судалбал зүгээр санж. МУИС-ийн Археологи-антропологийн тэнхимийн эрхлэгч Д.Түмэнгээс үүнийг лавлахад монголчуудаас гадна түрэг угсаатан, Зүүн хойд Азийн ард түмэн, индианчууд болоод Хойд Африкийн бушменууд хөх толботой төрдөг гэлээ. Мүүний ажиллагаа Кенид идэвхтэй байгаагийн учир ч эндээс олдох биз.

Эзэн маань Чингис үү, Мүүн үү?

Бидний бахархал бүхэн Мүүний гох дэгээ болж хувирсаар. Мүүний суртал манай заншилд нэвтэрсээр. 1995 онд The Washington Post сонины тодруулсан Мянганы хүнийг Сан Мён Мүүний The Washington Times тодруулалгүй хоцорсон боловч тэдний олон байгууллага Монгол, Солонгосын салшгүй ганбат хэлхээ холбоог ар араас нь “нээсээр” явна. Саяхны нэг жишээ. Улаанбаатар их сургуулийн Ерөнхий захирал Чой Ги Хо “1921 онд И Тэ Жүн хэмээх солонгос эмч 1921 оноос өмнө монголчуудыг тэмбүүнээс салгасан” гэж батлаад Ц.Элбэгдоржоос Алтан гадас одон гардсан билээ. Бахархах түүхтэй атлаа бид азгүй улс юм. Зөвлөлтийн үед айж сүрдэхийн эрхээр баахан гуйвуулсан. Гэтэл тэднээс салав уу үгүй юү бахархал, бардамнал бүхнээ Мүүн гуайд өргөн барьжээ. Нэрийг нь тоочоод дуусахгүй Мүүний шүтлэгтэй улстөрчид, урлаг соёлынхон яахав, хойд насандаа талийгаач дээрээ очно биз. Харин бид тэнгэр болсон хойноо дэлхийн чээжинд тахир сэлмээр алдраа сийлсэн Эзэн Чингистээ юугаа хэлж хуйхаа маажих вэ?!

“Галзуучууд”-даа мөргөе

Чингис хааны 30 дахь удам П.Давааням, Хар алаг сүлдтэй Арго, Монгол суу ухааны З.Бат-Отгон хийгээд “Фортуна” Н.Батбаярын өрдсөн галд дээлийнхээ нударга, ханцуйг шатаасан С.Жавхлан нартаа мөргөмү. Жаахан гажиг харагддаг ч гэлээ Эзэн Чингисээ, эх түүхээ хүнд өгчих улс биш. Одоо тэднийгээ шоолохоо больё. Хүн төрөлхтөнийг залгин оволзож буй даяаршлыг эсэргүүцэн ядуухан реакц үзүүлэхийн ялдамд өчүүхэн ашиг хардаг хэдийгээ дэмжээд өгвөл яасын?! Эс тэгвэл Эзэн Чингис маань нэг л өдөр Мүүний өгөөш болох нь. Энхийн элч гэгдэж явсан дуучин Т.Ариунаа лав аль эрт үүнийг ухаарчихаад “Хатан ухаан” яриад явна билээ.

1. Замнал
БШУЯ-ны Стратеги, бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр 2011 оны 10 дугар сарын 1-нд “Оюуны эрэл” оюутны холбооноос зохион байгуулсан үйл ажиллагааг хөтөлж байна. Гишүүнчлэлийн гэх энэ хөтөлбөрт хамрагдахын тулд оюутан “Голч дүн 3.0, Тодорхой зорилготой, Хорт зуршилгүй байх” шаардлагыг нь хангасан байх учиртай аж.


2. Төөрсөн төрөл
Ерэн саяын луйврын хэргээр шоронд орон улмаар Христийн шашны номлогч болтлоо хүмүүжсэн Б.Гансүх Бодлын хулгайч кино дэлгэцнээ гарсны дараа Итгэлээр шинэчлэгдсэн амьдрал лекц уншсан бөгөөд сайн яривал садан төрөл Эв нэгдлийн сүм дээр ч зочилжээ. Зургийн төвд Б.Гансүх, Б.Насанбаяр нар оролцогчдын хамт.


3. Бидний “ах”
Global peace youth Corps-ийн Б.Насанбаяр, Э.Чинзориг нар Эв нэгдлийн сүмийн харъяа “Дэлхийн энхийн их наадам” ТТБ-ын тэргүүн Хён Жин Мүүн тэргүүтэй гурван солонгосын хамт. Фейсбүүк хуудасд байрлуулсан энэ зурагт “Монголын оюутан залуусын нэгдэл”-ийн Д.Батзориг “Мөнх тэнгэрийн дор нар мандахаас шингэх хүртэл бүхий л дэлхий эв баясалд нэгдэх цагт монгол хүний зорилго илт болно. Энэ зорилгыг биелүүлэхийн төлөө явсан хүн бүр Мөнх тэнгэрийн элч юм гэсэн агуу өвөг дээдсийн үгийг санаж абтай хүчтэй байгаарай ах нар аа” хэмээн бичжээ.


4. Заншил
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан гэх ёсолгоо үнэндээ мүүнчдийн эд байжээ. Бүх шашныг нийлүүлэн Эв нэгдлийн сүмд багтаах бэлгэдэл болсон хоёр баавгайн нэг дээр хүний хүслийг нөгөө дээр нь бүх шашны бэлгэдлийг багтаажээ. Түүний цаана байгаа өнгө бүрийн баавгай нь улс бүрийг төлөөлж байгаа аж.


5. Манай баавгай
Улс бүрийн баавгайн дунд “Монгол ёсолгоо” хийж буй цэнхэр нөхөр бол манай ерөнхийлөгч биш нь харваас илт харин хөлд байгаа Монголын далбаанаас манайх гэдэг нь тодорхой. Харин Ц.Элбэгдорж энэ баавгайнаас л үлгэр авчээ гэмээр.


6. Оригиналь
Даян дэлхийн ард түмнийг “энх тайван”, “хөх толбо”, “Хүн гүрэн” ер нь тухайн улс орны иргэд чухам юу эрхэмлэдгийг нь ашиглан нэгтгэх гэсэн Сан Мён Мүүн өөрийн бодож олсон ёсолгоогоо хийн уухайлж байна.


7. Нэрээ сольсон ёсолгоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр наадмын хаалтаар нэрийг нь сольсон ёсолгоогоо урам зоригтой үйлдсэн билээ. Тэрбээр “Дэлхийн энх тайвны төлөөх хөх толбот монгол угсаатны холбоо”-г ашиглан Эзэн Чингисийн чадаагүйг гүйцээхээр санасан ч бил үү, хэн мэдлээ. Эр хүний дотор...




8. Тэд
Байсан, байгаа манай гурван ерөнхийлөгч лавтай Сан Мён Мүүнтэй “дотно” харьцаатай аж. П.Очирбат Пак Бу Хигийн лекцийг сонсоод санал нэгджээ. Харин Н.Энхбаяр Вашингтон таймст ярилцлага өгсний дээр түүний хүүг албан ёсоор хүлээн авсан. Ц.Элбэгдорж ч Жинхэнэ эцэг, хоёртой эртнээс гэмгүй сайхан нөхөрлөсөн бололтой.


9. Бидний “эзэн”
Дэлхийн энх тайвны төлөөх хөх толбот монгол угсаатны холбоо гэх байгууллагын тэргүүн буюу Монгол улсыг хариуцсан мүүнчин Пак Бу Хи “монголчууддаа” хоёронтаа лекц уншсан аж. Эхлээд бүх монголчуудыг шашиндаа оруулаад улмаар даян дэлхийг эзлэх суут санаагаа тэрбээр хувь хүний хөгжил мэтийн энгийн асуудлаас эхлүүлдэг.


10. Арга
“Оюуны эрэл” оюутны холбооноос байнга зохион байгуулдаг лекцүүдэд олон алдартай олон эрхэм, улс төрчид, урлагийнхан уригддаг. Хаа нэг зурагтын дэлгэцээр харагддаг эрхмүүдийг ашиглан оюутан залуусыг татах нь уран арга билээ.

Бусад нийтлэлийг доорх линкээс үзнэ үү.

http://batbayar.niitlelch.mn/content/3318.shtml
http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml
http://www.baabar.mn/content/3323.shtml



Үндэстний ТОЙМ сэтгүүл №164 2013.04.01
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив