Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хомокарбонус
2013 оны 4 сарын 15 [Уншсан тоо: 89264]
УИХ-ын Хаврын чуулганы нээлт басчиг ярих юмтай боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс даргын засаглалтай биш, хуулийн засаглалтай орон болж байна. Албан тушаалтай ч бай, мөнгөтэй хөрөнгөтэй ч бай, танилтай талтай ч бай, хэнбугай ч хууль зөрчсөн бол хууль араас нь очиж байна” гэж хэлснээр МАН, МАХН-ын гишүүд хурлыг орхин гарав. Энэ удаагийн чуулганаар олон хууль хэлэлцэхээр жагсаажээ. Гэхдээ Эрдэнэс-Тавантолгойн үйл ажиллагаа зогсож, экспортын 40 гаруй хувь байсан нүүрс 29 болтлоо буурч, нэмэрт нь үнэ унан, гадаадын хөрөнгө оруулагчид дайжаад өрөмдлөгийн 400 гаран компани ажлаа зогсоочихсон үед Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийн нэмэлт өөрчлөлт л хамгаас чухал.      

Өнгөрөөд явчихлаа

“Саусгоби Сэндс”-ийн хувьцааг БНХАУ-ын Чалко компани худалдан авах сургаар манай хэсэг “эх орончид” Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гээчийг санаачилсан. Энэ хууль уул уурхайгаас гадна гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй бүх салбарыг тэр чигт нь хамарсан юм. Монголын улстөрчид нэгэндээ үзүүлдэг салаавчаа нийлж байгаад бусдад харуулсан нь тэр. Тэд хариуд нь манайхныг дуудаж гаргаад хурандаа шиг шанаадсангүй. Зүгээр л хэрэгжүүлэхээр зэхсэн хэдэн тэрбум ам.долларын төслүүдээ хаяад явчихав. Монголоос гарсан 50 орчим компани тураад үхчихсэнгүй. Хорин найман нь 2012 оны аравдугаар сарын 22-нд Мьянмарт болсон уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганд оролцжээ. Улс төрийн хийрхэлгүй, удаан хугацаанд тогтвортой хамтарч ажиллах нөхцөл уул уурхайн хөрөнгө оруулагчид тун чухал.

Төмрийн хүдэр олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Бразилийн Vale компани манайд хэрэгжүүлэхээр зэхсэн гурван ч төслөө бас л зогсоов. Гэхдээ Vale ажлаа үргэлжлүүлж, мөнгөө олсон хэвээр. Тэд өнгөрсөн оны шувтаргаар Мозамбект очоод Моатизэ уурхайгаас нь энэ жилдээ 4.5 сая тонн коксжих нүүрс олборлох гэрээ байгуулчихжээ. Тус компанийн Тээвэрлэлт хариуцсан менежер Вандерлей Маркес шинэ оны босгон дээр “Мозамбик дэлхийн коксжих нүүрсний зах зээлд байр сууриа олно” гэж мэдэгдсэн байна. Яваандаа олборлолт нь 26 сая тн хүртэл нэмэгдэх учир 2014 он гэхэд Малавиг дамнуулан төмөр зам тавьж Накала боомтод хүргээд тэндээсээ Азийн зах зээл, тэр дундаа БНХАУ руу экспортлох гэнэ. Накалатай хамгийн ойр Энэтхэгийн Кришнапатна боомт хүрэхэд холдоо дөрвөн мянга орчим км. Харин Тавантолгойгоос БНХАУ-ын хилийн боомт хүртэл 267 км. “Эх орончид”-ын маань элдэв мэдэгдэл, санал санаачилгаас үүдээд Хятадын зах зээлд коксжих нүүрсээрээ Австралийн ард, хоёрт явсан байр сууриа бид алдчихлаа. Асар өрсөлдөөнтэй энэ талбарт алдсан байр сууриа эргүүлж олох амаргүй. Үүнийг “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран Сэрэлт киноны банди “Өнгөрөөд явчихлаа...” хэмээн санаа алдан суудагтай зүйрлэв.
 
Тойроод явчихлаа

“Нүүрсний салбарын хувьд манайх үнэмлэхүй буюу заяагдмал өрсөлдөх чадвартай улс. Нэгдүгээрт, хэрэглэгчтэйгээ хил залгаа учир тээвэрлэлтийн зардал гэхээр юм үнэндээ байхгүй; хоёрдугаарт, нүүрсний чанар маш сайн; гуравдугаарт, нөөц ихтэй. Гэтэл энэ давуу талаа ашиглах нь битгий хэл харин ч бүр алаад байна” гэж Т.Наран халаглав. Муусайн хужаа нар манай баялгыг зүгээр шахам аваад байна гэдэг бодол монгол хүн бүрийн сэтгэхүйд хадаатай. Таван толгой бидэндээ баялаг боловч дэлхийн хэмжээнд яривал бас ч тийм том эд биш. Дэлхийн нүүрсний 19 хувь буюу 170 тэрбум тонн нь Хятадын нутагт булаатай байгаа бөгөөд нөөцөөрөө АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Харин тэд жилдээ гурван тэрбум тонн нүүрс хэрэглэдэг ба үүний дөрөв орчим хувь буюу 130 гаруй сая тонныг нь л гаднаас авдаг. Тэгэхээр бидний харамлаад байгаа нүүрсийг авахгүй байлаа гээд хятадуудад алдах юм үнэндээ үгүй.

Харин бидний араншинг үлгэрлэвэл нэг иймэрхүү. Манайх саалийн гурван үнээгээ шувтраад өдөртөө 20 литр сүү авдаг, хамар хашааны айл тогоо тавья гэхээр таван литр сүү дутдаг. Хөрш маань манайхаас таван литр сүү зараач гэхээр нь бид “Өвөө чинь өөдгүй хүн байсан” гээд наймаа хийхгүй. Тэгтэл хаа байсан Зүүн-Хараагийн нэг нөхөр хөрштэй үнэ тохироод өдөрт таван литр сүүгээ борлуулчихна. Хөршийнх тогоогоо тавьсаар, манайх хэрэглэж барахгүй таван литр сүүгээ өдөр болгон гашилган угаадасны нүх рүү урсгасаар... За нэг иймэрхүү зураглал.   

Хятадын нүүрсний хомсдол бараг тээвэрлэлтээс үүдэлтэй. Нүүрснийх нь 70 хувь Шаньси, Шэнси, Өвөр Монгол зэрэг баруун болон хойт мужуудаараа тархсан гэтэл түүний 40 хувийг нь зүүн болоод өмнөд бүсийн үйлдвэрүүд нь хэрэглэдэг. Хятадууд байгаль-экологи болон тээвэрлэлтээс үүдэлтэй үнэ өртөг зэрэг шалтгаанаар гаднаас хар чулуу авдаг. Мөн уурхайд олон арваараа даруулах явдал хэрээс хэтэрсэн учир сүүлийн таван жилд хэдэн мянган жижиг уурхайгаа хаасан. Хятадын нүүрсний хэрэглээ глобаль нөлөөтэй учир олон нийлүүлэгчтэй болж дэлхийн зах зээлийг хянах зорилгоор экспортдоо ихэд анхаарах болж ойр хил залгаа нөөцөөс ч багас сагаар ч болов нүүрс авах сонирхолтой болсон аж.

Энэ үүднээс тэд саяхан ОХУ-ын Тувагаас коксжих нүүрс авахаар боллоо. 2011 оны есдүгээр сард хөрс хуулалт нь эхэлсэн Элгагийн орд баяжуулах үйлдвэрээ барьчихаад, төмөр замаа БАМ-тай холбоод байна. Ганц энэ бус хэд хэдэн томоохон ордыг хамтран эзэмшихээр гэрээ үзэглэсэн. БНХАУ-ын дарга ОХУ-д саяхан айлчлаад буцахдаа далайн боомтуудын хүчин чадлыг нь хэд дахин нэмэгдүүлэхээр хөрөнгө мөнгөө ярьчихаад явав. Мөн хятадууд Өвөр Монгол, Шинжааны нутагт төмөр замын сүлжээгээ өргөжүүлээд эхэлжээ. Өөдөөс нь Кыргыз, Казахстан улсууд нарийн царигтай төмөр зам тавиад нүүрсээ тэдэнд нийлүүлэхээр ханцуй шамалжээ. Манай хоёр улстөрч өргөн, нарийнаараа үзэж тарж байх зуур Төв Азийн улсууд Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх нарийн төмөр замаа ашиглалтад оруулах нь. Урагшгүй улстөрчидтэй Монголын нүүрсийг авах хамгийн ойрын түнш манайхыг “өнгөрөөд явчихлаа”...

Баян эр ганц зуданд

Оросыг давж нүүрсний экспорт хийж чадахгүйгээс хойш Тавантолгойгоос хилийн боомт хүртэл нарийн царигтай төмөр зам тавихаас өөр сонголт үгүй. Тэгээд ч Далайд гарцгүй улсуудын хэлэлцээрээр манайд БНХАУ-ын Тяньжиний боомт ногдсон. Тэр хүртэл бид нарийн төмөр замаар л нүүрсээ тээвэрлэнэ. МУИС-ийн багш Д.Хашчулууны тооцоогоор жилдээ 30 сая тонн нүүрс экспортлоно. 2020 он гэхэд 200 сая тонн ашигт малтмал гаргана гэдэг тооцоо ч бий. Өргөн царигтай төмөр зам тавиад ачиж буулгалаа гэхэд зөвхөн нүүрснээс жилдээ 500 сая ам.долларын алдагдал үүсэх гэнэ. Харин 500 сая ам.доллар гэдэг бол манай төсвийн гуравны нэг. Өргөн төмөр замаар Хятад руу нүүрсээ гаргалаа гэхэд Монголыг тэжээх учиртай баялаг хятад ачигч нарын зоргонд үлдэнэ. Замын-Үүдийн хэдэн банди урдаас орж байгаа наймаачдыг яаж шаарладаг билээ, тэр л аргыг хятад ачигч хөнгөхөн ашиглана. Ингээд манай компаниуд алдагдалд орохгүйн тулд нүүрсээ ямар ч үнээр хамаагүй буулгаж хаяхад хүрнэ.

Гэхдээ улстөрчдөд энэ огт хамаагүй. Өргөн царигтай төмөр зам тавьчихвал Хятадын цэрэг ороод ирнэ гэдэг үлгэр ярьж ард түмэнд таалагдахаа илүүд үзнэ. Геополитикийн асуудал гэж номчирхоно. Чухамдаа бол манайх шиг жижиг улс геополитик ярьдаг юм биш. Тэр бол томчуудын тоглоом. Дэлхийн хүн амын долооны нэгийг багтаасан БНХАУ хүртэл геополитикийн тоглогч биш. Гэхдээ тэдэнд санаа бий. Японтой арал булаацалдаад яваа нь геополитикийн тоглоомд орох гэсэн том санааных нь жижигхэн эхлэл. Тэгэхээр бид эндээ өргөн царигийг геополитиктой холбож суугаа нь хөндлөнгийн хүн сонсвол хөх инээд нь хүрэх хөгийн шалтгаан юм.

Хоёр жилийн өмнө Австралийн Куйнслэндийн уурхайнууд үерт автах юм гэж хэн ч таагаагүй. Энэ шалтгаанаар коксжих нүүрсний үнэ өссөн, манай экспорт ч нэмэгдсэн. Бид тэр чигээрээ л байх юм бодсон. Өнгөрсөн жил БНХАУ-ын засгийн газар байрны үнийг барих зорилгоор үнийн тааз тогтоолоо. Үүнээс үүдээд барилга барих ажил саарч тэр хэмжээгээр арматур төмрийн хэрэгцээ ч багасав. Ингээд коксжих нүүрснийх нь ч хэрэглээ хорогдлоо. Нүүрсний үнэ ноднингийн мөн үеийнхээс хоёр дахин унав. Бид хуучин хэвээрээ үргэлжлэх мэт л сэтгэж байлаа. Чалкотой хийсэн гэрээгээ алдагдалтай болсон гэж халаглаад олборлолтоо зогсоочихлоо. Өмнө нь сонгуулийн амлалт биелүүлэх зорилгоор бэлэн мөнгийг нь авчихаад одоо луу унжиж нүүрсээ гаргахаа болив. Монголоор бол худрагагүй л хэрэг юм даа. Бүр байчихаад дахиад АНУ, Японтой ярьж Тавантолгойгоо барьцаанд тавих юм болов. Хэлсэндээ хүрдэггүй ийм улстай хүмүүс цаашдаа наймаа ярих нь юу л бол?!

Ердөө жилийн өмнө намуудын уралдан амалж байсан сар бүр ашгийг нь хүртэх хувьцааны үлгэр энэ хүрээд жаргаж байна. Гадны хөрөнгө оруулагчид Монголд улс төр нь бизнесээсээ илүү ач холбогдолтойг дахин сайн ойлгож авлаа. Энэ чуулганаар Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд ямар ч нэмэлт өөрчлөлт оруулаад тэд эргэж харахаасаа нэгэнт өнгөрсөн. Бүр хүчингүй болгоод ч урьд нь манай гадаа дугаарлаж зогссон хөрөнгө оруулагчдын дөч орчим хувь нь л эргэж ирвэл их юм. Гэхдээ мэдээж бага гарууд нь. Дэлхий дэлгэнэсэн дэлгэр зунаар дурдан дээлээ самбай болтол найрласан баян эр ганц зуднаар байдгаа барлаа.

 Нэг нэр, хоёр хоч

Өнөөгийн хүн дүрстнүүдээс анатоми болоод биет ба биет бус соёл бүтээх чадвар мөн хэл яриа, төсөөлөн бодох чадвараараа ялгардаг нэгэн зүйл амьтныг латинаар хомо сапиенс гэдэг. Харин дээрх бүх онцлогоос гадна байгалиас бэлнээрээ олддог СО2 буюу нүүрсийг тэр чигээр нь идээд хоолшдог хүн дүрстний нэгэн зүйлийг ирээдүйд “хомокарбонус” гэх болно. Тэд нэг хэсэг нүүрсний зах зээлийг жолоодоно гэж бодож явсан боловч хэнд ч өгөхгүй харамласаар эцэстээ юу ч үгүй хоцроод хар чулуугаараа хооллож сурах юм. “Эх орончид”-ын маань буян ийм л их дээ...      




 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn