Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Алдрын оргилд хүрэх арга
2013 оны 4 сарын 22 [Уншсан тоо: 91252]
Тамхины эсрэг хууль гарлаа. Иргэд дэмжиж байна. Алгаа ташиж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд урамтай байна. Ерөнхийлөгч магтаж байна. Тамхины наймаа нууц байдалд шилжиж байна. Хүмүүс тамхиа татаж л байна. Удахгүй эмэгтэй гишүүд архины тухай хууль батлуулах юм байна. Нийгэм уухайлан дэмжинэ. Гэхдээ л бид архидана. Харин хамгийн мууг нь л ууна.

Гүрнээ нураасан кампани

Л.И.Брежневээс хойш Зөвлөлтөд удирдагч “тогтсонгүй”. М.С.Горбачевын ээлж иржээ. (Түүний үед Зөвлөлт өөрөө “тогтоогүй” юм) Тавь нэлээн гарсан эр боловч Коммунист намын төв хороо, Улс төрийн товчооны хөгшчүүлээс дэмжлэг муутай. Нэг насаараа улсаа удирддаг уламжлалтай соц системд дэндүү “залуу”. М.С.Горбачев ганц Зөвлөлтийн тэргүүн бус Хүйтэн дайны нэг фронтыг толгойлогч, Варшавын блокийн удирдагч. Тухайн үед “шинэхэн” улстөрчийн хувьд түүнд популист алхам хийж нийгмээс дэмжлэг авах улс төрийн хэрэгцээ нэн тэргүүнд тулгарав. Жил бүр зарладаг ч ер ахиц авчирдаггүй улигт социалист уралдаанаа сүртэй болгох нь ч ач тусаар бага. Ингээд Л.Брежнев, Ю.Андропов нарын болгоомжлоод хийлгүй орхисон нэг ажлыг барьж авчээ. СССР-ын хамаг том дарга болоод хоёр сар зургаа хономогцоо Архидалттай хатуу тэмцэх тогтоол гаргав. Улс төрийн товчоо нь ч дэмжлээ.    

Тэрбээр завод дээр ажилчидтай уулзахдаа маргааш зарлах хачин сайхан тогтоолынхоо тухай цухас дурьдаж, ялангуяа эрчүүдийг радиогоо сайн сонсоорой гэж захив. Правда сонины 1985 оны тавдугаар сарын 17-ны №96-д, мөн түүнчлэн бүх хэвлэл мэдээллээр уг тогтоол хэвлэгджээ. Зөвлөлтийн иргэд бүгд уухайлан дэмжив. СССР-ийн статистикийн хороо иргэдийнх нь 85 хувь алга ташин дэмжсэн, гурван хүн тутмын нэг нь бүр илүү чангалах нь зөв хэмээн үзжээ гэдэг тайлан танилцуулав. Үүн дээрээ нэмээд хагас хуурай хууль хангалтгүй юм байна, бүр мөсөн хуурай болгоё гэх хүмүүс ч олноороо гарлаа. М.Горбачев огт уудаггүй учир ийм гоё ажил санаачиллаа гэсэн цуу ч тарав. Архи уухгүйчүүдийн нийгэмлэг байгууллага бүхэнд дуу дуугаа аван үүсч жилийн дотор ийм нийгэмлэгт хамрагдагсад 14 сая хүрчээ. Цаашдаа ч өснө гэж улам хөөрцөглөнө.
Энэ кампанийг уухайлан дэмжигч, академич Ф.Убулов тараганд тодорхой хэмжээний алкохол агуулагдаж буйг нээгээд лут дүгнэлт хийлээ. “Хүүхдүүд хар багаасаа тараг уусаар байгаад насанд хүрэхдээ архины лүү болж байна”. Гэхдээ орос кефирт жаахан халъя гэвэл хамаг цусыг нь тарагаар дүүргэх хэрэг гарна гэдгийг тэр хэлсэнгүй. Ер нь энэ мэт марзан үзэгдэл замаа алдаж абсурд байдалд хүрчээ. Архигүй хамт олноос цаашлаад архигүй хурим найр гэх ямар ч сэтгэл хөдлөлгүй гөлгөр үйл ажиллагаа дэлгэрч, талийгаачийнхаа хойноос ч хундага тогтоохоо больжээ. Сайхаан сайхан... Эрүүл саруул. 1986 оноос ард түмний хамгийн дуртай киноны нэг, согтуу эр төөрөөд Ленинград орж, хайртайгаа учирдаг Ирония судьбы, или С лёгким паром бүтээлийг гаргахгүй байх шийдвэр ч гаргалаа. Усан үзмийн талбайнхаа 30 хувийг устгав. Үлдсэнийг нь жүүс хийхэд зориулах гэнэ. Дэлхийн II дайнд Зөвлөлт усан үзмийн талбайнхаа 22 хувийг нь л алдаж байсан аж. Үүнд нь садаа болоод байсан Зөвлөлтийн усан үзмийн тэргүүлэх мэргэжилтэн Д.Я.Голодригаг тэтгэвэрт хөөж гаргаад гэрт нь “хорьчихов”. Харамсалтай нь ухамсарт бүх амьдралаа усан үзмийн селекцэд зориулсан дэлхийн зандаатай нэрт эрдэмтэн 1986 оны арванхоёрдугаар сарын 19-нд гэртээ боомилж үхлээ. Түүнийг амиа хорлосон гэдгийг мэдээж нуусан. Крымын алдарт вино Масандраг харин М.Горбачев золоор өршөөжээ.

Зөвлөлтөд тэр дундаа Орост хуурай хууль гаргаад алдсан туршлага хангалттай байлаа. Гэвч улс төрийн ашиг сонирхол үүнийг огтоос авч хэлэлцээгүй юм. 1914 онд Цагаан хааны тогтоосон Хуурай хуулийн сөрөг үзэгдлийн талаар мэдээлэл алга. Харин 1922-1924 оны хооронд самогоны аппарат 22 000-73 000 болж нэмэгдсэн бол бүтээгдэхүүн нь хоёр жилийн дотор 94 000-275 000 литр хүртлээ өссөн байна. Яг энэ үзэгдэл Зөвлөлтөд жаран жилийн дараа дахин давтагдав. Өрхийн тоогоор самогоны аппарат. Түүгээр үзэсгэлэн гаргасан бол Зөвлөлтийн хүний сэтгэн бодох бүтээлч чадварыг бишрэхээр байлаа. Нэмэрт нь элсэн чихэр, ер нь нүүрс-устөрөгчийн нэгдэл агуулсан хүнсний зүйл ховорджээ. Жаахан халах гэж цусаа тарагаар дүүргэх хүн олдохгүй хойно алкохолын агууламжтай бүхэн ходоод руу яваад эхэлсэн тул гоо сайхны бараа-үнэртэй ус, лосьон зардаг дэлгүүр, тасгуудыг архиныхтай хамт нээж, хаах дээрээ тулав. Социализмын бүтээн байгуулагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа үйлдвэрлэгч болцгоов. БФ хэмээх цавуун дээр жаахан ус, сод нэмээд суурин өрмөөр хутгачихад л спирт нь ялгараад ирнэ. Удалгүй М.Горбачевт аймшигт мэдээлэл ирэх боллоо. Элдэв төрлийн бодисд хордогсод урьд архинд хордож байснаас ч эрс нэмэгджээ.

1988 оны намар ЗХУ-ын Улс төрийн товчооны гишүүд хоёр хуваагдав. Нэг тал нь Хуурай хуулийг халах, нөгөө нь тултал явуулна гэсэн үзэлтэй хоёр тал барилцаж авахдаа тулжээ. Төсвийнхөө 30 хувийг согтууруулах ундаанаас олдог коммунизмын түүчээ алдагдлаа нефтиэс нөхөхөөр тооцсон ч Америк Саудын Арабт шинэ төрлийн зэвсэг нийлүүлээд хар тосны үнийг навс унагаад хаячихаж. Эдийн засаг нь ганхаж, Баруунаас зээл авахдаа тулан хоёр жилийн өмнө хийсэн агуу туршилтынхаа дүнд СССР сүйрэхэд тун ойртов. Энэ бүхнийг харсан Улс төрийн товчооны гишүүн Николай Рыжков нарын санаачилгаар Хуурай хуулийг халахаас аргагүйд хүрсэн юм. Улс нь бүх архи дарсны үйлдвэрээ төмрийн хаягдалд тушаасан ч иргэд нь урьд өмнө улс үйлдвэрлэдэг байснаас ч хортой мөртөө илүү ихийг гэр гэртээ нэрээд байсан тул ямар ч үр дүн гарсангүй. Хорин жилийн дараа Оросын ард түмэн М.Горбачевын энэ алхмыг улс төрийн алдаа байсан гэж дүгнэсэн бол өөрөө “Хүмүүс Өөрчлөн байгуулалтаас илүү үүнийг л сайн санадаг юм билээ” хэмээн ярилцлага өгчээ.

Гүрнээ гутаах хууль

Алкохолизм бол нийгмийн эмзэг үзэгдэл, өвчин мөн. Тэмцэх ёстой, эмчлэх учиртай. Гэхдээ зөвхөн нэр төр, алдар гавьяаны төлөө энэ ажилтай зууралдаж болохгүй гэдгийг түүх бэлээхэн хэлдэг. Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, аддиктологич Ж.Цогтсугар “Архигүй Монголын төлөө” аян хэрэгжүүлээд Дэлгэрхангай сумын 100 залууг архинаас гаргасан гэж ярилаа. Баяр хүргэх үйл явдал. Гэхдээ түүний гар бие оролцсон хуулийн төсөл зөвхөн хаах, боох агуулгаар дүүрэн аж. Ж.Цогтсугар “3 000 хүнд нэг дэлгүүр ногдох ёстой гэтэл 300 хүнд нэг дэлгүүр ногдож байна” гээд “Хорих гэхэд хэцүү, монгол хүмүүсийн 51.2 хувь нь архины хамааралтай” гэж хэллээ. Асуудал энд л байгаа юм. Хүний хэрэглээ түмэн янз боловч түүнийг гурав ангилж болдог. Огт өөрчилж болохгүй хэрэгцээ: ууж, идэх, унтах; өөрчлөхөд маш хэцүү хэрэгцээ: бэлгийн харьцаа гэх мэт; өөрчлөхөд хэцүү хэрэгцээ: үүнд бидний хорт болон хоргүй зуршил багтдаг. Чухам үүнийг нь оролдоод эхэлбэл нийгэм бухимдаж эхэлдэг улмаар тэсэрдэг. СССР нурсан шалтгааныг ч үүнтэй холбох нь бий. Архины хатуу хууль гарснаар манай иргэдийн талынх нь нэгэнт өөрчлөхөд тэрхүү хэрэгцээгээр оролдоно гэдгийг “эх оронч” нарт сануулмаар байна. Хууль санаачлах эрх байгаа боловч байгалийг ялах хүч дутна гэдгээ бодоосой.

Архины эсрэг хууль батлагдмагц архидалт эрс буурна. Гэмт хэрэг ч багасна. Гэхдээ энэ түр зуурын үзэгдэл аж. ОХУ-ын “Экспериментальный творческий центр”-ийн захирал С.Е.Кургинян Зөвлөлтийн үеийн Хуурай хуульд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Түүнийхээр Хуурай хууль гарсны маргаашаас архины хэрэглээ хоёр дахин буураад хоёр жил гарангийн дараа өмнөхөөсөө ч суга өссөн байна. Үүнийг тэрбээр архи олдохоо байсан болон хүмүүсийн эхэн үеийн урам зоригтой холбон тайлбарласан байна. Гэвч нэгэнт хэрэглээний зуршил нь байгаа хойно түүнийгээ удалгүй хайж эхэлдэг аж. Архины хэрэглээ буурч байх зуур далд бизнесийн сүлжээ бүрэлдэж нэхэгдээд байгаа эрэлтийг хангахад бэлэн болдог байна.

“Шар айраг” хамтлагийн гишүүн, “Гранд хаан” айриш паабын эзэн Г.Ганхүү энэ хуулийн эсрэг байгаагаа нуугаагүй бөгөөд “Шинэхэн гишүүд популизм хийх гэж байгаа л байх. Би ийм бизнес эрхэлдэггүй байсан ч нөгөө талд нь зогсоно” гэв. Тэрбээр 1997 онд Ерөнхийлөгч Н.Багабандийн гаргасан “Ил задгай газар архи, согтууруулах ундаа зарж борлуулахыг хориглосон” захирамжийн эсрэг тэмцэж ялсан юм. Г.Ганхүү бол зуны аагим халуунд задгай талбайд сэнгэнэсэн хүйтэн пиав уух эрхийг монголчуудад эргүүлэн олж өгсөн хүн. Г.Ганхүү “Анх Ханбройг байгуулахад манайд зодоон цохион гардаг байсан. Харин одоо Айришийн хамгаалагч нар ажилгүй болсон” гэв. Мөн паабынх нь цагаан архины борлуулалт жилээс жилд буурч буйг хэлээд өдөрт зарагддаг уух юмны 25 хувь нь шар айраг болсон гэлээ. Архи уух албан ёсны газруудыг хааснаар архидалт гэр бүл рүү шилжинэ. Харин согтуугаар үйлдсэн гэмт хэргийн дийлэнх нь ахуйн хүрээнд гардгийг цагдаагийн мэдээлэл болоод хэвлэлийн хуудаснаас бэлхнээ харж болно.

Скандиновын орнууд Хуурай хуулиараа алдартай. Гэвч тэдний иргэд гадаадад очоод юм үзээгүй мэт архи ууж, агсам тавьж, хэрэгт ороолцолддгороо ч зартай. Шведэд амьдарч буй миний дүү нэгэн том усан онгоц дээр ажилладаг бөгөөд Балтийн тэнгист гарч дундын бүсэд ормогцоо хүмүүсийг архидуулах үндсэн зорилготой бизнес гэдгийг нь яруу тодоор ярьж байлаа. Скандиновын хүмүүст ч сэтгэлээ нээх, цэнгэх, хааяахан “ухамсараа гээх” хэрэгцээ бий. Америкийн Хуурай хуулиар бий болсон мафи хэмээх ойлголтоос хавьгүй соёлжуу харагдах боловч эрэлт, нийлүүлэлт нэгнээ задгай тэнгис дээр олж байгаа л хэлбэр. Г.Ганхүү “Би Ерөнхийлөгчийг дэмждэг, гэхдээ архигүй хурим гээчийг нь дэмжээгүй” гэж байна. Харин Ж.Цогтсугар шинэхэн хуулийн төсөлд “Архиар шахуулаад гэмт хэрэг хийсэн бол архиар шахсан хүнийг хамт эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг” заалт оруулах болсныг бахархан ярилаа. Ерөөс дээрх хуулийн төсөлд эмчилгээтэй холбоотой ганц ч заалт үгүй бөгөөд тас хорих гагц утгатай аж. Харин Г.Ганхүү “Хүний архи ууж дампуурах эрхийг өөрсдөд нь үлдээх ёстой” гэсэн юм.

Ж.Цогтсугар шинэ хуулийн төсөлд “Хязгааргүй их санаа оруулсан. Их хурлын гишүүд хэр ойлгох юм байгаа юм” гээд “Архины үнийг нэмэх хэрэгтэй, дэндүү хямдхан болохоор дэндүү хэрэглэж байна. Гучин мянга бол нэгийг л ууна” гэдэг бодолтой яваа аж. Мөнгөнийхөө хэрээр уудагсан бол ядуус огт уумааргүй гэвч ядуурал, архидалт хоёр шууд хамааралтай бөгөөд хэрэгцээ нь байгаа хойно нийлүүлэлт ч эзэндээ очдог жамтай. Гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргаад улсынхаа эдийн зэсгийг элгээр нь хэвтүүлсэн “Эх орончид оо!” кинон дээр пиав нь гарсан хэргээр үйлдвэр хааж эхэлсэн та бүхний хичээл зүтгэл та нарт хэсэгхэн алдар гавьяа авч ирэх мөртөө алсдаа эх орныг чинь гутаана гэдгийг нэг бодооч. Уул уурхай унасан энэ үед бондын хэдэн төгрөгөө барахын цагт онцгой татвараар төсөвт ордог дал орчим тэрбум төгрөг хүүхэд, хөгшдөд хэрэг болно шүү.   
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn