Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монголоос мордсон тагнуулч
2013 оны 5 сарын 10 [Уншсан тоо: 120323]
Монгол орон Зөвлөлтийн алдарт тагнуулч, элчин, консул Иван Андреевич Чичаевын амжилтын гарааны анхны гишгүүр болжээ. Дэлхийн II дайныг хүртэл түүний томилогдон очсон улс гүрэн бүхэн аугаа СССР-ийн бүрэлдэхүүнд багтаж эс бөгөөс эрхшээлд нь орж байжээ. Тагнуулч чухам хэрхэн ажилласан нь тодорхойгүй боловч монголчууд түүнийг энд байх хугацаанд зөвлөлт маягийн бүгд найрамдах улстай болох эхлэлээ тавьсан юм.
   
Гараа

“Гагцхүү нарыг хэвээр үлдээх Октябрь”-ийн хувьсгалын дараа Хаант Оросын нутаг тэр чигтээ гал усанд автлаа. Улс төрийн чанх эсрэг үзэлтэй зэвсэгт бүлэглэлүүд хийгээд үндэстэн ястан, нийгмийн давхарга хооронд цуст тэмцэл өрнөснийг эдүгээ Оросын түүхнээ Иргэний дайн гэдэг. Энэ завсар большевикууд 1920 онд Бүх Оросын онцгой комиссынхоо дэргэд Гадаадын хэлтэс гэж байгуулсан нь тагнах үүрэгтэй. Иргэний дайн шувтарсан 1923 онд үүнийгээ Ардын комиссаруудын зөвлөлийн дэргэдэх Улс төрийн нэгдсэн удирдах газрын (ГПУ) гадаад харилцааны хэлтэс болгон өргөтгөжээ. Харин үүнээс жилийн өмнө Дорнын хэлтэс байгуулж “ГПУ ...Илийн хязгаар, Зүүнгар, Энэтхэг, Төвөд, Монгол...-д суугаа төлөөлөгчөөс мэдээлэл авч зайлшгүй биелүүлбэл зохих шуурхай ажиллагааны даалгавар өгөх” үүрэгтэй болохыг нь заажээ.

1923 онд Москва-Казанийн төмөр замын хээрийн шүүхийн төлөөлөгч А.Васильевыг Монголд суух Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилов. Үүний сацуу хамтран ажиллах хүнээ өөрөө сонго гэсэн тул тэрбээр Москвагийн төмөр замыг сэргээн босгох ГПУ-ийн төлөөлөгч И.А.Чичаевт санал тавьсан байна. Тэд хуучны анд юм байж. Дэлхийн I дайн эхлэхэд сайн дураар цэрэгт элсэн улмаар Улаан армид урваж удалгүй чекист болсон Мордов нутгийн хүү Монгол газар ирэхийн тулд мөнөөх Ф.Дзержинскийтэй биечлэн уулзах хэрэг гарчээ. Уул нь Гадаад харилцааны хэлтсийн дарга М.А.Трилиссер түүний хувь заяаг шийдэх учиртай байлаа. Ингээд И.А.Чичаев 1923 оны арванхоёрдугаар сард СССР-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрын Консулын эрхлэгчээр тохоогдон Нийслэл хүрээнд ирсэн байна.

Найдвартай этгээд

1920 оны зун Ф.Дзержинский “Улс төрийн тагнуулын байдал тийм ч сайнгүй байна. Намын байгууллагатай байнгын харилцаа алга... Тиймээс Польшийн хувьсгалт зөвлөл улс төрийн тагнуулыг зохион байгуулахдаа намын тохирох мэргэжилтнүүдийг томилох нь зүй хэмээн үзэж байна” гэж Зүүн фронтын штабын дарга Н.Н.Шварцад бичсэн байдаг. Эндээс эхлэн намын шалгарсан гишүүд буюу чекистүүд дэлхийгээр нэг таржээ. Гэхдээ тэд СССР-ын Элчин сайдын яамны ажилтан халхавчаар шургална. Тэгээд зогсохгүй “Тагнуулч нь бүрэн эрхт төлөөлөгчтэй бүх талаар хамтарч ажиллана. Үүний сацуу тагнуулч бүрэн эрхт төлөөлөгчөөс хамтарч ажиллах, ялангуяа нууц ажиллагаа явуулах зорилгоор эд материал, мөнгөн тусламж хүсэх эрхтэй” ажээ. Чухам ийм боломжтой залуу Богд хаанаа сөхрөн шүтсэн, үгээгүйчүүдийн үзлийг ойлгохыг хүсээгүй Монголд ирсэн аж. Түүний үүрэг ч тодорхой. Монгол дахь дипломат төлөөлөгчийн газраа сөрөх тагнуулын ажиллагаагаар хангах.

“Байн байсаар бүх дэлхийг бүрхэх Октябрь”-т үнэндээ орон зай маруухан байлаа. Ядахад Орос, Өвөр Кавказ, Ураин, Белоруссийг нэгтгэсэн СССР бүрэлдэхийн өмнөх ганц жилд, 1921-1922 оны завсар тариачдын бослого замаа алджээ. Үүнд Тамбовын губерний 120  мянга, Украины 56 мянга, Карелын 12 мянган цэрэг алагдсаныг А.М.Плеханов “ВЧК-ОГПУ. Отечественные органы госбезопасности в период новой экономической политики” номдоо дурьдсан байна. Тэгэхээр хувьсгал экспортлох ашдын санаатай большевикуудад хувьсгалын эсэргүү элементүүдийг илрүүлэх мэргэжилтэн шиг хэрэгтэй зүйл байсангүй. Гадаад харилцааны хэлтэс дорхноо бэхжиж М.А.Трилиссерийн үед түүний дор 70 хүн ажиллах болсон тухай К.Дегтярев, А.Колпакиди нарын “Внешняя разведка СССР” номд өгүүлжээ. Мань И.А.Чичаев ч тэдний нэг бөгөөд 1937 онд эхэлсэн Их хядлагын үеэр бараг цор ганцаар “ардын дайсан” бололгүй үлдсэн юм. Найдвартай этгээд ажгуу.

Урианхайг тасдагч

Монголчууд төвийг сахисан хөрөнгөт тусгаар улс болох хүслээрээ туг тахиулахаас хэдхэн хоногийн өмнө И.А.Чичаев Тагнын Урианхайн байдлыг тандаж, Монголтой харилцах харилцааг нь “зохицуулах” төрийн төлөөлөгчөөр сонгогджээ. Онцгой комиссын Я.Х.Давтянаар толгойлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан тэрбээр уулзалтад нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэсэн байна. Хэлэлцээрийн дараа Москва Тагнын Урианхайд сууж байсан консулаа И.Чичаеваар сольж тавилаа. Ингээд зогсохгүй ГПУ-ын шугамаар өгөгдөх тагнуулын үүргийг ч давхар биелүүлнэ гэдгийг нь сануулав. Даалгавар тодорхой. Үгээгүйчүүдийн засаг байгуулах.

Оросын хаан II Николай аль эртнээс л Монголын нэг хэсэг Тагнын Урианхайд нүд унагаж иржээ. Гэхдээ Манжийн эзэнт гүрэнтэй сөргөлдөхөөс түдгэлзээд шүлсээ хий залгиж явсан бөгөөд Сибирийг эзэлсэн аргаа ашиглахаар орос тариачдаа олноор нь суурьшуулж эхэлжээ. Азаар Хятадад Синьхайн хувьсгал гарч сиймхий гарангуут дотор нь явуулга хийж Цагаан хааны ивээлд багтая гэдэг өргөх бичиг үйлдүүлээд авсан юм. Хаанаа унагасан ч бодлогыг нь үргэлжүүлсэн большевикуудын их үйлсийг мөнөөх И.Чичаев гүйцээхэд гар бие оролцох учиртай байж. Тэрбээр Кызылд хэрэг дээрээ Бүрэн эрхт төлөөлөгчийн үүрэгтэй сууж ГПУ-ын даалгаврыг ёсчлон биелүүлжээ. 1926 онд Тагнын урианхайчууд хэзээнээс туурга нэгтэй явсан Монголоосоо салахаар зориг шулуудаж Тувагийн Бүгд Найрамдах Улс гэгчийг тунхаглалаа.  
             
Мандуулсан тунхаг

Өөрийгөө нотлон харуулсан шилдэг кадраа СССР-ын тагнуулын газар Сөүлд суух Ерөнхий консулаар тохоон томилов. Мэдээж тэрбээр Японд эзлэгдсэн Солонгос дахь ГПУ-ын тагнуулуудыг удирдах учиртай. И.А.Чичаев ч сурсанаараа ажлаа гялалзтал гүйцэтгэж Японы тусгай албанд ажилтай орос хэл мэддэг эртэй нөхөрлөжээ. Улмаар хөрөнгө хурааж хувьдаа бизнестэй болох хүслийг нь ашиглан олон тооны нууц баримт бичиг зөөлгөж эхэлсэн байна. Тэдгээрийн дотор “Танакагийн тунхаг” хэмээх цуутай баримт орж ирсэн аж.

1927 онд засгийн эрхэнд гарсан Японы Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд генерал Танака СССР-тэй дайтах бэлтгэлийг чухалчлан базааж эхэлсэн юм. Танака энэ санаагаа тэр жилийнхээ долоодугаар сарын 25-нд Японы эзэн хаан хийгээд засгийн газартаа танилцуулсан байдаг. “Оростой дахин илд зөрүүлэх нь” хэмээн эхлэх тунхаг “СССР-ын Зэвсэгт хүчний байдал хийгээд бусад гадаад улстай харилцаж байгааг нь анхааран авч үзвээс Япон-СССР-ын дайныг аль болох түргэн эхлүүлэх хэрэгтэй байна. Хаант засаг СССР-тэй хурдхан дайн өдөөх зорилго бүхий улс төрийн бодлого баримтлах нь зайлшгүй хэмээн би үзэж байна” гэж үргэлжилнэ. Хятад улмаар Зүүн өмнөд Ази цаашлаад дэлхийг эзэрхийлэх үлэмжийн санаатай энэхүү баримт бичгийг СССР өөрийн сувгаар дамжуулан Америкийн хэвлэлээр дэлгэжээ. Чухам энэ тунхаг 1945 онд Японы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүх чухал баримт болсон юм.

Амжилтын түүчээ

СССР-т ганцхан Рихард Зорге байсангүй. И.А.Чичаев удалгүй Финланд руу томилогдож үүргээ гүйцэтгээд наашлан Эстони, Латвид ажиллажээ. Дэлхийн II дайн эхлэхэд түүнийг фашист Германы эсрэг Их Британийн сөрөх тагнуулын албатай хамтран ажиллахаар илгээсэн байна. Мэдээж тэрбээр гялалзтал ажилласан. Дайны дараа Америкийн тагнуулууд холхисон Чехсловакт тохоогджээ. Рихард Зорге 1964 онд СССР-ын баатраар нэхэн шагнагдсан бол Мордовын тариачны хүү Лениний, Улаан тугийн, Улаан таван хошуу, Хүндэтгэлийн одонгуудаа энгэртээ гялалзуулж явсаар 1984 онд 88 насандаа мөнх бусын хорвоогоос хальжээ.        


Азтай хүү. Мордовын Ускляй хэмээх жижигхэн гацааны барлагийнд төрсөн 15 хүүхдээс эсэн мэнд өссөн нь цөөхөн бөгөөд тэдний нэг Иван Чичаев 1896 онд мэндэлжээ. Сүмийн сургуульд бичиг үсэгт тайлагдсан хүү 14 насандаа эцгийнхээ өгсөн жаахан мөнгийг өвөртлөөд Москваг зорьж байсан бол амьдралынх нь ихэнх хилийн чанадад өнгөрчээ.


Арга. Зургийн ард “Орос-Тагнын Урианхайн ганбат найрамдал мандтугай”, “Оросын коммунист нам Тагнын Урианхайн ард түмэн гал халуун мэнд дэвшүүлж байна” гэхчилэн бичжээ. Ажилчин тариачингүй нүүдэлчин малчин ардын тархийг угаан ажилчин ангийн хувьсгал гаргах энэ аргаа большевикууд буурай нүүдэлчид дээр амжилттай хэрэгжүүлж байлаа. Зургийн гол зангиа зүүсэн нь И.А.Чичаев.  
 
 


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn