Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хөнгөлөлттэй зээлийн хөг
2013 оны 6 сарын 12 [Уншсан тоо: 88207]


Хөнгөлөлттэй зээлийн хөг

Оны эхний улирлын байдлаар Монгол улс 87 432 726 223 590 төгрөгийн өртэй. Энэ жилдээ багтааж бид 87.4 тэрбум төгрөгийг зээлийн үндсэн төлбөрт, 27.9 тэрбум төгрөгийг хүүд нь төлөх учиртай. Дээрх өрийн 5 199 779 725 700 төгрөгийг нь БНХАУ-аас авчээ. Үүний 200 сая ам.долларыг ноднин БНХАУ-ын Засгийн газраас 20 жилийн хугацаагаар хөнгөлөлтэй зээлсэн юм. Энэ мөнгөний 27 сая ам.доллароор нь бага оврын трактор авсны талаас илүү нь өнөө хэр Эрин интернэшнл компанийн гаалийн тусгай бүсэд хэвтэж байна.

Талбай эзэлсэн тракторууд

Тендерт шалгарсан Хятадын “Фотон ловол” компаниас манай тал өнгөрсөн жилийн есдүгээр сард “Фотон Ловол 200”, “Фотон ловол 250” хоёр төрлийн нийт 8 000 трактор авчээ. Ид хадлангийн үе таарсан тул олон төрлийн агрегаттай трактор маш гүйлгээтэй байсан юм. Хоёр сая таван зуун мянган төгрөг бэлнээр нь тушаагаад жил бүр 500 000 төгрөг төлж үнийг нь барагдуулах нөхцөлтэй. Одоо ч энэ хэвээрээ. Тэр намар трактортой болох гэсэн хүмүүс Эрин интернэшнл компанийн ажилчдыг гуйж гувшин нэгнээсээ өрсөн трактор авахаар уралдаж байсан гэнэ. Харин өнөөдөр тус компанийн гаалийн тусгай бүсэд 4 800 трактор тоох хүн ч үгүй хэвтэх аж. Уул нь хаврын тариалалтын үеэр үлдсэнийг нь борлуулчихна гэж харсан ч төдийлөн зарагдсангүй. Биднийг очдог өдөр ердөө гурван трактор зарагдсан гэж ажилчид нь хэлэв. Тус компаний талбайн томоохон хэсгийг эзэлсэн хураалгаатай тракторуудыг тээршаах хүн алга. Харин нь сул орлого олдог нэгэн эх үүсвэрээ болгожээ.

Төрийн хүний орлого

Тус компанийн цэлгэр талбайг бараг бүхэлд нь эзэлсэн хураалгаатай тракторыг хадгалсныхаа хөлсөнд Эрин интернэшнл сар бүр 41 сая төгрөг авч байгаа аж. Анх ирснээсээ хойш нийт арван сар энэ хашаанд хэвтсэн гэвэл 410 000 000 төгрөгийг манай төр тус компанид тушаажээ. Дээрх мөнгө одоогийн ханшаар 283 933 ам.доллар болох бөгөөд 85 ширхэг бага оврын “Фотон ловол” тракторын үнэ болох юм. Мөн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны нэгэн ажилтан сар бүр хадгалалтын хөлсийг саадгүй шилжүүлснийхээ шанд 3 сая 500 мянган төгрөг бэлнээр нь авдаг гэнэ. Энэ хугацаанд тэр нэгэн азтай төрийн албан хаагч цалингаасаа гадуур 35 сая төгрөгийн орлого олсон байх учиртай. Төртэй холбоотой бүх ажилд ийм шагнал нэгэнт хэвшил болчихсон тул гайхаж хачирхвал та өөрөө л бусдад гайхагдана. Чухамдаа энэ мэтхнээр сул сууж байгаад бэлэн мөнгө олдог тул Г.Дэнзэн нарын залуус төрийн албанаас ичих нүүрээ мартан чаргууцалддаг.

Ханачихсан орлого

Газар тариалангийн ажлын ид үе буюу өнгөрсөн намар, энэ хавар зарагдаад зах зээл нь ханачихсан тул цаашдаа үлдэгдэл 4 800 тракторыг хэдий хугацаанд тэнд байлгах нь хэнд ч сонин биш юм. Харин аль болох удаан хадгалах сонирхол мөнөөх төрийн албан хаагч хийгээд Эрин интернэшнл компани хоёрын хэн хэнд нь бий. Хэн ч араас нь огт санаа тавьдаггүй төрийн мөнгөнөөс аль аль нь ахиухан саах хүсэлтэй. Хэр хэмжээний мөнгийг хадгалалтын төлбөр нэрээр шилжүүлж, нөгөө нь эргүүлэн шагнаж, хоёр тал ямархан орлого олох нь одоо ч тодорхойгүй. Юутай ч төрийн албан хаагч, хувийн компани хоёрын эзэмшиж байгаа Алладины шидэт дэнлүү өнөөхөндөө мөнгөөр бөөлждөг хэвээрээ. Үүнээс гадна дээрх хөнгөлөлттэй зээлийн үлдсэн 173 сая ам.долларыг чухам юунд зарцуулж байгааг манай төрийнхөн хаана ч тайлагнаагүй байна. Хөнгөлөлтэй зээлүүдийн хөг аялгуу нэг иймэрхүү...

Үндэстний ТОЙМ сэтгүүл №174


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn