Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Годилдоо годил
2013 оны 7 сарын 22 [Уншсан тоо: 190113]
Ленфильмийн Свадьба в Малиновке гэж кино бий. Холливүүдийн жишгээр бол мюзикл. Иргэний дайнаас залхсан Малиновка тосгоны ахлагч Нечипор улаантан, цагаантан ухарч-давшин ахин дахин тосгонд нь ирэх тоолонд “Ахиад л засаг солигдлоо” хэмээн үглэнэ. Хашир буурал улаантан ирж яваа сургаар будёновка толгой дээрээ тавьчихна. Харин цагаантан хараад малгайгаа аваад өвөртөлчихнө. Эцэстээ хувьсгал ялдаг үзэл суртлын бүтээл боловч тосгоныхонд өнгөний ялгаа гэж үнэндээ үгүй. Яринка, Андрейка хоёрынхоо хуримыг л сайхан хийчих санаатай. Хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад зооглох ч урамтай даа. Амьдрал ийм юм.

Улааныхан ба цэнхрийнхэн

Октябрийн хувьсгалын хүсээгүй хүүхэд МАН улаан өнгөөр гангарч ирсэн. Стандарт нь тийм байлаа. Солидарностийн бутач хүү АН цэнхэрийг сонгожээ. Хөх Монголын улс төрийн шинэ хүчин болохоор зүйн хэрэг мэт байсан. Харин улс төр нэрийн дор хорь гаран жилийн турш нэгнээ давах гэсэн хоёр намын өрсөлдөөнийг одоо эргээд харвал солиорлын хэмжээнд хүрчихжээ. Ардчилсан хувьсгалын хорин жилийн ойгоор АН хөх хивсний ёслол гээчийг бодож олов. Алив хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хүн төрөлхтөн улаан хивсэн дээгүүр алхдаг жишиг “балрав”. Социализмын 70 жилийн түүхийг өмчлөх эрхгүй учир таван нам нэгдэн 2000 онд АН болохдоо Их Монгол улс байгуулагдсан 1206 оныг бэлгэшээн 12 дугаар сарын 06-ны өдрийг сонгожээ. Үүнээс хойш 1921 оноос өмнөх бүх түүх эдний “мэдэлд оров”. Хариуд нь МАН үүсэн байгуулагдсан гэх 3 дугаар сарын нэгнээ “Эх орончдын өдөр”-өөр зарлалаа. Маньд ямар хамаа байна, ямар амрах биш.  

Сонгууль сонгуулиар монголчуудыг “улаан”, “цэнхэр” гэж хуваадаг хоёр нам эрх мэдэлд хүрмэгцээ элдэв дээдийг бодож олсон нь хэрээс хэтэрсэн. Хоёр жилийн өмнө МАН ерэн жилийн түүхээ есөн боть ном болгов. Хариуд нь АН богинохон намтраа хорин ботиор хэвлэхээр төлөвлөжээ. Монголын бүх түүхийг тавхан ботьд “чихчихсэн” Шинжлэх ухааны академи арай л гоомой юм хийсэн бололтой. Ардчилсан хүчин анх төр жолоодохдоо залуу үеийн хувиар Next stop хэмээх гадаад нэртэй шинэ жил дэглэв. Дараагийн буудал дээр засаг барьсан МАН “Алтан сарнай” гэдэг ёолк тэмдэглэсэн. Аль аль нь тансаг чамин, элбэг дэлбэг гэж жигтэйхэн. Маньд ямар хүртээл байна, зурагтаар л хардаг юм чинь.

Тусгаар тогтнол ба ардчилал

Тэр жилийн үймээнээр шатсан байшингаа МАН томруулж есөн давхар болгоод “Тусгаар тогтнолын ордон” гэж нэрийдлээ. Сохроогүй болохоор завших боломж үгүй ч АН шилэн байраа нураагаад 20 давхар байшингийн зураг хийлгэжээ. “Ардчиллын өргөө” хэмээн өргөмжлөх гэнэлээ. Долоон хожгор, нэг можгорын үлгэр болчихвий дээ! “Тусгаар тогтнол”, “Ардчилал” хоёр бидний татварын мөнгөөр боссон бас баригдах боловч хотын төвийн тансаг барилгын түрээсийн төлбөрийг намууд хувь хувьдаа хэрэглэнэ. Маньд ямар падлий байна, гаднаас нь л харах юм чинь.

“Тусгаар тогтнол”-ыг өмчлөх эрхтэй гэж боддог МАН-ынхан Долоон бурхан харавдаггүй-г үзүүлсэн ч АН ээлжин дээрээ долоон хүний шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийнх болгож орхив. Хувь заяаны шоглоом юм даа, Д.Сүхбаатарын од лав харавлаа. Бидний мэдэх “Ялалтын талбай”-г АН-ынхан ухаан сийлж “Эрх чөлөө”-ний болгосон ч МАН-ынхан бярдаж, 2011 онд “Тусгаар тогтнол”-ын хэмээн тунхаглалаа. Маньд ёстой ойлгох юм алга, нэрийг нь солилоо гээд зүс нь ямар өөрчлөгдсөн биш.

Н.Энхбаяр ялтан болох яагаа ч үгүй явахдаа 2006 онд Төрийн дууллын зарим үгийг сольчихов. Р.Гончигдорж дугай өнгөрсөнгүй, Халуун элгэн нутаг дууг Төрийн дууллаа болгоё гэж хэсэг ярьсан. С.Баяр ид цагтаа бүх төрлийн гавьяатуудыг оролцуулсан клип хийлгээд оны шилдэг продюссороор тодорч байлаа. Ч.Сайханбилэг тушаал авмагцаа “нутаг нутгийн одод”-оор Халуун элгэн нутаг-ийг дуулуулж сэтгэлийн цэнгэл эдлэв. Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн дараа АН-ынхан МАН-д бүлэг байгуулах зөвшөөрөл өгөхгүй чардайлгав. З.Энхболд хуулиар түрий барьсан. Үнэн хэрэгтээ МАН-ынхан 2000 онд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан цөөнхийн бүлгийн гишүүдийн чуулганы нээлтэд үг хэлэх эрхийг нь боож байсны л хариу юм. Бүлэггүй хоцрох шахсан МАН-ынхан сандалтай суулт хийхэд бичиг барьж зогсоод алдрыг олсон Л.Гүндалайгийн бах нь ханаж харагдсан. Маньд юуны таашаал байна, ямар үгээ хориулж үзсэн биш.               

Сүхбаатар ба Чингис

Н.Энхбаяр 2006 онд гэр бүлийнхээ хамт Хүйтний оргилыг нисдэг тэргээр “эзлэхэд” М.Энхсайхан шүлэг зохиож өгсөн бол Баабар “Спортын мастер” гэдэг хоч хайрласан. Энэ жил Н.Алтанхуяг хамаатан саднаа дагуулан Дэлүүн болдогт “мөргүүлээд” нисдэг тэргээр эсэн мэнд эргэж ирсэн ч золтой л тархиндаа “Дэнзэн” ташуур зоолгочихоогүй. Хэн хэн нь нисдэг тэрэг хөлөглөсөн шигээ гагцхүү ард биднийхээ төлөө амь дүйн явсан гэдэг. Эвий эвий, ямар дотор нь орж үзсэн биш.

Чингисийн мэндэлсэн огноог өөрийнхөө төрсөн өдрийн битүүн болгосон Н.Энхбаяр Хүйтний оргил дээрээс “Өндөр уулыг зорь, өргөн далайг гатал, хол хэмээн бүү цөхөр явбаас хүрнэ, их хэмээн бүү шантар, оролдвоос гатална” гэдэг Чингисийн сургаалыг олсон байдаг. Харин О.Магнайгийн тушаалыг зөрчин монгол хүн бүрийг “нойрмог” Чингис гэж хочилсон Ц.Элбэгдорж түүний төрсөн өдрийг дахин тогтоогоод зогсохгүй “Мөнх тэнгэр гэгч монгол хүн бүрийн оюун сэтгэл байдаг юм. Нэгэн хүн мэт байваас тэнгэр болно. Эзэн богд миний зарлиг сургаалыг уламж, залгамжаа хэлхэж нэгэн сүр, бат явбаас Чингис би ивээнэ” гэж “өөрөөр” нь айлдуулав. Маньд ямар зүг байна, нэгдүгээрт бид сэрүүн байсан; хоёрдугаарт “цэнгэлийн манлай” ч үгүй хэвтэж байхад.    

Ардчилсан хувьсгалын цуглаан дээр “Манлай Ленин багш”-ийнхаа гэгээн дурсгалыг хүндэтгэн малгайгаа авч зогссон ардчилагчид мань хүнийхээ хөшөөг буулгаад хаячихлаа. “Буянт ухаа”-гийн буян барагдаад нэрийг нь сольж байгаа хойно яая гэхэв. Зоргоороо болог цаашаа. Маньд юуны чиг байна, газар нь хөмөрчихөөгүйгээс хойш. Намынх нь тугийг шатаасныг үзээд МАН-ын У.Хүрэлсүх “улаан хамгаалагч”-аар тодрох нэг цаг байхад АН-ын зайран-сайд Төрийн ордонд тахилга үйлдэн бөөлөх үе ч тохиох л юм. Хүний хувьд тэрбиш Дагва гэдгээ харуулсан эр Шадар сайд хийж сууна. Улс төр ч цөвүүн дээ. Хорвоо, чи улс төрчдийн тэнэглэлд инээж ханаагүй юу?!  

Диван галав ба элдэв балайрал  

Төрийн бүх шагнал өмнөх нийгмийн өв болохоор ардчилсан засаг шинэ шагнал бодож олж эхэллээ. Төрийн шагналын сүрийг “Төрийн гэрэгэ”-ээр, Д.Сүхбаатарын одонгийн нэр хүндийг  “Чингис хаан”-аар дарж авлаа. Гэхдээ монголчууд дасчихсан тул Д.Сүхбаатарын одонгоор шагнадаг нь хэвээрээ. Цардмал талбай, энгэрт гялалзах одон хоёрын эго баясгах шид нь өөрөө өөр. Өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуулиар АН өөрт “хамаатуулах” түүхээ урагш сунгасан сайхан явдал тохиов. Наян сая жилийн настай Т.Батаарын бүтэн яс хуучнаар Д.Сүхбаатарын талбайд байраа эзэлсэн. Ингээд АН түүх эзэмших талаараа МАН-аас тасарч одов. Диван галваас 1921 он хүртэлх бүх цаг хугацаагаар тэд одоо яаж ч тоглосон болно. Хүннү гүрнийг лавтай өөрийн болгочихсон улс. Өдрийн сонин харин Сүхбаатарын талбайн нэрийг сольсон Э.Бат-Үүл, Д.Баттулга хоёрыг “хулгайч муур” гэж цоллов. Маньд ямар сэжүүр байна, бид ямар Өдрийн сонин-ы хувь эзэмшдэг Ц.Элбэгдорж шиг “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” байх үүрэгтэй ч биш.

Хуушуур ба амьдрал

Их Монгол улсын 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ойгоор гурван зуун төгрөгөөр авч идсэн хуушуур Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улсын 807 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 23 жилээр мянга хүрчихсэн байлаа. Маньд чухам энэ л хамаатай, бид чинь татвараа төлөөд үлдсэнээр нь хуушуур авч идэж гэмээн нь л наадамласан болдог улс. Амьдруулахын оронд жаргаана гэж амалдаг улстөрч юуны ойгоо зарлаж; хэнээрээ юугаа овоглох нь хамаа алга, хуушуурын үнэ л нэмэгдэхгүй бол барав. Улс орон ямар ч засаглалтай байсан бүх юм тогтвортой л байвал ард түмэнд жаргал бөлгөө. Амьдрал ийм юм.

Үндэстний ТОЙМ сэтгүүл №180

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn