Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Т.Батаарын зун
2013 оны 8 сарын 1 [Уншсан тоо: 93226]
Сайхан сонгууль болсон, Т.Батаарын сураг гараад. Сайхан наадамласан, Т.Батаар ирээд. Сайхан зусаж байна, Т.Батаартай болохоор. Сайхан намаршина, Т.Батаартай юм чинь. Сайхан өвөлжинө, Т.Батаар хамт байна шүү дээ. Сайхан амьдарцгаана, Т.Батаартай... юу болоод явчихав аа?!?

Б.Маргадтай маргаад яахав

ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Б.Маргад “Ийгл ньюс” телевизийн “Газар дээрээс нь” нэвтрүүлгээр яг тэндээсээ гарлаа. Түүний дор “Манай улсад ирж буй жуулчдын тоо нэмэгджээ” гэдэг титр харагдана. Жуулчин өнөө жил улам ихэссэнийг тэрбээр “Жуулчдын тоо өсөж байгаа хамгийн анхны жишээ гэхэд орон нутгийн болон улсын чанартай үзвэрийн газруудын зарагдаж байгаа билетийн тооноос бид харж чадаж байна” гэв. Харин Чойжин ламын сүм музейн менежер Н.Ангирмаа “Одоогоор тодорхой тоо хэлэхэд эрт байна. Гэхдээ өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан” гэж байлаа. Ганц эднийх бус ноднин зарим өдөрт хоёр ч тоглолт хийж байсан Үндэсний дуу бүжгийн эрдмийн театрт үзэгчгүй өдөр тохиох болжээ. Тус театрийн маркетингийн менежер Г.Гэрэлсүрэн үүний шалтгааныг тасалбарын үнээ 20 хувиар нэмсэн, мөн өрсөлдөөнтэй холбон үзэж байгаа ч жуулчид багассаныг хүлээн зөвшөөрөв. “Маргааш буюу 2013 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 08:00 цагт Сүхбаатарын талбай дээрхи Т-Батаарын түр музейд Т-Батаарыг Монголд эргүүлэн авчрах болон олон нийтэд дэлгэн үзүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан албан байгууллага, хүмүүст ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүндэт өргөмжлөл гардуулна” @mcstgovmn* ...юу болоод явчихав аа?!?

“Газар дээрээ” таарсан дараагийн хүн нь ЦЕГ-ын ХМТ-ийн захирал Т.Сайнжаргал болов. Тэрбээр “Наадмын талбай дээр жуулчид эд зүйлээ алдсан тохиолдол харьцангуй бага бүртгэгдсэн. Бид нар сэрэмжлүүлгийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсний үндсэн дээр хулгай ер нь гайгүй” гэж байна. Хулгай буурсан шалтгаан нь сэрэмжлүүлэгтэй холбоогүй. Монголын халаасчид “наадамласан”-тай бүр ч хавирахгүй харин жуулчдын тооноос шууд хамааралтай юм. Golden Gobi гейст хаусын оффис менежер Н.Болдсайхан “Манай жуулчдын оргил үе хоёр сараар хоцорч эхлэлээ. Ноднин жилээс 30 хувиар лав багассан” гэв. Эдний хөрш Green steppe гейст хаусын менежер Б.Халиунгоо 25 орчим хувиар буурсан гэх арай бага тоо хэллээ. “Харин өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ноён Пунцагийн Цагаан нарыг эх орноосоо хууль бусаар хил дамжин гарсан Т-Батаар үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж  нэхэмжлэгчийн төлөөлөгч болох Монгол улсын ерөнхий сайд Норовын Алтанхуягийн гарын үсэгтэй “Т-Батаар хүндэт өргөмжлөл”-ийг гардуулан өглөө” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Түшмэл Б.Маргад зурагтаар “Жуулчдын тоо өсч байна гэсэн мэдээллийг бид эхнээс нь тур операторуудаасаа авч байна” хэмээн мишилзсэн ч цаадуул нь үнэндээ инээхтэй мантай сууна. Жуулчин компанийн борлуулалтын менежер Н.Эгчжаргал, Selena travel-ийн менежер Г.Нямсүрэн нар нэг дуугаар жуулчны тоо урьд урьд жилүүддээ хүрэхгүй байгааг ярилаа. Тэр дундаа Европоос ирдэг жуулчин бүр ч ховорджээ. Уул нь тэр хэд л овоо цаас үлдээдэг аж. Б.Маргад долоон сарын статистик мэдээлэл хараахан гараагүй гэж албархаж байлаа. Гэтэл www.bloomberg.mn сайт Үндэсний статистикийн хорооны мэдээлэл дээр үндэслээд “Энэ оны эхний зургаан сард нийт 217.3 мянган гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 22.2 хувиар буурсан үзүүлэлт болжээ” хэмээн мэдээлэв. “Харин “Би гэртээ ирлээ” үзэсгэлэн нээлтээ хийсэн өдрөөсөө хойш ердөө тавхан өдрийн дотор жилд үздэг музейн үзэгчдийн тоог хол давж гарлаа. “Үлэг гүрвэлийн түр музей”-н ажилчид үзэсгэлэнд орж байгаа үзэгчдэд үнэгүй тасалбар өгч байгаа бөгөөд уг тасалбараараа үзэгчдийн тоог гаргаж байгаа юм байна” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Ц.Оюунгэрэлд ойлгуулах юмсан

Энэ оны эхээр “Монголын аялал жуулчлалын форум-2013” хоёр өдөр амжилттай болж өндөрлөсөн гэнэ. Чуулганд оролцогсод гадаад сурталчилгааны уриагаа “Go nomadic. Experience Mongolia” гэж олонхын саналаар тогтсон юмсанж. Ингээд сарын дараа ССАЖЯ дээрх уриа бүхий видео сурталчилгаа гаргажээ. Түүнийг нь үзсэн Amartuvshin Tumurbaatar яамны сайтад “ямар ч сонин юм дээ. олигтой юм хийж болоогүй л юм байх даа. дуу дуулж байгаа нь, титр уншиж байгаа нь ямар ч сонсголон алга байна. дахин сайжруулах хэрэгтэй байна. монголын шилдэг студиудээр хийлгэ л дээ” хэмээн зөвлөжээ. Чухамдаа ийм ажлыг Монголын бус дэлхийн тэргүүлэх компаниар л хийлгэх учиртай юм билээ. Шилдгээсээ илүү гадны байдаг нь гадаад хүмүүсийн таашаалд нийцүүлэх гэж тэр гэнэ. “Олны анхаарлын төвд байгаа "Үлэг гүрвэлийн түр музей" хөл хөдөлгөөн ихтэй байгаа учраас хатагтай Оюунгэрэл өнөөдрөөс эхлэн тодорхой бус цагуудад тайлбар хийж эхэллээ. Учир нь музейд өдөртөө дунджаар 18 мянга орчим үзэгч хүрэлцэн ирж үзэж байгаа бөгөөд музейн тайлбарлагчдын ажлын ачааллаас хөнгөлж ийнхүү ажиллаж эхэлсэн байна. Уг үйл явдалд хүүхэд багачууд төдийгүй иргэд халуун дотноор хүлээн авлаа” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Жуулчин буурсан учрыг Mongolia expedition компанийн захирал С.Алдаржавхлан гадаад сурталчилгаатай холбон үзэж байна. Дээрх видео сурталчилгаа гадны аль сувгаар, хэдэн удаа гарсныг олж мэдэхээр сайд, газрын дарга хоёртой холбогдох гээд чадсангүй. Чойжин ламын сүм музейн Н.Ангирмаа “7 сарын нэгнээс хойш сонгуулийн үеэр жуулчид буурах үзэгдэл ажиглагдах болсон” гэсэн ч статистик огт өөр харагдаж байна. УИХ-ын сонгуулийн жил буюу 2012 онд өмнөхөөсөө 15 532 зочин илүү иржээ. Golden Gobi гейст хаусын Н.Болдсайхан “дэлхийн эдийн засгийн хямрал” гэдэг том шалтгаан хэлэв. Харин Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын энэ жилийн эхний улирлын тайлан тун өөдрөг дүнтэй гарчээ. 2013 оны нэгээс дөрөвдүгээр сарын хооронд дэлхий даяар гадны жуулчин 298 сая хүрч өмнөх оны мөн үеэсээ 12 саяар давсан нь 4.3 хувийн өсөлт юм.Улаанбаатар хотын гаалийн газар Т- Батаарыг албан ёсоор Монгол Улсын өмчөөр бүртгэж авсан гэдгийг батлах анхны албан бичиг болох Гаалийн мэдүүлгийг өнөөдөр ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл хүлээлгэн өглөө” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Мадрид төвтэй ДАЖБ-ын тэргүүн Талеб Рифаи эдийн засгийн хямралд ажраагүй салбараараа бахархан “Олон улсын аялал жуулчлал удаах тэсрэлт боллоо” гэжээ. Түүнийхээр аялал жуулчлал улс орнуудын эдийн засгийн хөгжлийн багана гэдгээ баталж буй нь энэ аж. Монгол багтдаг Ази Номхон далайн бүсийн өсөлт зургаан хувь хүрсэн бол манай хамаарах болсон хөгжиж буй орнуудад жуулчин 4.6 хувиар нэмэгджээ. Салбараа хөгжүүлчих санаатай манай яам “Аялал жуулчлалын цаглабар 2013”-ыг англи, монголоор гаргасан байна. Долоодугаар сарын 5-аас эхэлж буй уг хөтөлбөрт Улсын баяр, аймгуудын наадмаас гадна Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэмбэрэлийн хот айлд болсон ч байж магадгүй “Хонь, ямааны баяр” ч багтжээ. Орон нутгийн иймэрхүү арга хэмжээнд тур операторууд тэр бүр жуулчдаа явуулдаггүй гэнэ. Товлосон хугацаанаасаа зөрөхөөс гадна үзүүлчих юмаар маруухан ажээ. “70 гаруй сая жилийн настай Тарбозавр батаар үлэг гүрвэлийн олдворыг тавдугаар сарын 17-ны шөнө “Кореан эйр”-ийн онгоцоор эх нутагт нь  эргүүлэн авчирлаа. Тавдугаар сарын 6-нд АНУ-ын Нью-Йорк хотнoo энэхүү олдворыг Монголын тал хүлээн авснаас хойш 11 хоногийн дараа Улаанбаатарт авчирч байгаа нь энэ юм”  @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Асар үнэтэй гэх үлэг гүрвэлийн ясыг олж ирэхэд ССАЖЯ-ны сайд хэдий хугацаа зарцуулж, хэдэн төгрөг үрээ бол?! Гурван ч удаагийн шүүх хурал, цайллага дайллагадаа чухам хичнээн ам.доллар гаргаснаа сайд өнөө хэр огт хэлээгүй явна. Ажил болгож авч ирсэн эрдэнээ улс төрийн зорилгоор зориулалтын бус байранд хадгалж байгаа нь хэр зохимжтой вэ? Үлэг гүрвэлийн түр музейд “Гаалийн шалган нэвтрүүлэх бүс” гэдэг марзан нэр өгч байхаар лаборатори л болговол зөв баймаар. Яс үзэх гэж жуулчид ирдэг бол тэд одоо хаана байна? Далим гаргаж сөрөг намаа өмчөөс нь хагацуулахаар зүтгэхийн оронд үнэ хүрдэг гэх олон ясаа тэнд нь худалдаад, оронд нь Өмнөговьд үлэг гүрвэл судлалын лаборатори байгуулах мөнгө авсан бол маньд хойшдоо хэрэг байлаа. АНУ-ын Үндэсний газарзүйн хүрээлэнгийн үлэг гүрвэлийн хэсэг музей-лаборатори хосолмол байдаг юм билээ. “Ambassador Piper Anne Wind Campbell on May 6 attended a ceremony to mark the handover to Mongolia of the skeleton of a Tyrannosaurus Baatar that was illegally taken from Mongolia.  Tsagaan Puntsag, Chief of Staff of the President of Mongolia, and Oyungerel Tsedevdamba, Minister of for Sports, Culture and Tourism, spoke at the ceremony, as did Department of Homeland Security Director of Immigration and Customs Enforcement John Morton and U.S. Attorney for the Southern District of New York” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!?

Бидний араар бас өврөөр

Монголын аялал жуулчлалын оргил үе нь 7-9 сар. Одоогоор манай тур операторууд ядаж урьд жилийнхээ хэмжээнд хүргэчих санаатай зүтгэж байгаа гэнэ. Харин ДАЖБ-ын тооцоогоор таваас наймдугаар сарын хооронд 435 сая хүн гадаад оронд жуулчлахаар бичиг баримтаа бүрдүүлжээ. Энэ бол өнөө жил гадаадад очиж тарвалзах хүмүүсийн 40 орчим хувь юм. Ингэснээр дэлхий даяар аялал жуулчлалаар явагдсын тоо өмнөх оноос 3-4 хувиар өсөх хүлээлт байгаа гэнэ.

Харин манай хилээр оны эхний хагаст 217.3 мянган гадаадын иргэн оржээ. “Гэвч аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад хөл тавьсан иргэдийн тоог жилийн өмнөхтэй харьцуулахад 15.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ... Энэ оны эхний хагаст Монголд ирсэн гадаадын иргэдийг улс орноор нь ангилбал дийлэнх буюу 55.2 хувийг урд хөршийн иргэд бүрдүүлж” буйг Bloomberg-ийн мэдээнд дурьдсан байна.

Гучин гурван алдарт говийн
Алтан шаргал элсэн дээр
Гурван салаа мөр нь үлдсэн
Өмнийн говийн хөрсөн дээр
Үүлтэй тэнгэрийн заадал шүргээд
Үлэг гүрвэл бэлчиж явсан
Үлэмж биетэй махчин сүрэг
Мөнхийн дүрээ нууцалж ирсэн
Эртний түүхтэй Монгол нутгийн
Уугуул эзэд гэртээ ирлээ
Эзэн Чингисийн үр сад бидний
Онгод сахиус олуулаа ирлээ...

(Т.Батаар дууны үгээс) ...юу болоод байгаа юм бэ?!?

Үхсэн гүрвэл ба сэрсэн Чингис

Ардчилал сонин өнгөрсөн лхагва (2013.07.24) гаригийн дугаарт “Т-Батаарт энэ өвлийг давах дулаан байр олдохгүй нь” гэдэг нийтлэл хэвлэгджээ. Далан сая жил хөрсөн дор “нойрссон” яс яахав, цаана чинь хөлс хүчээ урсгаж олсон хэдэн төгрөг дээрээ нэмж зээл аван, хүүг нь бас төлөөд байртай болъё гэсэн “Сэрсэн Чингис” мянгаас ч олуулаа байна. “ССАЖЯамны хамт олон Богд-Хан уулын Төрхурах-Цэцээ гүн-Манзушир гэсэн явган аялалын баталгаат маршрутаар явган аялалыг амжилттай зохион явууллаа” @mcstgovmn ...юу болоод явчихав аа?!? Харин тийм ээ, Монголын аялал жуулчлалын талаар өөр мэдээлэл алга даа.

*Соёл, спорт, аялал жуулчлалын яамны @msctgovmn твиттер хуудасд 242 жиргээ байсны 28 нь ямар нэг байдлаар Т-Батаартай холбоотой байлаа.
  

                                         Үндэстний ТОЙМ сэтгүүл №181



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn