Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
МАН мандтугай!
2013 оны 8 сарын 9 [Уншсан тоо: 103740]
Заяын бааюу дээр намын үүр байгуулах гэж хэдэн өдрийн турш Эрдэнэ хүмүүстэй уулзаж ардын нам засгийн бодлогыг тайлбарлан ярилцав. ...Заяын хүрээний зүүн дацангийн гэсгүй ...хоолойгоо засч “Намын зорилго шударга учир үнэнийг хэлэх нь зүйн хэрэг болно. Энэ Чимэг хүүхэн бузар самуун явдалтай болохоор манай намд байх гавьяагүй буюу” гэтэл Чимэг... :

-    Юу гэнээ. Та өөрөө хэн бэ? Бүдүүн хулсан бэрээгээр манзач ламыг ухаан алдтал цохиж байсан чинь ариун явдал уу? Цагаан Оросын ноёнд том шар хадаг бариад бөхөлзөж байсан чинь ариун явдал уу? Би ч яах вэ бузар самуун явдалтай. Чи сайд вангийн Гомбо тайжийн залуу эхнэрийг “багш нь, багш нь” гэж байгаад хүүхэдтэй болгож, нөхөрт нь баригдаад халзан толгойгоо яз цохиулсан шарх чинь харагдаж байна. Тэр чинь ариун явдал уу? гээд багтран дуугүй болов.
...Ингээд хэрүүл намжсангүй харин их болов... (Тунгалаг тамир. Ч.Лодойдамба) МАН-д одоо яг иймэрхүү явдал болж байна. МАН-ынхан шинэчлэл ярихын хэрээр бузар булайгаа дуудалцах аж. Ариун явдалтай хүн ч алга. Удаан төр барьсны л балаг юм даа.  

 МА(х)Н-ын түүхэн замнал

Гамин, бароноос салах зорилготой МАН Коминтернд бурантаглуулна чинээ санаагүй биз. Намынхаа анхны даргыг хурал дээрээс авч гараад буудан хороож “Дэлхийн коммунист ажилчны хөдөлгөөний салшгүй хэсэг” МА(х)Н гэгдэх болов. Өөр сонголт байсан эсэхийг бүү мэд. Ерэн онд МА(х)Н-ын Улс төрийн товчоо огцорч ардчиллыг хүлээн зөвшөөрөв. Далан жилийн нүүр үзээд ардчилсан Үндсэн хуулийн дагуу шинэчилж эхлэлээ. Г.Очирбат даргын үеэс олон намтай зэрэгцэн орших болов. Атеист хүмүүжилтэй Б.Даш-Ёндон үзэл баримтлалын эрэлд гараад басчиг хоосонгүй, хутагт Нагаржунайг олоод ирсэн. Удалгүй Н.Энхбаяр Нагаржунайн шашныг шүтэх болсон ч намаа Социнтернд элсүүлж, “зүүн төвийн үзэл” сонгосноо зарласнаар МА(х)Н-ын хамгийн том шинэчлэл шувтарсан юм. 

Энэ хооронд 10 жил өнгөрч XXI зуун ч гарлаа. 1996-2000 оныг эс тооцвол МА(х)Н бараг дангаараа төр барьжээ. Хуучин орон нутгийн бүх нэгж бүү хэл байгууллага болгонд үүртэй байсан намыг бусад нь хүчрээгүй хэрэг. Харин нам нэг хүний эрх мэдэлд бүрэн оржээ. Сайн дураар эвлэлдэн нэгдсэн нам захиргаанырхуу бүтэцтэй болж ирээд толгойлогч нь дангаар эсвэл явцуу хүрээнд шийдвэр гаргах болов. Нэгэн цагт Н.Энхбаяр, Л.Энэбиш нартай гурамсалж явсан Ө.Энхтүвшин 2004 оны УИХ-ын сонгуульд 48.15 хувийн саналаар ялагдав. Тэрбээр бүгд ярих болсон “намын шинэчлэл”-ээр туг хийн 2005 оны нэгдүгээр сарын 14-нд “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” жигүүр байгуулах хүсэлт тавьсан байдаг. Тэр жил нь хэмжээлшгүй эрхт эзэн Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож “дэвшин зайлав”. “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс” ярих “боломж“ гарлаа.

Уламжлал-Шинэчлэл

“Том зорилгын ард хувийн жижиг сонирхол нь явсан” ч Ө.Энхтүвшин МА(х)Н-ын “дотоод ардчиллын эцэг” болох хувьтай байлаа. Гэхдээ процесс хоёр даргын нүүр үзэн байж гарт нь орох учиртай юм. Өөрөө 2006 оны нөхөн сонгуулиар УИХ-д орж улмаар БСШУ-ны сайд боллоо. Уламжлал-шинэчлэлээр жигүүрлэсэн Р.Содхүү Хөрөнгийн биржийн захирал, Ц.Оюунбаатар Татварын газрын дарга, Э.Гомбожав Улсын сорьцын газрын дарга, А.Базархүү ОХУ-д консул, Ж.Цолмон Эрүүл мэндийн дэд сайдаар томилогджээ. Далавч нь хараахан өдлөөгүй хүмүүс ч нэлээд хоцорлоо. УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Н.Удвал, Б.Батсайхан, М.Далайхүү... МА(х)Н-д “Шинэ хүч”, “Улаан сарнай хөгжил хөдөлгөөн”, “Онц их хурлын төлөөх хөдөлгөөн” гэхчлэн өөр жигүүр ч ургасан. Бүгд л үүрээ орхиж “элин халих”-ыг хүсэх авч зай үгүй, тэнгэр дүүрчихсэн... Сайд асан Ц.Нямдорж дэгдээхийнүүдээ “дорбинкдоно” хэмээн цухалдав. “Уламжлалаараа шинэчилсэн” нь сэтгэлийн таашаал авчраагүй тул шар завжтангууд нь шаагилдаад байсан юм.
    Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн С.Баярын халааг Сү.Батболд авав. Тэрбээр нэгэнт эхэлсэн шинэчлэлийг гүнзгийрүүлэхээр 2010 оны найман сард “Тэрэлжийн тунхаг”-аа зарлалаа. Ингээд намын XXVI их хурлаас лам Д.Баасан, түүхч Д.Өлзийбаатар нарын 10 жилийн өмнө байгуулж 2006 онд өөрт нь нэгдсэн гэх МАН-ын нэрийг авах шийдвэр гарав. Үүнийг эсэргүүцэгч Ц.Шинэбаяр “Улс төрийн намуудын тухай хууль гараад тухайн үеийн МАН татан буугдсан. Татан буугдсанаас хойш таван жил болоогүй учраас энэ нэрийг ашиглах боломжгүй” гэсэн ч шийдвэр өөрчлөгдсөнгүй. Үүнээс өмнө МА(х)Н-д нэгдсэн Монголын Ажилчны Нам, Монголын Ардчилсан Социалист Нам хоёр албан ёсоор Дээд шүүхийн бүртгэлээс хасагдаагүй явсныг 2007 онд судлаач Э.Гэрэлт-Од “Монголын ардчилал ба улстөрийн намууд” өгүүлэлдээ дурьджээ. Гээд яахав, тэд өөрсдөө тэнгэр байлаа.

Ардчилал-Шударга ёс
    
“Төр түвшин байж, түмэн олон маань сэтгэлийн чин зоригоор цэнгэлийн манлайд хүрэх болтугай” гэж төгссөн “Тэрэлжийн тунхаг”-аар нам хагарсан мэт харагдлаа. Гэвч үнэндээ аль эрт МА(х)Н-ын ихсийн дундуур хар муур гүйчихсэн юм. 2008 онд УИХ-д олонх болсон ч С.Баяр АН-тай Хамтарсан засгийн газар байгуулсан билээ. “Сонгуульд ялаад намынхаа дээдсийг жаргаадаг байх уу эсвэл ялсан, ялагдсан хамтарч улсын хөгжлийн төлөө хамтрах уу, эс хамтрах уу” гэдэг шийдвэр гаргасан гэж өөрөө тайлбарладаг. Ямартай ч Хамтарсан засгийн газар олон жил улс төрийн тоглоом болсон Оюу толгойн төслийг хөдөлгөсөн. Харин “уламжлалаар шинэчлэгдээгүй” хэсэг нөхөд “ардчилал-шударга ёс”-ны авлагатай хоцорсон юм. Ө.Энхтүвшингийн жигүүрийн дэд зохицуулагч асан Б.Батсайханы хэлснээр “Намын одоо­гийн дарга Ө.Энхтүвшин анх хэлсэн ярьсандаа тууштай зогсож чадсан­сан бол тэр үед намын дарга болж шинэчлэл хэрэгжих гол үүд хаалга нээгдэх” байжээ. Гэвч санаснаар нь явсангүй, 2012 онд буюу “бүх юм” өнгөрсөн хойно Ө.Энхтүвшин дарга болно.

Энэ зуур Н.Энхбаяр сонгуульд ялагдсан буруугаа намдаа тохсоор иргэн-гуравдахь ерөнхийлөгч болчихсон эргээд ирэв. Иргэн-гуравдахь ерөнхийлөгч өөрийнх нь эсрэг ашиглагдсан “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс”-оор юугаа хийх билээ. Ингээд гологдсон МАХН нэрийг өмчлөхөөр шийджээ. “МАХН-даа үлдэх” хүмүүс ч тодорлоо. Жигүүрлээд нисээгүй Н.Удвал, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Сү.Батболдын үед ширвүүлсэн Ц.Оюунбаатар, намынхаа XXVI их хурлыг “Намын нэр, бэлгэ тэмдэг солих, үзэл баримтлал, дүрэмд бага зэрэг өөрчлөлт оруулсан. Өөр онц шийд юу ч гаргаагүй” гэж чамласан Ц.Шинэбаяр... (Уул нь тэр хурлаар МА(х)Н нэг мөсөн социал-демократ болсон хэрэг) Өнгөц харахад МАХН гомдогсдоос бүрдсэн мэт боловч хуучин нийгмээ санагалзагч хэсгийг төлөөлөхөөр юмс ярьж гарлаа. Т.Баасансүрэнгийн олж харснаар “МАХН-д Н.Энхбаяр, Д.Тэрбишдагва хоёрыг эс тооцвол ядуу зүдүүчүүд нь цугларсан байгаа” юм. Ийнхүү иргэн-ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрөөс нь салахаар хийгдэж байсан олон шинэчлэлийг ганц амиар амжуулж хэт зүүний буюу коммунист намтай болов. Урьд МА(х)Н-ыг шинэчлэх гэсэн улстөрчид тусдаа нам үүсгэн гарсан түүх давтагдлаа. Нам задрахгүйгээр шинэчлэгддэг гэж үү? АН-ыг шинэчлэх гэсэн М.Энхсайхан яалаа!

Санаа нэг ч амбиц тусдаа

Сэдсэн шинэчлэлээрээ намаа бутаргах эхлэлийг тавьчихсан Ө.Энхтүвшин өнгөрдөг хавар “Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл” эе эвээ хичээе гэдэг тунхаг гаргав. Нэгэн цагт хуучин коммунистуудын дэргэд реформатор болон харагдаж явсан Ө.Энхтүвшин өдгөө залуусын хажууд ангийн үзэлтэн адил үзэгдэж болжээ. Тэрбээр улс төрийн асар их туршлагатай. Хамтарсан засгийн газрыг эсэргүүцсэнээр үзэл бодолдоо үнэнчээ нотолсон. Н.Энхбаярыг бодвол намыг хувьдаа завшихгүй. Гэвч улс орны хэмжээний лидер бус шилмэл түшмэл л аж. Өнгөрөгч ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө намынхаа сунгаанд бөхтэй өрсөлдөөд давсангүй. Бөх нь дараагийн даваанд өвдөг шороодсон ч ял нь түүн дээр буув. Түүнийг бүдгэрүүлсэн залуус энэ сиймхийг алдах хүсэлгүй байна.

Төрсөн оноороо овоглосон залуус “Шинэчилье” хөдөлгөөн байгуулснаа зарлав. “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г бодвол сонгуульд ялагдсан бус ялсан залуус цөм нь болжээ. Мөн “Шинэ хүч” хөдөлгөөний М.Найданхүү “... би өндөр цалинтай, гэр бүл, үр хүүхдүүд маань Норвегит ажиллаж, амьдарч байна. Гэвч ...энэ бүгдийг хараад дуугүй сууж чадахгүй” гэсээр ирэв. Ямар ч эрх мэдэлгүй хоцорсон намаа шинэчилье гэж намын бүх байгууллагууд, жирийн гишүүд нь ч санаа нийлжээ. “Шинэчилье” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат үгүйсгэж байгаа ч тэднийг дотроо дөрөв хуваагдсан гэх яриа тарав. Гурван үеийн хэлхээгээ хадгалах зорилготой яваа ерөнхий зохицуулагчийг улс төрд оруулсан Р.Нямсүрэн “Шинэчлэл хийнэ гээд дан ганц залуучууд л шуугиад байна” гэжээ. Харин “Уламжлал-шинэчлэл, Ардчилал-шударга ёс”-д гомдолтой хоцорсон Б.Батсайхан “Дуу аялж, салхи татуулсан хэдэн залуу МАН-ыг шинэчилнэ гэвэл нар баруунаас гарна” гэдгийг онцлох аж. Хэл амаа олсон янз ч алга даа.

 МАН баларвал мань ч зүдэрнэ

Нэг зорилготой ч олон бодолтой хүмүүст хэдэн сонголт байна. Өөрөө өөртэйгөө ноцолдох, муур шиг биеэ долоож гоё болгох, нэг бол улс төрийн хөтөлбөрөө гаргах. Эсвэл бүр мөр мөрөө хөөх. Хэн намын дарга болох нь намын батлах ч үгүй маньд юуны хамаа. Харин бидний амьдрал өөдөлж байх ёстой. Улс орныг хөгжүүлж хөлжүүлэх томоохон төслүүд урагшлах учиртай. “МАН учраа олохгүй бойтоглож байгаа” мэт харагдавч тэр бүгдийг гацаах тэнхээ бий. Баруун чихээ зүүн гараараа маажиж суугаа АН-д МАН хэрэг болно. Гэтэл МАН-ыг шинэчлэх хорооны Reform  eight хөтөлбөрийг хараад сэтгэлээр унав. Түүний нэгдүгээрт “Хувайлдаанаас татгалзаж-Бүлэглэлүүдийг ил болгоё” гэжээ. Шууд утгаараа АН-ын жишгээр явъя гэсэн үг. Энэ бол АН-ын хүчтэй тал бус харин ч ойрдоо өөдлөхгүй нь гэж харагддаг оёг. Тэгэхээр МАН-ын Фортуна, Женко, З.Энхболд нар тодорно. Бүлэглэлүүдээ зарлаад дотроо наймаанд орох юм байна гэж ойлгов.

Энэ намаас 1992 онд гарч АН-д нэгдсэн Д.Бямбасүрэн “МАН эрх мэдэлгүй болоод ирэхээр юуны төлөө явж, юу хийх юм бэ. Өөрсдөө шийдэг л дээ. Болохгүй бол тарна л биз” гэжээ. Чухамдаа бол МАН-ын шинэчлэлээс АН-ын, цаашлаад маний ирээдүй шалтгаална. Ерээд онд Монгол олон намын системтэй болсон авч шинэ ба хуучныг хуваасан ганцхан горьтог татагдсан юм. Баруун төвийн үзэлтэй АН эдүгээ социалист бүр большевик ч гэмээр алхам хийж л байна. Энэ намд эвлэл, пионероор хүмүүжсэн төрмөл коммунистууд бий. МАН-д Сү.Батболдыг тойрсон ясны либериалууд ч байгаа. Монголын улс төрийн гэнэн болоод гэгээн романтизм нүд аньсан XXI зууны босгон дээр сонголтоо хийсэн улс. Гэхдээ хувь хүний мөн чанарын сонголт гэхээсээ илүү улс төрийн тогтолцоо ийм шийдвэр гаргуулсан юм.

Нүүрсээ угаагаад ч хүн тоож авахгүйдээ хүрч, Чингисийн нэрээр зээлсэн мөнгөний хүү замаа алдан халаас хоосроод ирэхээр эрх мэдлийн шинэ хуваарилалт явагдана. Эдийн засгийн детерминизм болно. Хорин хэдэн жилийн өмнөх улс төрийн хуваарилалт бодит байдалтай нийцэхээ больсныг бүгд мэдрээд байгаа ч нэг л бэргэсээр яваа. Одоохондоо балан дээр шаваад ухаанаа алдсан батгана шиг болчихсон болохоос АН ариуны дээд биш. Засаг бариагүй явсны л гавьяа. МАН задарвал АН цуурах нигуртай. Тэгвэл маниуд хэсэгтээ хоол ундгүй муугаа үзнэ дээ, бурхан минь.

Эцсийн бүлэгт

2004 онд “Хүүхдийн 10 000” ярьж эхэлсэн АН түүнээс хойш МАН-ыг үргэлж “зүүн талаар” нь гүйцэж түрүүлэх гэсээр өдий хүрлээ. МАН ч зай тавьж өгөхгүй зүтгэсээр энэ боллоо. Улс төрийн нам гэдэг тодорхой зүйл рүү нийгмээ дагуулан чирж явдаг. Харин нийгмийн мэдээлэл багатай хэсгээс гарч байгаа үзэл санааг хэрэгжүүлээд эхэлбэл тэдэнтэйгээ хамт намагт суудгийн үлгэрийг одоо бид амсаж сууна. Гадаадын шулаачдыг шулаад аль, тэгээд хувааж идье гэдэг санаа манай өнөөгийн нийгэмд хавтгай бий. Яг үүгээр явбал улс төрийн намын хэрэг ч алга. Жилийн хэд сонгогчидтойгоо уулзахдаа мөнөөх зэрлэг популизмаар нь сонгогчдоосоо илүү цэнэглэгдэж ирээд төрийн бодлого тодорхойлж байна. Нэг үгэндээ том намууд улс төрийн хордлого авчихжээ. Харин улс төрийн лидерүүд нийгэм хаа хүрэхийг тодорхойлох учиртай. МАН-ын шинэчлэл ум сайн амгалан болтугай. Товчхондоо бол МАН мандтугай!

Жич: АН-ын гадаад харилцаандаа ашигладаг нэрийг товчилбоос МАН болно.

Үндэстний ТОЙМ сэтгүүл (№182) 2013.08.05
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn