Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тэр тамхилахаар гарсан...
2013 оны 8 сарын 14 [Уншсан тоо: 97832]
М.С.Горбачев гэдэг өл халзан нөхөр одоо ч амьд яваа. Саяхан LV-ийн рекламд тоглосон байна билээ. Энэ хүн 1985 онд СССР улсын удирдагч болонгуутаа Ленинград (Санк-Петербург) хотод “ускорение” (түргэтгэх) гэдэг шинэ ойлголт гаргасан юм. Үнэхээр нэг их удалгүй СССР улс, социалист систем тэр чигтээ нурсан. Зөнтэй хүн дээ.

Тэр хотод Виктор Робертович Цой гэж солонгос, оросын эрлийз залуу байлаа. Алхам тутамдаа ялан мандаж буйгаа зарлаж асан социалист нийгмийн “гологдол бүтээгдэхүүн”. Социалист лагерийн “манлайлагч” М.Горбачевийн албархуу, ойлгомж муутай, бөөрөнхий үгсийг Цой олон түмэнд хүргэсэн гэж үздэг хүмүүс бий. Тэдний зөв биз.

1990 оны наймдугаар сарын 15. Зөвлөлтийн залуусын хувьд хар өдөр тохиолоо. Ленин, Сталин хоёроос өөр ингэж гүн хүндэтгэлтэй нөгөө ертөнц рүү үдүүлсэн зөвлөлт хүн үгүй. Латвийн Тукумса тосгонд анхны эхнэрээс төрсөн хүү, удаах эхнэр хоёртойгоо амарч явсан Цой автын ослоор нас баржээ. Тэр өдөр ОРТ-ийн “Время” хөтөлбөр ийм харууслын мэдээгээр эхлэв. Зөвлөлт даяар гашуудал... радио телевиз, сонин сэтгүүлийн редакциуд эмгэнэлийн үгтэй захидал, цахилгаанд булуулж байсан гэдэг.

...Жартгар нүдтэй, өтгөн халимагтай, өөлсөн хүнд ялимгүй шаамий өсвөр насны эрлийз жаал Ленинградын Грибоедовын сувгийн дэргэдэх гар урлалын дунд сургуульд сурдаг байлаа. Солонгос гаралтай инженер эцэг нь өөр амьдрал зохиогоод алга болсон. Ээж нь ёстой “жирийн зөвлөлт хүн”, дунд сургуулийн биеийн тамирын багш, орос эмэгтэй. Хүүдээ анхаарал халамж тавих нь бага. Виктор хөрвийн аргаар, зоргоороо өсчээ. Энгэрт нь Барууны рок хамтлагийн зураг бүхий тэмдэг үзэгдэнэ. Үүнийг найзуудтайгаа ээлжилж зүүдэг юм. Маргааш Сашка, нөгөөдөр Ванькагийн энгэрийг чимэх учиртай... Сарампай болсон банзан гитар тоглож, Deep purple, Black sabbat мэтийн хард-рок сонсож, тэднийг дууриана. Рокийг англиар л дуулдаг гэж сэтгэнэ. “Аквариум”-ыг эс тооцвол үлгэр дууриал болчих зөвлөлт рок хараахан байсангүй.

Социалист үзэл санааны бэлгэдэл болсон Зөвлөлтийн нийслэлд энэ гүрний хамаг эрх мэдэл төвлөрдөг байсан бол Ленинград хотод тэр нийгмийн тэрслүү, чөлөөт үзэлтнүүд цугласан харьцангуй эрх чөлөөтэй газар. Орос рокийн түүхийг хөөвөл Ленинградийн зах зайдуу байх, хаягдмал байшинд хүрнэ. Тэнд өөрсдийгөө панк хэмээн нэрлэсэн залуус пүүшиг татаж, вино шимэнгээ банзан гитар балбан зохисон дуугаа аялж суухтай таарна. Тэдний нэг нь Виктор Цой. Энэ жаал наймдугаар ангиа төгсөлгүй сургуулиас гарч, хожим оройгоор албан ёсны боловсролоо гүйцээжээ. Техник мэргэжлийн сургуульд байхдаа “Палата №6” нэртэй бэсрэг хамтлаг байгуулж явсан сүрхий нөхөр. Харин сургуульд өөдтэй сурсангүй. Сурлага муутай гээд дипломны оронд сургууль төгссөн нь үнэн болно гэдэг хуудас олгосон юм билээ.

Тухайн үеийн хамтлагуудыг ямар стиль жанраар тоглодгоор нь ялгахын оронд төрийн ивээлд багтсан, багтаагүй гэж хоёр л ангилж болно. Төрийн ивээлд багтсан бол цалин авч, хуваарийн дагуу тоглолт хийгээд улсдаа орлого цуглуулна. Харин Викторын хамтлагийг төр яагаад ч ивээлдээ авахгүй билээ.

Гуляю я один гуляю
Что дальше делать я не знаю
Нет дома никого нет дома
Я лишний словно куча лома
Я бездельник о мама мама
Я бездельник
Я бездельник мама мама


... дугаар таван жилийн төлөвлөгөөгөө давуулан биелүүлж, юу юугүй коммунизм байгуулаад ард түмнээ гар газар, хөл хөсөр жаргаах гэж буй Зөвлөлт засаг “хийх ажилгүй хэсч” яваа хүнийг ивээх байтугай ширвэнэ шүү дээ. Үнэндээ бол социалзм цаашдаа чухам яахаа мэдэхээ байчихаад “перестройка” буюу өөрчлөн байгуулалт хийхээр шийдээд байсан юм. Гэхдээ тэд үнэнээ хэлэхээс үхтлээ айна. Харин тэр банзан гитараа цохиод айж, эмээхгүй дуугаа хадаана.

Рок дуучин гэдэг ажлын байр СССР-т байхгүй хойно Виктор мэргэжлээрээ Ленинградын хот тохижилтын газар сийлбэрчээр оров. Энэ үедээ Оросын алдарт рокер Борис Гребеншиковтой танилцсан байдаг. Тэд уран бүтээлээр тогтохгүй андууд явсан. Дорнын соёлыг бишрэгч Гребеншиков, Брюс Лийг шүтэгч Виктор хоёр аль ч талаараа яв цав нийцэж байлаа. Виктор нунчаг эргүүлэхдээ гарамгай байсан гэдэг. Хот хоорондын галт тэргэнд танилцсан Гребеншиков уран бүтээлд нь нөлөөлөөд зогсохгүй бүх талын дэмжлэг үзүүлжээ.

Виктор хэдий Японы чимэглэлийн жижиг сийлбэр нэцкэг тун давгүй урладаг боловч сийлбэрчнээр удсангүй. Уул нь тэнд ажиллаж байхдаа алтан гартай сийлбэрч гэгдэж анх төв телевизээр хүртэл гарч байсан юм. Ажлын найман цаг яс суудаг болохоор уран бүтээл нь хаягдаад болоогүй биз. Ингээд бүтэн өдөр гараад гурван хоног амардаг цаг зав ихтэй, бас цалин хөлс нь давгүй болохоор уурын зууханд галчаар оров. Ер нь тэр үеийн орос рокерууд бүгд л нэг иймэрхүү ажил хийдэг байжээ. Хожим түүний ажиллаж байсан уурын зуухыг шүтэн бишрэгчид нь засаж янзлаад музей болгосон билээ.

Ленинградад рок хамтлагуудын бэсрэгхэн цугларалт зохиогдож эхэлжээ. 1982 онд Виктор Цой “Аквариум” хамтлагийн хөгжимчидтэй анх тайзан дээр гарав. Энгийн атлаа үнэн үгтэй дуугаа эрдүү хоолойгоор дуулах шаамий залуу хүмүүсийн анхааралд эрхгүй өртөв. Энэ үеэс алдарт “Кино” хамтлагийн анхны бүрэлдэхүүн бий болжээ. Тэр жилдээ цомог бичүүлэх ажилд шуударч “Время есть, а денег нет”, “Просто хочешь ты знать”, “Мои друзья” зэрэг 13 дуу бичүүлсэн нь нийт тоглогдох хугацаа яг 45 минут болжээ. Ингээд цомгоо “45″ гээд нэрлэчихэв. Энэ цомгийн продессороор рок наадамд оролцсон гэдэг шалтгаанаар комсомолоос хөөгдөж, ажлаасаа халагдсан Борис Гребеншиков ажилласан юм.

Энэ үеэр л болов уу, түүнийг 21 хүрдэг жил Улаан армийн зарлан дуудах хуудас иржээ. Ер нь хэн л хайран сайхан хоёр жилээ хийх ажилгүй согтуу офицерт зодуулж өнгөрөөе гэж бодох вэ. Тэр цагт Оросын ялгуулсан Улаан арми Афганы хэдэн партизаныг дарж дийлэхгүй гацаад байлаа. Гай нь таараад тийшээ явчихбал амиа ч алдаж мэднэ. Ингээд залуус зөвлөлджээ. Гребеншиков, анхны эхнэр Марианна хоёртойгоо ярьж ярьж нэг ганган санаа олов. Мэдрэлийн өвчтэй болж жүжиглэх. Зохиол ёсоор Викторыг нэг л биш болчихлоо гэдэг дуудлага өгөөд хотын сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлэв. Социалист нийгэмтэй таарахгүй хүний очдог газар ч яг мөн дөө. Тэнд очоод таг гөлрөөд, тааз ширтээд хэвтчихвээ. Сэтгэл мэдрэлийн эмч хоёр долоо хоног шинэ өвчтөнтэй хоёр долоо хоног зууралдаад цэрэгт яагаад ч тэнцэхээргүй гэдэг онош тавиад явуулжээ. Цэргийн асуудал цэгцрэв.

Цаг хугацаа өнгөрсөөр. “Кино” хамтлаг 1984 онд “Начальник Камчатка” цомгоо гаргалаа. Энэ цомогтоо зарим бичлэг нь алга болчихсон “46” цомгийнхоо нэлээд дууг багтаажээ. Алдарт 1985 онд “Это не любовь” цомог нь гарав. Тэр цагт айл бүрийн цонхноос Цойгийн эрдүү хоолой дуулдах болоод байв. Улсын мэдлийн ганц “Мелодия” дуу бичлэгийн студи тэр жил “Кино” хамтлагийн цомгийг дур мэдэн хэвлэж оцойтлоо баяжсан юм. Харин пянзны гадна хавтас авах юмгүй. Мөнгөнөөс илүү тэр заваан хавтас л Цойгийн эгдүүг хүргэжээ. Уул нь өөрөө бүгдийг нь хийчих байж л дээ.

Цой од болов. Түүнийг төр засаг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болж зөнд нь хаяв. Америк руу ч явж үзлээ. “Кино” хамтлагийн Юрий Каспарянтай нэг хэсэг амьдарсан Жоанна Стингрэй гэх америк хүүхний буян. Энэ америк бүсгүй Оросын рокт үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Чухам ямар аргаар СССР-т ирсэн нь тодорхой бус. Ямартай ч “Кино”, “Аквариум” тэргүүтэй дөрвөн хамтлагийн цомгийг ивээн тэтгэж хэвлүүлсэн юм.

Виктор Цойг хуучин нийгмийн бузар булайг уудлан, шинэчлэлт өөрчлөлтийн салхийг тавьсан хүн гэдэг. Тэр шинэчлэл өөрчлөлт нь явагдаад аль түрүүн дууссан. СССР улс задарсан, М.Горбачев рекламд тоглодог болсон. Харин одоо ч Виктор Цойг хүмүүс сонсдог хэвээр. Виктор Цой “перестройка”-гийн дууч байгаагүй аж. Харин энэ амьдралын мөн чанарыг харуулах гэж ханцуйгаа шамлаж, эрүүгээ өлийлгөөд гитар цохисон хувилгаан байсан бололтой. “Надад худлаа хэлэхэд би дургүй, гэхдээ би тэр үнэн гэдгээс чинь бас залхчихаад байна”. Тэр ингэж дуулсан билээ.

“Кино” хамтлагийн 1990 оны хавар Москвагийн “Лужники” цэнгэлдэхэд хийсэн тоглолтыг 62 мянган үзжээ. Анх Ленинградын рок тоглолтод хэдхэн хүний өмнө дуулсан тэр л янзаараа Цой тайзнаа гарч ирнэ. Үзэгчид уухайлна. Цагаан гитар нь хүнгэнэнэ. Эрүүгээ өргөнө. Ихэмсэг харагдана. Хэдэн дууны дараа Цой ам нь цангаж байгааг хэлэв. Гар гар дамжсаар пиав ирлээ. Хэд сайн залгиад Цой үргэлжлүүлэн дуулна. 1980 оны Москвагийн олимпоор асч байсан цэнгэлдэхийн бамбар шөнийн тэнгэрт дүрэлзэнэ... Цой тайзаа орхиод 23 дахь намрыг үзэж байна. Тэр тамхилахаар гарсан...

Үндэстний ТОЙМ сэтгүүл. 2011 он.  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив