Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Урт дурын уршиг
2013 оны 9 сарын 12 [Уншсан тоо: 75068]
Анхааруулга

УИХ-ын популист гишүүн хуулийг баллана
Судалгаа шинжилгээ дутагдаж, ухаан боловсрол нимгэдсэнээс хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлдэг.

УИХ-ын гишүүд телевизороор иргэнлиг гарч, Твиттерт ухаалаг жиргэж, Фэйсбүүкт “янаг” зургаа оруулахаас гадна хууль санаачлах эрхтэй. Гэхдээ тэд хууль боловсруулах эрхээ бүхнийг хорих цагдах хэмжээнд сэтгээд байх юм. Уул нь хууль ёс иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилготой. Харин манай хууль боловсруулах үйл ажиллагаа ухаан богинотой урт дурын хүмүүсийн тоглоом болоод дуусах шинжтэй.
 
Сануулга

Өгүүлэл ерөнхийдөө архи согтууруулах ундааны тухай авч агуулгын хувьд хууль боловсруулах үйл ажиллагааны алдаа оноог шүүн дэнслэх зорилготой болно. Архи дарс сурталчлах нь Монголын хуулиар хориотойг бичигч мэдэх бөгөөд хэтрүүлэн хэрэглэх нь амь насанд аюултайг ч ойлгодог. Мөн архичин хүртэл архинаас гарах хүсэлтэй явдгийг нь гадарлаад зогсохгүй архийг өмгөөлж хамгаалсан хэн боловч хэл амны бай болоод дуусдгийг өөрийн биеэр мэдэрсэн.

Өгүүллийг бэлтгэхдээ Архины хяналтын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн өгсөн ярилцлага, Монголын томоохон үйлдвэрлэгч, бөөний борлуулагч нарын судалгаа, ажиглалт болон найман нэрийн барааны дэлгүүрийн эздийн үзэл бодол хийгээд бусад монголынхоо жишгээр үе үе хэрэглэдэг туршлага дээрээ үндэслэсэн болно. Гэхдээ тодорхой хүний нэр дурьдахгүй. Эс тэгвэл О.Магнай “Буудчих уу, жанжаан” гэх нь дамжиггүй юм.
 
1.    Сонгогчийн бодол-Сонгогдогчийн хүсэл

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг “Сонгогчидтой хийсэн уулзалтууд дээр яригдаж байгаа гол сэдэв ерөөсөө л архидалт... Архийг хязгаарлаж чадвал хамтад нь маш олон асуудал шийдэгдэнэ” хэмээн үзэж байна. Иймээс тэрбээр Ерөнхийлөгчийн санаачилсан Архины хяналтын тухай хуулийг энэ намрын чуулганаар батлуулах нь нэн чухал гэжээ. Л.Эрдэнэчимэгийг сонгогчид чухам юу ярьсныг нотлох боломжгүй. Харин өнгөрсөн хавар “Сант Марал”-ын хийсэн судалгаагаар иргэд нийгэмд тулгамдсан 10 асуудлыг жагсаасны дотор “архидалт” алга. Л.Эрдэнэчимэг архидалтын сөрөг үр дүнг нь түүнийг хориглох шалтгаан болгон тоочжээ. “Ер нь гэр бүлийн хүчирхийлэл архитай холбоотой. Ажилгүйдэл архитай холбоотой. Нийгмийн эрүүл мэндийн асуудал мөн архитай холбоотой”. Энэ үнэн, холбоотой. Гэхдээ энд тоочсон бүхэн архидалтын шалтгаан огтоос биш, үр дагавар нь юм. Эрхэм гишүүний хууль батлуулах сэдэл эндээс эхлээд буруутжээ. Харин “Миний найзууд, хамт ажиллагсад, хамаатнуудаас дөч гаруйхан насандаа архинаас болж хорвоог орхисон хүмүүс олон бий” гэдэг бол түүний хувийн сэдэл мөнөөсөө мөн.

Архитай тэмцсэн хүн алга ташилтаар мялаалгадаг. Харамсалтай нь баярын уухай тасраагүй байхад Америкт мафи хүчээ авч, оросууд токсический гепатит гэдэг оноштой хоцорсон түүхтэй. Л.Эрдэнэчимэг нарын тамхины хууль таашаагдсан. Гэвч одоогоор баар ресторан, албан байгууллага хоёрт л хүчин төгөлдөр үйлчилж байна. Уушийн газрууд “тамхитай”, “тамхигүй” танхим хэдийнэ бий болгоод соёл нь төлөвшиж байсан бөгөөд дээрх хууль үүнд л дэм өгсөн. Мөн зарим “саваагүй” тамхичид хорт зуршлаа хаясан байх. Архаг хэсэг яг хуучнаараа татсаар, лангуун дээр өнгө булаалдахаа больсон авч зарагддаг нь хэвээрээ. Тийм биш гэвэл хуулиар хотын төвд худалдах аргагүй болсон тамхийг хүн хаанаас авч зуугаад байна вэ? Гэхдээ Л.Эрдэнэчимэг “...Тамхины хяналтын тухай хуулийг 100 хувь хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллах ёстой гэдэг даалгаврыг өөртөө өгчихөөд сууж” байгаа гэнэлээ. Болтугай болтугай.
      
2.    Онцгой зүйлийн тухай сондгой ойлголт

Л.Эрдэнэчимэг “Одоо бол 300 хүн тутамд нэг архи худалдаалдаг дэлгүүр оногдож байгаа. Шинэ хуулиар энэ хүрээг хумьж 5 000 хүн тутамд ч юм уу нэг байхаар зааж өгнө” гэжээ. Үүнийг борлуулагчид шуудхан авилга, хээл хахууль хөгжүүлэх шинэ арга зам гэж нэрлэв. Өдгөө “хаа сайгүй” байгаа найман нэрийн барааны дэлгүүрийн эрхийг авахдаа хэнд, хэдэн төгрөг төлснөө ч хэлсэн. Хорогдуулах гэж буй харьцаагаар нь тооцвол авилгын хэмжээ арифметик утгаараа 20 дахин нэмэгдэх нь. Гишүүний санаагаар басхүү архины дэлгүүр хаана байгуулахыг тухайн орон нутгийн иргэд шийдэх гэнэ. Байрных нь дээврийг засах талаар жилдээ ганц хэлэлцдэг СӨХ-ийнхөө хуралд суудаггүй хүмүүс бусдын мөнгө олох хүслийг гүйцэлдүүлэх гээд цуглах нь юу л бол!?

“Зардаг газар цөөрөхөөр уух нь багасна. Үнэ нь өндөр болохоор тэрийн болгон авч чадахгүй. Алкоголийн тун нь багасчихаар тийм амар тасраад байхгүй”. Энэ бол сонсоход сайхан боловч буруу сэтгэлгээ. Олонхын буюу сонгогч Дулмаа эмээгийн бодож яваа зүйл. Сонгогчоосоо давж сэтгэхгүй юм бол сонгогдсоны утга юунд байна! Архийг лангуун дээр өрчихсөн болохоор аваад байгаа мэтээр ойлгох нь тэнэг хэрэг. Мэргэжлийн хүмүүс архийг “онцгой бүтээгдэхүүн” хэмээн тодорхойлсон. Гэхдээ “онцгой албан татвар төлдөг” болоод “согтоодог” гэдэг утгаар нь тэгж нэрлээгүй аж. Хүн талх авахаар дэлгүүрт орсноо өрөөстэй архи хараад “Нэгийг авчихъя” гэдэг сонголт хийх үү? Эсвэл зайлшгүй шаардлагаар баярласан, гуньсан үедээ зорьж авдаг уу? Архины хэрэглээ янз бүр, гэхдээ тусгай хэрэгцээтэй бараа юм. Хэрэгцээ гарсан бол харин хаанаас л бол хаанаас, хэдээр л бол хэдээр, ямрыг нь ч болов олоод авдаг эд.



3.    Үгүйсгэлийн үгүйсгэл ба дүндээ дүн

УИХ дахь эмэгтэйчүүдийн хууль бус бүлгийн дарга “Эхний жилдээ хүнсний дэлгүүрүүдэд шар айраг, вино зэрэг алкогол багатай ундаа зарахыг зөвшөөрнө. Харин хоёр дахь жилээс бүх төрлийн спиртэн бүтээгдэхүүнийг зөвхөн тусгай дэлгүүрээр зарна” гэсэн байна. Архи согтууруулах ундааны дагнасан дэлгүүр дэлхийн хаана ч бий. Гэхдээ манай нөхцөлд шууд тохирохгүй. Нэгдүгээрт, бид “архи согтууруулах ундаа борлуулахын тулд доод тал нь найман нэрийн хүнсний бүтээгдэхүүн заавал борлуулна” гэдэг хуультай. Тэгэхээр эхэлж үүндээ засвар оруулахгүй бол хэдхэн тооны “Найман нэрийн барааны дэлгүүр” бий болно. Хэрвээ ийм зохицуулалт байгаагүйсэн бол үйлдвэрлэгчид аль эрт нэрийн барааныхаа дэлгүүрийг хаа сайгүй нээчих л байсан.

Гадаадын архины дагнасан дэлгүүрт түүний дагалдах зүйлсийг ч зардаг. Оросын жишээгээр бол архины элдэв даруулга заавал санал болгоно. Ингэснээр худалдан авагчаа соёлд сургаж буй хэрэг. Ийм газрын худалдагчийг “зөвлөх” гэж нэрлэдэг. Үйлчлүүлэгчээс ямар зорилгоор авч байгааг асуугаад өөрийнх нь боломжид тааруулан бараагаа санал болгоно. Тэгээд сонгож авсан бүтээгдэхүүнийх нь орц, найрлага хийгээд ямар нөхцөлд хэрэглэх, юугаар даруулах зэргийг нь хэлж өгдөг. Энэ бүхэн архийг сурталчлаад байгаа хэрэг бус нэгэнт уухаар сэтгэл шулуудсан хүнд соёл заах л арга. Харин манайд энэ бүхнийг хуулиар хорьчихсон. Үүн дээр нэмээд Л.Эрдэнэчимэг “Ер нь бүх төрлийн архи пивоны сурталчилгааг хориглох ёстой. Архи зарах цагийн хуваарийг тогтоох зэрэг зохицуулалт шаардлагатай” гэжээ. Өнөөдөр ч цагийн болоод өдрийн хориг бий. Гэхдээ хэрэгцээ, хангалт хоёр бие биеэ “далдуур” олчихоод л байгаа. Ерөөсөө зах зээлийг “далд гар” л зохицуулдаг жамтай. Цагдаагийн дарга нарын ивээлд байдаг Улаанбаатарын хэдэн дэлгүүрийг эрчүүд хуйгаараа мэднэ. Цонхыг нь тогшиход л Али Бабагийн агуйн ам нээгдэнэ.

4.    Архидалтын шалтгаан хийгээд үр дагавар

Архи хэмээх ундааны дээжийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, хэтрүүлсэн хэрэглээ, бага насны хүүхдийн архидалт гурав л адгийн зүйлсийн эгнээнд оруулчихдаг. Гэхдээ Монголд одоогоор дээрх гурван үзэгдлийг тухайлан судалсан нь үгүй. Харин хэдэн хуурай тоо хэлээд өгөх хүн салбар бүрээс олдоно. Улстөрчид ч архидалтын үр дагавартай холбоотой “айдас” төрүүлэм хэдэн тоог баяр хөөр дүүрэн барьж аваад наадчихдаг. Уул нь улстөрч архитай тэмцье гэвэл уугаад байгаа шалтгааныг нь олж харах хэрэгтэй. Түүнийг хорих сэдэл цээжинд нь бэлэн явдаг шиг хэтрүүлж хэрэглээд байгаа шалтгааныг нь олоод авах учиртай. Хажуугийн дэлгүүрийг хаачихсан юм чинь архи уугаад яахав дээ гэж бодох хүн хорвоогоос хайж олох хэцүү. Харин ажилгүй хүн гэрээсээ гараад яг өөр шигээ хэдэн нөхөртэй санаа нийлж хорвоогийн өдрийг “хөгжилтэй” өнгөрөөх төлөвлөгөө боловсруулдаг билээ.

Томоохон архи үйлдвэрлэгч болон борлуулагчид эдийн засгийн хямралын үед энэ бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэх хандлагатай байдаг гэлээ. Гэхдээ хэдэн мянган литрээр нэмэгдэнэ гэсэн үг бас биш. Эдийн засаг тогтвортой, иргэдийн орлого хэвийн төвшинд байвал архины борлуулалт тогтворжоод ирдэг гэнэ. Эдийн засаг өнөөдөр шиг баларчихаагүй мандан бадарч байсан өнгөрсөн гурван жилд цагаан архины худалдаа хумигдах тийшээ ханджээ. Тэр дундаа дэлгүүрээр зарагдах тоо алгуур буурч ирсэн нь зөв үйл явц. Өндөр хөгжилтэй оронд архины 20 хувь дэлгүүрээр үлдсэн нь баар, ресторанаар борлогддог. Харин бидний ууж сурсан коммунизмын жилүүдэд байдал ямар байсныг Хонх  хамтлагийн Хотын гудамж дуу хэлээд өгнө. Гэртээ архи уудаг хэвшил удаан боловч өөрчлөгдөж байгаад архи үйлдвэрлэгч, борлуулагч нар баяртай сууна билээ. Чухамдаа миний үеийнхэн гэртээ найрлаж байгаа эцэг, эхийнхээ хундагны ёроолыг шавхаж анх энэ идээтэй танилцсан. Иймээс л цагаан архи чанартай бөгөөд хямд байх учиртайн дээр ууж иддэг газрууд нь урт цагаар ажилладаг байх ёстой юм.

5.    Үлгэрээс сурах юм их бий

Монголын радиогийн үлгэрийн цаг ингэж төгсдөг байлаа. “Өнөөдрийн үлгэрийг магадлан сонсоод маргаашийн үлгэрээс маш ихийг сураарай”. Хуулиар хоригдож, үнэ ороод ховор нандин эд болчихвол архи ахуйн хүрээ рүү эргээд ирнэ. Тэр цагт эцэг, эхчүүд хүссэн хүсээгүй залгамж халаагаа гэртээ бэлтгэхэд хүрнэ. Дэлгүүрт өрөөтэй байгаа хэрээр нь бид архи уудаггүй. Гал тогооны өрөөнд нь хутга байгаа зоргоор хүн алаад байдаггүйг бодох л хэрэгтэй. Архины тухай яриагаа энд хүрээд өндөрлөе.

Сонгогчдынхоо ярьсан бүхнийг яс биелүүлье гэвэл удахгүй орон хөнжлийн явдлыг хуульчлах болно. Харин тамхи, архийг хориглосон шиг тэнэг хууль олшрох хэрээр хуулийн нэр хүнд унаад байна. Хэн ч биелүүлэхгүй юм бол хууль гаргаад ч яах юм. Монголын хууль гурав хоногийн настай бус гурван өдөрчийн газар үйлчилдэг байсан түүх бий. Цаазалдаг цавчдагтаа хүч нь байсангүй, цаад учрыг нь харсандаа учир нь байлаа. Алга ташуулах гэж бүү яар, улстөрч таны урт дур хууль гэдэг гууль юм гэдэг бодол хүмүүст төрүүлээд байна. Хэнд ч харуулахгүй хав дарж байгаад батлуулах гэж буй Архины хяналтын тухай хууль үзэгдээд л үнс болчихно, тэр цагт хуулийн нэр хүнд татаад хаясан тамхины иш шиг үнэгүй болоод ирнэ. Тамхины тухай хуулийнхаа үлгэрээр тунгааж нэг бодоорой. Улстөрчид өө, маргаашийн өдрийг бодож хуулийг гууль болгодог урт дураа татаарай. Үлгэрээс сурах юм их бий дээ...   

     


         
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив