Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ногоон террор
2013 оны 10 сарын 10 [Уншсан тоо: 76783]
Өнгөрөгч сарын 18-нд Хойд туйлын бүсээс нефть олборлодог “Газпром” компанийн “Приразломная” өрөмдлөгийн цамхаг руу Грийнпийс хөдөлгөөнийхөн дөрвөн хийлдэг завьтай дайрсан боловч ОХУ-ын эргийн харуулд баривчлагдлаа. Мурманскийн шүүхээс тус хөдөлгөөний “Арктик Сайнрайз” хөлгийн ахмад Питер Хэнри Виллкокс нарын газар газраас цугласан 17 хүнд хоёр сар баривчлан хорих ял оноов. Ногоон хөдөлгөөний гишүүд аанай л дэлхийн дулаарлын эсрэг энхийн замаар тэмцсэн гэсэн боловч В.Путин тэднийг “Олон улсын эрхзүйн хэм хэмжээг зөрчсөн” гэв.

1950 оны шувтаргаар Хойд туйлын бүс олон улсын анхаарлын төвд зүй ёсоор орсон бөгөөд өдгөө АНУ, ОХУ, Канад, Дани улсууд санаархлын бүсээ зарлаад байгаа юм. Өнөөдөр Америк-Канадын хамтарсан экспедици өргөн хүрээтэй судалгаа хийж яваа. Гэтэл байгаль хамгаалагчид зөвхөн Оросын харьяаны өмчид халдсан нь сонирхолтой. Зургаан жил Грийнпийс интернэшнлийг тэргүүлсэн Канадын иргэн Патрик Мур байгаль хамгаалах хөдөлгөөнүүд яваандаа “шинжлэх ухаан хийгээд логикийг таягдан хаяж сэтгэл хөдлөл, сүр дуулианаар хөлөглөх болсон” тул ажлаа өгсөн гэнэ. Тэрбээр 2007 онд Дэлхийн дулаарал хэмээх луйвар баримтат кинонд байгаль хамгаалагчдыг “Хүн төрөлхтний хөгжлийг улдан чангааж, балар цагийн амьдралыг хэтрүүлэн сурталдсан “хүмүүнлэг бус” үзэлтэн” болсон хэмээн хатуухан хэлжээ.

Манай ногоонтнууд

Хойд мөсөн далайн хэрэг явдлаас хоёр хоногийн өмнө “Гал үндэстэн” хөдөлгөөний Ц.Мөнхбаяр нар байгаль хайрлах сэтгэлээ барьж ядаад зэвсэглэн ирэхэд нь баривчлан эрүү үүсгэсэн билээ. Монголын төр байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэдийг өргөнөөр оролцуулах үүднээс чиглэлийн ТББ-уудыг эртнээс дэмжиж иржээ. Гэтэл “Манай үүдэнд тэсрэх бөмбөг тавих гэсэн юм билээ” гэж БОНХЯ-ны Сав газрын захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат ярьж сууна. Тэрбээр барьж ирсэн төсөл болгонд нь санхүүжилт олгодог. Тэр бүү хэл энэ салбарын бүх ТББ-ыг нэгтгэсэн Монголын байгаль орчны иргэний зөвлөл хурлаа хийхэд нь 50 сая төгрөгөөр тусалсан гэв. Харин МНН-ын зүтгэлтэн, цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтэн Ч.Мөнхбаяр “Тэр хуралд БОНХЯ орон нутгаас төрийн ажилтнуудыг олноор нь оролцуулж яаманд ашигтай шийдвэр гаргуулахад тэднийгээ сайн ашигласан” гэж үзэж байна.

Одоогоор Монголд байгаль хамгаалах чиглэлийн 730 гаран ТББ байдаг аж. Тэдний “Ихэнх нь нэг хүнтэй, арай том нь 2-3 гишүүнтэй” гэж Сав газрын захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат хэллээ. Ямартай ч уул уурхай, тэр дундаа алт олборлолт замбараагүй болсон 2000 оноос хойш дээрх ТББ-ууд үүсчээ. Эрүүгийн хэрэгт татагдсан Ц.Мөнхбаяр “Онги голынхон” хөдөлгөөнөө үүсгэдэг жил Монголын ихэнх нутгаар гандуу байсан. Хожим хөрсөн доогуур шургасан Онги гол урсаж, Ц.Мөнхбаяр ч шагнал хүртсэн билээ. 1940 оноос хойш манай цаг уурын газрын хийсэн 70 гаруй жилийн ажиглалтаас харвал гадаргын ус арвидах, хомсдох нь 12 жилийн циклтэй аж. 2010 он хүртэл ус багатай мөчлөг таарсан бөгөөд чухам энэ үед дээрх ТББ-ууд бий болжээ. Энэ жил Сав газрын захиргаа Туул голын савд гадаргын усны тооллого хийсэн, дүн нь хараахан гараагүй ч 7-8 жижиг гол эргэж сэргэснийг Г.Ганбат дуулгав.

Ногоонтнуудын зөрчил

Өнөөдөр Монголд ИЗНН, МНН гээд хоёр ч ногоон чилэлийн нам оршин тогтнож байна. Дээр нь булаг, шандын тоогоор ТББ үүсчээ. Гээд байдал огтоос дээрдсэнгүй, харин ч буу шийдэмдээ туллаа. Байгаль орчны яамаа “Ногоон хөгжлийн” болгосон ч асуудал дууссангүй. БОНХЯ-ныхан өдрийн ихэнхийг ТББ-уудаас ирсэн бичиг цаасанд зарцуулдаг аж. Гэтэл Ч.Мөнхбаяр “ТББ-уудын хүсэлт санал үр дүнгүй болдог” гээд “Төртэй хамтарч ажиллах тал дээр хангалтгүй байгаа. Ямар нэг төсөл нь удирдах хүмүүсийн хүрээнд алга болдог хэвээрээ” гэж нэмсэн юм. Үүнд хариулах мэт БОНХЯ-ны Сав газрын захиргааны удирдлагын хэлтсийн дарга Г.Ганбат “Эднийг харж байхад хоёр юм харагддаг. Нэг хэсэг нь мод бут суулгах, тухайлсан нэг уул усыг хамгаалах гээд явдаг. Нэгдэж томорсон нөгөө хэсэг нь бараг бүх юм руу үсчиж байдаг” гэсэн юм.

Хоёр намын нэг нь төр барилцаж нөгөө нь гудамжинд яваагаас болоод тэр үү, хэн хэнээ үгүйсгэж байлаа. МНН-ын гишүүн Ч.Энхбаяр ИЗНН-ыг либерали үзэл баримтлалтай мөртөө “ногоон” нэр зүүж яваа гэж үздэг аж. Харин ИЗНН-ынхан “Сүүлийн жилүүдэд аль ч улс төрийн намын мөрийн хөтөлбөр ногоон үзэл санаатай болсон” гээд улс төр судлаачид ногоон үзлийг улс төрийн баримтлал бус амьдрах арга хэлбэр хэмээн тайлбарлах болсныг дуулгав. Одоо ч Global green эвсэлд багтдаг ИЗНН-ын генсек явсан Г.Ганбат “Ногоон намыг хэт зүүний экстремист бүлэгт багтана” гэсэн бол Ч.Мөнхбаяр “зүүн төвийн үзэл баримтлал” гэж нотлов. Мөн тэрбээр геологич мэргэжилтэй С.Оюуны удирддаг байсан “МонАме”, “Зориг” сангууд “Рио Тинто”, “Арева” зэрэг уул уурхайн компаниудаас санхүүждэг байсныг дурдаад ашиг сонирхлын зөрчилтэй хүн салбар толгойлж яваа гэж үздгээ хэлсэн юм.

Тогтоод сайн харвал хөдөө орон нутгийн асуудал ярьдаг байгаль хамгаалах ТББ-ууд бүгд шахам Улаанбаатарт “үйл ажиллагаа” явуулж байна. Гэтэл Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн өнгөрөгч хурлаар удирдах зөвлөлийн гишүүдээ голчлон хөдөөгөөс сонгосныг Ч.Мөнхбаяр яамны далд явуулга гэж хардлаа. Энэ мэт нэг салбарынхан дунд хоорондоо ойлголцохоос аваад тэмцэгч нь эхлээд өөрийгөө ойлгомоор санагдав. Зургаан хүүхэд нь бүгд хот суурин бараадаж, зарим нь гадаадад амьдран суугаа “Салхин Сандаг” хөдөлгөөний тэргүүн Ж.Түдэвдорж тэмцлийнхээ зорилгыг “Эх нутгаа унаган хэвээр нь үр хүүхэддээ өвлүүлэх” явдал хэмээн тайлбарлаж суулаа.

Ногоон парадокс

Өглөө бүр цайныхаа дээжийг хангай дэлхийд өргөн, уудам талдаа дураар амьдардаг нүүдэлчин монголчуудад байгаль хамгаалах хөдөлгөөн эрх чөлөөг тунхаглагч либертари үзлээс хавьгүй ойр. Тэгээд ч замбараагүй олгосон ашиглалтын лицензийн хөлд бэлчээр нутаг нь өртсөн малчид хар аяндаа татагдан орж таарна. Жишээ нь, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд өдгөө гурван компани нүүрс олборлодог бөгөөд нэмж ашиглалтын 17 лиценз олгосон байна. “Нирун фильм” студийнхэн саяхан тус нутгаар ороход нэг эмгэн хэдэн торойтой баян бүрдийнхээ өмнө зургаа авахуулжээ. Удахгүй ухаад хаячих тул хэн хэнийхээ амьд-мэнд дээр “дурсгалын патиар” татуулсан нь тэр аж. Нутгийн эмгэн хэрвээ баян бүрдийг нь ухах гээд трактор ирвэл гинжин дор нь орж амиа өргөнө хэмээн тоглосон янзгүй хэлжээ. Ингэж л “зэвсэгт тэмцэлд хүргэж, цөхөрсөн байдалд оруулсан” хэмээн Ч.Мөнхбаяр үзэж байна.

“Эзэн бидний алтан хөмрөг энгүй тансаг байгаль”-аа хүн бүр хайрлах нь зүй. Гэхдээ ногоон хөдөлгөөнүүд “нийтлэг хайр”-ыг “өмчлөөд” байх шиг. Байгалийг зүй зохистой ашиглана гэдэг нэг талаар парадокс юм. 2007 онд Нобелийн шагнал хүртсэн Альберт Горын хөлөглөн лекц уншиж явсан онгоцны агаарт цацсан утаа ямар хохирол тарьсныг тооцоод гаргаж бас болно. Зөгий балныхаа эсрэг тэмцээд байгаа мэт энэ их үйлс хэвлэлд сайхан олз юм. Г.Ганбат “хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уран цэцэн үгээ ашиглан асуудлыг улам дэвэргэдэг” гэв. Нийтлэл бэлтгэх явцад уул уурхайн компаниуд нэрээ дурдуулах сонирхолгүй байгаагаа шууд хэлэхээс гадна чухам юу бичих гээд явааг минь айхавтар шалгааж байлаа. Хэвлэлээр байнга чичүүлж, сүүлдээ малын зүй бус хорогдол бүхний “шалтгаан” болсон уул уурхайн компаниуд уул нь манай төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Ж.Түдэвдоржийн “Нүүдэлчин монгол яаж амьдарч байсан яг түүгээрээ л байх ёстой” гэдэг үг Патрик Мурын хэлснийг эрхгүй санагдуулна.

Ногоонтнууд цагаан хоолтон уу

Грийнпийс хөдөлгөөн жилдээ 400 сая ам.долларын ашигтай ажилладаг хэмээн НТВ-ийн Под зеленой крышей бүтээлд өгүүлэв. “Гал үндэстэн”-ийхэн баривлагдсаны дараа тэднийг айлган сүрдүүлэх замаар мөнгө нэхэж явсан тухай хэвлэлд гарчээ. МНН-ын Ч.Мөнхбаяр үүнийг яг таг гэрчлэх аргагүй гэв. Харин Г.Ганбат хөдөө орон нутгаар явахад байгаль хамгаалагчид уул уурхайн компаниудаас мөнгө нэхсэн тодорхой баримт дэлгэдэг болохыг дурсаад өнгөрсөн юм. Өнөөдөр сонинд “АУМ Алт” компанийн захирал Ц.Мягмардорж 2011 оны зургаадугаар сард Ц.Мөнхбаяр нарт 50 сая төгрөг өгснөө ярьжээ. Гэтэл МНН-ын Ч.Мөнхбаяр Ц.Мягмардоржийг “бараг алтны нинжа юм биш үү” гээд “тийм амьтнаас мөнгө нэхэх ямар ч үндэслэлгүй” гэж үзэж байна. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг дээрх чуулганаар “Та нар рекет хийдэг шүү, рекет хийхээ болиорой” гэсэнд нь гомдолтой байв. Гэхдээ “Шинэ зууны Цээл” ТББ-ын зарим гишүүн сүрдүүлэх замаар мөнгө нэхсэн болох нь тогтоогдож Эрүүгийн хуулийн 149.1 зүйл ангиар шалгагдаж байгаа билээ.    

“Монгол орныхоо байгаль орчны төлөө амиа гартал тэмцэж яваа” “Салхин Сандаг” хөдөлгөөний тэргүүн Ж.Түдэвдорж 2001 онд үйл ажиллагаа эхлүүлэхдээ 4 000 орчим малтай байжээ. Гэвч өнгөрсөн 10 жилийн тэмцэлдээ 2 500 гаранг нь зарцуулсан гэнэ. Ногоон хөдөлгөөнд оролцдог ч ямар нэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээгүй Ч.Мөнхбаяр сэтгүүлчийн мэргэжлээрээ амьжиргаа залгуулдаг аж. Тэрбээр сонинуудын “Алаг хорвоо” нэгдсэн редакци, “Алтан ном” хэвлэлийн газарт хавсран ажилладаг байна. Мөн түүний блог дээр төрийн мэдэлд очсон “Хадгаламж” банкин дахь хандивын данс нь бий. Харин өнгөрөгч хавар хэл ам тарьсан “Шинэ зууны Цээл” ТББ-ын ихэнх гишүүд өмнө нь “Алтайн Хүдэр” компаниас эдийн засгийн дэмжлэг хүсээд авч чадаагүй иргэд байсан гэдэг. Г.Ганбат “ТББ-уудыг хяналтын ажилд оролцуулах гэхээр томилолтын мөнгөө голдог” гээд “Ерөө рүү бид өөрсдөө бие дааж явна, дөрвөн сая төгрөг өг” гэсэн тохиолдлыг ярилаа. Байгаль хамгаалагсад хээрийн салхи, өвс ногоогоор хооллодоггүй хойно мөнгө хэрэг болж л таарна. Гэхдээ хардахын оронд тайлан тооцоог нь харах хэрэгтэй. Өөрсдөө тайлангаа ил тод болговол зохилтой мэт.

Гахай, тахиа, могой бас мал

Байгаль орчны сүйрэлтэй холбоотой бүх асуудлын ард уул уурхай байгаа мэтээр бид сэтгэх болжээ. Энэ тал дээр мэргэжлийн хүн юу ч гэж яриад нэмэр алга. Цөмийн энергийн газрын Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн “Анхан шатны ойлголт мэдлэг дутмаг учраас шуугиан үүсгэдэг. Бид хуулиа баримтлаад хяналт тавиад явах үүрэгтэй, гэтэл биднийг мөнгө цаас авчихлаа гэдэг хардлага байнга гардаг” гэж байлаа. Уул уурхайн салбар асар их хөрөнгө оруулалт шаарддаг болохоор хүн бүрийн анхааралд эрхгүй өртдөг. Тиймээс хэдэн биенээ тойрсон хардлага хаана хаанаа байна. Үүнийг бодохоор буддын шашны “Амьдралын хүрд” гэдэг зураг санаанд бууна. Буддын шашин амьдралын хүрдийг шунал, мунхаг, уур хилэн гурав хөдөлгөдөг хэмээн үздэг бөгөөд тэдгээрийг тахиа, гахай, могойгоор ёгтлон дүрсэлдэг. Өнөөгийн манай уул уурхайн үйл явц нэг нэгнийхээ сүүлнээс зуун тойрог үүсгэсэн дээрх гурван амьтан лугаа адил болчихжээ.

Өнгөрсөн хавар Дорноговийн Улаанбадрах суманд мэндэлсэн үсгүй тугал тойрсон шуугианаас хэрэг явдлыг бүхэлд нь харж болно. Тус суманд “Кожеговь” ХХК ураны хайгуул хийж байсан тул асуудал шууд энэ байгууллагыг чиглэсэн. Цацрагийн хяналтын хэлтсийн мэргэжилтнүүд даруй газар дээр нь очиж хэмжилт хийгээд цацрагийн хэмжээ хэвийн байгааг хэлээд тусыг олсонгүй. Харин цаана нь хэн байдаг нь одоо хэр нууц “Голомт” сайт болоод сониныхны “Уранд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл” газар авсан даа. Эзэн болон сэтгүүлч нь нэр устайгаа ил байдаг бусад хэвлэлүүд ч “цацрагийн хэмжээ 9 дахин их байна” гэдгийг нь шүүрэн авав. Харин Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн “Ураны хайгуул хийсэн нүх болон түүнээс гарсан уранаар баялаг шороон дээрээс хэмжилт хийвэл” гарцаагүй тийм тоо гарна гэж байлаа. Бид өдөр бүр цацрагийн дор амьдардаг, тэр бүү хэл рентгенд харуулах тоолондоо биедээ цацраг шингээдэг гэж мэргэжилтэн хэлээд ч нэмэр болохгүй юм. Гэтэл Улаанбадрах сумын малчид зүй бусаар хорогдсон төл бүрийнхээ үнийг нэхэх эзэнтэй болоод авчээ.

Өнөөдөр Монголын хэмжээнд ураны эрэл хайгуулаас гадна цөмийн үүсгэвэр ашигладаг 280-аад байгууллага бий. Цөмийн энергийн газар энэ бүхэнд хяналт тавьдаг, гэхдээ асуудал зөвхөн уул уурхайтай холбогдон босч ирдэг байна. Цацрагтай үргэлж ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүд дотроос хоёр толгойтой хүүхэдтэй болчихсон тохиолдол одоогоор лав алга. Тэгэхээр МУГЖ Д.Дашнямын “Бөмбөг, бөмбөг, бөмбөг дэлбэрвэл аюултай” гэдэг дуу сонсоод бүлтийтэл айж өссөн хүмүүст Хүйтэн дайны үеийн цөмийн аюул их ойрхон тусдаг бололтой. Харин уг хэрэг явдлаар тавин саяд дөхсөн Монголын мал мэргэжлийн эмнэлэг, судалгаа шинжилгээний байгууллагагүй яваа нь тод харагдсан. Хүн амаасаа бараг 17 дахин их малын дунд элдэв өвчин гарах магадлал маш өндөр атал энэ салбарыг улс хаячихжээ.

Бид бүгдээрээ хохирогч

Аль ч уул уурхайн компани дээр нутгийн иргэд элдэв өргөдөл бариад очдог. Өвөлжөө хаваржаандаа нүүхдээ хүртэл тусгай техникийг нь ашиглах гэдэг. Тусдаа ажил үүрэгтэй ажилтнуудыг гагцхүү өөрсдөд нь үйлчлэх ёстой мэтээр ханддаг. Энэ бол хаа сайгүй хавтгайрсан үзэгдэл. 2006 онд Оюу толгой төсөлтэй танилцаж явахдаа өөрийн биеэр ийм зүйл харж байлаа. Эцэстээ даамжирсаар толгой нь өвдсөн ч уул уурхай руу түлхэх болсон аж. Орон нутагт нь гарсан малын өвчнийг уурхайтай холбон шуугихыг далимдуулж хэдэн төгрөгийн хонжоо харсан малчин маргааш өөрөө хохирогч болно гэдгээ ч бодох сөхөө алга. Одоо монголчуудын хэн нь ч Улаанбадрахаас мал авахгүй л болов уу. “Цацрагт хордсон” мах идэж хоёр толгойтой хүүхэд төрүүлэх хүсэлтэй хүн гарахгүй биз. Энэ мэт дуулиан шуугиан эргээд нутгийн иргэдийг хохирооно. Хонгор сумын бүсгүйтэй гэрлэх гэсэн хүүгээ тас хориод суулгаагүй ээжийн тухай яриа сонстож байлаа. Тоглоом тоотой нь дээргүй юу, монголчууд аа. Ингэтлээ балайрч арай боломгүй байна.

Байгалийн гамшигт өртсөн Фүкүшимагийн дуулианаар АЦС-аа захаас нь хаасан Германы иргэд мөн л цөмийн реактороос гарсан цахилгааныг импортоор аван хэрэглэж байна. Нөхөн сэргээгдэх эрчим хүчний өртөг нь дийлдэхээ байж, эрчим хүчний үнэ нь өссөн тул германчууд эргээд АЦС-аа ажиллуулах талаар хэлэлцэж эхэллээ. Энэ явдал Хүйтэн дайны үзэл суртлаас салж амжаагүй яваа германчуудад том сургамж болсон байх. Бид ч өдгөө хөөгөөд гаргачихсан хөрөнгө оруулагчаа буцаан дуудахаар хэц хэнгэрэг дэлдэхдээ тулчихлаа. Гэтэл Монголын хууль ёсоор манайд ажиллаж буй гадны хөрөнгө оруулагчдыг “дээрэмчин” гэж цоллодог нь хэвээрээ. Өөрийнх нь өлсөж цанган байж батлуулсан “Урт нэртэй хууль”-аас үүдээд өнөөдөр эдийн засаг хүндэрчихлээ гэсний хариуд “Салхин Сандаг” хөдөлгөөний тэргүүн Ж.Түдэвдорж “Тэгээд алтыг усаар орлуулж болох юм уу” гэдэг лут асуултаа тавив. Экспортын үйлдвэрлэл гэхээр юмгүй Монгол өнөөдөртөө уул уурхайгаас л хэдэн цаас олж талын нэг тарсан 321 сумыг тэжээж байгааг түүнд хэллээ ч ойлгох царай алга. Хэдэн малаараа сольдог өргөн хэрэглээний барааны үнэ нь өссөөд байгааг ч тэрбээр авч хэлэлцсэнгүй.  

Түүх давтагдах уу?

Манай уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг барууны компаниудын эсрэг байнгын довтолгоо явдаг хэрнээ Хятадынхыг орхигдуулдаг шалтгааныг Ч.Мөнхбаяраас асуув. Тэрбээр “Бид Хятадынх гээд тойрч байгаагүй, харин хэвлэл мэдээллээр энэ тухай огт гаргадаггүй. Тэгэхээр дээрээс л зохион байгуулдаг болов уу” хэмээн хариулав. “Кожеговь” компанийн Зөөвч овоогоос илрүүлсэн орд Монголыг ураны нөөцөөр дэлхийд эхний аравт оруулсан. Мөн МАГАТЭ 2030 он гэхэд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл хамгийн багадаа 25 хувиар өснө гэж тооцжээ. Гэвч цөмийн хөнөөлийн эсрэг үзэлтэн Ч.Мөнхбаяр “Монголд ураны хайгуул хийх, олборлох, боловсруулах асуудал огт байж болохгүй” гэж үздэг аж. Ураны урвал аюултай, гэхдээ манай цөмийн эсрэг үзэлтнүүд хооронд нь зүйрлэх аргагүй зүйлсийг барьж аваад шуугиан дэгдээдэг хэмээн Цацрагийн хяналтын хэлтсийн дарга З.Дамдинсүрэн толгой сэгсэрч суулаа. Гэхдээ түүнийг Ч.Мөнхбаяр “Шар нунтагийг талхан дээр тавиад идсэн ч болно” гэж ярьсан хариуцлагагүй этгээд гэсэн юм. Уул нь асаагүй нүүрснээс илч гарахгүй шиг түлшинд ашиглаагүй ураны хор уршиг үнэндээ бага юм.

Өргөн, нарийн цариг ярьсаар нүүрсээ экспортолж чадахгүйдээ тулсан шиг зовлон ураны салбарт ч нүүрлэж мэдэхээр болжээ. Гэхдээ үүнд улстөрчид бус “өвчинд шаналсан өнчин охинд өрөвдөх сэтгэлээр” цаасан шувуу хийж өгч өссөн байгаль хамгаалагч нар тээг болох царайтай. Уул уурхайнхныг төрсөн эхтэй нь хүртэл харддаг ногоон хөдөлгөөний эрхмүүдийг тэр нүдээр нь нэг харвал ямар вэ? Байгалийн баялагаасаа үүдээд 100 жилийн өмнөх Хиагтын хэлэлцээрийн төвшинд хүртлээ хөршүүдийнхээ тоглоом болж яваагаа анзаарахгүй өнгөрөх арга ч бас алга. Ураныг чухам үүнтэй холбовол бас л хөөрхөн логик гарч ирнэ.

Зөөвч овоогийн баялаг орд БНХАУ-ын хилээс ердөө 50 км зайтай. Хятадууд “Кожеговь”-ийн хөрөнгө оруулагч “Арева”-ийн 20 тэрбум ам.доллароор ойрын ирээдүйд 16 АЦС барих гэж буй. Харин ураны салбарын хамгийн том тоглогч ОХУ хуучин Зөвлөлтийн үед эзэмшиж байсан Мардайн ордоо эргүүлэн ашиглах сонирхлоо илэрхийлсэн байдаг. Тэд Хятадад уран нийлүүлэх бодит боломжтой болчихсон Монголыг зүгээр орхихгүй. Царигийн яриа чухамдаа тэндээс эхтэй байж мэдэхээр харагддаг. Харин цөмийн аюулыг сурталдаг “Голомт” хөдөлгөөний “Амарлин” гэж хэн болохыг одоогоор мэдэх хүн цөөн. Харин цөмийн мэргэжилтэн хүртэл багтсан долоон нөхөр нэрийнхээ эхний үсгээр өөрсдийгөө “АМАРЛИН” хэмээн нэрлэсэн гэж ярих хүнтэй таарлаа. Асаагүй галын утаанаас сэрэмжлүүлэн гүйдэг эдгээр улсыг оросууд ашигласан байж болно. Их хорийг сөрөн хүчиндээ эрдэж яваа БРИКС-ийн гишүүн ОХУ, БНХАУ аль аль нь хоёулаа Монголыг гарын доорх түүхий эдийн бааз болгох сонирхолтой суугаа. Өнөө хэр хойд хөршөөсөө эрчим хүч импортоор авдаг Монгол энэ зовлонгоосоо салчихвал хүний үг дуулахаа болино. Гэхчилэн цааш ургуулан бодож болох юм. Гэхдээ энэ бүхэн цэвэр логик гаргалгаа. Харин олон улсын байдлын талаар муухан мэдлэгтэй монголчууд XX зууны эхэнд Хиагтын хэлэлцээрээр яаж хохирсноо хэзээ ч мартах ёсгүй билээ.         
       

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn