Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тооны сүүдэр
2013 оны 10 сарын 30 [Уншсан тоо: 61593]
Энэ талын статистик мэдээллийг сайтар нягталж нийтэд түгээхгүй бол нийгэмд айдас төрүүлж мэдэхээр байна. НҮБ 2012 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр болгохоор тунхаглажээ. НҮБ ноднин “Охидын гэрлэлт” нэрийн дор кампанит ажил зохиосон бол энэ жил “Охидын боловсрол”-ын асуудалд анхаарал хандуулахыг уриалсан байна. Харин 2003 онд Ч.Ундрах нарын байгуулсан охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Хөөрхөн зүрхнүүдийн аян”-тай хамтран “Охидын эсрэг хүчирхийллийг зогсоо!!!” уриан дор нэг сарын кампанит ажил өрнүүлэхээр шийджээ. Учир нь охидын бэлгийн хүчирхийлэл бараг тавин хувиар нэмэгдсэн гэнэ...  

Сэдэв солигдсоны учир

Есдүгээр ангийн сурагч байхдаа жирэмсэн болсон ангийнхаа охины зовлонг олж харсан Ч.Ундрах удалгүй энэ чиглэлийн ТББ үүсгэж, насанд хүрээгүй ээж нарт тусалж эхэлжээ. Тус төвд хандсан охидын зарим нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байсан тул “Гүнж” төв 2009 оноос охидын бэлгийн хүчирхийлэлд анхаарал хандуулах болсон аж. Тэдний саяхан хэвлэлд өгсөн  мэдээлэлд “Манай улсад охидын эрхийг ноцтойгоор зөрчиж буй асуудлуудын нэг бол бэлгийн хүчирхийлэл юм. Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдэж байгаа юм. 2012 оны эхний арван сарын байдлаар насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг 37 бүртгэгдсэн бол, 2013 оны эхний арван сарын байдлаар 54 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.9 хувиар нэмэгдсэн байна” гэжээ. Иймээс тэд “Охидын боловсрол”-д бус харин “бэлгийн хүчирхийлэл”-д олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьсон гэнэ.

Энэ талын баттай тоо олж авахаар ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн албанд хандсан боловч гэмт хэрэгт өртсөн бага насны хүүхдүүдийн тоог зүйл ангиар нь ялгадаггүй, бөөнд нь гаргадаг учир тухайлсан нарийн мэдээлэл хэлэх боломжгүй гэлээ. Мөн тус төвийн байцаагч, цагдаагийн ахмад Н.Төгсбаяр “Энэ тоог гаргахдаа хувьд шилжүүлчихээр аймаар сонсогддог тул” асуудалд илүү нухацтай хандахыг сануулж байлаа. Сүүлийн жилүүдэд иргэний боловсрол дээшилсний үрээр энэ төрлийн хэргийг харьцангуй сайн мэдээллэдэг болсон аж. Тиймээс дээрх хоёр тоог хувьд шилжүүлээд туг болгох нь учир дутагдалтай юм байна. Гэвч энэ гэмт хэрэг ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учир тэр бүр ил гарахгүй өнгөрдөг гэнэ. Гэлээ гээд яаран охидын хүчирхийлэл замаа алдсан мэтээр сэтгэх нь гоомой юм. “Гүнж” төв өнөөг хүртэл ямартай ч бэлгийн хүчирхийлэлд өртсөн 50 орчим хүүхдэд үйлчилжээ. Гэхдээ зөвхөн өөрсдөө хандаж ирсэн болоод олдсон төсвийнхөө хэмжээнд нь үйл ажиллагаа явуулсан байна.

 Хувийн хувь

Гүнж төвийн мэдээлэлд “хохирогч охидын дунд хийсэн судалгаагаар 56.7 хувь нь ураг төрлийн хүчин, 29.7 хувь нь болзооны хүчин, 13.6 хувь нь гудамж, талбайн хүчингийн хохирогч болсон байна. Ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгчдийн 14.3 хувь нь төрсөн эцэг, 57.2 хувь нь хойд эцэг, 4.7 хувь нь төрсөн ах, 23.8 хувь нь төрөл садангийн ах байсан байна” гэжээ. Энэ олон хувийг дээрх 50 орчим хохирогчдоос гаргаж ирсэн болов уу. Харин хуульч М.Ичинноровын 2011 онд бэлтгэсэн Ургын хүчин нэвтрүүлэгт төрсөн эцэг нь 35 хувь, хамаатан нь 32.5 хувь, хүргэн ах нь 20 хувь, хойд эцэг нь 10 хувь, төрсөн ах нь таван хувь хэмээн харуулжээ. Тэрбээр нэвтрүүлгийн явцад “Хүчирхийллийн эсрэг төв”-д хандсан гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 117 хүүхдийн 34.1 хувь нь ураг төрлийн хүчинд өртсөн гэж ярьсан тул дээрх хүүхдүүдийн дөчөөс нь чамгүй олон хувь гаргажээ гэж ойлгогдоно. М.Ичинноровын хэлсэнчлэн бид энэ “гэмт хэрэгтэй эвлэрэх ёсгүй, тууштай тэмцэх ёстой”. Харин хувиас хувь гаргаж хүн айлгахаа боливол зүгээр санагдлаа. Энэ талын ойлголт, ухуулга сурталчилгаа, судалгаа байхгүй учраас уг хэрэг өсөөд байна уу, буураад байна уу гэдгийг хэн ч өнөөдөр хэлж чадахгүй хэмээн “Хүйсийн тэгш эрхийн төв”-ийн тэргүүн Г.Ганбаясах ярьжээ.

Хэлж ярихад хэцүү хэргийн хохирогч хувийн ноцтой шалтгаанаар бусдад бараг хэлдэггүй аж. Гэмт хэрэгтэн ихэвчлэн хохирогчийн ойр дотны хүн байхын дээр эдийн засаг болоод ёс суртахууны хувьд эрх мэдэлтэй амьтан байдаг тул дарагдаад өнгөрдөг. Дарагдах хэрээрээ даамжирдаг үйлтэй гэнэ. “Гүнж” төвийнхөн өргөмөл эцгийн хүчин дор 10 жилийг өнгөрөөсөн охиныг зовлонгоос салгажээ. Хэрэг илэрмэгц харин өргөж авсан эх нь ч нөхрийнхөө талд зогсчихжээ. Энэ мэтчлэн хувийн зовлонгоо дэлгэлээ гээд хувь хүн нь хавьгүй их хохирол амсдаг байна. Мөн өнөөгийн үйлчилж байгаа хуулиар хохирогчийг гэрч болгож ашигладаг тул бас тэр бүр цагдаад очдоггүй аж. “Гүнж” төвд хандсан нэгэн охиныг цагдаагийн газарт ханд гэсэн боловч охин өөрийн урьдын мэдэх туршлагаас үүдэн эрс татгалзжээ. Хүчингийн хэргийн хохирогч долоон шат дамжлагыг давж гэмээн сая хэрэгтэнд зохих ялыг үүрүүлдэг гэнэ. Бараг шат бүхэнд арайхийн мартаж ядаж яваа айдсаа ахин дахин сөхөж ярих болдог тул хохирогчид тэр бүхнээс залхдаг байна. Тэгээд ч хэдэн сараар цагдаагийн газрын үүд сахих нь хувь хүний нэр хүндэд халтай тул тэгсхийгээд хаядаг гэнэ. Хувиас хувь гаргавал аймшигтай сонстох мөртлөө хувийн зовлонгоо дэлгэлээ гээд хувь хүн өөрөө хохирох магадлал ихтэй өнөөгийн олон шат дамжлагыг цөөлөөд өгвөл хэрэг шийдэгдэх хувь нь өсөх бололтой.

Шинэ хүчин зүйл

Ураг төрлийн хүчин нийгэмд хэзээнээс мэр сэр байсаар ирсэн. Харин өдгөө “болзооны хүчин” гэх шинэ зүйл бий болжээ. Интернэт орчноор эчнээ танилцах боломж нээгдсэн үеийн гэж болмоор энэ хэрэг сүүлийн жилүүдэд харин нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. Бараа бараагаа хараагүй боловч тодорохой хугацаанд эчнээ харилцсаны үрээр итгэлцэл бий болдог бөгөөд гэмт хэрэгтэн чухам үүнийг л ашигладаг ажээ. Хохирогч энэ тохиолдолд зөвхөн өөрийгөө буруутгаад өнгөрдөг бол бусад нь ч хохирогчид хамаг гэмийг үүрүүлдэг тул чимээгүй өнгөрөх нь элбэг аж. Хэргийн нэг шалтгаан нь анхны болзоогоо “архиар тэмдэглэх” хорт зуршилтай шууд холбоотой гэнэ. Хэрэгтэн хохирогчийг архи согтууруулах ундаагаар шахахаас гадна архи дарсанд элдэв төрлийн мансууруулах бодис хийсэн тохиолдол ч гарчээ. “Гүнж” төвийнхөн дунд сургуулиар сургалт явуулахдаа “болзооны хүчин”-ийн талаар байнга ярьдаг гэж байлаа.

Дунд сургуульд Эрүүл мэндийн хичээл заадаг болсон ч биологийн мэдлэгээс төдийлөн хальдаггүй аж. Насанд хүрэлгүй ээж болсон охид энэ талаар ярьж хэлээгүй эцэг эхдээ бурууг үүрүүлж байгаа нь зүй мэт. Мөн “Эрүүл мэндийн хичээл гэж ордог байсан ч тодорхой юм бараг ярьдаггүй” гэх юм уу “Үсрээд л бэлгэвчний талаар ярьдаг тэгээд багш, хүүхдүүд хэн хэнээсээ ичээд тоглоом наадам хийгээд л өнгөрсөн” хэмээн ярьж байна. Өнөөдөр бид хүчингийн гэмт хэрэгт өртөн нэр хүнд, эрүүл мэндээрээ хохирсон бага насны хүүхдүүдийн тоог гарган шогшорч суухын оронд ухуулга сурталчилгаагаа илүү сайн хийх хэрэгтэй болжээ. Хүчээр бэлгийн дур хүслээ хангана гэдэг нь гагцхүү хурьцал үйлдэхийн нэр биш гэж мэргэжилтнүүд ярьж байна. Мөн бага насны хүүхэд хүчирхийлсэн болгон педофил хэмээх гаж донтон ч бас биш гэнэ. Энэ бүх ойлголтыг нэг мөр болгож, судалгаа болоод тоо баримтыг нь нарийн нягт гаргахгүй бол өрх гэрийн дотор ч хар үүсэх аюул бас бий. Манайхан өнөөг хүртэл бага насны охидыг хүчирхийлэх гэмт хэрэг үйлдэгсдийг харааж ирсэн боловч тэдэнд сэтгэл зүйн судалгаа огт хийгээгүй аж. Хүн ам шигүү суудаг, ядуувтар захын хорооллоор энэ гэмт хэрэг гардаг гэсэн хар таамаг л байна.

Мэдэхгүй бодлогын хариу

“Гүнж” төвийнхөн “Охидын эсрэг хүчирхийллийг зогсоо!!!” нэг сарын кампанит ажлынхаа хүрээнд мянган охиныг хамруулсан “Нөлөөллийн ил захидал бүтээх аян” өрнүүлэхээр төлөвлөжээ. “Охид бэлгийн хүчирхийллийн эсрэг дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлж, шийдвэр гаргах түвшний хүмүүст зориулан өөрсдийн гараар ил захидал бүтээх юм. Охидын бүтээсэн ил захидлуудаар үзэсгэлэн гаргаж олон нийтэд сонирхуулахаас гадна холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнуудад уг ил захидлуудыг зөвлөмжийн хамт илгээх болно” гэж байгаа боловч мөнөөх мянган охин дээрх асуудлыг хэр ойлгож байгаа бол гэдэг нь сонирхол татаж байна. Эргэн тойрных нь насанд хүрсэн эрчүүдийн энхрий ялдам зан хайр болоод тачаалын алин болохыг тэд ялгаж дөнгөх болов уу? Дээр авагдсан бүх хувийг 100 хүрэхгүй тооноос гаргаж ирсэн гэдгийг таны сэтгэлийг амраах үүднээс дахин нэг сануулмаар байна.   

       
  


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn