Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Зүггүй бүтээл, чиггүй цуглуулга
2013 оны 11 сарын 12 [Уншсан тоо: 82642]
Сүүлийн үед урлагийн бүтээл цуглуулах болсон, АПУ ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан Төрийн соёрхолт Ш.Чимэддоржоос тулгар эхийн нэгэн баримал худалдаж авсан юмсанж. Удалгүй мань уран бүтээлч П.Батсайханы өрөөний үүдэн зогсож байхтай таарсан хүн хэрэг зоригийг нь сонирхоход шинэхэн бүтээсэн нялх хүүхдийн барималаа санал болгохоор ирсэн байжээ. Баримал нь “амаржсан” юмдаг уу даа. Өөрийгөө чамгүй арвин болоод тансаг цуглуулгатайд тооцох болсон эрхэм захирал МУИС-ийн МХСС-ийн Урлаг судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ч.Болдбаатарт үнэт хөрөнгөө “гайхуулаад” сэтгэл гонсгор хоцорсон гэдэг.

“НАЙДВАРГҮЙ" ХӨРӨНГӨ   

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жил Хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ)-тээ 635 000 000 төгрөгийн “үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл”-тэй гэжээ. Бусад улстөрчийн ХОМ-ийн  дээрх хүснэгтэд үүнээс ч олон оронтой тоо бий. Тэдний нэрс Батж.Батбаяр, Л.Энх-Амгалан... гэхчилэн үргэлжилнэ. Бизнесмэнүүд тэднээс юу дутав гэж. Тэд аар саар хэрэгцээгээ хангачихсан хойно амьдралын мөч бүрээс, эргэн тойрноосоо таашаал авахыг эрхэмлэдэг. Тийм дээрээс ч урлагийн бүтээлийг “өндрөөр үнэлдэг” улс. Гэхдээ уран зураг цуглуулбал давхар “таашаал эдлэх” аж. “Улаанбаатар-Сонгодо” эмнэлэгийн захирал, эмч Б.Болдсайхан “Хүмүүс уран зураг худалдаж авна гэдэг бол өөртөө оруулж буй хөрөнгө оруулалт. Би нэг зургийг өнөөдөр 1 000 ам.доллароор авлаа гэхэд 10 жилийн дараа 100 мянга хүрч болно. Мөнгөө банкинд хадгалуулснаас хавьгүй өндөр хүүтэй хадгалж байна гэсэн үг. Ямар ч бизнес хийгээд мөнгө ингэж өсөхгүй” гэлээ.

Харин профессор Ч.Болдбаатар “Хувийн зураг сонирхогч нар таамгаар зураг авдаг. Жишээ нь, Ардын зураач Л.Гаваа гэдэг хүнийг таниад, Л.Гаваа гайхалтай юм гэдгийг ойлгоод авч байгаа юм биш. Надад Л.Гаваагийн зураг байхгүй гэж авдаг” гээд тэднийг “Марк цуглуулж байсан бяцхан санаа нь явсаар зураг цуглуулдаг болчихсон” гэж хатуухан хэллээ. Манай зураачдын бүтээл өнөөдөр дотооддоо хавьгүй өндөр үнэ хүрдэг болжээ. Гэхдээ “дэлхийн зах зээл дээр яг хэд хүрэхийг нь өнөөдөр хэлэх хэцүү” гэж Б.Болдсайхан үзэж байна. Дэлхий дахинд мэргэжлийн шүүмжлэгч дүгнэлт өгөөд, дуудлага худалдаагаар үнэ нь тогтдог. Монголд одоогоор ийм систем алга. Харин Монголын уран зургийн галереи 2000 оноос намартаа “Оны шилдэг бүтээлийн үзэсгэлэн” гаргаж тэндээсээ шалгаруулан сан хөмрөгтөө авах болжээ. Гэхдээ өнөө хэр нэг бүтээлийн үнэ 10 сая төгрөгөөс давсан нь үгүй гэнэ. Ноднин 11 бүтээл шалгаруулан худалдаж авснаас Д.Ганбаатар “Монголын нууц товчоо”-ны 12 бүлгийг монгол бичгээр буулгасныг 10 сая төгрөгөөр үнэлжээ. Гэтэл шилдэг бүтээл шалгаруулах комиссын гишүүн Ч.Болдбаатар түүнийг урлагийн бүтээл биш гэв. Мэргэжлийн судлаач, шүүмжлэгчгүй манай оронд уран зургийн үнэ олонд танигдсан байдал болоод төрийн гавьяа шагналаар тодорхойлогдох нь элбэг. Үүнийг Ч.Болдбаатар “Манайхаас социалист ул мөр арилаагүй байна” гэж тодорхойлов. Олон улсын зах зээл дээр чухам хэр үнэлэгдэх нь огт мэдэгдэхгүй зургаар өрөөгөө дүүргэж суугаа үндэстний хөрөнгөтнүүдийнхээ өмнөөс эмээх сэтгэл эрхгүй төрөв.

"УРСГАЛГҮЙ" ЧИГЛЭЛ

“Монголын урлагт концепци алга. Тиймээс зөвхөн уран бүтээл арилжих өртөг нэмэгдэхээс өөр өөрчлөлт гарахгүй байна” гэж Ч.Болдбаатар профессор хэлэв. Модернистуудыг бут ниргэсэн 1968 оныг эс тооцвол Монголын уран зураг социализмын жилүүдэд болоод л ирсэн. Тэр бүү хэл Софи, Берлинд болдог байсан социалист системийн биeнналиас До.Болд, М.Бүтэмж нар шагнал хүртэж явлаа. Тэр цагт тэргүүний хүнийг дүрслэхээс гадна интернационалч, ардач, намч зэрэг тодорхой зарчимтай явсан. Нэг үгэндээ бидэнд ямартай ч концепци байсан. Гэтэл бүх зүйл хөмөрчихөв. Ингээд манай уран бүтээлчид өдгөө “авьяасаараа амьдарч” чадахаа больжээ. Ч.Болдбаатар уран зурагт “Социализмын үед агуулга тал нь давамгайлж байсан. Гэтэл дүрслэх урлагт агуулгыг бус, тэнд байгаа тэмдэгтийн хэлний ойлголтуудыг урлагт оруулж ирэх шаардлага нь агуулгаас дээр тавигдчихсан” гэлээ. Түүний энэ “шаардлага”-ыг ойлгодог уран бүтээлч манайд ховор бололтой юм. 

Өнөөдөр манайд ажиллаж байгаа уран зургийн галереинууд дотроос мэргэжлийн чиг ханадлагатай нь үгүй гэхэд болно. Бид уран зургаа хөгжүүлье гэвэл мэргэжлийн судлаач, шүүмжлэгч, куратор зайлшгүй хэрэгтэй. Гэтэл зураач нар хувийнхаа үзэмжээр, худалдан авагч нар нь “сураг”-аар явж байна. Одоохондоо манай уран бүтээлч, судлаач хоёр ажил хэргийн гэхээсээ илүү найз нөхдийн харилцаатай яваа гэдгийг уулзсан хүмүүс дуу нэгтэй зөвшөөрч байлаа. Олны танил, нэр хүндтэй зураач нар ч ямар нэг концепцигүй байж мэдэх нь. Тэдний хэлсэнд үнэмших аваас монгол зураачид бүгдээрээ модерн, постмодерн хэмээх хоёр ай савд багтах ажээ. Жишээ нь, зураач Ц.Энхжаргал өөрийн бүтээлээр цомог гаргахдаа Ч.Болдбаатараар өмнөх үг бичүүлсэн бөгөөд тэр үедээ л өөрийн “изм”-ийг мэдэж авчээ. Тэрбээр үзэсгэлэнгийхээ нээлт дээр “За, би ингээд Ч.Болдбаатарын хэлснээр нигилизмтэй болж байгаа юм байна” гэж хэлснээс энэ бүхэн тод харагдана. Мөн Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж нэгэн ярилцлагадаа “Тийм урсгалаар зурдаг гэж одоо хэлж чадахгүй. Миний ямар урсгал, чиглэлээр зурж байсныг цаг хугацаа л ялгах байх. Би ямар нэг урсгал, чиглэл баримталдаггүй, өөрийнхөөрөө зурдаг” гэсэн байна.

ҮНЭГҮЙ УРЛАГ
 
Дэлхий даяар уран бүтээлийн ангуучид эгээ л коммунизмын хий үзэгдэл адил тэнүүлчилж яваа. Нэгэнт сонгодог хэмээх ангилалд багтсан бүтээлүүд эзэнтэй болчихсон тул урлагийн хорхойтнууд шинэ “сонгодог”-ийг хайхаас аргагүй. Цуглуулагч нар нүд цавчилгүй залуу уран бүтээлчдийг анаж суудаг. Жилд манайд зарагддаг уран зургийн талаас илүүг нь гадныхан авдаг гэсэн чээж тооцоо сонслоо. Тэр дундаа “нэр хүндгүй”, “гавьяа шагналгүй” залуусын бүтээлийг сорчилдог ажээ. Ч.Болдбаатар “Гадныхан зах зээл дээр өрсөлдөх чадамжтай, өөрийгөө нээх боломжтой улсуудыг эрж хайдаг. Тэдний нүдэнд өртсөн улсууд бол Монголын ирээдүй” гэв. Цуглуулагч Б.Болдсайхан монгол зураачийн онцлогийг “байгальдаа ойр төрөлхийн нүүдэлчин сэтгэхүй, мэдрэмж, хардаг өнгө, өөрийгөө илэрхийлэх чөлөөтэй байдал үүн дээр Европын сонгодог академийн  боловсрол хоёр хосолдог” учир маш сайн бүтээл гардаг гэсэн юм.

Харин дэлхийн жишгээр үнэлэгдээгүй манай зураачдын бүтээлийг гадныхан хямдхан авдаг юм байна. Бүр “Монголчуудаас ч доогуур үнэлдэг” гэж Б.Болдсайхан ярилаа. Монголчуудын зургийг хямд аваад цааш борлуулдаг дилер маягийн ажиллагаатай, “Валиант арт” хэмээх гадаад эзэнтэй галереиг Ч.Болдбаатар, Б.Болдсайхан хоёр дуу нэгтэйгээр үүний жишээнд татсан юм. Харин бид бусдын дайтай үнэлэгдэхийн тулд тэдний жишгээр явах учиртай юм. Ч.Болдбаатар “Монгол өөрийгөө оюуны чадамжтай гэдгээ яаж харуулах вэ гэдэгт асуудал байна. Тэр чадамж чинь өөрөө үнэ цэнэ. Чадамж концепцилогдох хэрэгтэй. Тэгж гэмээн нь сая үнэ цэнэ, үнэлэмж болно” гэж үздэг ажээ. Бид харин одоо монгол хүнд тийм чадамж байна уу, үгүй юу гэдгээ үзэх ёстой. Дэлхийн босгийг давахаас нааш бид жинхэнэ үнэ цэнээ хэзээ ч мэдэх боломжгүй. Тэр болтол хэдүүлээ өөрсдөөс маань өөр хүн “танихгүй” зураачдынхаа ямар үнэ хүрэх нь тодорхойгүй бүтээлүүдээ нэгэндээ гайхуулаад л суух нь дээ.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn