Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шидэт тоо - 70 000
2013 оны 11 сарын 27 [Уншсан тоо: 85659]
ТЭР ХҮССЭНДЭЭ ХҮРСЭН, ХАРИН ХЭЛСЭНДЭЭ ХҮРЭХ ҮҮ?

Сар бүрийн 70 мянган төгрөгөө нэхэж, оюутан бус тэргүүнтэй Монголын оюутны холбоо (МОХ) тэднээс “гуйх юмгүй” болсон Ц.Элбэгдоржид шаардлага хүргүүлжээ. Гэтэл тэрбээр таг чиг Азийн орнуудыг зүглэн одов. Ерөнхийлөгчийн “Цалинтай оюутан-Хариуцлагатай оюутан” хэлц “онч үг” ангилалд ороо биз. Харин ХУИС-ийг өнгөрдөг хавар төгссөн Б.Э оюутнуудын амны уншлага “Далан мянга буухаар...” гэдэг яриаг “Мөнгө зээлэх шидэт үг” гэж тодорхойлов. Чухам энэ үнэн байх. Гэхдээ “Шидийг олоод нисэхийг шахав, шидмэсээр боолгоод үхэхийг дөхөв” гэдэг яриа бий.


ХАРИУЦЛАГА НЭХСЭН ОЮУТНУУД

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэх сураг гармагц МОХ хөдөлгөөнд оров. Сар бүр төрөөс олгодог 70 мянган төгрөгт шалгуур тогтоох чимээнээр төрийн гурван институцид бичиг хүргүүлжээ. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол “Монголд өмнө нь байгаагүй олон оюутан хамруулсан жагсаал хийж, тэмцлийн хурц хэлбэр сонгоно” гэв. Харин БШУ-ны сайд Л.Гантөмөр “Арай ч жагсахгүй байх. Ямар нэг байгууллага байгуулчихаар л ийм асуудал гардаг. Түүнээс биш хүн зүгээр мөнгө авъя гэж жагсахгүй” гэдэгт итгэлтэй сууна. Гэвч энэ сүрдүүлгийн учиг “байгууллага” биш юм. МОХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал “Анхнаасаа оюутны далыг өгөөч гэж гуйгаагүй. Энэ бол үнэндээ улстөрчдийн амлалт” гэв. Тэр ч тийм. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн толгойд харван орсон “суут санаа” эдийн засаг хүндрэхийн цагт “бөмбөг” ч болж мэднэ.

2011 оноос оюутнуудад сар бүр 70 200 төгрөг өгч эхэлсэн. Хожим БШУЯ журам гаргаж “3.2-оос дээш голч дүнтэй суралцвал 50 хувийн нэмэгдэл, эрэлт хэрэгцээтэй 20 мэргэжлээр сурвал 50 хувийн тэтгэлэг” өгөхөөр болжээ. Харин дээрх хуульд “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх” гэдэг томьёолол бий. Өнгөрсөн хавар Монгол Улс хөдөлмөрийн хөлснийхөө доод хэмжээг шинэчлэн цагт 1 142 төгрөг 85 мөнгө байхаар тогтоож, өнгөрөгч есдүгээр сарын 1-ээс мөрдөхөөр шийдвэрлэсэн. Тэгэхээр оюутнууд сар бүр 70 200 бус 95 970 төгрөг нэхэх эрхтэй улс. Гэхдээ МОХ асуудалд басчиг наанатай цаанатай хандаж хуулиндаа өөрлөлт оруулахын оронд журмаа сайжруулах санал тавьсан гэнэ. Ухаан нь, хоёроос доош голч дүнтэй суралцвал 70 мянгынхаа 50 хувийг авъя гэдэг санаачилга гаргажээ. Гэвч З.Энхболдын алх тас. Э.Батжаргал “Бид зүгээр л улстөрчдийг хариуцлагатай байгаач гэж байгаа. Яагаад сонгууль дуусчихаар хэлснээсээ буцаж байгаа юм бэ?” гэв. Ганц тэр биш бүх оюутнууд, цаашилбал Монголын иргэд ч яг ингэж асуух ёстой.


УВАЙГҮЙ МЭХТЭЙ УЛСТӨРЧИД

Асуудал эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэй. Дэврүүн цагийн төсвөө тодотгох хүрээнд хаа сайгүй ханаж танаж байна. Харин МОХ жилдээ нэг тэрбум гаран төгрөг шаардах оюутны тэтгэлгийг өгсөн ч улсын төсөв хотойхгүй хэмээн үзэж байгаа аж. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “аттестатчлагдсан” сургуулийн оюутанд л тэтгэлэг олгох санаа явсан. Далан мянгатай болох оюутныг цөөлөх заль. Тэр бүү хэл тухайн сургууль төгсөгчдийнх нь 50-аас доошгүй хувь ажлын байртай болсон аваас оюутанд нь далан мянган төгрөг өгөхөөр сэтгэжээ. Гэтэл 2011 онд 36 мянган хүн их, дээд сургууль төгссөн ч тэр жил Монгол Улсад ердөө 17 мянган ажлын байр гарсныг статистикаас харж болно. Төсөлд бүр “мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан” гэж нарийвчилсан, тиймээс дээд боловсролтой худалдагч бэлтгэдэг аль ч сургуулийн оюутан тэтгэлэггүй хоцрох юм. Өнөөдөр дээрх шалгуурыг ганц ШУТИС давахаар харагдах авч мэргэжлээрээ ажиллаагүй хичнээн төгсөгч явааг бүү мэд. Тухайн сургуулийн захиргаа оюутнууддаа санаа тавьж, худал хувь гаргах нь юу л бол?! Далан мянгыг сургуулиар дамжуулан тарааж байхад ШУТИС-ийн захирал Б.Дамдинсүрэн, Г.Дамдинням нар мөнгийг нь өгөлгүй банкинд байршуулан мөнгө хүүлсэн гэдэг яриа гарч байсан. Тиймээс оюутны төлөө хөдлөх захирлыг бурхантай л зүйрлэж болно. Тэгээд ч “тэтгэлэг олгоно” гэдэг томъёоллоо “тэтгэлэг олгож болно” болгочихсон. Энэ санаа “өгөхгүй ч байж болно” гэдэг давхар утгатай.

Дээрх хуульд өөрчлөлт оруулахын өмнөх хэд хоногт оюутны далан мянга зугаа цэнгэлд зарцуулагддаг тухай хэвлэлээр хөвөрсөн. Үүнийг МОХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал “төр засгийн захиалгат ажиллагаа” хэмээн үзэж байгаагаа огт нуусангүй. Хэлсэндээ хүрэлгүй нохойтсон улстөрчид тийм явуулга хийсэн байлаа ч гайхах зүйлгүй. УИХ-ын цөөнхийн бүлэг ч тэгсхийгээд чуулган дээр зарчмын эсэргүүцэл үзүүлсэн болоод өнгөрлөө. Оюутны тэтгэлэгт шалгуур тавих ёстой гэж үзэж буй МАН-ын гишүүн, сайд асан Ё.Отгонбаяр “Ер нь төсөвт хүндрэл үүсч байгаа учраас оюутнуудад олгож буй тэтгэлгийн хэмжээг тодорхой хэмжээгээр хасах бодлогоор л ийм өөрчлөлт хийсэн болов уу” хэмээн ярьжээ. Түүний гаргалгаа ортой боловч цаг цагийн сонгуульд идэвх муутай оролцдог залуусын талд МАН ч орсонгүй. Арван хувь нь саналаа өгдөг 18-25 насны бүлэгт багтах оюутнуудыг “хошгируулж”, 2009 онд өрсөлдөгчөөсөө 3.8 хувийн санал илүү авсан Ц.Элбэгдорж уул нь хориг тавих эрхтэй хүн. Харин ингэлээ гээд түүнд улс төрийн ямар хожоо гарах бол?


АЛД ДЭЛЭМ ЗӨРҮҮ

МОХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргал оюутнууд далан мянгаа юунд зарцуулдгийг өнгөрсөн жил судалсан гэлээ. Түүний хэлсэнд үнэмших аваас 60-65 хувь нь сургалтын төлбөртөө шилжүүлж, 20 орчим хувь нь лизингээр хэрэгцээт зүйлээ худалдаж авсан байна. Харин МУИС-ийн Бакалаврын сургалтын албаны мэргэжилтэн Д.Болдбаатар “Оюутан сургалтын төлбөртөө шилжүүлье гэж сургуультай гэрээ хийх ёстой. Бодит байдал дээр оюутнууд данстай болчихсон, түүгээрээ өөрсдөө авдаг” гэв. Эхний жил сургуулиар нь дамжуулан мөнгө олгоход сургалтын төлбөрөө өгөөгүй оюутантай тохирч суутгах тохиодол байсан аж. Гэвч МОХ оюутны 70 мянга их, дээд сургуулиуд төлбөрөө нэмэх шалтаг боллоо гэх мэт хэл ам гаргаснаар хүн бүрийн дансанд хийх болсон юм. Ингээд мөнгийг Сургалтын төрийн сан мэдэх болжээ. Харин тус газрын мэргэжилтэн Ч.Дэчээ өнөөдрийг хүртэл ганц ч оюутан далан мянгаа сургалтын төлбөрт шилжүүлье гэж ирээгүй гээд “Хэзээ буух вэ л гэж асуудаг” хэмээн мушийв.

Ноднин IRIM төвийн судлаач Л.Мөнхбат оюутны тэтгэлэгтэй холбогдуулан судалгаа хийсэн юм. Дүн нь тааруухан гарчээ. “Санхүүгийн дэмжлэг авснаар оюутан сурах гэхээсээ илүүтэй зугаа цэнгэл хөөцөлдөх нь их болж”. Оюутны дал сурлагад нь хэрхэн нөлөөлснийг үзэхэд 2010 оноос голч дүн нь 0.5 пунктээр буурсан байдал харагджээ. СУИС-ийн оюутан Ц.М далан мянган төгрөгөө өрөнд өгдөг гэнэ. Харин ХУИС-ийн төгсөгч Б.Э “Манай ангийнхан өрөө төлөхөөс гадна бааранд ордог байсан” гэж хэллээ. МОХ ч энэ мэтээс үүдэлтэй болов уу гэмээр видео сурталчилгаа цацаж байсныг та санаж магад. “Дал буучихлаа, явж наргия” гэсний хариуд “Би сургалтын төлбөртөө шилжүүлчихсэн” гэх зураглал амьдралаас хол байж мэдэх нь. СЭЗДС-ийн ойролцоох кафен эзэн оюутнууд далан мянган төгрөг нь буусан өдөр пирожки, пирог гэхээсээ илүү хоол авдгийг анзаарчээ. Ууж, идэх нь Э.Батжаргалын хэлсэнчлэн хүний анхдагч хэрэгцээ мөн. Гэхдээ бодит дүр зураг түүний ярьснаас өөр магадгүй. Уулын мод урттай богинотой. Бүгд архи уугаад дуусгахгүй нь мэдээж. ХУИС-ийн багш Ж.Хулан хэсэг оюутан далан мянгаасаа хандив цуглуулж сургуулийнхаа ойролцоо худалдаа хийдэг эмээд туслаж байсныг дурссан. Харин мөнөөх судалгааных нь дүн МОХ-ны сайт болоод Фэйсбүүк хуудас дээр бий гэж хэлсэн Э.Батжаргалаас дахин лавлахад хариу өгөлгүй тагчиг болсон юм.


ХУВИЙН САНААЧИЛГА

Манай ерөнхийлөгч онцгойдоо оюутны тэтгэлэг бодоод олчихсон юм биш. Дэлхий дахинд хэдийн ажил хэрэг болчихсон зүйл. Монголын компаниуд ч оюутнуудад тэтгэлэг олгодог. Өдгөө “Зориг сан”; Голомт болон ХААН банк; MCS, Оюу Толгой компаниудын тэтгэлэг хамгийн өндөрт тооцогдоно. Голомт банк энэ жил 11 удаагийнхаа Оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тус хөтөлбөрөөр нийт 100 оюутанд нэг хичээлийн жилд хүн болгонд 700 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог. Бусад нь ч үүнээс хол зөрөөгүй. Харин компаниудын шалгуур өндөр. Сурлагын голч дүн 3.5 болон түүнээс дээш байхаас гадна гадаад хэлний мэдлэгийн төвшин дундаас дээш байхыг шаарддаг. Түүгээр зогсохгүй тухайн хэл дээр нь эссэ бичүүлдэг байна. ХУИС-ийн багш Ж.Хулан ийм тэтгэлэгт багтдаг оюутнууд бусдаасаа хол илүү идэвх чармалттай байдгийг батлан хэлсэн юм.

Байгалийн ухаан, тэр дундаа инженер мөн санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутанд зориулсан тэтгэлэг элбэг. Гэхдээ зөвхөн нийгмийн ухааны мэргэжилтэн бэлтгэдэг ХУИС ч гарц олжээ. Тус сургууль шилдэг оюутандаа сургуулийн нэрэмжит цалин гэж сар тутам 100 төгрөг олгодог байна. Ер нь сурлага сайтай оюутан хувийн болон хувьсгалын тэтгэлэгийг давхар хүртэх бөгөөд баргын хүнээс дутахгүй орлоготой аж. Үүний хажуугаар Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг ч гэж бий. Бусад улстөрчид ч юугаараа дутах билээ. Тойргийнхоо хэмжээнд өөр өөрийн гэсэн оюутны тэтгэлэг, тэтгэмж бодож олцгоожээ. Хэдий хэн хэн нь хувийн эрх ашгийн үүднээс тэтгэлэг олгодог ч хаана хаанаа хэрэгцээ шаардлага хоёр бие биенээ олоод ирсэн. Харин хавтгайруулснаас хойш л хэрүүл шуугиан тасрахаа байлаа.


ХУВЬСГАЛЫН ТОХИРОО

Намраас хойш оюутны далан мянгадаа найдсан залуусын өр зузаарсаар... Ардчилсан хувьсгалын түрлэг болсон түүхтэй МОХ хүчиндээ эрдсээр... “Араа даахгүй байж яах гэж ам гардаг юм...” - МОХ-ны залуусын хэлж байгаа үг. “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны зүтгэлтэн асан Г.Уянга, Д.Батцогт нар өдгөө ямар зиндаанд хүрснийг тэд андахгүй. Төрийн эсрэг “тэмцлийн хурц хэлбэр сонгож” явсан О.Магнай өнөөдөр хаана ханхалзаж байгааг МОХ-оос “дэвшин зайлах”-аа хүлээж буй ирээдүйн “улстөрчид” харж л суугаа... “Далаа буухаар...” гэдэг яриатай, сурлагын голч дүн нь 2.5 хүрэхтэй үгүйтэй зуун мянган оюутныг тэд хэрхэн залахаа мэднэ... Хуулийн өөрчлөлт ёсоор 2014-2015 оны хичээлийн жилээс асуудал хурцдана. Хавар ч болно... Улстөрчид өө, шидэт үгсээ жаахан бодолтой хэлцгээхтүн. Эс тэгвэл есөн шидийн юм ярьсныхаа хариуд далан таваар бууж өгөх өдөр ирж мэднэ шүү!  

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn