Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
“Баасан ах”-гүй ч бялуутай нутаг
2014 оны 3 сарын 18 [Уншсан тоо: 59927]
Баян-Өлгий аймгийн төв Өлгийд ажлын сүүлийн өдөр буусан бид “Баасан ахын төрсөн өдөр” энд ирсэндээ багагүй олзуурхаж явлаа. Гэвч Баасан гаригт өлгийчүүд ажлынхаа алжаалыг тайлж ганц нэг аяга шар айраг шимэхийн оронд гэр гэрийн зүг яаран оддог ажээ. 2010 оны аравдугаар сарын 29-ны ЗДТГ-ын 210 тоот захирамжаар долоо хоног бүрийн Баасан гаригт архи дарс зарахыг хориглосон байна. Гэхдээ энэ хориг сүсэг бишрэлийн уг сурвалжтай юм. Тус өдөр ислам шашинтнууд талийгаач өвөг дээдсийнхээ сүнсийг эргэн ирдэг хэмээн үзэх тул үд дунд жума намаз нэртэй мөргөл үйлдэж буян хураадаг гэнэ. Социализмын үед өсөж торнисон казахууд ерөнхийдөө бурхангүй үзэлтэн боловч ганц энэ өдөр зарим нь мөргөлд оролцдог ажээ. “Баасан ахын төрсөн өдөр”-ийг тэмдэглэхгүй өнгөрөөх нь дээ гэж биднийг тоглоом болгоход нутгийн залуу “Аргалж болох байлгүй дээ” гэж байлаа. Монгол л болсон хойно арга нь олддог биз. Харин Баасангаас бусад гаригт Өлгий хотод найр цэнгээн тасардаггүй гэнэ. Ялангуяа хуриманд асар их ач холбогдол өгдөг байна.

Бусад орон нутагтай харьцуулахад архины төлөө амьдрагч тун цөөн болох нь нүднээ илт. Аймгийн төвийн хүнсний зах архичны орон тоо тун багатай харагдсан. Гэхдээ л тус аймгийн дарга нар архидалттай тэмцэнэ гэж ярив. Учрыг нь лавлахад ИТХ-ын дарга Б.Лазатхан “Манайхан учир шалтгаангүй архидаад байх нь ховор. Харин элдэв төрлийн найр наадам тасардаггүй. Бүр сүүлдээ хүүхдийнхээ үсэглэлийн баярыг “Альфа той” гэж нэрлээд найр болгочихсон” гэв. Шалтаг мундах биш дээ. Харин тэгж их ууж идэх мөртөө тасарч унаад, ухаан мэдрэлээ алдсан хүн тав хоноход бидэнтэй лав таарсангүй. Аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа М.Батболд Эрүүлжүүлэх байрыг цагдаагаас салгаж Эрүүл мэндийн яамны харьяанд оруулсан гэх боловч “байнгын үйлчлүүлэгч”-ийн тоо бараг өөрчлөгдөөгүй гэж байна. Яагаад гэвэл ухаанаа уусан хүн ховор, харин агсам тавигчид зангаа тавиагүй аж. Тиймээс Албадан саатуулах байр нь бусад аймгийн дунджаас арай доогуур тооны иргэдэд үйлчилж байгаа гэв. Ямартай ч архидалттай эрчимтэй тэмцэж байгаа бололтой. Урьд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулж байсан нэгэн иргэн согтуу хүнд архи худалдсан гэдэг шалтгаанаар эрхээ хасуулжээ. Мөн бидний шинэ танил маань машиндаа халамцуу найз нараа суулгаж яваад “архидах орчин бүрдүүлсэн” гэдэг үндэслэлээр торгуульсан гэнэ. Энэ жишгээр бол Улаанбаатарын таксины жолооч нар хөөрхий болох нь гэж бодогдсон.

Найман нэрийн барааны “Нурым” дэлгүүрийн эзэн Т.Какеша АН-ын гишүүн ажээ. Гэвч АН төрд гарснаас хойш маш олон зүйлийг хорьж боож байгаа гээд “Бүр санаа бодлоо ч чөлөөтэй хэлж болохоо больсон” гэдгийг онцолж байна. 2012 оноос өмнө 200 орчим байсан архи согтууруулах ундаа борлуулах цэгийг Шинэчлэлийн засгийн газар гарч ирээд 117 болтол нь цөөрүүлжээ. Уг тайлан тус аймгийн сайтад бий. Т.Какеша хоёр хүүхэдтэй бөгөөд том нь энэ хавар МУБИС-ийг төгсөх гэнэ. Харин бага нь Өлгий хотын Монгол-Турк сургуулийн есдүгээр ангид сурдаг ажээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр болоод амьдралын хэрэгцээгээ энэ дэлгүүрээсээ хангадаг. Өнгөрсөн жил эднийх зөвшөөрлөө сунгуулсан дэлгүүрүүдийн тоонд багтжээ. Гэхдээ сүүлийн үед яригдах болсон Архины хяналтын тухай хуулийн агуулгыг нэг л сайн ойлгоогүй суугаа аж. Дэлгүүрийнх нь гол орлого архи, тамхи хоёроос ордог болохоор амьжиргаа нь илт буураад ирнэ гэв. Харин нэрээ гаргахыг хүсээгүй дэлгүүрийн эзэн тамхийг бол нууж хаагаад зараад байгаа. Заримдаа баригдаад торгуульдаг л юм гэж байна. Урьд нь Увс, Ховдод ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн цагдаагийн дарга М.Батболд өөрийн туршлагаар “Хорьж цагдаад ирэхээр далд байдалд орж улам хор хөнөөлтэй болдог. Чөлөөтэй байх тусмаа асуудал нь багасдаг” гэлээ.

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын гишүүн Т.Нансалмаа “Би бизнесмэнүүдийг биш бүхэл бүтэн Буянт сумыг төлөөлж сонгогдсон. Гэхдээ бизнест чиг, бодлого нь их хязгаарлагдаж байна. Ер нь манай Баян-Өлгий аймгийн нийт бизнесмэнүүдийн дийлэнх нь хүнсний бараа буюу найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг” гэв. Шинэчлэлийн засгийн газрын үеэс бизнест маш их дарамт ирдэг боллоо гэж уулзсан бизнесмэнүүд ярьж байлаа. Тамхины хяналтын хууль гарсан даруй Т.Нансалмаад бизнесмэнүүд нь олноороо ханджээ. Яг сургуулийн дэргэд биш, 400-480 метрийн зайд байхад мөнөөх хуулийн хүрээнд багтчихсан хүмүүс “Нууж заръя гэхээр хууль зөрчих гээд байна. Устгачихъя гэхээр мөнгөөрөө худалдаж авсан байдаг. Яах билээ?” хэмээн ярьжээ. Харин саяхны ИТХ дээр Өлгийд ердөө дөрвөн цэгт согтууруулах ундаа зардаг болно гэж ярьсныг Т.Нансалмаа дуулгав. Тэрбээр “Ингээд ирэхээр хэдхэн хүний гарт ороод, монополь тогтчихно шүү дээ” гэж байлаа. Мөн төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж буй энэ цагт НӨАТ-ын босго хэтэрхий доогуур байгааг ч дурьдсан юм.

Өнгөрсөн шинэ жилийн өмнөхөн тус аймгийн ИТХ-аас хачирхалтай гэмээр шийдвэр гаргажээ. Мэргэжлийн хяналтын газартаа “Улаанбаатараас авчирсан бялууг заруулахгүй” байхыг үүрэгдсэн байна. Мэдээж шалтаг олсон л доо. “Хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчигдөх” гэдэг бэлээхэн үндэслэл бий. Үүнээс болж найман нэрийн гэлтгүй маш олон дэлгүүр орлогоороо хохирсон байна. Өлгийн төвд уртаашаа гурван газарт бялуу үйлдвэрлэдэг боловч амт, чанар тааруугаас иргэд нийслэлийн бялуу авах сонирхолтой байдаг аж. Нэг хэсэг иргэд монопольдож байна гэж хардсан бол нөгөө нь Засгийн газраас тийм хууль дүрэм гаргав уу хэмээн гайхжээ. Сав л хийвэл юм бүхнийг хорьж хааж байгаа Шинэчлэлийн засгийн газар, УИХ дахь АН-ын гишүүд ийм хууль санаачилсан байлаа гэхэд өдгөө хэн ч гайхахаа болиод байна. Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг гэгчээр ИТХ-даа давамгайлсан Баян-Өлгийн АН-ынхан ч бас л шаггүй “хорихоор” улс бололтой.

Биднийг очдог өдөр архины цээртэй байснаас гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс Ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжсэн зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Дөрвөн ч салбар, тэр дундаа Бизнес эрхлэгчдийн салбар хуралдаан хийсэн нутгийн ихэс дээдэс бизнесмэнүүдээ хэрхэн дэмжихээр ярьсныг бүү мэд. Харин бидний уулзаж ярилцсан хүмүүс “Том төрөөс Ухаалаг төр лүү” Үндэсний зөвлөлдөх уулзалт дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөгийн дарлагдсан ард бол бизнес эрхлэгчид” гэж хэлснийг олонтаа ишилж байсан юм. “Баасан ахын төрсөн өдөр”-ийг үгүй хийсэн нь таатай боловч бялуунд хүртэл гараа дүрсэн Баян-Өлгий болоод бусад нутгийн засаглагчид “өнөөгийн дарлагдсан ард”-ыг багахан хавчаасай билээ. Таргийн таван ямаандаа атга өвс өгөхгүй мөртөө өдөр шөнөгүй шувтраад байвал хожим өөрсдөө л хоосон хонох байх даа.  
         



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив