Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тоорцогтой улстөр
2014 оны 3 сарын 21 [Уншсан тоо: 77203]
Баян-Өлгий... Өлгий хот... Үндэстний цөөнх... Монголын гадаад... Яг гадаадад оччихсон юм шиг... Сүүлийн жилүүдэд Алтай таван Богдыг чиглэсэн гадны аянчин жуулчид салахаа больсон Баян-Өлгий аймгаа монголчууд ингэж тодорхойлох ажээ. Өнгөрсөн намраас үе үе хэл ам татлах болсон баруун хязгаарт ямар асуудал байна вэ? Асуудлыг асуудал гэж ойлгож байна уу, асуудал болохооргүй зүйлийг асуудал болгоод байна уу гэдэгт асуудал байгаа мэт...

Үндэстний цөөнх

Уулзаж ярилцсан хүн болгон алба мэт үгээ “Манайх бол онцлогтой аймаг...” гэж эхлэнэ. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард аймгийн ЗДТГ-аас хэвлүүлсэн “Баян-Өлгий аймаг гарааны жилдээ” ажлын тайлан гэрэл гэгээтэй мэдээллээр дүүрэн. Өмнөх жилээс олон хүүхэд эсэн мэнд төрж, гэмт хэрэг илэрхий буурч, малын тоо толгой өсчээ. Аймгийн Засаг дарга Х.Дармен амжилтаараа бахархахын зэрэгцээ “асуудал”-аа ч тоочлоо. Босоо удирдлагатай төрийн агентлагийн дарга нарыг дээрээс томилж байгаа, тэгэхдээ монгол хүн тавиад байгаа учир нутгийн иргэд хэл ам хийх болсон гэнэ. “Монгол Улсын иргэн хэн боловч энэ орны хаана ч ажиллаж болно. Гэхдээ нутгийн иргэд хийчихээр орон тоон дээр заавал монгол хүн тавих ямар хэрэг байдаг юм бол” хэмээн ярилаа. Аймгийн Тамгын газрын дарга А.Манкей “Жирийн цагдааг хүртэл гаднаас тавьж байна. Улсын хэмжээнд ийм сэлгээ хийж байгаа байх” гэв. Харин аймгийн Цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа М.Батболд “Манайх 120 гаруй албан хаагчтай, түүнээс 31 нь монгол гээд байгаа хүмүүс, гэхдээ нутгийн иргэд. Хуучин бол 100 хувь шахам казахууд байсан” гэсэн юм.

Төрийн албаны тухай хууль яам агентлагийн дарга нарыг томилохдоо орон нутгийн удирдлагатай зөвшилцөнө гэдэг заалттай ч өөрсдийнх нь саналыг огт хүлээж авахгүй байгааг Х.Дармен хэллээ. Хамгийн сүүлд Нийгмийн халамжийн газрын даргаар нутгийн монгол хүн томилсон, түүнийг хүлээн авах боломжгүй гэдгээ дээш нь биччихээд сууж байна хэмээн тэрбээр санаа алдав. Зарим хүний тодорхойлж буйгаар өнгөрсөн намраас дэгдсэн “дарлагдсан казахуудын асуудал” чухамдаа томилгооноос үүдэлтэй болохыг МУСГЗ Р.Сураган ярьсан юм. Тэрбээр “Ардчилсан хувьсгалд эхнээс нь амь биеэ зориулсан АН-ын гишүүд нам нь сонгуульд ялчихаад байхад ажил албагүй үлдчихээр гомдолтой биз дээ” гэлээ. Харин Х.Дармен “Баян-Өлгийг монголжуулсан дарга” гэдэг хочтой болсондоо харамсаж сууна. Энэ үгийг “Улс төрийн намууд, тэр дундаа эрх мэдлээ алдсан МАН-ынхан гаргасан” гэж тэрбээр хэллээ. Ийм хоч ирэх сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэдгийг харин огт дурссангүй. Гэхдээ “Би урдах ажлаа яаж ч хичээж хийгээд энэ асуудлаар л миний амыг тагладаг болсон” гэв. Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүх “Хууль хяналтын байгууллагад монгол хүмүүс ажиллах болсонд ард түмэн таатай хандаж байгаа” гэж байна.

Х.Дармен “МАН-ын үед төрийн алба төрлийн алба болчихсон байсан” гэсэн боловч өмнөх засаглалд хичнээн монгол дарга байсныг, өнөөгийнхтэй харьцуулан хуруу даран тоолж үзүүлсэн юм. Түүний хурууг харвал 2012 он хүртэл долоо байсан монгол дарга өнөөдөр 12 болжээ. Хөндлөнгийн хүний нүдээр халаа сэлгээ тус аймагт эерэгээр нөлөөлсөн мэт. Өнгөрөгч онд АТГ-ын өгсөн үнэлгээгээр тус аймаг авилгын төвшингөөр 18 дугаар байрт явснаа энэ жил 11 дүгээрт оржээ. Харин тендерийн ил тод байдлаар улсад сүүл мушгиж байгаад 2013 онд долоон байраар урагшилжээ. Гэхдээ энэ аймагт улс төрийн үнэлгээ бусдаасаа өөр бололтой. Аль ч дарга даамлуудын яриа яаж ийгээд “томилгоо” руу гулгаад орчихож байгаа нь ажиглагдсан. Шашинд суурилсан ургийн зохион байгуулалттай нийгэмд цус сэлбэх чухал баймаар. Үүнийг өнгөрсөн засгийн үед гарсан, одоо шалгагдаж буй улсын хөрөнгө мөнгө ихээр зувчуулсан хэргүүд батлах мэт. Биднийг Өлгийд байх өдрүүдэд Монгол Улсын гаалийн алба томоохон сэлгээ хийхээр болж, Баян-Өлгийгөөс долоон байцаагч өөр газар томилогдож есөн хүн шинээр ирэхээр боллоо гэж тус газрын дарга Д.Чинзориг ярьсан юм.

Цөөнхийн цөөнх

Засаг дарга Х.Дармен “Манай урианхайчууд өөрсдийгөө цөөнхийн доторх цөөнх гэдэг. Гэтэл Үндсэн хуулиар бол бид уул нь цөөнх” гэлээ. Харин Тамгын газрын дарга А.Манкей “Бид одоо ч, урьд нь ч үндэстний цөөнхийн бодлогыг ярьдаг” гэсэн нь чухамдаа урианхай тэргүүтэн ястнуудын тухай хэлсэн хэрэг юм. Баян-Өлгий аймгийн хүн амын найм орчим хувь нь урианхай, дөрвөд, тува, халхууд ажээ. Эндээс мөнөөх “цөөнхийн цөөнх” гэдэг өрөвдөлтэй нэр томьёог гардаг байна. “Хууль ёсоор” цөөнх болдог казах дарга нар зовлон тоочиж байхад “цөөнхийн цөөнх” нь ч зүгээр суудаггүй бололтой. Ноднин Засгийн газрын 11 11 дугаартай утас руу Сагсай сумын нэгэн иргэн залгаж гомдол мэдүүлжээ. “Монгол хүн гээд ажил өгөөгүй, газар олгоогүй” гэсний мөрөөр А.Манкей сумын даргатай нь ярихад мөнөөх иргэн ажилтай төдийгүй Өлгий, Сагсай суманд тус тус газартай байсан гэнэ. 
 
2005 онд “цөөнхийн цөөнх” “Урианхай, дөрвөд, тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо” байгуулж, одоогийн аймгийн прокурор Т.Батсүх тэргүүнээр нь сонгогджээ. Тус холбоо зорилгоо “Аймгийн хүн амын цөөнх болсон урианхай, дөрвөд, тува иргэдийн хөдөлмөрлөх сурч боловсрох эрхийг хангуулах, нийгмийн хамгааллыг сайжруулах, соёл, урлагийн үнэт өвийг хамгаалж сэргээн хөгжүүлэх, шашны зан үйлээ эдлэх боломжоор хангах” гэж тодорхойлсон байна. Ямартай ч энэ ТББ-ынхан угсаатнуудын зан үйлийг сурталчилах зорилгоор “Урианхайн цагаалах ёсон”, “Язгуур өв”, “Тува хуримлах ёсон”, “Дөрвөн эх хэлний баялаг уламжлал” зэрэг нэвтрүүлэг хийсэн аж. Тус холбооны тэргүүн Т.Батсүх 2005 он тавдугаар сард, анхдугаар чуулган дээрээ “Баян-Өлгий аймгийн цөөнх монгол угсаатан иргэдийн эрхийн хэрэгжилтийн байдал” илтгэл тавьсан гэнэ. Тэрбээр бидэнтэй ярихдаа “2010 оноос л 150-160 орчим монгол хүн ажилд орсон” гэж хавчуулсан юм. Харин Өлгий хотод буддын шашны хийд байгуулахаар газар авсан ч түүнийгээ хожим нэр дээрээ шилжүүлээд зарчихжээ. Гэхдээ дахин шинээр газар авч бяцхан сүм нээсэн ч лам тогтохгүй байгаа гэв.

Тус холбооны удирдах зөвлөл 12 гишүүнтэй бөгөөд олонх нь одоо ч удирдах алба хашиж байна. Харин тун саяхан, хэдэн жилийн өмнө хэл ам болж олж авсан Өлгийн төв талбайд байх “Урианхайн соёлын төв”-ийг нь нутгийн бизнесмэнүүд худалдаж авчээ. Уул нь тэр байшинг Жуков, Адилбиш хоёрт менежментийн хувьчлалаар өгсөн аж. Нэг хэсэг урианхайчууд тэндээ Цагаан сар тэмдэглэдэг байсан гэнэ. Харин “Урианхайн соёлын төв”-ийг Т.Батсүхийн зөвшөөрлөөр зарсан гэдгийг нутгийн нэгэн эрх мэдэлтэн хэлсэн юм. Баян-Өлгий аймгийн ИТХ-д “цөөнхийн цөөнх”-өөс хоёр гишүүн суудаг. Тэдний нэг Т.Нансалмаа ИТХ-ын хоёр эмэгтэйн нэг бөгөөд орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хүйсийн болон яс угсааны квот тогтоох нь зөв гэж боддог аж. “Цөөнхийн цөөнх”-өөс гадна “Баян-Өлгийд ирж үзээгүй ч эндэхийн гаралтай нэг нөхөр Улаанбаатарт асуудал тавьдаг. Би тэнд даргаар оччихвол Монгол төрийн тархины зовлонг анагаана” гэх мэт популист юм яриад явдаг гэдгийг хэд хэдэн хүнээс сонслоо. Түүнийг нэрийг харин хэн нь ч хэлсэнгүй. “Цөөнх”, “цөөнхийн цөөнх” учраас тэр үү, казах, монгол гэлтгүй ямар нэг зүйл ярьчихаад “нэрийг нь хэлээд яахав дээ” хэмээн үгээ залгих аж.

Цуурхал ба хийрхэл

“Өлгий хотын гудамжаар монгол дээлтэй явбал зоддог гэнэ”. Энэ үнэн. Гэхдээ аль эртийн явдал. Ганц Баян-Өлгий ч биш, социалист Монголын хот суурин бүхэнд гарын чилээгээ гаргах гэсэн нөхдүүд байшингийн хооронд явуулахгүй “Муухай харлаа” гэдэг шалтгаанаар аль таарснаа зоддог байлаа. Харин Өлгийн атамануудын хүн зодох нэг шалтаг нь л дээл байсан хэрэг. Одоо тэнд таныг Хүннү, Сүннүгийн хувцастай явсан ч хүн тоож харахгүй.

“Баян-Өлгийнхөн монгол хэл мэддэггүй”. Энэ ч үнэн. Гэхдээ нийтээрээ мэддэггүй гэсэн үг хараахан биш. Ерээд онд хөдөөгийн хүүхдүүд олноороо сургууль завсардсан, тэр үеийнхэн. Ялангуяа зарим малчин залуус үнэхээр монгол хэлэнд таг. Дургүйдээ тэд сураагүй юм биш, зүгээр л ороо бусгаа цагийн золиос болсон хүмүүс. Харин аймгийн одоогийн удирдлагууд монгол хэлний сургалтад анхаарал хандуулахаар шийджээ.

“Казахууд Казахстан руу нүүцгээнэ”. Энэ оргүй худал. Н.Назарбаевын зарласан “Түүхэн эх орондоо буцах” хөтөлбөрийн дагуу 1991-2000 оны хооронд Монголоос 33 887 өрх Казахстанд улсад ажил хөдөлмөр эрхлэх, мөн цагаачлахаар ирсэн гэж тус улсын холбогдох алба мэдээлжээ. Үүнээс хойш ч багагүй гарсан. Ганц Монголоос бус хуучин ССССР-ийн бүрэлдэхүүнд байсан “стан”-ууд, Иран, Саудын Арабаас ч казахууд цугласан. Гэхдээ манай казахууд тэнд очоод хамгийн түрүүнд хэлний бэрхшээлтэй тулгарчээ. Улмаар анх амалсан нөхцөл байдал нь бүрдээгүйгээс олноороо буцаж эхэлсэн. Ерөөс гаднаас ирсэн казахуудаа казахстанчууд “эргэн ирэгсэд” буюу “оралман” гэж нэрлэсэн бөгөөд нийгэм нь тэдэнд тийм ч таатай ханддаггүй. Караганда, Шыгыст оршин суугаа оралманууд нийгмийн асуудлаа шийдүүлэхээр хэд хэдэн удаа жагсаал цуглаан ч хийж байсан. Одоо ч асуудал тасраагүй. Зөвхөн 2013 онд Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээлгэхээр 1 200 гаруй хүн өргөдөл гаргасны 942-ынх нь хүсэлтийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсоор болгожээ.

“Урианхайчуудын дэлгүүрээр бүү үйлчлүүл”. Яг ийм утгатай үгийг Баян-Өлгий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны дарга Ш.Жандос Фэйсбүүк хуудас дээрээ хэд хонуулаад устгасан. “Баян-Өлгий аймгийг бодлогоор монголжуулж байна” гэдэг яриа хэдхэн хүнээс гардаг гэх бөгөөд үүнд сэтгэл хөөрсөн залуу гэнэн болоод тэнэг алхам хийсэн. Ганц нэг урианхай залуу ч бас “Монгол дарга нартай болсон, одоо бидний зовхи өөдөө болох цаг ирлээ” гэх мэтээр хийрхэж явааг нутгийн хүн санаа зовсон байртай хэлж байсан. Гэхдээ баян-өлгийчүүд тэр чигтээ ийм өвчинд автаагүй. Хаа газар байдаг хийтэй нөхдийн үйлдэл нийтээс дэмжлэг аваагүй байна.
          
Орон нутгийн онцлог

Сонгуулийн өдрүүдэд эр, эм хоёр нэг гэрт багтахаа больтлоо улс төрждөг. Энэ бол монгол зан. Монголын аймаг, сум бүхэнд сонгуулийн дараа халаа, сэлгээтэй холбоотой хэл ам тасардаггүй. Харин ийм хэрүүл Баян-Өлгий аймагт өрнөхөөрөө “үндэстний хэмжээний асуудал” болдог аж. Төрөөс өөр худалдан авагчгүй, төрөөс өөр баян байгууллагагүй Монголын хүн бүр улстөрч. Төрд шургаж байж л гэдэс цатгалан амьдрах боломжтой учир албан тушаалд хүрнэ гэж санасан, албан тушаалаа алдсан хүн бүхэн “шударга ёс” хийгээд “үндэстний цөөнх”-ийн тухай яриад ч болов хоолтой байхыг илүүд үзэх аж. Баян-Өлгийн бусад аймгаас ялгарах онцлог нь тоорцог юм. Дөрвөн жилийн сэтгэхүйтэй улстөрч өөрөө л болж байвал ямар ч зүйлийг “үндэстний асуудал” босгохоос сийхгүй бололтой. Гэхдээ тоорцгон чинээ үүлнээс бороо ордог бил үү?!

Баян-Өлгий аймгийн “Толганай” ХХК-ийн ажилтан Б.Анхбаяр Турк улсад дээд мэргэжил эзэмшсэн казах залуу. Тэрбээр оюутан байхдаа Туркийн курдууд хэмжээлшгүй зовлон зүдгүүр дунд амьдардгийг нүдээр үзсэн бөгөөд “Монголын казахууд бол ёстой жаргачихсан үндэстний цөөнх” хэмээн ярьсан юм. “Цөөнх” нь “цөөнхийн цөөнхтэй”-гөө олуулаа бужигнан амьдарч ирсэн Баян-Өлгийн ард түмнээс улс төрийн явуургүй яриа хол байг. МУАЖ, урианхай ястан Р.Санжид казах түмний нэрийн хуудас болсон ”Анчин бүргэд”-ээ дэглэж; МУГЖ, казах үндэстэн Х.Чапаев морин хуураа татсан Алтайн сүрлэг уулсын оройд торсон тоорцгийн чинээ үүл сарниж, Монголын мөнх хөх тэнгэр цэлмэг оршиг ээ.


 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив