Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дунд сургуулиудын чансаа 2013
2014 оны 4 сарын 8 [Уншсан тоо: 750330]


Дунд сургууль их дээдээсээ ч чухал. Хүүхэд цаашид сурч боловсрох, улмаар “математикч бус эцэг, эх болох” суурийг нь тавьдаг болоод тэр. Тиймээс ч эцэг, эхчүүд хүүхдээ сайн сургуульд, үнэ мөнгө хайрлалгүй сургах эрмэлзлэлтэй байдаг. Харин сургуулийг юугаар үнэлж дүгнэж болох вэ? Энэ талаар хэдэн цагаар ч маргасан болно. Сургуулийн орчин нөхцөл, багш нарын мэдлэг чадвар, сургалтын арга барил... Энэ бүгдээс гадна жил бүр ЕБС төгсөгчид бүгдээрээ хамрагддаг ЭЕШ гэж бий. Уг шалгалтад тухайн сургуулийг төгсөгчид ямар үнэлгээ авснаар сургуулийг үнэлж болно. Манай редакци энэ үндэслэлээр ЕБС-уудын чансааг гаргаад гурван жилийн нүүр үзлээ. Бидний ажил ч талаар өнгөрөөгүй бололтой. ЕБС-уудыг эрэмблэн жагсааснаас хойш олон хувийн сургуулийн захирал бидэнд гомдол саналаа хэлсэн. Улмаар хэл ам даамжирч Авилгатай тэмцэх газраас 2014 оны нэгдүгээр сарын 28-нд 06/818 тоотоор “Жагсаалтыг ямар судалгаа, баримтыг үндэслэн гаргасан тухай лавлагааг, холбогдох баримтын хамт ирүүлнэ үү” гэдэг хүсэлт тавьсан юм. Бид чансааг гаргахдаа БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс жил бүр эмхтгэн гаргадаг Элсэлтийн ерөнхий шалгалтын тайлан-г ашигладаг. Үүнийгээ тухай бүр тайлбарлан бичдэг боловч нэгэн сургуулийн захирал АТГ-т хүсэлт гаргаж манай редакцийг шалгуулжээ.   



Чансааны эхэнд багтаагүй сургуулиуд гомдолтой хоцордог аж. Гомдол мэдүүлэгсэд “Танай Сант сургууль” гэх мэтээр бидэнд аль нэг сургуулийг хамаатуулан ярьдаг нь ч дасал болж. Харин 2010 оноос хойш манай чансааг магнайлсан “Сант” сургуулийн зүгээс бидэнд талархал илэрхийлсэн удаа үгүй. Талархах нь уулаасаа утгагүй юм. Бид ч аль нэг сургуулийг хоосон магтаалаар гоёчилж чансааг гаргадаггүй. Харин танил нөхөд, эргэн тойрныхоо хүмүүсийн аман яриагаар хүүхдийнхээ сургуулийг сонгодог эцэг эхчүүдэд багцаа, баримжаа өгөхийг л илүүд үздэг.
   


Өнгөрсөн жил ЭЕШ өгсөн сурагчдын олонх нь математик, нийгмийн тухай мэдлэг, монгол хэл, физик, англи хэлийг сонгожээ. Олон их, дээд сургуулийн мэргэжлийн суурь шалгалт математик байдаг учир энэ хичээлээр хавьгүй олон хүн шалгалт өгсөн байна. Ерөөс дээрх таван хичээлийг сурагчид голчлон сонгодог шалтгаан нь эзэмших мэргэжил болоод манай улсын боловсон хүчний зах зээлтэй шууд уялдаатай. Тиймээс бид энэ таван хичээлийн шалгалтад төгсөгчид нь ямар үнэлгээ авсныг баримжаа болголоо. Учир нь зарим сургуулийн сурагчид нэг болон хэд хэдэн хичээлээр огт шалгалт өгөөгүй байх нь элбэг. Жишээлбэл, 2013 онд “Орчлон” сургуулиас ганц ч хүүхэд газар зүйг сонгоогүй бол, “Сант” сургуулийг төгсөгчдөөс орос хэл, Монгол улсын түүхээр шалгуулсан хүн алга. Харин “Шинэ Монгол”-ын сурагчдаас 154 нь математикаар шалгуулсан байна. Мөн БЗД-ийн Монгол-Турк сургуулийн 118 сурагч англи хэлийг сонгожээ. 2013 онд шалгуулагчдын 68.1-86.4 хувь нь математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэлний хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.



Голчлон сонгогдсон таван хичээлээр сургууль төгсөгчдийн авсан үнэлгээ ингэж гарч байна. Энэ жилийн чансааг тэргүүлсэн “Сант”-ын сурагчид бүх хичээлээр нэгдүгээрт ороогүй боловч жигд сайн үнэлгээ авсан нь нийлбэр дүндээ нөлөөлжээ. Шилдэг 10 сургуулийн тоонд багтаагүй ч нийгмийн тухай мэдлэг хичээлд Орхон-Уулын аймгийн Цайхун гэгээ, Улаанбаатарын БГД-ийн Сэн Лизэ сургуулиудын сурагчид ЭЕШ-д сайн үнэлгээ авсан болохоор тэргүүлэгчдийн дунд багтсан нь харагдаж байна. Мөн шилдэг 10-т орсон зарим сургуулийн нэр энэ дунд багтаагүй байна, тэгэхээр улсын хэмжээний чансааг удаа дараа магнайлсан сургуулийн сургалтын чанар нэгийг хэлэх мэт.  



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив