Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Монгол удирдагчийн төрх
2014 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 109060]
Монголд далан мянга орчим захирал бий. 2011 оны Аж ахуйн нэгж (ААН)-ийн тооллогоор нийт 66 500 байгууллага бүртгэгджээ. Үүнээс 56 400 нь хувийн, 4 000 нь төсвийн, 6 000 нь төрийн бус байгууллага аж. Энэ дотор жин дарж буй хувийн ААН-ийн удирдагч нарын дүр төрхийг гаргахаар “Эн Пи Си энд Мандал” ХХК, Сэтгэл судлалын үндэсний төв хамтран судалгаа хийжээ. Ингээд хувийн компанийн захирал, менежерүүдэд “дүлий”, “хэлгүй”, “дүргүй”, “хэнээтэй” бас “хөхөө” гэдэг “хоч” өгсөн байна.

Бидний шалгуур

Бид дарга, захирал, менежер зэргээр нэрлэдэг этгээдийг сэтгэл судлаачид “удирдагч бие хүн” гэж үздэг аж. Энэ бол зөв төлөвшсөн бие хүн бусдыг удирдаж чадна гэдэг санааг агуулсан томъёолол. Харин хоёр байгууллагын судалгаанаас монголчууд удирдагчаа үнэлдэг шалгууруудыг гаргажээ. Асуулгад оролцогсдын 81 хувь нь захирлаа боловсрол мэдлэгтэй байх ёстой гэж үзсэн харагдана. Ядаж дээд боловсролын дипломтой гэсэн үг. Үүнээс цаашлаад гадаадын сургууль төгссөн байх нь чухал. Улмаар магистраас дээш эрдмийн зэрэг цол ч энд багтана. Бас ямар нэг гадаад хэлээр ус цас шиг ойлгох чадвар үнэд хүрнэ. Түүний дараагийн шалгуурт “санхүүгийн эрх мэдэл”-ийг оруулжээ. Энд өмссөн зүүсэн, эдэлж хэрэглэж байгаа гээд хувийн хөрөнгө чинээ нэгдүгээрт бичигдэнэ. Тэгээд ахиухан дүнтэй мөнгөний чек дээр гарын үсэг зурах эрх заавал орно. Гуравдугаарт,”итгэл төрүүлэхүйц гадаад төрх”. Төлөв төвшин, нүүрийн буян, царайлаг, ширүүн, хямсгар гэхчлэн хүн бүрийн дээд тушаалын хүнээсээ хайдаг тэр бүх төрхийг үүнд хамаатуулъя. Царайны сайхнаар цай сүлдэггүй боловч түүгээр “захирал”-д санаархах гарц Монголд байгаа аж. Дөтгөөрт нь, бид “нас”-ыг чухалд үздэг байна. Энэ шалгуур наснаасаа овортой харагддаг хүнд давгүй боломж олгох биз. Эцэст нь, захирлынхаа “хүйс”-ийг чухалчилсан аж. Тиймээс эмэгтэй болоод трансжендер байлаа ч дээрх шалгууруудыг хангасан л бол та удирдах алба руу тэмүүлэхэд эргэлзэх зүйлгүй байж мэдэх юм.

Та хэн нэг захирлын, бүр байг гэхэд УИХ-д өрсөлдөгчийн товч намтарыг уншсанаа санав уу. Бид бүгдээрээ л монголчууд хойно дээрх таван шинж цогцолсон этгээдийг орой дээрээ залахад бэлэн явдаг. Тиймээс ч УИХ-д нэр дэвшигч хүний өөрийн олон дээд сургууль, ядаж курс дамжаа цувуулан бичсэн танилцуулга нүүрэндээ наадаг. Тэгээд баахан жийпээр дагуул хийж сүрийг үзүүлэн, дээл шляпаар гангарч “жинхэнэ монгол төрх”-ийг олдог аж. УИХ-д сонгогдох, захирлаар томилогдох хоёр зарчмын ялгаатай хэдий ч бид удирдагчаасаа дээрх тавыг өөрөө мэдсэн мэдээгүй нэхдэг. Харин Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэг “Манай удирдагч гэгдээд байгаа улсууд өөрийн үзэл бодолтой юу? Түүнийгээ баримталдаг уу? Хандлага нь зөв үү? Аливааг эерэг талаас нь хардаг ухаантай юу гэхээр л хэцүүдээд ирнэ” гэв. Ялангуяа өөрийн хөрөнгөөр босгосон аж ахуйн нэгжээ удирдаж яваа захирлуудын хувьд дүн нь маш тааруухан гарна. Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэдэг давлиун бодол нь ашиг орлого, ахиц дэвшилд нь “тэнэг”-ийн чөдөр болдог.

Мэргэжлийн үнэлгээ 

Удирдлагын сэтгэл зүй гэж сэтгэл судлалын тусдаа салбар ухаан бий. Энэ бол ямар хүн удирдагч болдог, харин хэн нь манлайлагчийн нөлөөнд явдгийг судалдаг практик шинжлэх ухаан. Удирдлагын сэтгэл зүй нь ерөнхий сэтгэл судлал, байгууллагын сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалтай холбогддог цогц ойлголт юм. Эдгээрийн нийлбэрээс өнөөдөр байгууллага удирдаж яваа монголчуудын үнэлгээг гаргажээ. Ерөнхийдөө монгол удирдагч нарын ерөнхий дүр төрх, хэв шинж гэсэн үг. Олон байгууллагын ажилчин, албан хаагчдаас авсан судалгааг задлан шинжилж, эмхтгэхэд жил орчмын хугацаа зарцуулсан байна. Ингээд эцэст нь доорх таван шинжийн удирдагч биднийг залах гэж хичээж явааг гаргажээ. Тухайн оноосон томъёо нь санал асуулгаас урган гарсан аж. Мөн хамгийн их жин дарж байгаа шинжээр нь эрэмбэлсэн болохыг анхаарна уу.

1.    Дүлий удирдагч


Ажилчдаа ерөөсөө сонсдоггүй. Сонслоо ч өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг. Эсвэл сонсож байгаа мэт дүр эсгэдэг. Мөн ажилчиддаа анхаарал тавьдаггүй. Ийм удирдагчтай хамт олны сэтгэл зүйн уур амьсгал 48 хувийн үнэлгээ авсан бол удирдлагатайгаа ойлголцох тал дээр дөнгөж 19 хувь байна. Албан хаагчид нь хичнээн амь нэгтэй байлаа ч дүлий удирдагчтай бол амжилт тэднээс холуур тойрч одно. Ийм удирдлага маш их байгаа учир ийнхүү нэгдүгээрт оруулсан байна.

2.    Хэлгүй удирдагч

Юу бодож байгаа нь мэдэгддэггүй, ойлгомжгүй. Ажилчидтайгаа ярьдаггүй, ярилаа ч ойлголцож чаддаггүй. Эсвэл өгч байгаа мэдээлэл нь дутуу, үлдсэнийг нь албан хаагчид тааж олох гэж зүдэрдэг. Нэг бол зөв зааварчилгаа өгөх чадваргүй. Түүнээс гадна хамт олноо урилан дуудаж сэдэлжүүлдэггүй. Эргээд урамшуулж дэмждэггүй. Ийм удирдагчтай албан хаагчдын 52.5 хувь өөрийг нь зохих ёсоор үнэлдэггүй гэж үзсэн байна. Хүнийг бурмаас илүү урмаар тэжээвэл ямар ч буулганд зүтгэх амьтан гэдгийг хэлгүй удирдагчид хэлээд ч нэмэргүй.

3.    Дүргүй удирдагч

Өөрийгөө дарга гэдгээ мэдрээгүй нөхөр. Дарга биш дарга. Ийм удирдагчтай байгууллагын албан хаагчид нь ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо сайн мэддэггүй. Дарга нь өөрөө яг юу хийгээд байгаа нь тодорхойгүй байтал ажилчидтай юугаа ч ярих билээ. Судалгаагаар ийм хүний доор ажиллагсдын 51 хувь нь хийж бүтээх эрмэлзлэлтэй гарчээ. Харин бөөс, босс хоёрын аль нь мэдэгдэхгүй удирдагчтай учир 90 хувь нь гэнэ гэнэхэн ажлаа солих юмсан гэж боддог гэсэн байна. Дүргүй удирдагч бол тайзан дээр гарсан ч хүн анзаараагүй тийм л баатар.  

4.    Хэнээтэй удирдагч

Энэ маш нийтлэг дүр. Өөрийгөө бүхнийг мэдэгч мэтээр сэтгэдэг нөхөр. Хүмүүсийн үгийг огт ойшоодоггүй. Зөвхөн өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг. Өмнөөс нь ам ангайсан албан хаагчаа дайсан мэтээр үздэг улмаар халах нь ч бий. Албан хаагчдынхаа өсөж дэвших боломжийг хаадаг. Ийм хүнээс урмын үг сонсоно гэвэл гонж. Бүх зүйлийг хяналтандаа байлгахыг хүсдэг, бүх шийдвэрийг өөрөө гаргана. Жижиг сажиг гэлтгүй бүгдэд оролцохыг хичээдэг. Удирдагч гэдэгтээ хэт итгээд бүхий л амьдралаа тэр дүрдээ тоглосоор өнгөрөөхийг хичээгч. Судалгаанд ийм хүний дор ажиллагсдын 81.3 хувь нь цалин мөнгөөр гачигдаагүй гэж хариулсан ч хүн гэдгээ мэдрэх боломжгүй гэдэг бодол 81.3 хувьд нь төржээ.
 
5.    Хөхөө удирдагч

Уран яруу ярьдаг гэсэн үг огтоос биш. Харин хөхөө шиг өндгөө хүний үүрэнд гаргаад мартдаг удирдагч. Үүрэг даагавар өгсөн ч түүнийгээ эргээд шалгадаггүй. Бас ажилчдынхаа асуудлыг орхигдуулдаг. Дээрээс нь амласнаа ерөөсөө биелүүлдэггүй. Ийм удирдагчтай ажилчдын 81.6 хувь нь өдөрт дөрвөн цагаар илүү ажилладаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.   

Энэ бол байгууллагын ажилчдаас нь судалгаа аваад гаргасан дүр төрх гэдгийг дахин хэлье. Манай удирдлагууд иймэрхүү байна. Харин үүнээс тухайн байгууллагын соёл бүрэлдэнэ. Ухаан нь, Хэнээтэй удирдагч нартаа тааруулах гэсээр ажилчид нь долгинуур болж дуусна. Дүлий удирдагчтай бол албан хаагчид нь санаачилга гаргахгүй. Боловсон хүчин тогтохгүй байгаагийн нэг шалтгааныг эндээс хайх ёстой. Компанийхаа ашиг орлогыг нэмэгдүүлж чадахгүй суугаа учраа ч үүнээс олж болно.

Бидний араншин

    Удирдагчдын улс


Монголд удирдагч болгох сургууль, дамжаа, сургалт эрэлттэй зүйлийн нэг. Зуун жилийн түүхтэй Удирдлагын академи бусдаасаа нэр хүндтэй. Ямар нэг удирдагчийн, ядаж л “...-ын удирдлага” тодотголтой мэргэжилд горилогсод захаас аван. Жил бүр зүсэн зүйлийн шилдэг удирдагч тодруулдаг уламжлалыг МОХ “Манлайлагч оюутан” тэмдгээрээ тасалсангүй. Бид ганцхан Монголоо удирдах гээд байгаа юм биш. “Глобал удирдагч” дээд сургуулийн төгсөгч даян дэлхийг залах нигуртай. Бүр эрин үеийнхээ залуур дээр суух хүсэлтэй болохыг “Шинэ зууны удирдагч” дунд сургуулийн нэр бэлээхэн хэлээд өгнө. Гэвч бидний энэ мөрөөсөл амьдрал дээр замхардаг. Харин зарим шашин “Залуу удирдагчийн зуны сургалт” нэрээр оюутнуудыг зусан тархийг нь угаагаад “хонь” болгож байх шиг. Нийт монголчуудын сэтгэлгээний ийм эмгэгийг сэтгэлзүйч дутуугаа мэдрэх оёг хэмээн тайллаа.

Удирдлагын академи төрийн, нийгмийн, бизнесийн удирдлагын ангитай. Тэдгээр нь өдөр, оройн, гаригийн, эчнээ сургалтын хэлбэртэй бөгөөд өнгөрсөн жил 800 хүн төгсгөсөн, сая ч мөн тооны элсэгч авсан гэж Сургалтын албаны дарга Р.Бадралмаа хэлсэн юм. Сертификат олгох дамжаанаас өгсүүлээд доктор цолтон ч бэлтгэдэг сургуулийн хонгилд олны танил дуучин бүсгүй багштайгаа үг солихыг чих дэлслээ. “Багш аа, би хичээлээсээ хоцорчихжээ. За, тэгээд хичээлээ тасалсан ч гэсэн онц сураад л байна уу? Харин тийм”. Түүний цаана ханан дээр харагдах “Холын зорилго үгүй аваас ойрын зовлон оршино” гэдэг хэлц дуучин бүсгүйг ийш нь дуудсан биз. Харин мөнөөх афоризмыг Чингис хааных мэтээр гөрдсөн нь муухай ч монгол хүнд таарсан сурталчилгаа болжээ. Ихэвчлэн ардаа ажил албатай оюутан сурдаг сургуулийн сургалтыг хариуцсан Р.Бадралмаа “Манай сургуулийг төгсөгчид ажилгүй үлдэнэ гэж үгүй” гэсэн нь үнэн аж.

Удирдлагын академийн төгсөгч О.Батсайхан 2010 онд “Шинэ цагийн удирдлагын академи” байгуулжээ. Р.Бадралмаа “Түүнийг хараад манайх төгсөгчдөө маш сайн сургадаг юм байна гэж бодсон” гэв. Шинэ цагийн удирдлагын академийн сургалтын ерөнхий агуулга “хуучин цагийнх”-тайгаа бараг л дүйнэ. Харин сургах хугацаа болоод төлбөр нь хавьгүй татуу. Сарын өмнө “Монголоо монголоор нь удирдахуй” шилдэг илтгэлийн уралдаан явуулсан тус академи өнөөг хүртэл 450 гаруй удирдлагын менежерүүдийг бэлтгэсэн гэнэ. Харин “хуучин академи”-ийн элсэгч жил бүр нэмэгдсээр байгаа бөгөөд 1994 оноос өнөөг хүртэл 20 000 орчим удирдагч “төрүүлжээ”. Гурван саядаа хуваавал 150 хүн тутамд нэг удирдагч ногдож байна. Зуут бүрийг удирдагчтай болгоно гэвэл басчиг хэдэн жилийн зай бий. Харин үүн дээр бусад сургууль, сургалтаас “тодорсон” удирдагч нараа нэмбэл тоо нь хэдийнэ гүйцсэн байж мэднэ. Гэлээ ч монголчууд бид ханах нь үгүй. Барын сүүл явснаас...

    Удирдлагагүй улс

Шинжлэх ухаан бусдыг араасаа дагуулах увдис бол байгалиас заяагдмал гэдгийг хүлээн зөвшөөрчихжээ. Хүн тийм авьяастай төрсөн ч “Үүн дээр боловсрол, гэр бүлийн хүмүүжил, хувь хүний төлөвшил хэрэгтэй. Бас удирдах ур чадвар олж авъя гэдэг эрмэлзлэл чухал” гэж Б.Ууганцэцэг хэлсэн юм. Бие хүн удирдагч болох процесс бол мэдлэг олж авахаас илүүтэй ур чадвар эзэмших асуудал гэж мэргэжлийн сурах бичигт тод хараар бичсэн байна. Хүн зоныг өөртөө татах шидтэй ч сурч боловсрохгүй бол “атаман”-ы орон тоо харин гудамжинд бэлэн бий. Ийм олон нөхцөл, хүчин зүйлийн огтлолцол дээр удирдагч төрдөг. Гэтэл монголчууд өөрсдийн төсөөлдөг таван чанарын нийлбэрээр л алс ирээдүйгээ харах аж. Эсбөгөөс хүсэл шуналын эрхээр өөрийгөө удирдагч мэт төсөөлөөд байх шиг. Орчлонг оргүй болтол залгиад ч үл цадах арван таван толгойтой Атгаалжин хар мангас чухамдаа бол бидний албин донгийн бэлгэдэл юм. Хэнийгээ ч үл тэвчих 15 толгой эн тэнцүү бөгөөд тасдаад хаясан ч ахиад ургана. Толгой болгоны бусдаасаа өрсөн залгисан идэш хэзээ ч дүүрэхгүй ганц ходоодонд л орох жамтай. Дөрвөн зүг, найман зовхисыг булаалдсан ганц биетэй олон толгойн аль нь биеэ захирах юм бүү мэд. Харин байнга өлөн ховдог...      
 
   


 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn