Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Дахин төлөвлөлтийн зовлон арвин
2014 оны 4 сарын 21 [Уншсан тоо: 62601]

Нийслэлийн засаг даргын орлогч С.Очирбат энэ жил гэр хорооллын 4 793 өрх орон сууцтай болно гэлээ. Харин Улаанбаатар хотын захирагч компаниудын иргэдтэй хийж буй хэлцэл зарим газар урагш муутай явааг дурдав. Тэрбээр УИХ-аас газар албадан чөлөөлөх хууль хүлээж суугаа бөгөөд эс бүтвэл НИТХ-аас журам гаргуулаад санасандаа хүрэх бодолтой аж. Дахин төлөвлөлтийн 12 байршилд нийтлэг асуудал байгаа ч БЗД-ийн 2, 4 дүгээр хорооны төлөвлөлтийн ажлыг эрх мэдэлдтнүүд будилуулжээ.

Олон эзэн

Ноднин жилийн есдүгээр сарын 26-нд НИТХ-аас тогтоол гаргаж БЗД-ийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 70 га газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахыг Э.Бат-Үүлд даалгажээ. Энэ ёсоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар уг хэсгийг А, Б, В гурван блокт хуваан төсөл хийсэн байна. Үүнд Дарь эхийн овооны наад хэсэг, Мамба дацан, Цэргийн хотхон орчмын нутаг багтах юм. Гэтэл өнгөрсөн лхагва гаригт Нийслэлийн удирдлагууд мэдээлэл өгөхдөө энэ хэсгийн тухай огт ярьсангүй. Дээрх газарт багтах А блокт ноднингоос хойш гурван ч компани иргэдтэй уулзсан байна. Ялангуяа тус блокийн “Залуус хотхон” гэгдэх нийтийн байрны зургаан дан байшинг бусдаас нь илүүтэй сонирхжээ.  

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд зааснаар бол Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төсөл хэрэгжүүлэх компанийг сонгоно. Ерөнхий, техникийн, санхүүгийн үзүүлэлтээр нь тус тус үнэлгээ өгөөд шалгарсан ганц компанийг иргэдэд танилцуулах учиртай аж. “Нэг блокийг нэг компанид өгөхгүй бол 2-3 компани үнэ хаялцуулаад иргэдийг үймүүлнэ” гэж Гэр хорооллын хөгжлийн газрын Хяналт мониторингийн хэлтэсийн Ахлах мэргэжилтэн Б.Өнөрболд үүнийг тайлбарлалаа. “Залуус хотхон”-ы хоёрдугаар байранд оршин суудаг, нэрээ хэлэхийг хүсээгүй эмэгтэй ”Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг “Грандлайн” компаний захирлыг өөрөө авчирч танилцуулсан. 48 дугаар сургууль дээр хурал хийсэн. “Грандлайн” нэг өрөөнд 24, хоёр өрөө бол 48 ам.метр байр өгье гэсэн. Тэгээд л чимээгүй алга болчихсон” гэв. Уул нь тус компани БЗД-ийн 12 дугаар хороонд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ.

Шинэ он гарсаар УИХ-ын гишүүн Д.Арвин тойрогтоо үзэгдэх нь элбэгшжээ. Тэрбээр Цагаан сараас өмнө Нийгмийн ухааны дээд сургуулийн зааланд “Залуус хотхон”-ыхонтой уулзсан байна. Энэ үеэрээ “Би хоёр ч компанид уламжилсан. Угаасаа энэ хавьд өөр компани ирэхгүй, газар багатай, нягтрал ихтэй. Та нар саналаа өгвөл би хийе” гэжээ. Журам ёсоор бол Ц.Арвины хүү А.Одын “Их өргөө” компани төсөлд шалгарсан хойноо л хүмүүстэй уулзаж нөхцөлөө танилцуулах ёстой. Тэгээд ч “Их өргөө” Нийслэлийн Засаг даргын А/164 захирамжаар тус дүүргийн В блокийн 26 га газарт төсөл хэрэгжүүлэх эрх авчээ. Дээрх хоёр компани гэр хороолол зонхилсон А блокт шалгараагүй атлаа түүний тун багахан хэсгийн иргэдэд ийнхүү горьдлого төрүүлжээ. Харин газрын бартаа ихтэй гэр хорооллын оршин суугчидтай уулзаагүй байна. Гэр хорооллын хөгжлийн газар “Номтын ам” ХХК-д 2014 оны гуравдугаар сарын 10-нд 01/137 тоот албан бичгээр төслийн эхний шатанд шалгарсаныг мэдэгджээ. Ингээд уг компани А блокийн айлуудад танилцуулгаа тарааснаар хүмүүсийн толгой бүр эргэж орхисон бололтой. “Залуус хотхон”-ы оршин суугч Н.Энхчимэг “Одоо бүгдээрээ сураггүй болчихлоо. 12 00 руу ярьж асуухад өөр компани гарч ирэх гэж байгаа хэлсэн” гэв.

Олон санаа

БЗД-ийн II хорооны иргэн М.Эрдэнэбилэг хашаандаа найман нэрийн дэлгүүртэй. Тэрбээр “Номтын ам” ХХК-тай хоёр өрөө сууцнаас гадна нэгдүгээр давхарт үйлчилгээний талбай, мөн гараж авахаар ярьсан гэнэ. Харин Х.Зоя “Манайх 60 ам.метр байшинтай, гэтэл “Их өргөө” 24-ийг санал болгосон. Байшиндаа багтахгүй байгаа улс байранд ороод гөөхийдөх юм уу, хаашаа юм” гээд “Заавал өндөр барилга бариад яах юм. Ганнам дүүрэг шиг болгочихвол зүгээр. Халуун, хүйтэн ус татаад өгчихөд болно” гэж байлаа. Гэтэл тус хорооны I хэсгийн оршин суугч Д.Батчулуун “Хэдэн жилийн өмнө цэвэр бохир усны шугам тавьсан ч төсөл нь дампуурсан” гэв. Тэрбээр гэр хорооллын дахин төлөвлөлт хороонд нь явагдаж байгааг мэдээгүй аж. Хоёр давхар, 194 ам.метр талбай бүхий байшингийхаа есөн тасалгааг сарын 150 мянган төгрөгөөр түрээслүүлдэг Д.Батчулуун барилгын компанитай ярихдаа хүрвэл овоо үнэ хэлэхээр юм билээ. Харин “Залуус хотхон”-ы 15 ам.метр байрны оршин суугч Н.Энхчимэг “Их өргөө”-ийн амласан 30 ам.метр талбайг чамалж байна. Энэ мэтчилэн хүмүүсийн боломж болоод хүсэл нь өөр өөр аж.

Үүнээс гадна БЗД-ийн 2 дугаар хорооныхон чухам аль компанитай нь тохиролцохоо мэдэхгүй сууна. 2014 оны эхээр “Грандлайн” компаний захирал ганц уулзчихаад эргэж ирээгүй тул “Залуус хотхон”-ыхон битүүхэндээ түгшүүрт автжээ. Чухам ийм үед нь “Би та нарын төлөө эндээс сонгогдсон. Одоо сууцны чинь нөхцөлийг сайжруулж өгье” гэсэн УИХ-ын гишүүн Д.Арвин хүмүүсийн сэтгэлийг татжээ. Нэрээ хэлээгүй нэгэн эмэгтэй “Ямар ч компани орж ирэхгүй болохоор нь бид нар “Их өргөө”-тэй гэрээ байгуулсан” гэлээ. Чухам яагаад шалгараагүй компанитай тохироо хийснийг нь сонирхоход “Номтын ам тендерт ялаагүй, оффис ч байхгүй юм биш үү. Барьцгүй компани” гэж хариулав. Бидний уулзсан гурван эмэгтэй “Номтын ам” ХХК-ийн талаар “гэсэн” гэдэг төгсгөлтэй дам сонссон зүйлсээ ярилаа. Тэд “Номтын ам”-ын танилцуулгыг үзсэн ч “Баахан л фото зураг байналээ. Одоо чинь тийм юмыг компьютероор хийчихдэг гээ биз дээ” гэв. “Их өргөө” компани тендерээр авсан төрөх эмнэлэгээ дуусгаагүйг дуулаагүй ч “Од плаза” тэдний өмч гэдгийг сайн мэдэх аж. “Эмэгтэй хүн, тэгээд ч УИХ-ын гишүүн байна даа, арай хулхидчихгүй байлгүй. Болохгүй бол Засгийн газрын ордных нь гадаа очоод хэвтчихнэ” гэж бодоод “Их өргөө”-д итгэсэн гэнэ.   

А блокт багтах гэр хорооллын зарим иргэд “Номтын ам” ХХК-тай гэрээ байгуулах сонирхолтой байжээ. Гэвч хурал зарлахад ирц нь журамд заасан 51 ба түүнээс дээш хувьдаа хүрээгүй аж. Тус хорооны Засаг дарга Ц.Баяржаргал “Залуучууд тийм хуралд ирэхгүй. 45-60 насны хүмүүс цугладаг” гэв. Үүнээс гадна “Их өргөө”-тэй гэрээ хийчихсэн иргэд хууль ёсоор эрхээ авсан компаний хуралд очоогүй нь ойлгомжтой. Тус хороо 10 хэсэгтэй бөгөөд нэг хэсгийн ахлагчид 150 орчим айл ногддог байна. “Номтын ам” ХХК ч хангалтгүй ажилласан бололтой юм. Тус хорооны дарга Ц.Баяржаргал XXI хорооны оршин суугч, тэр орчим нь дахин төлөвлөлтөд ороогүй гэнэ. Тэрбээр “Их өргөө” компани иргэдийнх нь олонхын саналыг авч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гэдэг бодолтой сууж байна. Тус хорооны ИНХ-ын дарга О.Мэндсайханых ч дахин төлөвлөлт багтаагүй, гэхдээ ерөнхий төлөвлөгөөний зургийг жаахан сунгаад хашаагаа оруулчих бодолтой явсан гэж нэг иргэн ярив. Ц.Баяржаргал “Хорооны эрх мэдэл муу болохоор энэ ажилд оролцоо багатай” гэсэн боловч өөрт нь “хүртээлгүй” асуудалд дарга нар ач холбогдол өгөхгүй байх шиг санагдлаа. Ямартай ч Гэр хорооллын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Өнөрболд “Их өргөө” компанийг журам зөрчсөн байна гэсэн юм. Гэхдээ компаниуд хаагуур, юу хийгээд явааг хянах боломжгүй гэдгээ нэмж хэлэв. “Их өргөө” ХХК-ийн менежер Болормаатай холбогдсон ч “Эрхээ авчихаад яриа өгье” гэдгээс өөр тайлбар хийхийг хүсээгүй юм. Мөн “Номтын ам” ХХК ч “ойрд ажил ихтэй” гэдгээр шалтаглан уулзсангүй.

Олон асуудал

“Э.Бат-Үүл дарга ямар ч ядарсан айл 40 ам.метрээс доош байраар газраа битгий өгөөрэй” гэсэн хэмээн ярьж суугаа хүмүүсийн итгэл рүү ус цацах албан тушаалтан гарчээ. БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нийтийн байрны иргэдтэй уулзахдаа “Танай доодох газар хувьчлагдаагүй. Та нар аль ч компанид битгий саналаа өгөөрэй, хулхидуулав” хэмээн сэрэмжлүүлжээ. “Залуус хотхон”-ы Н.Энхчимэг “Тэр нь яг зөв юм байна гэж бодсон. Нэг их яарахгүй байгаа” гэв. Харин нэрээ хэлмээргүй байна гэсэн “Залуус хотхон”-ы оршин суугч эрэгтэй “Засаг дарга ирж яриа хийхдээ та нарын наад доод газар чинь улсын өмч шүү дээ гэсэн. Ийм юм сонсоод бид хямарчихлаа” хэмээн ярьсан юм. Мөн тус хотхоны оршин суугч эмэгтэй Д.Пүрэвдаваа даргыг “Номтын ам ч мэдэхгүй дээ” гэж ярьсан гэв. Харин иргэн Ц.Сарантуяа Д.Пүрэвдаваа даргад “Манай А блок дээр хоёр компани орж ирээд ойлгомжгүй байдал үүсгэчихлээ” гэж хэлээд “Би тэр асуудлыг чинь мэдэхгүй. Наадах чинь хэрэгжихгүй 30 жил ч болж магадгүй. Та ер нь аль намаас ирээд хэл ам гаргаад байна” гэдэг хариулт сонссон аж.  

Ийм нөхцөл байдал дунд хаа байсан В блокоос хошуу дэвсээд ирсэн Д.Арвин өрлөг эхийн дүрийг олжээ. “Залуус хотхон”-ы 15-30 ам.метр байртай айлуудад 34-36 ам.метр талбай санал болгосон “Номтын ам”-д зарим хүмүүс огт итгээгүй гэнэ. “Том юм амална гэдэг цаанаа л нотой шүү дээ. Компаниуд нэг их ард түмнийг бодох нь юу л бол” гэх тэдний яриаг хүн заагаад өгчихөө юу даа гэлтэй сонстоно. Тэдэнд яаж ийгээд амьдрах орчноо сайжруулах ганц хүсэл бий. Тиймээс ч “Залуус хотхон”-ыхон байргүй үлдчихвий гэхдээ нэрээ хэлэхээс татгалзаж байлаа. Өмнө нь нэгэн өдөр тутмын сонины сэтгүүлч ирээд “Хүний яриагүй юм биччихсэн байсан гэсэн” гээд биднээс хангалттай байцаалт авсан юм. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөрөө илүүд үзсэн иргэд байхад “МАН-аас сонгогдчихоод АН-д орчихсон хүнд итгэх арга байна уу” гэх нь ч таарав.

Хорооны Засаг дарга Ц.Баяжаргал “Олон мянган хүний санаа бодлыг нэгтгэнэ гэдэг амаргүй. Энэ бол хүний тархин доторхыг өөрчлөх асуудал. Асуудлын 90 хувь нь иргэдээс шалтгаална” гээд “75 хувь ч их өндөр босго. Зарим нэг шахах юмаа шахах хэрэгтэй” гэлээ. Мэдээж хүн бүрийн хүсэлд сонирхолд нийцсэн шийдвэр гаргах маш хэцүү. Харин тус хорооны иргэд “Төр энэ ажлыг нэг компанид даатгаад хаяж байна, төрийн хяналтыг сайжруулах хэрэгтэй” гэцгээж байна. Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдсан НИТХ-ын дарга Д.Баттулгын толгойлдог Төслийн удирдах хорооны хуралдаанаар компаниуд засаг солигдсон ч төсөл үргэлжилнэ гэдэг баталгаа шаардсан юм. Явж явж энэ төсөл төрийн тогтвортой байдал болоод төрийн туйлбартай түшээдээс л шалтгаална. Ямар ч бурхан ирсэн гурван талт гэрээ байгуулах бодолтой хүмүүс төр төсөлд оролцож буй компаниудыг дэмжээд өгвөл хаана хаанаа хэрэгтэй гэв. Харин өнөөдрийн төр нь, төрийн түшээд нь ажилдаа хэрхэн хандах юм бол? Ямартай ч төгрөгийн үнийг унагахад гар бие оролцсон Монголбанкны 2014 оны хоёрдугаар сарын Ипотекийн зээлийн тайлангаас харвал зээлээр олгосон мөнгөний дүн огцом буурч 70 тэрбум орчим болсон нь хямралын дохио юм. Энэ маягаараа хямрал цааш үргэлжилбэл барилга барих ашиггүй болно. Тэр цагт бид Улаанбаатарын утааг арилгах ээлжит мега төслөө боловсруулж, дахин хэдэн хүнийг шоронд суулгаад дуусах байх даа. 




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn