Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хуруувч хийгээд дуулга
2014 оны 4 сарын 25 [Уншсан тоо: 49917]
Өнгөрөгч долоо хоногт бас л барилгын кран уналаа. Мэргэжлийн хүмүүсийн хэлснээр одоо хэсэгтээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н сургалтын зар тасрахгүй. Гадаад хэлний сургалтын төв хүртэл ХАБЭА-н хөтөлбөртэй болчихжээ. Үйлдвэрлэлийн ослоор хүний амь эрсэддэг бол хэвлэлүүд шуугиан тарьдаг, харин сургалтын төвүүд хэдэн төгрөгтэй болдог аж. Бид хэдий болтол хүний амиар, үе үе, дор дороо “бужигнах” вэ?!


Стандарт ба хууль

Барилгын салбарт 2012 онд 56 осол гарч, 29 хүн нас барсан бол өнгөрсөн жил 29 ослоор 14 хүн хорвоогоос явжээ. 2013 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчиж, хүний амь хохироосон 11 байгууллагын барилгын ажлын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлсэн гэнэ. Харин мэргэжилтнүүд үйлдвэрлэлийн ослын нэг шалтгааныг ХАБЭА-н стандарттай холбон тайлбарлаж байна. Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн (МХААЭАМХ)-гийн Гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар “Монгол улсад ХАБЭА-н 130 гаруй стандарт мөрдөгдөж байгаа. Гэхдээ тэдгээрийн 80-90 хувийг нь шинэчлэх шаардлагатай. Энэ стандартууд технологитойгоо зөрдөг болчихсон” гэв. Иймээс тус нийгэмлэгээс санаачлан 2013 оны эхээр Хөдөлмөрийн яам; Стандартчилал, хэмжил зүйн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан судалгаа хийгээд шинэчлэх шаардлагатай гэдэг дүгнэлт гаргуулсан аж.

МХААЭАМХ 2012 онд ХАБЭА-н менежментийн олон улсын OS 18001 стандартыг Британийн стандартын нийгэмлэгээс худалдан авчээ. Улмаар түүнийгээ орчуулан Стандартчилал, хэмжил зүйн газарт өгсөн байна. Үүн дээр суурилж манай үндэсний ХАБЭА-н менежментийн стандарт батлагдсан аж. MCS property компаний ХАБЭА-н менежер Ц.Баттулга түүнийг “Дэлхийд нийтлэг мөрддөг эд. Ерөнхий аргачлал, тавигдах шаардлагуудыг тойм хэлбэрээр заасан зүйл” гэж байлаа. Одоо үүний араас салбар нэгж тус бүрээр хэрэгжүүлэх заавар стандартууд гаргах учиртай гэнэ. Гэвч энэ ажил өнгөрсөн хугацаанд ер ахиагүй байна. Мэргэжлийн холбоод, нийгэмлэгүүдийн өрсөлдөөн ч үүнд саад болдог шиг санагдсан. Үүнийг Г.Цогтбаатарын “Стандартчилал, хэмжил зүйн газар нэг ажил хийх гээд байна. Бас ТББ-ууд салбараа өөд татах бодолтой явна. Тал талд л юм хийгээд байна, харин хамтарч ажиллах тал дээр л нойль зааж байна” гэдэг үг батлах биз. Бид одоогоор мөрдөх стандартгүй яваа аж.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 2008 онд батлагджээ. Ерөөс ХАБЭА-тай холбоотой 10 гаруй хууль, мөн янз бүрийн 20 орчим тогтоол шийдвэр байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг амьдрал дээр хэрэглэх гэхээр том компаниудад зориулагдсан агуулгатай юм. Гэтэл өнөөдөр барилгын ажлыг цөөн тооны хүнтэй бригадууд нугалж яваа. Иймээс улсын байцаагч ном журмаараа шаардлага тавих боломжгүй. Тиймээс дээрх хуулийг эргэн харах, засаж залруулах нэн тэргүүний хэрэгцээ байна. Улмаар чиглэлийн байгууллагууд улсын, хувийн гэлтгүй хамтран ажиллаж стандартуудаа яаралтай гаргах шаардлагатай ажээ.


Тэнгэр ба газар 

Бид өнөөдөр ХАБЭА-н сургалтын тусгай эрхтэй 70 орчим байгууллагатай гэнэ. 2013 оны гуравдугаар сарын 25-нд баталсан Хөдөлмөрийн сайдын “журам шинэчлэн батлах тухай” А 53 тушаалаар байгууллагууд сургалт явуулах болсон аж. Ноднин ийм байгууллага 45 байсан бол энэ жил бараг хоёр дахин нэмэгджээ. “Евросейфти интернэшнл” ХХК-ий Гүйцэтгэх захирал Х.Батзул “Бид нэг сенсаци гарахаар их давалгаалдаг. Одоо бол хүмүүс манай сургалтыг их сонирхож байна” гэсэн юм. Хэд хэдэн сургалтын төвөөр ороход үйлдвэрлэлийн ослын дараа хүмүүс илт нэмэгддэг гэж байлаа. Сайдын тушаалаар 40 цагийн хөтөлбөр хангалттай гэж үзсэн бол сургалтын төвүүдийн цаг харилцан адилгүй, бүр 140 цаг ч байлаа. Бид сургалтаар дутаагүй бололтой. Төрөл бүрийн сертификатад дуртай хүмүүст бас нэг хавтас нэмэр юм биз ээ.

Харин албан газрууд төдийлөн байгууллагынхаа ХАБЭА-н менежментийн чанарыг ахиулъя гэж сургалтын төвд ханддаггүй гэнэ. МХААЭАМХ Хөдөлмөрийн судалгааны институтийн захиалгаар “Хөгжил дэвшлийн хөтөч” ТББ-тай хамтраад “Нүүрсний салбарын ХАБЭА-н төлөв байдал” судалгааг өнгөрсөн жил хийжээ. Газар газрын нийт 20 компани хамрагдсан судалгааны дүн тэнгэр газар шиг гарсан байна. Дэлхийн стандартыг амьдрал болгочихсон нь байхад ХАБЭА гэж огт сонсоогүй нь ч таарсан гэдгийг Г.Цогтбаатар ярилаа. Гадны хөрөнгө оруулалттай компаниуд олон улсын стандартыг өөрийн болгосон байх нь элбэг аж. MCS property компаний ХАБЭА-н менежер Ц.Баттулга “Бороо гоулд компани маш бага татвар төлж, Монголын 40 тонн алтыг аваад гарсан боловч уул уурхайн шилдэг стандпартыг үлдээгээд явсан” гэсэн юм. Оюу Толгой компани туслан гүйцэтгэгч нараасаа олон улсын хэмжээний стандарт шаарддаг тул Монголын олон аж ахуйн нэгж их зүйл сурсан байна. Гэхдээ л “Монгол Улсын 70 мянга орчим аж ахуйн нэгжээс олон улсын менежментийн стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд гэрчилгээ авсан нь зуу хүрэхгүй. Энэ зуугаас арав хүрэхгүй хувь нь ХАБЭА-н менежмент хийгээд олон улсын гэрчилгээ авсан байдаг” гэдгийг ч Г.Цогтбаатар дурдав.

Уул уурхайд гадны хөрөнгө оруулалт их орж ирсэн болохоор салбараараа жигд сайжирч яваа аж. Харин барилгын салбарт ахиц тааруу байна. Юутай ч MCS групп “Шангрила” зочид буудлын барилга дээрээ Samsung MNC компанийг гүйцэтгэгчээр сонгоод байна. “Бид тэд нараас суралцах гэж энэ компанийг сонгосон” гэж MCS property компаний ХАБЭА-н менежер Ц.Баттулга ярилаа. Монголын болоод олон улсын ХАБЭА-н стандартууд тэмээ, ямаа шиг ялгаатай гэдгийг мэргэжилтнүүд бүгд зөвшөөрч байв. Бид гадны хөрөнгө оруулагчдыг “шулаач” гэж хараахаасаа өмнө “багш” гэж үзүүштэй юм. Дэлхийн төвшинд хүрэхийн тулд бага зэрэг шулуулах яах вэ, гурван сая хүрэхгүй иргэнээ үйлдвэрлэлийн ослоор цөөлөөд байдаггүй л болчих хэрэгтэй.


Ойлголт ба айдас

Өнөөдөр барилгын салбараас осол эндэгдэл салахаа больсон шалтгааныг Ц.Баттулга энэ салбарын хөгжил тасалдсантай холбон үздэг аж. Социализмын үед шат шатны мэргэжлийн сургуульд ХАБЭА-г сайн заадаг байсан төдийгүй “ажлын дөртэй хүн” бий болчихсон байсан гэж тэрбээр ярилаа. Ажилласан цаг-зэргийн үнэлэмж ХАБЭА-аасаа хамаардаг байхад осол бага байсныг Ц.Баттулга жишээ болгосон юм. Улсын мэргэжлийн хяналтын газрын гаргасан судалгаагаар нас залуу, ажлын туршлага багатай залуус осолд их өртдөг болохыг тогтоожээ. Тэгэхээр аюулгүй ажиллагааны стандартаа мэддэг, түүнийгээ мөрддөг “ажлын дөртэй” ажилчин ангийн орыг цагийн ажил хайсан залуус дүүргэсэн нь бас л ослын нэг шалтгаан аж. Манай компаниуд ХАБЭА гэхээр сайндаа л тусгай хувцас хэрэглэл боддог гэнэ. Уул нь ганц уул уурхай, барилга гэлтгүй бүх салбарт ХАБЭА-н стандарт мөрдөх учиртай ажээ. Юм оёхдоо хуруувч зүүдэг шигээ ажлын байранд очихдоо л ХАБЭА-г санаж явах учиртай юм. Гэтэл манай аж ахуйн нэгжүүд маркетингийн, үйлдвэрлэлийн, санхүүгийн, хүний нөөөцийн менежментдээ илүү анхаарч том том төсөв тавьдаг. Харин аюулгүйн ажиллагааны менежментэд нэг ч төгрөг гаргадаггүй. Тэр бүү хэл “Хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээр ХАБЭА-н менежерийн үүрэг гэж боддог. Бусад нэгж хэсгүүд ч өөрийнх нь хариуцах ажил биш гэж ханддаг” гэдгийг Г.Цогтбаатар онцолж байлаа. Уул нь энэ бол хүний амьд явах эрхтэй холбоотой, Үндсэн хуулийн гол заалтыг амьдралд хэрэгжүүлэх учиртай эд. Гэтэл бид өөрсдөө өөрийнхөө амьд явах эрхийг хөндлөнгийн хүнд даатгаад хаядаг байна.

Үйлдвэрлэлийн ослыг бууруулах нэгэн чухал саналыг “Евросейфти интернэшнл” ХХК-ий Гүйцэтгэх захирал Х.Батзул дэвшүүлсэн юм. Ослын дараа олноороо реклам цацаад эхэлдэг “Сургалтын байгууллагууд хариуцлага хүлээдэг болох учиртай. Эрсдэл гарлаа гэхэд тухайн хүн сургалтад сууж уу, аль сургалтад суусан байна гэдгийг нь нягтлах ёстой” гэнэ. Тэгээд сургалтын төвтэй хариуцлага тооцоод эхэлбэл аль аль талдаа асуудал багасна гэлээ. Мөн Ц.Баттулга үйлдвэрлэлийн ослын эзнийг тухайн компаний хөтөлсөн ажлын дэвтэрээс амархан тогтоож болно гэсэн юм. Хэн хэнд, ямар үүрэг өгсөн байна, түүнийг нь хэрхэн гүйцэлдүүлсэн бэ гэдгийг эргүүлээд үзэхэд л үйлдвэрлэлийн ослын эзэн гараад ирэх юм. ХАБЭА бол зөвхөн хүнд үйлдвэрлэл дээр ярьдаг асуудал биш гэдгийг Х.Батзул Японд гэрийн эзэгтэй нар энэ талын сургалтад суудгаар жишээлэн ярьж байлаа. Монголчууд бидний аливааг “монголчилдог”, тэгэс ингэсхийгээд аргалдаг зан жил бүр хэдэн хүний амиар үнэлэгдэж байна. Бидэнд ХАБЭА-н ойлголтыг багаас нь суулгаж өгөөгүй. Монголчуудад үйлдвэрлэлийн эрсдлийн тухай ойлголт алга. Харин айдас бий. Ухаан нь хөдөөгөөс ирээд барилга дээр ажиллаж буй залуу өндөрт ажиллах ямар эрсдэлтэйг огтоос мэдэхгүй учир аюулд өртдөг аж.


Сургалт ба сэтгэлгээ

Манай төрийн байгууллагууд аливаа ослыг судалж үзээд төдөн хувь нь хүнээс, төдөн хувь нь техникээс шалтгаалан гарсан байна гэдэг дүгнэлт гаргадаг. Үүнийг Х:Батзул буруутгаж байна. Яагаад гэвэл бүх ослын 88 хувь нь хүнээс, 10 хувь нь тоног төхөөрөмжөөс шалтгаалдгийг хэдийнэ тогтоочихсон ажээ. Тэрбээр “Тоног төхөөрөмжийг хүн угсардаг, хүн ашигладаг. Тиймээс ослын төдөн хувь нь хүнээс боллоо гэж ярьж болохгүй” гэсэн юм. Ингээд бодвол 98 хувь нь бидэнд хамаатай бөгөөд үлдсэн хоёр хувийг нь байгалийн давагдашгүй хүчин зүйл эзэлдэг байна. Гэтэл бид одоо болтол буруу ярьсаар, тэр чинээгээрээ байгаа онохгүй харанхуйд тэмтэчсээр явна. Сар бүр бидний цалингаас суутгадаг нийгмийн даатгалын мөнгөний тодорхой хэсгийг ХАБЭА-н сургалтад зарцуулахад болохгүй нь юу билээ. Тэр мөнгөө ашиглаж ч чадахгүй амиа алдаж буй иргэдийн ар гэрт хэдэн төгрөг өгч байхаар амьд сэрүүнд нь сургаад авбал дээр биш үү? Бас үүнийг ЕБС-ын сургалтын хөтөлбөрт суулгаж өгөх ёстой мэт. Г.Цогтбаатар “Аюулгүй ажиллагаа бол хүний өдөр тутмын амьдралын нэг хэсэг, амьдралаас тасархай зүйл биш” гэсэн юм.

Ц.Баттулга “Уул нь ХАБЭА бол бизнес хийж байгаа хүний нэр хүндтэй холбоотой асуудал. Гялс мөнгө олоод л яваад өгөх бодолтой, нэр төр нь мөнгөнөөс хямдхан хүн бол ХАБАЭ-дээ анхаардаггүй” гэсэн нь чухам үнэн. Мэргэжлийн холбоод нь хүчирхэгжээд, компаниудын нэр төртэй ярьдаг болоод ирвэл байдал засрах бас нэг боломж бий. Чингис хаан аян дайнд явахдаа цэргүүдээ алив эрсдлээс хэрхэн хамгаалдаг байсныг цэргийн түүхчид тоочин дурдсан байдаг. Одоо бид байлдан дагуулж биш барьж бүтээж бусадтай өрсөлдөж байгаа хойно ХАБЭА-н сэтгэлээгээ өөрчлөх, энэ талын соён гэгээрүүлэх ажил асар их өрнүүлэх учиртай. Айл бүрт хуруувч байдаг шиг ажлын байр бүхэнд ХАБЭА-н стандарт байх ёстой.  



    

 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив