Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Согтууруулах ундаа ба улс төр
2014 оны 5 сарын 30 [Уншсан тоо: 86926]
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн оройлон зүтгүүлж буй Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг энэ хавраас дүүргүүдээр явагдаж эхэлжээ. Эрх ашиг нь шууд хөндөгдөх “найман нэрийн дэлгүүр”-ийнхэн үүнд идэвхтэй оролцож байна. Харин хууль боловсруулагч хийгээд хуулийг сахин биелүүлэгч хоёрын байр суурь сархад, ус хоёр шиг ялгаатай аж. Зургадугаар сарын эхэнд УИХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн хуулийн хувь заяа эрхэм гишүүдийн долоовор хуруун дор очно. Гэвч саявтархан О.Баасанхүүгийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцсэн ёозоор бол ер өөдтэй юманд хүрэхгүй. Сонгогчдод таалагдах гэсэн хуял тачаал эрүүл саруул ухааныг нь лавтай булингартуулна. Тэднийг тархиараа шийдвэр гаргадаг гэдэгт эргэлздэг болоод бид удаж байна.


    Хуулийн зорилго ба нэр

Өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд өөрийг нь сонгосон СХД-ийн иргэдтэй Л.Эрдэнэчимэг уулзаж, хуулийнхаа төслийг танилцуулсан юм. Эрхэм гишүүн “Энэ хууль бол Монголын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах гэж хийгдэж байгаа. Энэ хуулийг Ерөнхийлөгч зохиосон юм биш, ХЗЯ зохиосон юм биш, би ч зохиосон юм биш. Энэ бол ДЭМБ-аас өгдөг зөвлөмж” гэж хэлээд нэгэн эмэгтэй сонгогчоосоо ”Та эмийн үйлдвэртэй болохоороо ДЭМБ гээд байгаа байх. Харин монгол хүмүүсийнхээ эрх ашгийг бодсон уу? Тэр дундаа сонгогдсон СХД-ийнхээ иргэдийн эрх ашгийг бодож байгаа юу? Жижиг дэлгүүрүүд хаагдлаа гэхэд ажилгүй үлдэх иргэдийг ажлын байртай болгох талаар юу санаачилж байгаа вэ?” гэдэг асуулт сонссон юм. Хороодод хорин нэгэн нас хүрсэн иргэдийн тоонд нь харгалзуулан тоог нь тогтоох өндөр хатуулагтай архи борлуулах тусгай дэлгүүр “найман нэрийн бараа”-аас нэгийг нь эгнэгт булаана. Архи дарс зарах гэж төрөөс тавьсан олон шаардлагыг нь биелүүлж, баахан хөрөнгөө зарсан бизнес эрхлэгчдэд энэ заалт ерөөс таалагдсангүй. Дөрөвдүгээр сарын 22-нд 50 дугаар сургууль дээр болсон ЧД-ийн иргэдийн уулзалтад оролцсон нэгэн дэлгүүрийн эзэн маш чухал дүгнэлт хийв. Арван дөрвөн жилийн өмнө баталсан хууль “Архидан согтуурахтай тэмцэх” нэртэй байсан бол энэ удаа “Согтууруулах ундааны хяналт” болчихжээ. Төр маань архидалттай бус архитай эрэгчин эмэгчнээ үзэх нь тодорхой болов. Л.Эрдэнчимэг өөрөө Домогт архитай нэр холбогдож байсан.


    Дэлгүүрийн тоо ба үр дагавар


Уг хуулийн төслөөр бол архи зардаг дэлгүүрийн тоог эрс цөөлчихөөр хүмүүс уухаа болих гэнэ. Л.Эрдэнэчимэгийн нэгэнтээ тайлбарласнаар халамцуу харчуул “Хоёр гурван буудал явж дэлгүүр орохоосоо төвөгшөөх” юм гэнэлээ. Ангийн нөхөр Г.Баярсайхантайгаа мөрий тавин унаатай, унаагүй хүний хэн нь хурдан явахаа үзсэн шиг зав манай эрчүүдэд ховор хойно хажуу хавиасаа “шаг” хайх нь гарцааагүй. Харин СХД-ийн иргэд өөрөөс нь илүү ухаалаг зүйлс ярьж байлаа. “Таны хууль ажлын байртай тэмцээд байна. Архичинтай хийх ажил чинь энэ хуулийн хаана байна?” гэж амыг нь асуугаад зогсохгүй “Амьдралаас урган гарсан зохицуулалтыг хуульчилдаг болохоос толгойдоо орсон болгоныг хууль болгоно гэх юм бол ёстой бүтэхгүй” гэдэг сануулга ч өгөв. Хоёр дүүргийн иргэд одооныхоос арав дахин цөөрөх архины тусгай дэлгүүрийн зөвшөөрлийг дарга даамлууд л авна гэдэг дээр санал нэгтэй байлаа. ЧД-ийн хэлэлцүүлэгт ирсэн иргэн “Согтууруулах ундаа заруулдаггүй сар бүрийн нэгний өдөр хүмүүс хууль санаачлагчдын бааранд орж л архи уудаг биз дээ” гэж хэлээд нижигнэсэн алга ташилтаар мялаалгасан юм. Мөн аль аль уулзалтад үг хэлсэн дэлгүүрийн эзэд одоо мөрдөгдөж байгаа стандарт, шаардлагууд ер цөөдөөгүй гэдгийг дурдахын сацуу түүнийгээ л яс баримталдаг болчихвол ямар ч асуудал алга гэцгээж байна. Харин ЧД-ийн иргэн “Үйлчилгээний стандартуудаа шинэчилмээр байна. 2005 оноос хойш энэ салбарт кофешоп, лоунж гээд олон шинэ үйлчилгээ нэмэгдсэн ч одоо болтол зохих стандарт нь алга” гэснийг өлгөж авууштай санагдсан.


    Иргэдийн хурал ба иргэд

Хуулийн төслөөр бол тогтоосон тооны дагуу хэн архины тусгай дэлгүүр ажиллуулахыг Иргэдийн хурал нь шийдэх юм. Саналаа хэлсэн дэлгүүрийн эзэд “Хорооны иргэдээс санал асуувал өөрсдөө үйлчлүүлдэггүй юм шиг ойр хавьдаа байлгахгүй л гэнэ” гэдэг дээр шууд санал нийлэв. Бид нэгнийхээ араншинг сайн мэддэг аж. Найман нэрийн барааны нэгэн дэлгүүрийн эзэн “Бид нарыг хууль бус юм хийгээд байгаа аятай харах юм. Монгол улсын хуулиар зөвшөөрөгдөөд, стандартынх нь дагуу үйлдвэрлэсэн архийг л зардаг. Архи ярихаар манай хэдэн дэлгүүр ашгаа бодоод, шунаад байгаа юм шиг харж, нүд үзүүрлэдгээ болих хэрэгтэй” гэсэн нь гомдлын өнгөтэй сонстлоо. Бас манайх шиг улстөржих дуртай газар Иргэдийн хурлаар асуудлыг шийдүүлнэ гэвэл АН, МАН болоод талцчихна. Тэгээд аль ялсан намын гишүүн л эрх олж авна гэж байлаа. АН 2012 онд засгийн эрх авмагцаа бүх хороодын дарга нарыг өөрийн хүнээр сольсныг үүний жишээ болгов. ЧД дээр энэ яриа даамжирч АН ялснаас хойш бизнес хийхэд улам л хэцүү болж байгаа тухай ам амандаа шаагилдав.


    Архичин ба хэрэглэгч


Баар зоогийн газар ажиллуулдаг иргэд монголчуудын хэрэглээ улам бүр соёлжиж, цагаан архинаас татгалзах болсон гэж байна. Харин найзуудтайгаа суугаад хэдэн пиво шимэнгээ хөлбөмбөг үзчих газаргүй нийслэлд амьдардагтаа ичиж явдгаа залуу эр ярилаа. Мөн орон сууцны нэгдүгээр давхарт амсаж болохгүй сархдыг тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй ресторанд хүссэнээрээ ууж болдгийн учрыг бүгдээрээ хайгаад ч хариуг нь олсонгүй. Уг хуулийн төслийг танилцуулахдаа “согтуугаар үйлдсэн гэмт хэрэг” гэх мэтийн архины муу үр дагаврыг харуулсан том тоонуудыг алба юм шиг хэлж өгч байлаа. Харин дэлгүүрийн эзэд хариуд нь “Архидалтын шалтгааныг судалсан юм уу” гэж асуух аж. УИХ-д “ухаантай” хүн ховор бол тэнэг сонгогч тэрийн болгон таарсангүй. “Монгол орон архинд живж байгаа”-ийн жишээ болгож байнга зурагтаар үзүүлдэг архичдын хэн нь ч найман нэрийн барааны дэлгүүрээр үйлчлүүлдэггүй гэнэ. Тэд нар их сайндаа гэрээсээ хулгайлсан зүйлээ архиар солих санал тавьдаг ч бартер хийдэггүй гэж дэлгүүрийн эзэд ярив. Харин тэр архичид хаанаас, ямар юмаа олж уучихаад мөнхөд согтуу явдгийн учрыг Л.Эрдэнчимэг олчихоосой билээ гэж хүсэв. Архичин, хэрэглэгч хоёр УИХ-ын гишүүн, сонгогч гэдэг шиг ялгаатай аж.


    Сонгогч ба сонгогдогч

ЧД-ийн иргэд Л.Эрдэнэчимэгийг болсон болоогүй “Тамхины хяналтын тухай хууль” гэж юм батлуулчихаад “амжилт”-аа ахиулахаар архийг шүүрэн авсан хэмээн үзэж байна. Дэлгүүрийн эздийн саналыг нь сонсохоор уулзалт зохиосон УИХ-ын гишүүн гуравдугаар сарын 19-нд Нийслэлийн удирдлагуудад хуулийн төслөө танилцуулахдаа хаалттай хуралдаан хийсний учрыг нь олчих гээд ухаан хүрээгүй билээ. Мөн дүүргийнхээ иргэдийн саналыг сонсох гэж ирсэн гэх атлаа “Та нарын хэнд ч энэ хуулийн төсөл байхгүй” гэж хэлснийг нь гайхуулсан л гэж ойлгохоос. Харин эрхэм сонгогдогч тойргийнхоо сонгогчдоос “ухамсарын шанаа” аваад буцсаныг дуулгах нь зөв биз. СХД-ын иргэн, найман нэрийн дэлгүүрийн эзэн, эмэгтэй сонгогч нь “Найман нэрийн дэлгүүр дээр маш их мэдээлэл цуглардаг, бид маш их нөлөөтэй шүү. Л.Эрдэнэчимэгийг УИХ-д дэвшихэд нь өчнөөн олон хүнд аман сурталчилгаа хийсэн. Эмэйгтэй хүн илүү амьдрал ойлгоно, та нар дэмжээрэй гэсэн. Тэгж байж гишүүн болгосон. Би өнөөдөр тэрнийхээ хариуг авах ёстой байтал бүр эсрэгээрээ хоолноосоо салах гээд сууж байна” гэв. Бас нэг сонгогч нь “Дахиад манай дүүргээс сонгогдох гэж ирнэ гэдгээ та битгий мартаарай” гэснийг ерөөл гэж ойлгоход хэцүү ч сонгогдогч, сонгогч хоёр ямархан шүтэн барилдлагатай явдгийн нэгэн жишээнд тооцож болох билээ л...


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив