Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Шинэ юм зул болдог
2014 оны 6 сарын 23 [Уншсан тоо: 75516]
Газар дэлхий сөнөнө гэж үгүй, бүү гунихар
Гараг одод бөхнө гэж үгүй, бүү гунихар
Чандраар чинь хийсэн тоосго бүхэн
Чам шиг хүмүүст сууц болно, бүү гунихар

Омар Хайям

Хүүхэн бүхэн хурим хийх туйлын хүсэлтэй явдаг бол хүмүүс оршуулгаа тэр бүр төлөвлөөд байдаггүй. Хүний биеийг олсон л бол нас барах нь гарцаагүй боловч халдварт өвчнөөс цэрвэх адил энэ сэдвээс цахлан зугатдаг жамтай. Зайлах аргагүй уг зан үйл харин тухайн үндэстний ертөнцийг харах үзэл хийгээд амьдралын хэв маягийн талаар маш их мэдээлэл агуулдаг аж. Нэгэн цагт нийслэлтэйгээ нүүж явсан монголчуудын оршуулгын ёс өнөөг хүртэл хэрхэн хувирч ирсэн нь та бидний түүхийн салшгүй хэсэг ажээ.


Чулуу дэрлүүлэх ёс

Чингисийн онгоныг хүний өөрийнгүй хайсаар байгаа ч өнөө хэр сургийг нь гаргаагүй л сууна. Ерөөс өнөөгийн энэ газар нутаг дээр амьдарч асан нүүдэлчдээс Хүннү, Түрэгт холбогдох булш бунхан элбэг таарах мөртөө монголчуудынх тоотойхон олджээ. Дэлхий даяарыг байлдан эзэлж явсан ч их хаад нутаг газартаа ясаа тавих нь гарцаагүй юм. Ямартай ч бөө мөргөлийн дэг жаягаар бүхнийг гүйцэлдүүлсэн байх учиртай. Зарим түүхэн сурвалжид Иранд суусан Чингисийн угсааны хаадыг оршуулахдаа монгол ёсыг баримталж залуу охидоор тахил өргөдөг байсан гэдэг. Тэднийг нэгэн арал дээр оршуулдаг байсан ч тэндээс нь ч булш бунхан олдоогүй аж. Харин монголчууд шарын шашинд орсон үеэс бий болсон оршуулгын зан үйлийн талаар бид чамгүй мэдэх юм. Ном сударт тэмдэглэгдэн үлдсэнээр 1578 онд Түмэд Алтан ханыг шарын шашны ёсоор оршуулсан бөгөөд III Далай лам Содномжамц өөрийн биеэр ёсыг гүйцэлдүүлсэн гэдэг. Ингэхдээ “Хүчир хилэнцэтийг хүчээр бурхан болгох” хэмээх увдисаар шарилыг нь хайлуулан чандарлажээ. Үйлийн нэрээс хөөвөл амьд ахуйдаа бурхан шашинд төдийлөн сүсэглээгүй ханыг зан үйлээр “бурхан” болгосон байна.  Чухам эндээс л талийгаачийг “бурхан боллоо” хэмээдэг цээрлэх хэллэг монголчуудын дунд үүдсэн байж болох талтай юм. Үүнээс хойш язгууртан, хутагт хувилгаад мөн хөрөнгө чинээтэй нэгнийг чандарлан цац суварга бүтээх эсбөгөөс ариун дагшин газар оронд залах явдал түгжээ.

Харин эгэл ардад чулуу дэрлэх хувь оногдсон нь нүүдлийн ахуйтайгаа зохицуулсан хэрэг. Бидний өнөөдөр ч хэрэглэдэг “хөдөөлүүлэх” хэмээх яриа эндээс эхтэй бөгөөд хээр ил тавьдаг заншилдаа хүндэтгэлийн утга оруулсан нь энэ. Олонхыг оршуулах энэ ёс ХХ зууны дунд үе хүртэл амь бөхтэй үргэлжлэхдээ гагцхүү шарын шашны ном журмаар явж ирсэн байдаг. Гэхдээ ихэвчлэн Буриадын Агын дацангийн хамба лам Лувсанбалжорын зохиосон “Үрийн зурхайн болор толийн өнцгийн чимэг” хэмээх судрыг голложээ. Уг сударт талийгаачийн цогцсыг анх ямар жилтэй хүн хөндөхөөс өгсүүлээд бүх зан үйлийг нарийн өгүүлдэг. Өнөөдрийн зан заншил өчигдөр шинэ тутам дэлгэрдсэн байдгийн үлгэрээр монголчуудын оршуулгын ёс цагийн эрхээр байнга шинэчлэгдэн баяжсаар өнөөг хүрчээ.


Чулуу тавиулах ёс


Бидэнд одоо мэдэгдэж буйгаар шинэ цагийн ном дагуу хамгийн анх оршуулга үйлдүүлсэн монгол хүн бол Д.Сүхбаатар юм. Тэрбээр энэ тал дээр анхдагч болоод зогсохгүй хамгийн олон удаа “оршуулагдах” учиртай байжээ. Түүний шарилыг оршуулсан, бунхалсан, чандарласан бүх үйл явдал Монголд оршуулгын ямар зан үйл нэвтэрч ирснийг харуулах жишээ ч болох аж. 1923 оны хоёрдугаар сарын 20-нд бие барсан Д.Сүхбаатарын оршуулгын тухай мэдээ 13 хоногийн дараа Хураангуй сэтгүүл-ийн №69-70 дугаарт хэвлэгдсэн байна. Зарим сурвалжийн мэдээгээр залуу жанжныг эхлээд монгол заншлаар “хөдөөлүүлсэн” аж. Гэвч удалгүй Европ маягаар, большевик ёсоор газарт булжээ. Хоёр огнооны зөрүүг харвал эхлээд тл тавьсан гэдэг мэдээлэл үнэний хувьтай байж болно. Харин Хураангуй сэтгүүл-ийн мэдээ оршуулгыг большевикууд зохион байгуулсныг шууд гэрчилнэ. Ёслолд “Засгийн газрын олон сайд, Оросын элчин сайд нар Ардын намын ба Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд, монгол, орос, хөдөлмөрчин ард ба цэрэг бүгд хоёр мянга шахам хүмүүс” оролцсон нь 1919 онд Я.М.Свердловын оршуулгаар үүссэн большевик ёсны шууд хуулбар байлаа. Түүний шарилыг “ламын сонгосон газарт” оршуулсан бөгөөд Хичээнгүй сайд Б.Цэрэндорж “...Сүхбаатар чиний гайхамшигтай гавьяа зүтгэлийг түмэн үед хүртэл түгээмэл алдаршуулахын тулд хөшөө чулуунд сийлэн, судар шаштирт тэмдэглэмой” хэмээн гашуудлын үгээ дуусгасан байна. Ийнхүү Д.Сүхбаатар толгой дээрээ төвд ном уншуулахын оронд түүх намтараа тоочуулж, андгай тангараг сонссон нь цаашид жишиг болон үлджээ. Мөн түүнчлэн толгой дороо чулуу ивүүлэлгүй булшин дээрээ пайлуур босгуулсан байна. Энэ ч бас хэдэн жилийн хойно соёл болсон юм.

Зарим хүмүүсийн ярьдагчлан түүнийг хятадуудын хүүрийн газарт оршуулаагүйг “ламын сонгосон газар” хэмээх үг нотлох биз. Хятадын оршуулгын газрыг хожим тусад нь ярих тул түр орхиё. Үүнээс хойш тус газрыг “Алтан өлгий” хэмээн нэрийдэж нам-төр засгийн удирдагч, зүтгэлтнүүдийг оршуулах уламжлал тогтжээ. Залуу жанжинд зориулсан гашуудлын ажиллагаа, дурсгалыг нь мөнхжүүлж нийслэлийн төв талбайг бас уугуул нутгийг нь түүний алдраар нэрлэсэн нь ч мөн л Я.М.Свердловын “хойтын буяныг гүйцэлдүүлсэн” Зөвлөлт арга байжээ. Басхүү улаан хувьсгалд учирсан их гарз хохирлыг бэлгэдсэн улаан дээр хар халз татсан гашуудлын туузыг ч анх хэрэглэсэн юм. Харин зөвлөлтүүд шиг төв талбайдаа оршуулаагүй тул шарилын газарт нь гэрэлт хөшөө босгожээ. Оршуулгын энэ жишиг одоог хүртэл зарим талаар хадгалагдаж байгаа боловч зан заншил болтлоо чамгүй түүх туулжээ.


Ламаас нам хүчтэй болов


Монголын нийслэл Алтан тэвшийн хонхорт сууршьсан боловч талийгаач нараа хөдөөлүүлдэг арга нь хэвээр явжээ. Хүрээний хүн ам төдийлөн олон биш байхад хээр тавьдаг хэвшил төдийлөн төвөг учруулж байсангүй. Харин 1950-аад оноос, нэгдэлжих хөдөлгөөнөөр хөрөнгөө хураалгасан малчид Улаанбаатарт олноороо шилжин ирж, хүн амынх нь 14 хувь нэг дор төвлөрөхөд хуучин заншлыг өөрчлөхөөс аргагүйд хүрчээ. Ингээд монголчууд талийгаач нараа тавьдаг газруудад байнгын жижүүр гаргаж, газарт булан оршуулахыг шаардах болжээ. Олон жил дагасан уламжлалыг халахын тулд ухуулж таниулахаас гадна оршуулахаар авч яваа цогцосыг нь хураан авч торгох зэрэг одоо сонсоход тун эвгүй арга барилаар тэмцэж эхэлсэн байна. Үүний хүчинд хуучин лам нарыг тавьдаг газар байгаад улмаар одоогийн Гэсэр сүм орчимд сууж асан хятад иргэдийн оршуулга болсон Далан давхрын энгэрт шарилын газрыг ерөнхийд нь төвлөрүүлж эхэлсэн аж. Энэ үед буюу 1955 онд Нийслэлийн захиргааны бүтцэд “Хүүр оршуулах товчоо” хэмээх нэгжийг бий болгосон байдаг. Улмаар 1958 оноос “Иргэдийг үйлчлэх товчоо” гэж дуудахад эвтэйхэн нэртэй болгон өргөжүүлжээ.
Нам “хүүрийг оршуулуулдаг” болсноос гадна шашны ёс заншилтай тэмцэн ялалтад хүрсэн юм. Гэхдээ талийгаачийн араас үйлдэх хойтын буянд нь төдийлөн нөлөөлж чадаагүй. Харин бэлгийн тооллоор оршуулгаа товлодог заншилтай нь эвлэрэх арга үнэндээ байсангүй. “Дурын өдрөө” талийгчаа оршуулахаар чөлөө авах ажилчид ажил хийдүүлдэг нэг тал байж. Бас оршуулгад ашиглах машин техникийн тоо хязгаартай тул нам-засгаас долоо хоногийн даваа, лхагва, баасан гаригуудад оршуулга үйлдэхийг зөвшөөрчээ. Ийнхүү христийн шашны Бурхан биечлэн тогтоосон ажил үүргийн хуваарь монголчуудын оршуулах зан үйлийн салшгүй нэг хэсэг болов. Мөн оршуулгад зориулан албан байгууллагаас гаргаж өгсөн машин улаан, хар халзтай хуудас цаасаар баталгаа болгон хотын дотор явах журам ч гарав. Өнөөдөр зарим нэг нь дээрх уламжлалаар хувийн тэрэгний салхины шилэнд уг бичгээ тогтоосон харагддаг. Харин хотын дарга Э.Бат-Үүл машиныг дугаар хязгаарлан явуулдаг болсноос хойш мөнөөх бичиг эргээд хүчин төгөлдөр баримт боллоо. Өчигдөрхөн хүчээр тогтоосон зүйл өнөөдөр заншил болдог жишээ нэг ийм.


Хотын суурингийн салшгүй хэсэг

Хүн төрөлхтөн үүссэн цагаас л оршуулга эхтэй. Харин нэг дороо төвлөрөн суух болсноос үүдэн уг асуудлаа шийдэх гарц хайсаар ирсэн юм. Гэхдээ тэдэнд талийгаач нартайгаа нэг дор амьдрах санаа огтоос байсангүй. Хот бүхэн эхэндээ оршуулгын газраа захдуу байрлуулсан боловч өргөжин тэлсээр хар аяндаа дундаа хийгээд авсан байна. Улаанбаатар ч ялгаагүй өнөөдөр энэ жишгээр л хөгжин тэлж явна. Улаанбаатарын анхны оршуулгын газар харин оросуудынх юм. Өргөөд 1861 онд Оросын консулын газар, үнэн алдартны сүм нээгдсэнтэй зэрэгцэн булш бунхан нь бий болжээ. Харин хятадуудын шарилыг Монгол газар оршуулахыг хориглодог байсан бөгөөд шарилыг заавал нутаг руу нь буцаадаг байсан нь ихээхэн ашигтай бизнес байсныг Майский өөрийн номдоо тэмдэглэн үлдээсэн билээ. Гэхдээ хөрөнгө чинээ муутай нь ямар нэг аргаар одоогийн Цагдаагийн академийн хойно нь оршуулчихдаг байжээ. Үүнийг гэрчлэх зүйл тэр хавиас олдсоноос гадна Маймаачин хотын Дарь эхийн сүмээс оршуулгын цуваа гарч яваа гэрэл зураг ч бий. Мэдээж өдгөө монголчуудын оршуулгын газар дийлэнх хувийг эзлэх боловч Улаанбаатарын түүхтэй салшгүй холбоотой орос, хятад иргэдийн шарилын газрыг судлууштай санагддаг. Тэндээс манай хоттой холбоотой олон сонин баримтын сэжүүр олдохыг үгүй гэх газаргүй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд Далан давхрыг дурсгалын цогцолбор болгохоор тусгасан байна. Энэ үнэхээр цагаа олсон зөв санаачлага, харин түүнийг хөндөхөөсөө өмнө эрдэмтэн мэргэдтэй хамтран судалгаа хийж үзээсэй билээ. Өнөөдөр манайд шинэ тутам бий болоод буй чандарлах ёс дэлхий дахинд нэгэнт хэрэгжсэн бөгөөд шинэ юм зул болдгийн үлгэрээр олны ам нааштай байгаа. Энэ талын ёс заншил ч нэгэнт хэвшин тогтжээ. Бидний үеийнхэн тэр л дэг жаягаар газар дэлхийдээ шингэх учиртай ажгуу.
       



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив