Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Барьж буй “балгас”
2014 оны 8 сарын 19 [Уншсан тоо: 128464]
Нийслэлийн СХД, хуучнаар “Цамбагарав” үйлчилгээний төвийн ард ийм нэг “юм” бий. Хавийн улс нь, СХД XIV хорооныхон, 14 дүгээр байрныхан ч бүгд үүнийг “балгас” гэх аж. Эзэн нь 2000 оноос хойш тасралтгүй, юухан хээхэн олж ирээд зүйж залгаж, овоолж шаваад байгаа атал хүмүүс ийн нэрлэх нь гомдолтой мэт. Хүний урмыг бодсон нэг нь “юмхнаар юм хийжээ”, “мөн ч их хөдөлмөр гаргажээ” гэхчлэн шогширно. Харин нөгөө нь “хотын өнгө зүс гутаасан хогийн овоолго” гэж зүхнэ. Анхнаасаа ямар ч зураг төсөлгүй эхэлсэн энэ “барилга” нэг талаар сүүлийн 25 жилд бидний цогцлоож буй Монголтой тун адилхан санагдав.



Багашаархан тоосгон мухлаг байсан эхэн үе нь Монгол Улс зах зээлд шилжиж, хувийн өмчийг дээдэлсэнтэй дүйнэ. Эзэн нь жижиг худалдаа эрхэлж явсан тэр цаг  П.Жасрайгийн “Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” хэмээх алдарт үгийг сануулах юм мэт. Эзэн ашиг орлогоо тоолж, мухлагаа байшин болгох санаа олсон тэр нэг нойргүй шөнийг П.Очирбатын “Бар улс болно” гэдэг тунхагтай жишихэд яагаад болохгүй билээ. Ингээд аугаа Гауди ч атаархмаар архитектурын их ажил өрнөсөн бололтой юм. Уг байгууламжийн суурь нь эхэндээ эгэл жирийн байшин байсан болох нь эргэж тойрч харвал тодорхой болно. Тоосгоор босгосон нэг давхар улмаар эзний олсон юмсын эрхээр эв хав муутай овоолго болон үргэлжилжээ. Юугаар, яаж барихаа төлөвлөөгүй харин юу олсноо “байшин” болгосон учир дуусаагүй, дуусах ч үгүй уран сэтгэмж эндээс олныг олж харна. Үүнийг хөгжлийн бодлогогүй Монголын сонгуульд ялсан намуудын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй зүйрлэхэд лав буруудахгүй.

Гэнэт олдсон зүйл нь гэр маягийн бүтэцэд тохирох байсан учир байшин дээрээ гэр нэгийг бариад орхиж. Хаа нэг газраас чирч ирсэн зүлэгний хайсаараа гэрийн хаяа хийсэн нь басчиг хөөрхөн чимэг болжээ. Үндэсний хэв маягтай хөгжил, үндэсний үзэл ярих дуртай манай улстөрчдийн үзэл номлол өнөөгийн нийгэмд иймэрхүү л харагддаг. Гэтэл бас хаана ч юм таарсан төмрийн хаягдал тагт хийхэд зохимжтой байсан тул түүнийгээ ч урласан байна. Барууны чиг хандлагад автамхай улстөрчдийн эх орондоо бий болгосон “хөгжил дэвшил”-ийг тагтаас нь хараарай. Хараахан дуусаагүй энэ хоёр бүтэц ирээдүйд хоорондоо холбогдох бололтой юм билээ. Манай хэд дотор ингэж ярьдаг улс захаас аван бий дээ.

Байшин гэхэд байшин биш архитетурын энэ бүтээл хавь ойрдоо хал ихтэй гэнэ. Бусдын хаягдлаар бүтээсэн “балгас”-ыг 14 дүгээр хорооныхон иргэдийн хүсэлтээр буулгуулах гэж шат шатны байгууллагуудад ханджээ. Гэвч газрын зөвшөөрөл гэх мэт бичиг баримт нь жин тан болохоор шүүх дээр очоод дийлддэг гэж XIV хорооны зохион байгуулагч А.Азжаргал ярилаа. Хүний эрх, хувийн өмчийг дээдэлдэг Монгол юм хойно одоо яая гэхэв. Гэтэл “чиний эрх миний эрхээр хязгаарлагдана” гэдэг бичигдээгүй хууль бас бий. Арван дөрөвдүгээр байрны нэгдүгээр давхарт амьдардаг Г.Болортуяа олон зовлон тоочлоо. Нар салхи хаадаг нь ч дүүрч гэнэ. Харин энэ байрныхан “балгас” гэж нэрлэдэг болохоор тийшээ хогоо хаячихдаг аж. Бас нэмэрт нь гэр оронгүй элдэв тэнүүлчин хашаанд нь үүрлээд, өтгөн шингэн мөрөө үлдээх тул зундаа өмхий самхай ч найгаа  алддаг байна. “Балгас”-ыг 14 дүгээр байртай тулгаж бас л хог хаягдлаар хашаа босгосон болохоор угаана гэдгийг огт тооцолгүй хийгдсэн вакуум цонхоо Г.Болортуяа гаднаас нь арчилгүй олон жил өнгөрчээ. Өөрөө л эрхээ эдэлж байвал бусдынхыг ер хайхардаггүй “монгол ардчилал”-ын дүр зураг мөн биз?!

Тус байрны оршин суугч М.Биндэръяа гуай “Ийм үзэл сурталгүй юмаа буулгачих аа, яршиг. Улс орон хөгжиж дэвжиж байхад гутамшиг юм биш үү” гэж эзэнд нь хэлсэн аж. Харин мань эр “Монгол миний байшингаас ичих болтлоо хөгжинө гэвэл дахиад 20-30 жил бий” хэмээн амыг нь таглажээ. Харин М.Биндэръяа гуайн эмгэн “Хөөрхий хүний хөдөлмөр, барьж дуусаагүй юмыг нь ийм тийм гэж хэлээд яахав” хэмээн хошуу цорвойв. Буулгаад бүрийн шинээр эхэлье гэхэд хайран атлаа энэ чигээр нь цааш зүтгүүлээд байвал чухам юу болох нь тодорхойгүй Монголтой энэ байшин олон талаараа адил юм. Эгээ л Ш.Гүрбазар энэ “балгас”-ыг хараад “Монголтойгоо адилхан” гэж дуу алдсан болов уу гэмээр...

Эзний хашаандаа суулгасан улиас ургаад хэдийнэ гуравдугаар давхарт хүрчээ. Өнгөрсөн жил хашаандаа чацаргана суулгасан байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягаас үлгэр авсан эр байсхийгээд л хүн дагуулж ирээд ийм тийм аж ахуй эрхэлнэ гэж ярьдгийг байрныхан сонин болгож байлаа. Орчин тойрныхон нь хэрхэн буулгаж хаях аргаа хайж байгаа бол эзэн нь архитектурын бүтээлээ 70-80 өрөө тасалгаатай орд өргөө болно гэдэг итгэлтэй явдаг аж. Бүх юм нь хууль номоороо “балгас”-ын эзнийг хүндлэн малгайгаа авахын ялдамд үр шимгүй зарцуулж буй хөдөлмөрийг нь бодолцож бас нэгэн дусал нулимс унагахад ер гэмгүй. Төмөр-Очир гэх эр ажлаа тараад ямар нэг юм авчирч “барилга”-аа улам “төгс төгөлдөр” болгодог аж. Босгоод бүтээгээд байгаа атлаа “балгас” нэрээс хэзээ ч салахгүй ийм нэг архитетурын бүтээлтэй Монгол минь улам адилхан болоод байх юм.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив