Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Туггүй удирдагч
2014 оны 8 сарын 25 [Уншсан тоо: 128303]
Н.Алтанхуяг анхнаасаа зүүн чихээ баруун гараараа маажиж эхэлсэн юм. Тэр нь ч дүүрч. Ерөнхий сайд болох урт дур нь л гозогноод явснаас бус түүнд “туг” байгаагүй аж. Гэхдээ мэдээж хөтөлбөр гаргасаан. 2012 оны есдүгээр сард танилцуулсан үйл ажиллагааны хөтөлбөр нь АН-ын “Монгол хүн”-ийг ИЗНН-ын “Амьдрал”-аар сэлбэж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” хэмээх популизмаар чимсэн эд байлаа. УИХ-д үнэмлэхүй олонх болоогүй Н.Алтанхуягийн зовлон сонгуулийн дүн гарснаас хойш ундарчээ. Хамгийн боломжит хувилбар МАН-аас татгалзан, бие даагчдыг талдаа татах гэсэн боловч төрийн албыг төлбөрийн хэрэгсэл болгож орхив. МоАХ-ны партизануудаас өгсүүлээд амыг нь таглах ёстой бүхэнд төрөөс мөнгө шомбодох эрх олготол яваандаа өөрийг нь шаварт хутгаж эхэлсэн. Хэнд өөрт нь, бас эхнэрт нь, хүүд нь, охинд нь, ахад нь, дүүд нь, амрагт нь, саданд нь ямар ямар албан тушаал өгснийг тусад нь жагсаах ёстой учир энд нурших илүүц. Харин өөрийнх нь садангуудаас хүргэн Г.Дэнзэн нь хамгаас түрүүнд хэл амны бай болсон бол өдгөө охин нь дээсэн дөрөөн дээр явна.



Монгол бараг дан ганц уул уурхайн экспортоос хамаардаг эдийн засагтай. Гэтэл ”Уул уурхайн ордуудыг түшиглэн байгуулагдах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож, хэрэгжүүлнэ” гэж хөтөлбөртөө тусгасан нь гадны хөрөнгө оруулалт дайжиж ам.доллар чангарах цондон болсон байж ч мэднэ. Сугандаа хавчуулсан популистуудынхаа үгээр “Спиртийн үйлдвэрлэлд улсын монополь тогтооно” гэсэн нь хувийн өмч рүү халдах их аяны дуудлага болжээ гэмээр. Гэхдээ түүний хөтөлбөр авахын тамтаггүй болоод Н.Алтанхуяг өнөөдөр “баларч” суугаа юм биш. Түүнд тамга нь байсан ч “туг”, бүр ядаж “дадар” байсангүй. Тэрбээр эсгий шаахай сурталчлах, утаагүй зуух галлах, хүүхдүүдэд хичээл заах зэрэг “далан чавганцын ажил”-ыг ганцаараа нугалж дөнгөдөг. Гэтэл ганц Ерөнхий сайдын албыг л хашиж чадахгүй юм. Малчин айлаар бол мань эр бууриа сэлгэх ёстой гэдгээ мэдээд байгаа ч хаана буухаа, яагаад тэнд буух учиртайгаа өөрөө ч мэдэхгүй суусаар өдий хүрлээ. Гэр бараагаа ачаалж буй эхнэр хүүхэддээ зааж зааварлахын оронд сав суулга боож баглахад биечлэн оролцож, хаашаа нүүхээ мэдэхгүй суугаагаа нуух гэж ихэд оролдов. Аргаа барсан хүн ардын эмнэлэг барааддгийн жишгээр 100 өдрийн дотор эдийн засгаа сэргээнэ гэж хэлсэн ч хоногийнх нь тоо одоо нэгэнт гүйцчихжээ.

Н.Алтанхуяг улстөрчид, улстөрийн бүлэглэлүүдийг аргацаах, торгоох гэж хүчээ барснаас бус ард түмэндээ итгэл найдвар өгөх ауггаа бүтээн байгуулалтын тухай ганц ч үг унагасангүй. Түүний хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд нь нийгмийн тодорхой хэсэгт ашиг тусаа өгсөн байж болох ч үлдсэнд нь огтоос хүртээлгүй байлаа. Ухаан нь, төрсөн охиныг нь торны цаана суулгаж мэдэхээр байгаа “Нүүрс” төсөл Улаанбаатарын гэр хорооллынхноос бусдад нь огтоос падлийгүй эд. Харин түүний дэргэд “Их Майдар”-ын хот ярьж, төв талбайд түүнийгээ сурталчилж буй Х.Баттулга бас чиг гэж “удирдагч мэт” харагдах аж. Н.Алтанхуягийн үед олон зуун километр зам барьсан ч Н.Энхбаярынх шиг “Мянганы зам” гэдэг “туг” дутсан. С.Баярын “Таван төгөлдөршил” түүний толгойд багтах ч үгүй бол, “Атрын гуравдугаар аян”-ыг нь хөтөлбөртөө багтаан аргаа баржээ. Одоо бүр Ц.Элбэгдорж шиг “Шударга байцгаая” гэж хэлэх ч нүүргүй болчихлоо. Харин тэрбээр амь насаараа дэнчин тавин байж Бурхан Халдун ууланд төрийн далбаа хийсгэжээ. Н.Алтанхуяг чухам ямар “туг”, хаана мандуулах ёстойгоо өнөөдөр ч ойлгоогүй л явна.

Н.Алтанхуяг “далан чавганцын ажил”-аа сурталчлуулахаар пиарын баг хөлсөлж, адагт нь Твийтэрийн “ухаантнууд”-ыг хувийнхаа амралтад урьж, “аргадсан” боловч ард түмэн түүнийг ойлгосонгүй. Эцсийн дүндээ түүний уналтын шалтгаан нь Шинэчлэлийн Засгийн газрынх нь нөхөөстэй дээл шиг хөтөлбөр, үхрийн бөөр шиг танхим нь ч биш, харин хувь хүндээ томдсон албан тушаал юм. Гэхдээ Н.Алтанхуяг бүр нэг лойчихсон эр бас биш ээ, түүнийг “Аж ахуй эрхэлсэн орлогч захирал”-аараа тавьсан аль ч компани огтоос харамсахгүй гэдгийг хоёр жилийн дотор өөрийн биеэр хангалттай нотолсон. Уул хүн нь уулан дээр туг намируулахаас биш улс орны хэмжээнд “туг” мандуулахаар нэгэн биш аж.             


Томоор үзэх бол зураг дээр дарна уу.



   
 

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn