Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Туршилтад туйл хэрэгтэй
2014 оны 9 сарын 16 [Уншсан тоо: 88669]
Нийслэлийн нийтийн тээврийн сүлжээг сайжруулах, ерөөс Улаанбаатарыг тэр чигт нь сайхан болгох Э.Бат-Үүлийн туршилтыг бид дажгүй давсаар өнөө хүрлээ. Тэр чинээгээр төрөлх хотын маань өнгө зүс ч өдөр ирэх тутам дээшилж л байна. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалыг далимдуулсан, өдрийн туршид 500 төгрөгөөр хүссэн чиглэлдээ зорчих туршилт зарим хүний толгойг эргүүлж, эгдүүг хөдөлгөсөн. Гэхдээ нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн чиглэлийг хэрхэн тогтоовол зохиолтойг эхний ээлжинд мэдээд хоцорлоо. Харин автобус компаниуд энэ туршилтаас манай зорчигчдын ухамсар дээшилснийг олж харсан гэнэ. Нийслэлчүүд нийтийн тээврээр “гүрийх” аргаар явахаа бараг больсныг өнгөрсөн арав хоногт мэдээд тэд ихэд олзуурхжээ. Мөн машины дугаарыг тэгш сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулахад өдөртөө 176 мянган машин зогссон аж. Ингэснээр, нэг машин өдөрт 10 000 төгрөгөөр шатахуун хийдэг гэвэл 10 хоногт 28.9 тэрбум төгрөгийн биензин хэрэглээгүй бөгөөд бид ийм хэмжээний мөнгөө хэмнэжээ. Туршилтын олз арвин байна.


ОНЦГОЙ ЭРХ БА ОНЦГҮЙ МЭДЭЭ

Одоогоор Улаанбаатарт өдөртөө 800 орчим автобус тээвэрт явдаг. Харин энэ тоог 2 500 болгочихвол иргэд автобус хүлээхийн зовлонгоос хагацах гэнэ. Иймээс Улаанбаатарын нийтийн тээвэрт томоохон өөрчлөлт хийхээр энэ жилийн төсөвтөө 20 тэрбум төгрөг тусгасан байна. Дээрх мөнгөний заримаар нь 100 автобус худалдан авах тендерийн ялагч есдүгээр сарын 22-нд тодорхой болно. Монголын бараг цорын ганц худалдан авагч-төрд бүтээгдэхүүнээ зарах боломжийг алдах хүн хаана байх билээ. Тэдний нэг нь “Экобус” автобусны үйлдвэр юм. Тус компаний захирал Д.Жаргалсайхан тендерт олон компани оролцож байгаад таатай бус хандаж байна. Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд шууд манайхтай гэрээ байгууулж, “Экобус”-ыг маань аваад байж уул нь болно л доо” гэв. Д.Жаргалсайхан урьд улсын өмчийн “Цахилгаан тээвэр” компанийг удирдаж явахдаа “Эрдү” ХХК байгуулж тролейбус угсран ямар нэг тендер, өрсөлдөгч гэлгүйгээр төрд зардаг байсан юм. Өнөөдөр тэрбээр яг тийм маягаараа Улаанбаатарын нийтийн тээврийг “Экобус”-аар хангах орь ганц хүсэлтэй гэдгээ нуусангүй.

Харин хэрэглэгчид буюу нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд түүний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд ам муутай байна. Хятадад үйлдвэрлэсэн Volvo-ийн хөдөлгүүр бүхий дугуйтай автобусны бэлэн тэнхлэг дээр бусдыг нь угсарсан “Экобус” туршилтад ороогүй гэнэ. Д.Жаргалсайхан захирал одоогоор туршилтын зориулалттай талбай байхгүй ч яваандаа байгуулна гээд “Гэхдээ бид автобусаа оношлогоонд оруулсан” гэж байна. Энэ нь жилдээ машин болгон орох учиртай энгийн техникийн үзлэг аж. Уул нь машин үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ осол аваарын үед зорчигчдод ямар хохирол учирч болохыг зүйл бүрээр туршиж тухай бүрд нь засаж сайжруулдаг. Харин “Экобус”-ын үйлдвэр борооны ус нэвтрэх эсэхийг нь шалгадаг нэг хэсэгтэйг тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал А.Цэцэгмаа танилцуулсан юм. Д.Жаргалсайхан дээрх тендерт ялахгүй бол “нэг үндэсний үйлдвэр нүд анина” гэсэн нь туньсан аястай сонстлоо. Өмнөх шигээ онцгой эрх эдлэх хүсэл түүнд байгаа боловч хүлээн зөвшөөрөгдсөн гадны брендүүдтэй өрсөлдөхөөсөө халгаж “үндэсний үйлдвэр” гэдэг үгийг урдаа барьжээ.      
      

ҮНЭ БА ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭР

Автобус худалдан авах тендерт одоогоор 14 компани саналаа ирүүлсэн байна. Д.Жаргалсайхан захирал “Экобус”-аа нэг бүрийг нь 150 мянган ам.доллароор үнэлжээ. Тэрбээр үйлдвэрлэлийн өртгөө хэлээгүй боловч ийм үнээр зарвал компани нь цаашдаа оршин тогтнох боломжтой гэж ярилаа. Харин 2009 онд манай улс Өмнөд Солонгосын Дэү компаний 400 ширхэг автобус нэг бүрийг нь 60 мянган ам.доллар худалдан авсан нь өдгөө ч нийслэлийн гол ачааг нугалж байна. Мөн “Атибус” компани БНХАУ-аас 50 мянган ам.долларын үнэтэй авсан автобусаараа үйлчилгээ явуулдаг. Гэтэл “Экобус” яагаад ийм өндөр үнэтэй байгааг сонирхвол хамгийн сүүлийн үеийн “Евро 4” стандартын хөдөлгүүртэй гэдэг тайлбар өглөө. Түүнээс гадна тендерт орж буй компаниуд татварын хөнгөлөлт эдэлдэг учир “Экобус”-аас хямд үнэ санал болгох нь тодорхой гэж Д.Жаргалсайхан ярьсан юм. Гэтэл УИХ-аас 2006 онд нийтийн тээвэр эрхэлдэг компаниуд өөрсдөө 0-3 жил явсан автобус оруулж ирвэл импортын татвар төлөхгүй байх зохицуулалт хийсэн байна. Харин борлуулагч нарт энэ хөнгөлөлт хүртээлгүй бөгөөд зохих ёсоор нь татвар төлдөг аж.

Дээр дурьдсан Дэүгийн 400 автобуснаас авсан хувийн компаниуд зургаан жил ашиглаад өнөөгийн байдлаар үнийх нь 6-7 хувийг эргүүлэн төлөөд байгаа аж. Тэгэхээр 150 мянган ам.доллар буюу 276 сая төгрөг автобус авбал үнийг нь төлж дийлэхгүй гэж “Тэнүүн Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг хэллээ. Хувийн компаниуд тэр бүр өөрийн хөрөнгөөр паркаа шинэчлэх хөрөнгөгүй учир төрөөс автобус худалдан авч өгөөд үнийг нь цувуулан төлөхөөр гэрээ хийдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд “Экобус” авах хүсэлгүй байгаа бас нэг шалтгаан байгаа аж. Гадны брендүүд борлуулалтаасаа гадна сэлбэг хангамж, засвар үйлчилгээг нь ч давхар хариуцдаг гэнэ. Гэтэл үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг авсан тохиолдолд хамаг ачааг өөрсдөө үүрэх юм байна. Түүнээс гадна Авто тээврийн тухай хуулийн 10.2.1-т зааснаар автобусны үйлчилгээ эрхэлдэг компаниуд “...зорчигчийн амь нас, эрүүл мэндэд ...хохирол учруулахгүй байх” үүрэгтэй учир ашиглалтын туршилтад ороогүй бүтээгдэхүүн авахаас цааргалах нь аргагүй юм.


ОВ БА ХАР

Шийдвэл зохих нийгмийн эмзэг асуудлаар улстөрчид гарамгай тоглодог. Улаанбаатарын утаа гамшиг боллоо гэдэг шуугиан гармагц “утаагүй зуух” хэмээх парадокс бодож олоод дээр нь нэмээд “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Харин “Экобус” нь хорт утаа ялгаруулдаггүй гэдгийг нотлохын тулд асаж буй автобусныхаа яндан руу хамраа шургуулж гүнзгий амьсгалаад мишилзэх Д.Жаргалсайхан захирал инээд хүргэхээсээ илүү хар төрүүлэв. Утааны хийд агуулагдаж буй химийн элементүүдийг тоо хэмжээгээр нь гаргаад ирдэг аппарат байсаар атал тийм үйлдэл гаргах нь хэрийн популист улстөрчийн толгойд орохгүй “гоё санаа” юм. Одоо түүнийг давъя гэвэл Ерөнхийд сайд Н.Алтанхуяг “утаагүй зуух” галлах аргачлалыг өөрөө заахын сацуу яндан руу нь хамраа шургуулах хэрэг гарах нь. Энэ хоёрын хэн хэн нь баруун аймгийн хүүхдүүд бөгөөд нутгийнхаа бизнесмэнийг дэмжиж техникийн шаардлага хангаагүй автобусыг нь төрийн мөнгөөр авах гэж байгаа гэдэг хардлага нийтийн тээвэр эрхлэгчдийн дунд байна.

Саяхан улсын өмчийн “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” компаниудыг нэгтгэн “Нийтийн тээврийн нэгтгэл” байгуулсан бөгөөд ингэснээр бүгд ганц хүний удирдлага дор орно. Үүнийг “Экобус” авахгүй гэдгээ нийслэлийн удирдалгуудад бичгээр илэрхийлсэн захирлуудыг огцруулж “өөрийн хүн”-ээ томилохоор шийджээ гэдэг талаас нь харж болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хотын захирагч Э.Бат-Үүл нарын удирдлагууд “Экобус”-ыг дэмжинэ гэдгээ анхнаас нь илэрхийлсэн. Гэтэл Д.Жаргалсайхан “Манай компанитай гэрээ байгуулаагүй тохиолдолд дэмжлэг гэж үзэхгүй” хэмээн эрсхэн хэлсэн юм. Бизнесмэн ашгаа нэн тэргүүнд тавьж буй нь зүйн хэрэг. Харин олон нийтийн өмнөөс шийдвэр гаргадаг дарга даамлууд асуудалд хариуцлагатай хандах ёстой. Улаанбаатарт давхардсан тоогоор жилдээ 316 сая хүн нийтийн тээврээр үйлчлүүлдэг аж. Тэдний амь нас, эрүүл мэнд жолоочийн ур чадвараас гадна автобусны чанараас шууд хамааралтай. Өдий болтол төрд шахахаас өөрөөр борлуулах боломжгүй байгаа “Экобус”-аараа та өөрөө тээвэр хийвэл яадаг юм бэ гэдэг асуултанд Д.Жаргалсайхан “Үйлдвэрлэл, үйлчилгээ хоёрыг зэрэг эрхлэж болохгүй гээд намайг Цахилгаан тээвэр компаний захирлаас огцруулсан” гэж хариулав. Гэтэл ийм хууль, журам Монгол Улсад байхгүй, харин хувийнхаа компанид угсарсан тролейбусаа улсад зараад байсны учир түүнийг АТГ-аас шалгаж байсан аж.

Э.Бат-Үүлийн туршилтыг нийслэлчүүд тэсэн өнгөрөөж байгаа, гэхдээ амь насыг нь зольж мэдэх зүйлд арай бэлэн биш болов уу. Эцсийн дүнд шийдвэр гаргагч дарга нар болоод тэдний үр хүүхэд нийтийн тээврээр үйлчлүүлдэггүй. Дарга нар минь ээ, “Таныг тэнгэр татаад авчихна, харин бид нарыг загас хооб шүү”. Түүнээс гадна Ecobus гэдэг ойлголт дэлхий дахинд байхгүй, байдаг байлаа ч “экобус” гэж уншдаггүй “экобас” гэх учиртай юм билээ.

http://toimsetguul.mn/
"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn