Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Хармаа өрөөний жанжин
2014 оны 12 сарын 16 [Уншсан тоо: 67788]

Чингисийн талбайн голд омголон морин дээрээ хөндлөн сууж, баруун гараа өргөөд хамаг биеэрээ зүүн хойшоо хандсан, буу сэлэмтэй нэгэн хүний хөшөө бий. Түүнийг олноороо “Д.Сүхбаатар” жанжин гэх бөгөөд монгол хүн гэдгээс өөр Чингистэй холбогдох баримт сэлт одоогоор олдоогүй байна. Өнөөдөр энэ талбайд эзэлж буй түүний байр суурийг үнэлбэл айлын хажуу өрөө түрээслэн суугаа хархүүтэй төстэй юм. Гэхдээ басчиг тэгтлээ ядарсан амьтан бас биш. Аливаа төрийн хэмжээний баяр ёслолоор гагцхүү түүнд л цэцэг навч өргөж, хүний өөрийн гэлтгүй бөхийн хүндэтгэл үзүүлж байгаа харагддаг. Харин Чингис хааны өмнө томоохон тайз засаад олныг хамарсан ямар нэг арга хэмжээ зохиохоор айлын найранд урилгагүй ороод ирчихсэн товир биетэй нөхөр шиг араар зогсож байгаа хүмүүсийн нүдэнд тороод тээртэй санагддаг болжээ.

Нөгөө талаар нэрэмжит талбайг нь булаасан Чингис хаан залуу жанжин Д.Сүхбаатарыг харж үзээд хаяанаасаа салгахгүй аваад яваа байгаа ч юм шиг харагдана. Хаан хөвүүдээ баруун зүүндээ суулгаж, хоёр хүлэг баатраа урдаа зогсоосон Чингис хаан гон биеэрээ гозойж байдаг Д.Сүхбаатарыг ихэд өрөвддөг болов уу гэж бодогдоно. Гэхдээ Д.Сүхбаатарт арвын арван дөрвөн сайхан арслан бий, түүнээс гадна өглөөнөөс үдэш хүртэл эргэн тойронд нь бужигнах ард түмэн нь ч бий. Гэвч шинэ хосууд цэцэг өргөж, өмнө нь зургаа татуулахаа хэдийнэ больжээ. Хуримлагсад ч гэлтгүй ер нь хүмүүс түүнтэй хамт зураг авахуулах нь улам л ховордоод байгаа билээ. Айлд ирсэн хүн зочинтой нь түрүүлж хөөрөг зөрүүлдэггүй шиг Чингисийн талбайд алга дарам зай эзэлсэн түүний үүрэг роль хар аяндаа аажим бүдгэрсээр билээ. Одоо нэгэнт Чингисийн цогцолбороо нурааж хаяхгүйгээс хойш хүний нэртэй талбайд толгой хавчуулсан Д.Сүхбаатарынхаа хөшөөнд шинэ нутаг гаргаж өгмөөр.

МАН-ынхан зөрүүдлээд байлгүй нийслэлийнхэнтэй ярилцаад нэг тийш нь шийдээсэй билээ. Төрсөн буурь Амгаланд нь зай олдохгүй бол Тасганы овоо дээр талбай гаргаад өгчихвөл хотынхонд очих бас нэг талбай нэмэгдэх юм. Шинэ цагийн залуу жанжиндаа Улаанбаатар талбай гаргаад өгч чадахгүй бол Доржшүгдэн сахиус нь биеэрээ энд заларч байгаа мэтгэдэг шүгдэнгийнхэнд асуудлыг даатгачихад хөөрхөн шийдэл олж л таарна. Яаж ийгээд Д.Сүхбаатар жанжнаа хармаа өрөөнөөс холдуулаад тусад нь гаргаад авчих юмсан, улс байна даа.


Төөрөлдсөн хүн. Чингисийн талбайд ирсэн гадны зочин голд нь байгаа морьтой эрийг Чингис хаан гэж бодоод хамт зургаа дарсан байна. Удахгүй манай багачууд ч энэ талбай дээр байгаа баримлуудын хэн нь Чингис болохыг тааж ядна.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив