Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Авахын гачлан*
2015 оны 4 сарын 21 [Уншсан тоо: 62986]

Буяны сэтгэл сайхан, дээр нь орлогынхоо
таван хувийг нэмчихвэл бүр ч сайхан.

Сесиль Родс (1853-1902)

“Дэлхий сүйрдэг жил” (2012 он)-ийн өвөл youtube сайтад Radi-Aid: Africa for Norway нэртэй ролик тавигдав. Тэр дороо олны анхааралд өртлөө. “Африкчууд аа! Бид Норвегийн төлөө гараа сунгах болжээ. Буйдан дээрээсээ өндийгөөд цахилгаан халаагуураа аваад ир, хөлдөхийн аюул нүүрлэсэн Норвеги руу илгээе!” хэмээн уриалах аж. 1985 онд АНУ-ын оддын дуулсан We are the world-ийн зохиомжийг хуулсан хийцтэй ролик дундуур африк залуус гэрээсээ халаагуур авч ирээд тушааж байх юм. Дорхноо л хэл ам дэгдэв. Харин үүнийг бодож олсон ТББ-ынхан “Африк гэхээр хүний толгойд өлсгөлөн, гуйланчлал, ДОХ, иргэний дайн л буудаг. Хэвлэлүүд ч ингэж ойлгуулдаг” гээд, өдгөө энэ тивд нааштай өөрчлөлтийн зах цухуйсан учир “Барууны орнуудын тусламж Африкт ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг бид бодох цаг болсон” гэж тайлбарлажээ.

БУЯНД ХАНАХ ҮЗЭГДЭЛ

Хүн өөрийнхөө чухлыг мэдрэх боломж олдвол алдах амьтан огт биш. Бурхны энд хүрэх сиймхийг харалгүй өнгөрөөсөн этгээдэд “хүн” хэмээх нэр зохихгүй. Хэн боловч өөрийгөө бусдын дээр тавих хамгийн энгийн боломж нь өглөг ажгуу. Өөртэйгөө зиндаа ижил эсвэл доод нэгэнд мөнгө төгрөг, эд зүйл өгөхөө бид хандив, тусламж, буян гэхчлэн нэрлэдэг. Алгаа тэнийлгэсэн нь сэтгэлийн ханамж эдэлж, тоссон нь олсондоо талархдаг энэ үйлээс татгалзах хүн ховор. Нийгмийн сүлжээгээр өдөртөө ямар нэг тус эрсэн эсбөгөөс бусдын өмнөөс гуйсан тусламж тарах болж. Хүссэн нь хаяг нээгээд нийлдэг энэ их айлд нинжин сэтгэлтэн ч мундахгүй. Буян үйлдэх шиг амархан юм ч тэнд алга. Уриалгыг дэмжиж буйгаа илэрхийлэн ганц хуруугаар товшиход Like, Retweet; илүү хэдэн хуруу хөдөлгөөд үг дайхад Share, Quote Tweet. Нэр нүүрээ барж тус горилсон амьтанд чухам хэн, ямар дэм болсон нь онцын сонин биш. Сэтгэлд нь сэрхийсэн буяны сэдэл түүгээр ханаж, өөрийгөө бурхны дайнд тооцоод бахаа хангачихна.   

БУЯНААС ТАТГАЛЗАХ ҮЗЭГДЭЛ

Өөрөөсөө ядруу хүнд туслах нь буян юм хойно захын нинжин сэтгэлтэн асрамжийн газрыг зорьдог. Нэгэн буянтан (энд буяныг бодож зарим байгууллага, хамт олны нэрийг бичээгүй болно) МУХГБХ-ийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүдэд бэлэн хоол өгөхийг “завджээ”. Тус газрын эмч зохих зөвшөөрөлгүй хүнс болохгүй гэдгийг учирласан ч буянтан “Танайх хүүхдүүдэд бэлэн хоол өгдөггүй юм байна, би ч гэсэн хааяа идмээр болдог” гэж зүтгэсэн тухай Ерөнхий аргазүйч Д.Цагаанжанар нь хуучиллаа. Тун саяхан Фэйсбүүкийн хэдэн груп нийлж, Батсүмбэрийн Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төвд зочилжээ. Ингэхдээ хуучин хувцас бэлэглээд, хүлээж авсан гэдэг тамга бүхий албан бичиг нэхсэн талаар нягтлан бодогч С.Нэргүй ярьж байна. Улсын төсвөөс үйлчлүүлэгч нартаа шинэ хувцас тавьж өгдөг энэ байгууллага “өглөг”-ийг нь гахайн байрандаа ашиглахаар шилжүүлжээ. Шаардлага хангахгүй, журам дүрмээс давсан өглөг эзэндээ хүрэх ёсгүйн дээр нинжин сэтгэлтэн ч өөрөө таашаал эдэлж чадахгүй урмаа хугалдаг. 2000-аад он гартал асрамжийн газрууд “Бэлгийн морины шүдийг үздэггүй. Өглөгийг чамлаж болдоггүй” байсан гэж Ахмадын асрамжийн газрын захирлаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн ярив. Төсөв хүрдэггүй байхад өглөгөөр их зүйл шийдсэн гэдгийг тэрбээр онцолсон юм. Харин бид хэдхэн жилийн өмнө уул уурхайн буянд сагаж улсын төсвийнхөө гуравны нэгийг халамжид зарцуулж байлаа. Энэ жил ашиглалтад орох өргөтгөлийн барилгатайгаа нийлээд 796 сая төгрөг төсвөөс гаргуулсан Батсүмбэрийн асрамжийн захирал Л.Төмөрчөдөр “Үйлчлүүлэгч нартаа хүний хуучин хувцас өмсгөхгүй” гэж бардам хэлсэн юм.

БУЯН ҮЙЛДЭХ ҮЗЭГДЭЛ

Батсүмбэрийн асрамжийн газар үүрийн зургаан цагт очсон Фэйсбүүкийн зуу гаруй хүн үдшийн 20 цаг хүртэл буян үйлджээ. Тус байгууллагын Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Р.Авирмэд “Манай дотоод журам, цагийн хуваарийг зөрчиж байна” гэж хэлээд “Хүн туслах гэж ирж байхад.., Залуучуудын сэтгэл рүү ус цацлаа..,” гэдэг нинжин сэтгэлийн омогт дарагдан дуугаа хураасан байна. Зуун хорин гурван үйлчлүүлэгчийн тавь орчим нь хэвтэрт байдаг газар ингэж өдөржин хөлд дарагдсан удаагүй аж. Ерөөс ийм төрлийн ажиллагаанд тус асрамжийнхны тал нь л оролцдог байна. Дөрөв таван дуутай концерт, шүдний эмчийн үзлэг, хоёр ламын уншлагаас бүрдсэн хөтөлбөрийн үлдсэн хугацаанд фэйсбүүкчид асрамжийн газрын чанга яригчаар тоноглосон, тайз бүхий гал тогоог нь эзэгнэжээ. Бас Батсүмбэрийн цэнгэг агаар хаачих вэ. Улаанбаатарын захад байрлалтай “Өнөр бүл” төвийг дээрх шиг буяны дайрлага тойрдог аж. Харин томыг нь тэврэх, багыг нь өвөр дээрээ суулгах байдлаар хайр бэлэглэе гэсэн христийн сүсэгтнүүд ирдэг байна. Ерөнхий аргазүйч Д.Цагаанжанар “Манайх чинь гэр орчин. Гадны хүмүүс нэг том айлд орж ирлээ гэсэн үг. Танихгүй хүн танайд орж ирчихээд хүүхдүүдийг чинь тэвэрье гээд байвал ямар вэ” гэж асуулаа. Энэ хоёр ч гэлтгүй бусад халамж, асрамжийн төвийг ч буянтнууд байгууллага гэхээсээ илүү айл өрх гэж харвал нинжин сэтгэлээ гутаахгүй буян үйлдэх юм билээ.

БУЯН ҮЙЛДҮҮЛЭХ ҮЗЭГДЭЛ

Хүүхэд, хөгшид бидэнд ямагт дутуу харагддаг. Нэмэрт нь асрамжид байгаа бол бүр гуцуу болоод явчихна. Талийгаачийнхаа хойноос буян үйлдэх гэсэн хүмүүсийн санаанд хамгаас түрүүнд асрамжийнхан буудаг. Д.Цагаанжанар “Хүмүүс 49 хоногийн буяны ажлыг манай дээр гүйцэлдүүлэх сонирхол ихтэй. Хүүхдүүдээр маани уншуулъя, юм өгье гэж ханддаг. Гэхдээ манай хүүхдүүд лам биш, манайх ч шашны байгууллага биш” гэв. Хүүхэд л болсон хойно багачууд нь үзэмтэй будаа, чихэр жимсээс буцдаггүй бол томчууд нь буяны үйлд тэрийн болгон тааламжай ханддаггүй юм билээ. Өдөр бүр таныг буяны будаагаар шахаад байвал ямар санагдахыг бодож үзнэ биз. Тэгээд ч талийгаачийн араас хийх буян бидэнд ногдсон даалгавар болохоос тэр хэдэн хүүхдэд төдий л хүртээлгүй гэдгийг бас тунгааж үзмээр санагдав. Батсүмбэрийн асрамжийнханд ийм төрлийн буян бүр ч хүнд тусдаг мэт. Хойтын буяныг нь гүйцэлдүүлэх садангүйн эрхээр хүний асрамжид хоног өдрөө хүлээж суугаа хөгшчүүлийн өмнө талийгаач эцэг, эхийнхээ хөргийг зултай залчихаад маани тоолуулах буян юм гэж үү?! Дээхнэ үед тарчиг байхдаа энэ мэт буян эрхэлдэг байсныг нь гэрчлэх нэгэн суварга тус байгууллагын хашаанд харагдсан. Өдгөө харин хөрөг, зулыг нь хасаад будаалга, маани хоёрыг яалт ч үгүй хадгалж үлдсэн тухайгаа Захиргаа, хүний нөөцийн албаны дарга Р.Авирмэд ярьсан юм. Үүнийг тэрбээр “Хаа холоос зориод ирсэн хүнд үгүй гэж хэлэх хэцүү байдаг” хэмээн тайлбарлав.     

БУЯН СУРТАЛЧЛАХ ҮЗЭГДЭЛ

Өгөөмөр нинжин сэтгэлтэн бурхантай зүйрлэгддэг хойно өөрийгөө сурталчлах гэсэн хүн энэ талбарыг мартахгүй. Ертөнцийг аврах учиртай гоо бүсгүйчүүдээс аваад ердийн живх ч тийшээ л зүглэнэ. Харин бүгд хэвлэлийнхнийг дагуулдаг жамтай. “Өнөр бүл” төвийнхөнд юм өгөхдөө хүүхдээр “Ах, эгч нартаа баярлалаа” гэх мэт яриа өгүүлээч гэвэл татгалздаг гэнэ. Д.Цагаанжанар “Энэ хүүхдүүд эргээд нийгмийн харилцаанд ордог. Нэр төрд нь ямар байх вэ гэдгийг бодолцох ёстой. Эмзэг сэдвийг нь хөндөх хэрэггүй гэж үздэг” аж. Бүр ямар ч том тусламж үзүүлэх байсан хүүхдүүдээс нь ярилцлага авах бол зөвшөөрөхгүй гэнэ. Батсүмбэрийн үйлчлүүлэгч Г.Хүдэрчулуун “Биднээр реклам хиймээргүй байна. Бидний фотогоор реклам хийгээд бидэнд ирдэг юм нь хэдэн чихэр” гэж шулуухан хэлэв. Тийм нэг ажиллагааны үеэр бүжиглэж байхыг нь зурагтаар харсан танил нь “Чи ч ёстой үзүүлж өгч байналээ” гэж утсаар наргиа хийхэд Г.Хүдэрчулуун дугарч чадаагүй гэнэлээ. Д.Цэндсүрэн “Хүн ядарсан байж болно, гэхдээ хүнд нэр төр гэж бий. Энд ингэж зарлахын хэрэг байна уу” гэж буянтанд сануулаад “Өөрсдөө туслахгүй байж” гэхчилэн загнуулжээ. Зурагтын бичлэг, сонины сурвалжлагатай тусламжийн дараа хүн бүхэнд өгсөн гоё, том хайрцгийг задлахад ганц ганц хуучин хувцас гарсан тохиолдол ч байна. Саявтархан Батсүмбэрт айлчилсан буянтан камерийн өмнө хөгшчүүлд өгсөн бэлгээ буцаагаад хурааж авсан гэнэ. (Энэ хэсэгт “буян” гэдэг үг орсон бол бүгдийн өмнөөс уучлал гуйя)

БУЯН БОЛЧИХСОН ҮЗЭГДЭЛ

Батсүмбэрийн асрамжийн Нийгмийн ажилтан Б.Алтанхуяг “Хүмүүс ирж л байг, нээлттэй байх тусмаа манай байгууллага хөгжинө. Хүнийг ангилж болохгүй” гэж байна. Тус төвийн үйлчлүүлэгч Б.Цэдэндаш ч түүнтэй санал нийлэх ажээ. Хүний мөрөөсөл болсон энэ газар хэрэгтэй ажил хэрэгжиж эхлэснийг Л.Төмөрчөдөр сонирхууллаа. Швед дэх монголчуудын нийгэмлэгийн санаачилсан “Эмээ, өвөө” төслөөр тэнд төрж өссөн монгол жаалууд эндээс санаж сарвайх азай буурлуудтай болжээ. Харин “Улаанбаатар ротари” клубын 20 залуу 2013 оноос “Өнөр бүл” төвтэй хамтран “Агаа, эгээ” хөтөлбөр эхлүүлсэн байна. Ахлах ангийн сурагчдаас хүсэл сонирхлоо ижилсүүлэн сонгосон залуус дүү нартаа зүйл бүрээр тусласаар хэзээний ах дүүс болсныг Д.Цагаанжанар бахархалтай ярив. Түүнээс гадна МУБИС зэрэг сургуулийн оюутнууд сайн дураараа давтлага өгдөг нь хүүхдүүдээс гадна хаана хаанаа хүрэлцдэггүй багш нарт ч нэмэртэй гэнэ. Сайн санааны үйл ажиллагаанд ашиг горилохгүй оролцдог оюутнуудад Батсүмбэрийнхэн ч ам сайтай байлаа. Ялангуяа анагаах, сувилахуйн ухааны оюутнууд багшийн хамт ирж хэвтэрийн хэдэн хөгшинд үйлчлээд буцдагт нь талархаж явдаг аж. Харин 49 сая төгрөгөөр “Өнөр бүл”-ийн жорлон, душийг засаж янзалсан ч хүүхдээс талархлын үг гуйгаагүй “Оюу Толгой” ХК, сурагчдад нь 25 сая төгрөгийн сурах бичиг, дүрэмт хувцас өгсөн ч зурагт, радиогоор зарлаагүй “Алтай констракшн” компанийг Д.Цагаанжанар хэргээр онцолсон юм. Энэ мэт хийсэн буяндаа хөөрлөхөөгүй байгууллага, хүмүүсийн нэрсийг бүгдийг нь уянгалуулан дуудвал Маанийн ерөөл лугаа адил сонстох биз ээ.

БУЯН САНАСАН ЗӨВЛӨМЖ

Ахмадын асрамжийн газрын эмгэнэлт амьдралыг үзүүлсэн Хүлээх газар, Мичдийн зургаан гялаан киногоор энэ байгууллагыг төсөөлдөг. Харин асрамжийнхан үүнд тийм ч дуртай биш аж. Нөхцөл байдал өдгөө тэс өмнөө болсныг ч нүдээр харлаа. Ирэх наймдугаар сард 90 жилийнхээ ойг тэмдэглэх Батсүмбэрийн асрамжийн тухай Хойморт өнжсөн нар телевизийн цувралын төгсгөлийн ангид гарах бөгөөд Б.Цэдэндаш гол дүрд нь тогложээ. Тэтгэврийнхээ 70 хувийг өөртөө зарцуулдаг хөгшчүүл ойн наадмынхаа түрүү морины байг дундаасаа гаргахаар ярилцжээ. Гэхдээ энэ настнуудад хайр, хүндэтгэл, элгэмсэг дотно харилцаа хэзээд хэрэгтэй. Хүн хүнээр л дутдаг. Харин “Өнөр бүл”-ийн жаалуудад чихэр боовоос илүүтэй хичээлийн хэрэгсэл, суралцах орчин нөхцөлийг нь бүрдүүлэхэд тусалбал оюуны өглөг болох юм билээ. Ерөөс хэрэгцээ шаардлагыг нь олсон аливаа үйлд буян хэмээх нэр зохидог аж. Нинжин сэтгэлээ илэрхийлэх хэрэгцээ хүн бүхэнд гардаг. Өнгөрөгч өвөл Cosmopolitan сэтгүүлийн бүсгүйчүүд ТҮК-ийнхэнд халуун аарц өгөхөөр гарчээ. Гэвч өөр залуус хэдийнэ өрсчихсөн байж. Ингээд “Түргэн тусламжийн эмч нар, төрөх газрын үүд сахиж хоносон хүмүүс, гал сөнөөгч нарт аарцаа өгөхөд анх удаа ийм зүйлтэй таарч байна гээд баярласан” хэмээн тус сэтгүүлийн Орлогч редактор Л.Энхтуяа ярилаа. Өгөөмөр нинжин сэтгэлээс зугатах хүн энэ хорвоод үгүй юм. Басхүү хөрөнгө хогшилгүй байлаа ч хийж дөнгөх буян гэж бий. Чин сэтгэлээс үүдсэн бүхэн үүнд багтана. Харин буянд шунасан буянаас бурхан биш буг төрж мэднэ. (Буян санаж хэлсэн тул заналд бүү тооцоорой)


*Нийтлэлч Д.Энхболдбаатарын Өгөхийн зовлон нийтлэлийн шууд үргэлжлэл




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn